Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
Хэргийн индекс | 174/2019/0223/э |
Дугаар | 226 |
Огноо | 2019-12-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 226
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Өмгөөлөгч Г.Амарсайхан, Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.А, Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А, Н.Д нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1930004500266 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн,1949 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 70 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 2, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, 1972 онд цэргийн шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Н.Д
Хоёр. Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 17-ны өдөр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч Н.Д нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, Рашаантын тоотод согтуугаар Б.Атэй маргалдаж, түүнийг хутгалж эрүүл мэндэд нь “зүүн гуяанд хатгагдсан шарх, баруун бугалганд зурагдсан шарх, зүүн гуяны дотор талд цус хуралт “ бүхий хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч Б.А нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, ... тоотод байх өөрийн гэртээ Н.Дг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун зүүн шанаанд цус хуралт, уруул, зүүн шанаанд зулгаралт, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019.10.15-ны өдөр эхнэрийн хамт сумын төв рүү Эрдэнэхүү гэдэг айлын найранд орсон юм. Тэндээ нэг шил архи уучихаад эхнэрээ гэртээ хүргэж өгчихөөд хонины мах, мах эвддэг хутгатайгаа хамт буцаад сумын төв рүү явсан. Суман дээр нэгэнт ирсэн юм чинь адуу мал нь гэрийн гадаа ирж аргал, түлээ давтаад байгааг хэлье гэж бодоод Б.Агийнх рүү орсон юм. Би ороод “адуу чинь гэрийн гадаа ирээд аргал, түлээ давтаад байна” гэж хэлэхэд Б.А хачин их уурлаад эхнэр, хүүхдээ гар гэж хэлээд гаргасан. Тэгээд эхнэр, хүүхдээ гарсны дараа хаалгаа тэгнэж зогсчихоод “чи юу гэж тэнд буусан юм бэ” гээд намайг хэд хэдэн удаа цохиод авсан. Ингэхдээ миний нүд, цээж, толгой руу цохиод байсан. Чи намайг битгий зодолдоо гэж би аргаа бараад гуйсан боловч, шүдээ зуугаад чамайг алнаа гээд гараараа миний хоолой боогоод шахаад байсан. Тэр үед миний амьсгал давхцаад ухаан балартаад байсан. Нэг мэдэхэд миний гарт хутга байсан. Харин Б.А нэг гараараа өрөөсөн гуяа дараад “энэ муу чинь намайг хутгалчихлаа” гээд утсаар ярьж байсан. Тэр хооронд нь би гараад гадаа байсан машиндаа ороод шууд хаалгаа түгжчихсэн. Намайл ална гээд байсан учраас би айсандаа машиндаа орж суусан. Машинаасаа харахад Б.А утсаар ярьж байсан. Би цагдаа дуудсан байх гэж бодсон учраас цагдаа иртэл машиндаа сууж байсан. Удалгүй цагдаа ирээд намайг хутгатай хамт дагуулаад явсан.
Хутга бариад айлд орсон нь миний буруу. Гэхдээ адуу малаа манай руу шахаж бэлчээгээд дарамттай байдаг байсан, хэзээ нэг өдөр Б.Ад хэлэх л байсан. Би түрүүлж цохисон асуудал байхгүй. Намайг зодоод байхаар нь нэг удаа л цохисон. Би олон хутгалсанаа санахгүй байна Би тийм их архи уугаагүй. Эмчилгээний зардал хэзээ нь өгөхийг мэдээгүй. Эмчилгээний зардал өгч болно... гэв.
- Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019.10.15-ны өдөр манай эхнэрийн дүү байрны найрандаа эхнэр бид хоёрыг урьсан байсан. Гэртээ зурагт үзээд сууж байхад гэрийн гадаа машин ирээд сигналдахад эхнэр гарсан. Гэтэл Н.Д ах “Б.Аг ална” гээд хэлж байсан нь онгорхой байсан цонхоор сонсогдож байсан. Би эхлээд өөрийнхөө найзуудын нэг нь юм байх гэж бодоод том өрөөнөөсөө гараад очиход “би гурван жил шоронд явж үзсэн хүн. Чамайг ална” гээд Н.Д зогсож байсан. Н.Д ах “танай адуу чинь гэрийн гадаа ирээд аргал, түлш тавтаад байна “ гэж байсан. Тэгэхээр нь “Та хүний хаваржаа, худгийн дэргэд анхнаасаа юу гэж буусан юм бэ. Би танд анх буухад чинь л хэлж байсан биз дээ” гэж хэлэхэд миний цээж рүү цохисон. Би зөрүүлээд нэг удаа алгадаад гар гэж хэлсэн. Гарч өгөхгүй байхаар нь “ цагдаа дуудаж өгнө. Хэрвээ цагдаа дуудвал таныг согтуугаар машин барьсан гээд аваад явчихна “ гэж хэлсэн. Тэгж хэлэхэд Н.Д ах “ миний буруу. Ах нь ээжтэй чинь нэг нутгийн хүн. Манай дүүтэй ээж чинь нэг анги байсан. Ахыгаа уучлаарай “ гэж хэлсэн. Энэ үед эхнэрийн утас дуугараад “нөгөө хэд чинь дуудаад байна” гэж хэлэхээр нь би эхнэр, хүүхдээ явж бай. Би хаалганы пүршээ янзалчихаад араас чинь очьё гээд явуулсан. Н.Д ах дүүтэйгээ нэг шил архи ууя гэхээр нь би “аав шигээ настай хүнтэй хамт архи уухгүй. Битгий дэмийрээд бай” гэж хэлсэн. Эхнэрийг дөнгөж хөдөлсөний дараа намайг хаалганы пүршээ агшаах гээд цаашаа хараад сууж байхад араас хутгалсан. Намайг ална гээд ахиад дайрах үед нь би гар утсаа аваад эхнэр рүүгээ ярьж хэлсэн. Тэр үед Н.Д гараад машиндаа суучихсан машинаа асаах гээд хоёр, гурван түлхүүр барьчихсан оролдож байсан. Би явуулахгүй санаатай машиных нь урд зогсож байхад манай эхнэр болон цагдаа ирсэн.
...Би арагшаа хараад хаалганы пүршээ янзлаад сууж байсан. Хаанаасаа хутга гаргасныг нь хараагүй. Миний гуяны хажуу талаас хутгалсан. Мөн гар зүссэн. Суманд үзээд дотор цус алдалттай байна. Аймаг явж үзүүлж гэж хэлсэн. Үүний дараа аймагт ирж үзүүлээд эмчилгээ хийлгэсэн. Миний шөрмөс гэмтсэн байна гээд 13А маягт хийж өгсөн. Би үзүүлэхээ явж амжаагүй байгаа. Харин хутганы шарх нь аньж эхэлсэн.
... Би нэг удаа бол алгадсан. Би настай хүний хоолой бооно гэж байхгүй, гар гээд хувцаснаас нь чирсэн. Хутгалах гээд дайрахад нь нэг удаа цохисон. Дараа нь дахиад дайрахад нь дахин нэг удаа цохисон. Гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа.Би эвлэрэхгүй гэсэн юм байхгүй. Намайг гэртээ зүгээр хэвтэж байхад энэ хүн намайг ална гээд согтуу орж ирээд хутгалчихаад намайг гүтгээд байгаа юм.“ Миний буруу. Ах нь согтуудаа хутгалчихсан байна лээ. Ахыгаа уучлаарай “ гээд ирсэн бол би уучлахгүй гэсэн зүйл байхгүй. Энэ хэрэг гарсны дараа би уруудсан үхрийнхээ араас яваад очсон. Мөн манай эхнэртэй нэг удаа таарсан байна лээ. Н.Д ах юу ч дуугараагүй өнгөрсөн гэсэн. Би Н.Д ахтай өдөр болгон шахуу таардаг. Таараад хэзээ ирсэн бэ? хэзээ ирэв гэх мэтийн зүйл л ярьдаг...гэв.
- Яллагдагч Н.Дгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Б.Аг гэрийнхээ үүдэнд нь зогсож байхад нь хандаж “танай адуу мал чинь манай аргалын эвдэж, давтаад байна” гэж хэлсэн юм. Гэтэл Б.А нь эхнэр хүүхдээ гарч бай гээд загнаад гарсан. Тэгээд эхнэр хүүхэд нь гараад явчихсан. Гэтэл Б.А нь гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохиж аваад хоёр гараараа хоолой боогоод ухаан балартаад явчихсан. Нэг мэдсэн чинь би гутлынхаа түрийнд байсан хутга барьчихсан, Б.А нь намайг “пизда чинь хутгалчихлаа шдээ” гэж байсан. Тэгээд би сандараад гэрээс нь гараад машиндаа суучихсан, учир нь Б.А нь намайг ална гээд байхаар нь би айгаад машинаасаа буухгүй байж байтал хашаан дотор нь цагдаа ирсэн”... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/
- Яллагдагч Б.Агийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ...Н.Д ах согтуу байсан бөгөөд “Би 3 жил шоронд явж байсан хүн чамайг ална” гэхээр нь та юунд уурлаж яваа юм бэ гэтэл “адуу чинь манай өвөлжөөг дамжаад давтаад байна” гэхээр нь та өөрөө өвөлжөө, хаваржааны голд буучихаад битгий дэмий юм яриад бай гар гэтэл миний цээж рүү гараараа цохиод авахаар нь би зүүн гараараа шанаа руу нь нэг удаа алгадсан. Тэгээд чирээд гаргах гэтэл гарахгүй уллаж байгаад манай угаалтыг татаж унагаад угаадас асгасан. Мөн гаргах гэж байтал үүдний хаалганы пүршнээс гараа ороож татаж байгаад уг пүршийг тасалсан юм. Үүнээс болж би эхнэрийгээ цагдаа дуудаад өг гэтэл Н.Д нь “ахыгаа уучлаарай, ах нь буруу юм хийлээ, ахын нь буруу, ээжийг чинь танина ээж чинь дуулвал муу, гээд байхаар нь цагдаа дуудахаа больсон юм. Би тухайн үед эргэж хараад нэг цохисон. Яг хаана нь цохисон талаараа мэдэхгүй байна. Баруун, зүүн шанаанд учирсан хохирлыг би алгадахдаа учруулсан байх, бусад гэмтлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Дахиад ална гээд хутгатай дайрахаар нь хамгаалах гэтэл баруун гарын бугалганы дотор талд зүссэн байсан. Тухайн үед би нимгэн мактай байсан юм. Тэгээд би эхнэр рүүгээ ярьж болсон асуудлыг хэлтэл буцаад ирсэн. Би тухайн үед биеэ хамгаалах зорилгоор түүнийг цохисон. Баруун зүүн шанаанд учирсан хохирлыг би алгадахдаа учруулсан байх, бусад гэмтлүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй”... гэх мэдүүлэг /хх-60-61/
- Хохирогч Б.Агийн: Би Н.Д ахыг багаасаа мэднэ. Сүүлийн хоёр жилийн өмнөөс эхэлж өвөлжөө, хаваржаандаа нэг нутагт нутаглаж ирсэн. Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд гэртээ байхад манай эхнэр 17 цагийн орчим ажлаасаа тарж ирсэн. Манай эхнэрийн төрсөн дүү Батнайрамдал нь шинэ байшинд орсон гэж найр хийж манай гэр бүлийг урьсан юм. Тэгээд найранд явах гээд хувцсаа өмсөөд би зурагтаар концерт үзэж байсан бөгөөд тэрийгээ дуусгаад эхнэр хүүхэдтэйгээ явах гэж байсан юм. Гэтэл 18 цаг өнгөрөөгөөд манай хашаанд машин орж ирж зогсоод сигналдаад байхаар нь манай эхнэр гарсан. Удалгүй “Амартүвшин байна уу, алнаа” гээд нэг хүн орж ирсэн. Би тухайн үед манай найзууд юм байлгүй гэж бодоод босоод очтол манай хөдөө гэртэй ойролцоо нутагладаг Н.