| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0202/э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 206
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох эрүүгийн 1930000000268 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “У” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Х.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 08 дугаар сард өөрийн хонинд нийлсэн 4 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Ч.Зт 670 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талууд дараах нотлох шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай хонинд ирж нийлсэн нь үнэн, Цолмонгийн машин дээр ачиж явуулсан. Гэмшиж байна. Би 100 гаран бог, адуу 10 гаран, үхэр 7-8 тооны малтай. Малаа малладаг. 8 настай байхдаа морьноос унаж хөл гараа хугалж байсан. Жаахан байхаасаа миний бие өвддөг байсан. Биеийн байдлаас болж сургуульд сурч чадаагүй.
.
- Хохирогч Ч.Зын: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин иргэн юм. 2019 оны 08 дугаар сард манай хониноос 4 тооны хонь дутсан юм. Зүүн чих тайранхай имтэй, хар хүзүүтэй эр хонь, нуруун дээрээ тохомтой, баруун чих араасаа ухам, зүүн чих араасаа хөндлөн имтэй, хар хүзүүтэй эр хонь байсан. Нөгөө хоёр хонийг нь хэлж мэдэхгүй байна. Нэг нь төлөг, нэг нь шүдлэн эр хонь дутсан байсан. Нас гүйцсэн бүдүүн эр хонио тус бүрийг нь 200.000 төгрөгөөр, шүдлэн хонио 150.000 төгрөг, төлгөө 120.000 төгрөгөөр, нийт 670.000 төгрөгөөр үнэлж байна. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг Х.Б нь бүрэн барагдуулж өгсөн. Хохирлын ямар нэгэн маргаангүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,
- Хохирогч Ч.Зын: Ч.З миний бие өөрийн алдсан 4 хонь төлбөрт Х.Бөөс 2019.09.27-ны өдөр 670.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан нь үнэн болно. Одоо миний бие Баттөмөрөөс нэхэмжлэх зүйл байхгүй гомдолгүй болно...гэх хүсэлт /хх-ийн 22/,
- Гэрч Д.Цгийн: 2019 оны 08 дугаар сарын 20-ны үед би хөдөөгүүр мал цуглааж явж Х ахынхаар очиход Х.Б нь надаас “таны машин дээр хонь багтах уу” гэхэд нь би “цөөхөн хонь багтах байх” гэж хэлэхэд тэрээр өөрийнхөө хоттой хониноос 4 тооны хонь миний машин дээр ачсан. Би тэднийд нар шингэж байхад буюу хонь нь хотолсон байхад очсон бөгөөд гэрийнхээ гаднаас өөрийнхөө хониноосоо барьж өгсөн. Надад хэлэхдээ өөрийн мал гэж хэлсэн. Х.Б нь надад 300.000 гаруй мянган төгрөгийн өглөгтэй байсан юм. Тэгээд 4 хонио аймагт аваачиж мөнгө болгоод таны мөнгийг өгнө гэж хэлж байсан. Надаас зээлсэн мөнгөө төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
- Яллагдагч Х.Бийн: Би Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин иргэн юм. Манайх Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “У” гэдэг газар нутагладаг юм. Манай хонинд манайхтай ойролцоо нутагладаг Зоригтбаатар ахын 4 тооны хонь ирж нийлсэн байсныг нь би Баруун-Урт сумын Цомбоо /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ гэдэг хүнд зарсан юм. Би Цомбоо гэдэг ахад хонь өгнө гээд 400.000 төгрөг авсан байсан ба Цомбоо ах нь 2019 оны 08 дугаар сард манайд “Бонго-Жи 2” маркийн машинтай надаас хонио авахаар ирэхэд нь би Зоригтбаатар ахын 4 хонийг ачиж өгөөд явуулчихсан юм. Би Цомбоо ахад манай хонь гэж хэлээд явуулсан. Би хүнээс хонины мөнгө авсан байсан учир уг 4 хонийг ачиж өгөөд явуулсан. Надтай Зоригтбаатар ах анх ирж уулзахад нь би “танай 4 хонь манай хонинд нийлсэн байсан нь үнэн, гэхдээ харин алга болчихсон байна” гэж хэлсэн. Зоригтбаатар ах манайд 3 өдөр дараалан ирж надтай уулзсан бөгөөд би 3 дахь өдөр нь хүнд зарсан гэдгээ хэлсэн. Хоёр чих тайранхай имтэй хар хүзүүтэй эр хонь 2 ширхэг, баруун чих араасаа ухам, зүүн чих урдаасаа хөндөл имтэй шар хүзүүтэй эм хонь 1, баруун чих араасаа ухам, зүүн чих урдаасаа хөндөл имтэй улаан толгойтой шүдлэн эр хонь 1 байсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мэдээлэл / хх-ийн 03/
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малын үнэлгээ /хх-ийн 12/
-Х.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх- ийн 19/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх- 21/