Д ах согтуу байсан бөгөөд “Би 3 жил шоронд явж ирсэн хүн чамайг ална” гэхээр нь “та юунд уурлаж яваа юм бэ” гэтэл “адуу чинь манай өвөлжөөг дамжаад давтаад байна” гэхээр нь та өөрөө өвөлжөө, хаваржааны голд буучихаад битгий дэмий юм яриад бай, гар гэтэл миний цээж рүү гараараа цохиод авахаар нь би зүүн гараараа шанаа руу нь нэг удаа алгадсан. Тэгээд чирээд гаргах гэтэл гарахгүй уллаж байгаад манай угаалтуурыг татаж унагаад угаадас асгасан. Мөн гаргах гэж байтал үүдний хаалганы пүршнээс гараа ороож татаж байгаад уг пүршийг тасалсан юм. Үүнээс болж би эхнэрийгээ цагдаа дуудаад өг гэтэл Н.Д нь “ ахыгаа уучлаарай, ах нь буруу юм хийлээ, ахынх нь буруу, ээжийг чинь танина, ээж чинь дуулвал муу” гээд байхаар нь цагдаа дуудахаа больсон юм. Гэтэл Н.Д нь намайг хамт архи ууя гэхээр нь би аав, ээж шигээ насны хүнтэй архи уухгүй гэсэн. Удалгүй эхнэрийн утас дуугараад найрны хүмүүс дуудахаар нь би эхнэр хүүхдээ түрүүлээд явж бай, би хаалгаа засаад араас чинь яваад очъё гээд Н.Дтэй хамт гэртээ үлдсэн. Тэгээд би хаалганыхаа пүршийг засаад сууж байтал миний араас намайг ална гээд миний зүүн хөлний гуяны араас хутгалсан. Дахиад ална гээд хутгатай дайрахаар нь хамгаалах гэтэл баруун гарын бугалганы дотор талд зүссэн байсан. Тухайн үед би нимгэн майктай байсан юм. Би эхнэр рүүгээ ярьж болсон асуудлыг хэлтэл буцаад ирсэн. Ирэхээр нь намайг хутгалчихлаа, цагдаа дууд гэтэл буцаад машинтайгаа яваад цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд Н.Д нь машиндаа суучихсан байсан бөгөөд цагдаа хутгыг нь авч байсан. Н.Д нь намайг хутгалснаас болж миний зүүн хөлийн гуяны гадна дээд хэсэгт хутгалагдсан шарх, мөн баруун гарын бугалга, тохой хоёрын хооронд зүсэгдсэн шархтай. Өөр гэмтэл бэртэл гэх зүйл байхгүй. Урьд өмнө нь маргалдаж муудаж байсан зүйл байхгүй. Яагаад над руу хутгатай дайрч байгаа талаар би мэдэхгүй байна. Тухайн үед Н.Д нь согтуу байсан. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. Дд хутгалуулж эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Би Дгээс хохирлын мөнгө гэж 458.900 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- Хохирогч Н.Дгийн: Манай гэр Мөнххаан сумын төвийн Баясгалантын 6-605 тоотод, мөн сумаас хойш 5 км орчим газарт байдаг “Хүйс” гэх газарт малтай гэр байдаг юм. Хөдөө байдаг гэрийн урд талд ойролцоогоор 2 км зайд надад хутгалуулсан Б.Агийн хаваржаа байдаг. Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим хөдөө гэрээсээ эхнэрийн хамт мах авч өөрийн эзэмшлийн амьжиргаа цагаан гэдэг жижиг ачааны автомашинтай сумын төвд байдаг гэр рүүгээ хүргэж ирсэн юм. Тэгээд эхнэрийнхээ хамаатан Эрдэнэхүү гэдэг дүүгийнхээ шинэ гэрийн найранд орж 1 хундага архи уусан. Удалгүй эхнэрийгээ хөдөө гэрт нь машинтайгаа буулгаж өгөөд буцаад махаа эвдэхээр сумын төв дээр ирж гэртээ махаа эвдээд буцахдаа нэгэнт суман дээр ирсэн юм чинь гээд Б.Агийн гэрээр орж адуу, мал чинь аргал, хөрзөн нураагаад байна гэж хэлэх гээд гэрээр нь орсон юм. Би орой 18 цагийн орчим Б.Агийн гэрээр ороход гэрт нь эхнэр, хүүхэд нь байсан. Би Б.Аг гэрийнхээ үүдэнд нь зогсож байхад нь хандаж “танай адуу мал чинь манай аргалыг эвдэж, давтаад байна” гэж хэлсэн юм. Гэтэл Б.А нь эхнэр хүүхдээ гарч бай гээд загнаад гарсан. Тэгээд эхнэр хүүхэд нь гараад явчихсан. Гэтэл Б.А нь гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохиж аваад хоёр гараараа хоолой боогоод ухаан балартаад явчихсан. Нэг мэдсэн чинь би гутлынхаа түрийнд байсан хутга барьчихсан, Б.А нь намайг “пизда чинь хутгалчихлаа ш дээ” гэж байсан. Миний баруун нүд хавдаж хөхөрсөн. Тархи доргисон байсан. Мөн хоёр талын шанаа хавдсан. Эмчилгээний зардлаа Амартүвшингээс нэхэмжилнэ. Би Б.Ад зодуулж, эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
- Гэрч А.Бийн: Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны орой 17 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирсэн. Миний төрсөн дүүгийнх шинэ байшинд орсон гээд найр хийж манай гэр бүлийг урьсан юм. Би нөхөр хүүхдийнхээ хамт явах гээд хувцсаа өмсөөд нөхрийгөө кино үзээд дуусахаар нь явах гэж байсан юм. Гэтэл 18 цаг өнгөрөөгөөд манай хашаанд нэг машин орж ирээд сигналаа дуугаргаад байхаар нь гараад очтол Н.Д нь “ Б.А байна уу?, хутга шааж алнаа “ гээд манай гэрт согтуу орж ирсэн. Тухайн үед том өрөөнд зурагт үзэж байсан манай нөхөр Б.А босоод иртэл өөдөөс нь цээжин тус газар нь цохисон. Б.А нь зөрүүлээд шанаа руу нь алгадсан. Тэгээд би Н.Дг гар гэж хэлтэл Б.А нь гаргах гээд чиртэл явахгүй гээд мөрөөрөө уллаж байгаад үүдний угаалтуур татаж асгасан. Үүнээс болж угаадсаа цэвэрлэж байтал “ би 3 жил шоронд яваад ирсэн. Чамайг ална “ гэж агсам согтуу тавиад байхаар нь би “ цагдаа дуудлаа “ гэтэл Н.Д нь “ за за ах нь явлаа, ахынх нь буруу, ах нь жаахан түргэдлээ “ гэхээр нь би цагдаа дуудахаа больсон. Тэгээд би дүүгийнхээ гэр рүү түрүүлээд явж байя, чи араас хүрээд ир гээд нөхрөө Н.Дтэй хамт үлдээсэн.Энэ үед нөхөр Б.А нь Н.Дгийн тасалсан хаалганы пүршийг засаад үлдсэн. Тэгээд би хүүгээ дагуулаад явж байтал манай нөхөр удалгүй миний араас утсаараа залгаад “ Д хутгатай байсан байна, намайг хутгалчихлаа “ гэхээр нь би буцаад очтол Н.Д нь машиндаа сууж байсан. Манай нөхөр гэрийнхээ хаалгаар гарч ирээд цагдаа дууд гэхээр нь би машинаас буулгүй шууд цагдаа руу очиж хамт явж байсан дүүгээ цагдаа дээр буулгаад цагдаа аваад араас хүрээд ир гээд буцаад гэр рүүгээ явсан. Буцаад гэртээ иртэл Н.Д нь машиндаа суучихсан, машинаа асаах гээд асааж чадахгүй байсан. Манай нөхөр Б.А нь гэрийнхээ гадаа байсан бөгөөд очоод үзтэл зүүн хөлийн гуяны гадна хэсэгтээ хутгалуулсан байсан. Удалгүй миний араас цагдаа ирээд би нөхрийгөө эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Н.Д нь ганцаараа явж байсан бөгөөд дунд зэргийн согтуу байсан. Манай нөхөр Б.Агийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би “та ямар учраас ингэж уурлаад явж байгаа юм бэ” гэтэл “танай адуу чинь манайхыг дамжиж гараад байна” гэсэн. Манайх сумын төвд нэг гэр байдаг, хөдөө гэр сумаас хойд зүгт 4 км-т байрлах “Баясгалант” гэх газарт байдаг юм. Миний харснаар бол Н.Д нь эхэлж манай нөхрийн цээжин тус газарт цохисон. Дараа нь манай нөхөр Дг нэг удаа алгадсан. Мөн манай нөхөр Дг гэрээсээ гаргах гээд хувцаснаас нь татаж чирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
- Гэрч А.Сын: Би Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Мөнххаан сум дахь цагдаагийн хэсэгт хэсгийн цагдаагаар ажилладаг юм. 2019 оны 10 дугаар сарын 15-ны орой ажил дээрээ 20-21 цагийн орчим А.Б гэдэг эмэгтэй хүн ирээд манай нөхөр хүнд хутгалуулчихлаа гэж дуудлага өгсөн. Н.Д нь жижиг амьжиргаа цагаан гэдэг жижиг ачааны машиндаа суучихсан байсан бөгөөд хаалгаа түгжчихсэн байсан. Тухайн үед Н.Д нь хутгаа гартаа бариад сууж байхаар нь та хутгаа тавь гэтэл газар хаясан. Тэгээд эмнэлэг дуудтал гэрийнх нь Б.Аг өөрсдөө аваад явлаа гээд аваад явсан. Би Н.Дг дагуулаад цагдаагийн хэсэг рүү авч иртэл бие өвдөөд байна гэхээр нь эмнэлэг авч явж үзүүлсэн. Б.А нь зүүн гуя хэсэгт хутгалуулсан байсан. Харин Н.Дгийн баруун талын нүд нь хавдаж хөхөрсөн, уруул, шанаа хэсэгтээ хавантай байсан. Бор иштэй төмөр хутгатай байсан. Б.Аг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх талаар би мэдэхгүй байна. Харин Н.Д нь бага зэрэг үнэртүүлчихсэн байсан бөгөөд драйгерь багажаар үлээлгэж үзэх гэтэл хүчтэй амьсгаа авч үлээж чадахгүй байна гээд үлээж чадаагүй. Н.Д нь настай хөгшин хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 04- 07/,
- “ Эд мөрийн баримтаар тооцох тухай “ Мөрдөгчийн тогтоол.2019.10.19./хх- 08/,
- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хутганы гэрэл зураг, схем зураг/хх- 09-11/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн 530 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Агийн биед зүүн гуяанд хатгагдсан шарх, баруун бугалганд зурагдсан шарх, зүүн гуяны дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 40/,
- Б.Агийн 6938 дугаартай Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 39/
- Эмнэлгийн тодорхойлолт/ Б.А/ /хх-ийн 37/
- Б.Ад олгосон Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас буюу АМ- 13 А маягт /хх-ийн 38/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн 529 дугаартай дүгнэлтэнд: “1.Н.Дгийн биед тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун зүүн шанаанд цус хуралт, уруул, зүүн шанаанд зулгаралт, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 34/,
- Эмнэлгийн тодорхойлолт/ Д.Д/ /хх-ийн 35/
- Б.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 63/
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019.10.30-ны өдрийн 166 дугаар тодорхойлолт /хх-ийн 62/
- Б.Агийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/
- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 67/
-Б.Агийн 2018 оны Мал тооллогын данс /хх-ийн 74/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 75/
- Б.Агийн хохирол, эмчилгээний баримт /хх-14-17/
- Н.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 69/
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019.11.05-ны өдрийн 231 дугаартай тодорхойлолт /хх-ийн 68/
- Н.Дгийн 2018 оны Мал тооллогын данс /хх-ийн 70-71/
- Н.Дгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 76-77/
- Н.Дгийн хохирол, эмчилгээний баримт /хх- 20/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, Рашаантын тоот дахь Б.Агийн гэрт хувийн асуудлаар маргаан үүсгэн түүний цээжинд цохиж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь “зүүн гуяанд хатгагдсан шарх, баруун бугалганд зурагдсан шарх, зүүн гуяны дотор талд цус хуралт бүхий ” хөнгөн хохирол,
шүүгдэгч Б.А нь дээрх маргааны явцад Н.Дгийн зүүн шанаанд гараар цохих, гэрээс гаргахаар чирч, татах зэргээр зодож эрүүл мэндэд нь “ тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун зүүн шанаанд цус хуралт, уруул, зүүн шанаанд зулгаралт, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал “ бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.А, Н.Д нарын мэдүүлгүүд, гэрч А.Б, А.С нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 529, 530 дугаартай дүгнэлтүүд, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “ Эд мөрийн баримтаар тооцох тухай “ Мөрдөгчийн тогтоол, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хутганы гэрэл зураг, схем зураг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Агийн гэрт ирж нутаг бэлчээрийн асуудлаар буюу үл ялих зүйлээр шалтаглан Б.Агийн цээжинд эхэлж цохин маргаан үүсгэн, улмаар түүний гуян тус газарт хутгалсан, шүүгдэгч Б.А нь харилцан өөдөөс нь цохиж, гэрээс гаргахаар чирэх зэргээр хоорондоо зодолдсон үйл баримт тогтоогдох ба энэ нь:
гэрч А.Бийн “ Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны орой 18 цаг өнгөрөөгөөд хашаанд нэг машин орж ирээд сигналаа дуугаргаад байхаар нь гараад очтол Н.Д нь “ Б.А байна уу?, хутга шааж алнаа “ гээд манай гэрт согтуу орж ирсэн. Манай нөхөр Б.А босоод иртэл өөдөөс нь цээжин тус газар нь цохисон. Б.А нь зөрүүлээд шанаа руу нь алгадсан. Тэгээд би Н.Дг гар гэж хэлтэл Б.А нь гаргах гээд чиртэл явахгүй гээд мөрөөрөө уллаж байгаад үүдний угаалтуур татаж асгасан. Үүнээс болж угаадсаа цэвэрлэж байтал “ би 3 жил шоронд яваад ирсэн. Чамайг ална “ гэж агсам согтуу тавиад байхаар нь би “ цагдаа дуудлаа “ гэтэл Н.Д нь “ за за ах нь явлаа, ахынх нь буруу, ах нь жаахан түргэдлээ “ гэхээр нь би цагдаа дуудахаа больсон. Тэгээд би дүүгийнхээ гэр рүү түрүүлээд явж байя, чи араас хүрээд ир гээд нөхрөө Н.Дтэй хамт үлдээсэн.Энэ үед нөхөр Б.А нь Н.Дгийн тасалсан хаалганы пүршийг засаад үлдсэн. Удалгүй манай нөхөр залгаад “ Д хутгатай байсан байна, намайг хутгалчихлаа “ гэхээр нь би буцаад очтол Н.Д нь машиндаа сууж байсан. Манай нөхөр Б.А нь гэрийнхээ гадаа байсан бөгөөд очоод үзтэл зүүн хөлийн гуяны гадна хэсэгтээ хутгалуулсан байсан. Н.Д нь ганцаараа явж байсан бөгөөд дунд зэргийн согтуу байсан. Миний харснаар бол Н.Д нь эхэлж манай нөхрийн цээжин тус газарт цохисон. Дараа нь манай нөхөр Дг нэг удаа алгадсан. Мөн манай нөхөр Дг гэрээсээ гаргах гээд хувцаснаас нь татаж чирсэн “ гэх,
гэрч А.Сын “ Би Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Мөнххаан сум дахь цагдаагийн хэсэгт хэсгийн цагдаагаар ажилладаг юм. 2019 оны 10 дугаар сарын 15-ны 20-21 цагийн орчим А.Б гэдэг эмэгтэй хүн ирээд манай нөхөр хүнд хутгалуулчихлаа гэж дуудлага өгсөн. Н.Д нь жижиг амьжиргаа цагаан гэдэг жижиг ачааны машиндаа суучихсан байсан бөгөөд хаалгаа түгжчихсэн байсан. Тухайн үед Н.Д нь хутгаа гартаа бариад сууж байхаар нь та хутгаа тавь гэтэл газар хаясан. Тэгээд эмнэлэг дуудтал гэрийнх нь Б.Аг өөрсдөө аваад явлаа гээд аваад явсан. Би Н.Дг дагуулаад цагдаагийн хэсэг рүү авч иртэл бие өвдөөд байна гэхээр нь эмнэлэг авч явж үзүүлсэн. Б.А нь зүүн гуя хэсэгт хутгалуулсан байсан. Харин Н.Дгийн баруун талын нүд нь хавдаж хөхөрсөн, уруул, шанаа хэсэгтээ хавантай байсан. Бор иштэй төмөр хутгатай байсан. Харин Н.Д нь бага зэрэг үнэртүүлчихсэн байсан бөгөөд драйгерь багажаар үлээлгэж үзэх гэтэл хүчтэй амьсгаа авч үлээж чадахгүй байна гээд үлээж чадаагүй. Н.Д нь настай хөгшин хүн байсан... гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 530 дугаартай “ Б.Агийн биед зүүн гуяанд хатгагдсан шарх, баруун бугалганд зурагдсан шарх, зүүн гуяны дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх,
шинжээчийн 529 дугаартай “ Н.Дгийн биед тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун зүүн шанаанд цус хуралт, уруул, зүүн шанаанд зулгаралт, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлтүүд зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдоно.
Шүүгдэгч нар нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хоорондын үл ойлголцлоос болж харилцан маргалдаж гараар цохих, чирч гулдрах, хутгаар хутгалах зэргээр харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулж, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.А “ Би хутгалуулсандаа болоод энэ хүнийг цохисон. Хэрвээ тэр үед нь цагдаа дуудаад өгчихсөн бол намайг зодсон гэж гүтгүүлээд, хутгалуулахгүй байсан байх гэж бодож байна. Прокурорын саналыг зөвшөөрөхгүй байна“ гэж, түүний өмгөөлөгч Г.Амарсайхан нь “ Анх Н.Д гаднаас орж ирээд Б.Аг цээж рүү нь цохисон. Энэ үед нь Б.А зөрүүлээд нэг удаа алгадсан. Б.Аг хаалганыхаа пүршийг янзлаад сууж байхад нь араас нь хутгалсан. Ахиад хутгалах гэхэд нь гараараа хамгаалсан. Үүнээс айж сандрахдаа ална гээд дайраад байхаар нь залуу насны зөрүүгээр өнөөдөр энэ хүн өөрийнхөө амь насыг аварсан. Н.Д хоёр удаа хутгалсан. Хэрвээ гурав дахь удаагаа хутгалахад нь өөрийгөө хамгаалаагүй бол намайг алчих байсан гэж Б.А хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ байдал нь харагдаж байгаа. Иймд Б.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тохирохгүй байна. Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1.1-т “ Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй ” гэж заасан хуулийн заалттай тохирч байна. Өөрийн амь насаа хамгаалсан Б.Агийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна ” гэж тус тус гэм буруугийн талаар бүхэлд нь маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Учир нь хохирогч Н.Дгийн биед “ тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун зүүн шанаанд цус хуралт, уруул, зүүн шанаанд зулгаралт, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал бүхий “ гэмтэл учирсан нь шинжээчийн 529 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ “ зүүн шанаанд цус хуралт, уруул, зүүн шанаанд зулгаралт “ гэмтлүүд нь Б.Агийн зүүн шанаанд цохисон, гэрээс гаргахаар чирч татсанаас үүссэн болохыг шүүгдэгч Б.А “миний цээж рүү гараараа цохиод авахаар нь би зүүн гараараа шанаа руу нь нэг удаа алгадсан. Тэгээд чирээд гаргах гэтэл гарахгүй уллаж байгаад манай угаалтыг татаж унагаад угаадас асгасан. Мөн гаргах гэж байтал үүдний хаалганы пүршнээс гараа ороож татаж байгаад уг пүршийг тасалсан. Баруун зүүн шанаанд учирсан хохирлыг би алгадахдаа учруулсан байх “ гэх мэдүүлгээрээ үгүйсгээгүй бөгөөд энэ үйл баримт нь гэрч А.Бийн “ Манай нөхөр Б.А босоод иртэл өөдөөс нь цээжин тус газар нь цохисон. Б.А нь зөрүүлээд шанаа руу нь алгадсан. Тэгээд би Н.Дг гар гэж хэлтэл Б.А нь гаргах гээд чиртэл явахгүй гээд мөрөөрөө уллаж байгаад үүдний угаалтуур татаж асгасан “ гэх,