- Шүүдэгч Х.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 85 дугаартай санал /хх-31/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ./2019.10.30/... зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 08 дугаар сард өөрийн хонинд нийлсэн иргэн Ч.Зын өмчлөлийн зүүн чих тайранхаа имтэй хар хүзүүтэй эр хонь, нуруун дээрээ тохимтой баруун чих араасаа ухам, зүүн чих араасаа хөндлөн имтэй хар хүзүүтэй эр хонь, баруун чих араасаа ухам, зүүн чих урдаасаа хөндөл имтэй шар хүзүүтэй эм хонь, баруун чих араасаа ухам, зүүн чих урдаасаа хөндөл имтэй улаан толгойтой шүдлэн эр хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогчид 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ч.З, гэрч Д.Ц нарын мэдүүлэг, Сүхбаатар сумын Малын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Х.Б нь хохирогч Ч.Зын хониноос тасарч өөрийнх нь хонинд нийлсэн алдуул 4 тооны хонийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч зарж борлуулсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Х.Бийн “ Манай хонинд манайхтай ойролцоо нутагладаг Зоригтбаатар ахын 4 тооны хонь ирж нийлсэн байсныг нь би Баруун-Урт сумын Цомбоо /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ гэдэг хүнд зарсан юм. Би Цомбоо гэдэг ахад хонь өгнө гээд 400.000 төгрөг авсан байсан ба Цомбоо ах нь 2019 оны 08 дугаар сард манайд “Бонго-Жи 2” маркийн машинтай надаас хонио авахаар ирэхэд нь би Зоригтбаатар ахын 4 хонийг ачиж өгөөд явуулсан ” гэх,
хохирогч Ч.Зын “ 2019 оны 08 дугаар сард манай хониноос 4 тооны хонь дутсан юм. Зүүн чих тайранхай имтэй, хар хүзүүтэй эр хонь, нуруун дээрээ тохомтой, баруун чих араасаа ухам, зүүн чих араасаа хөндлөн имтэй, хар хүзүүтэй эр хонь байсан. Нөгөө хоёр хонийг нь хэлж мэдэхгүй байна. Нэг нь төлөг, нэг нь шүдлэн эр хонь дутсан байсан. Нас гүйцсэн бүдүүн эр хонио тус бүрийг нь 200.000 төгрөгөөр, шүдлэн хонио 150.000 төгрөг, төлгөө 120.000 төгрөгөөр, нийт 670.000 төгрөгөөр үнэлж байна. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх
гэрч Д.Цгийн “ 2019 оны 08 дугаар сарын 20-ны үед би хөдөөгүүр мал цуглааж явж Х ахынхаар очиход Х.Б нь надаас “таны машин дээр хонь багтах уу” гэхэд нь би “цөөхөн хонь багтах байх” гэж хэлэхэд тэрээр өөрийнхөө хоттой хониноос 4 тооны хонь миний машин дээр ачсан. Би тэднийд хонь нь хотолсон байхад очсон бөгөөд гэрийнхээ гаднаас өөрийнхөө хониноосоо барьж өгсөн. Надад хэлэхдээ өөрийн мал гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хөдөлбөргүй нотлогджээ.
Х.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд зүйлийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн хонинд нийлсэн бусдын алдуул малыг завшиж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Зт учирсан 670.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь түүний цагдаагийн газарт гаргасан “миний бие өөрийн алдсан 4 хонь төлбөрт Х.Бөөс 2019.09.27-ны өдөр 670.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан нь үнэн болно. Одоо миний бие Баттөмөрөөс нэхэмжлэх зүйл байхгүй гомдолгүй болно “ гэх хүсэлтээр нотлогдох ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Малын үнэлгээгээр хохирогч Ч.Зын шүдлэн эр хонийг 150 000 төгрөг, нас гүйцсэн эр хонь тус бүр 200.000 төгрөг, эм төлгийг 120.000 төгрөг, нийт 670 000 төгрөгөөр үнэлжээ /хх-12/.
Шүүгдэгч Х.Бийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас буюу ижил сүрэг, нутгаасаа тасарч, алдагдан өөрийн хонинд нийлсэн 4 хонийг завшсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Х.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Х.Бийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Х.Бт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Бийг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Х.Бт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг баримтлан ялтан Х.Бт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Ялтан Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ч.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН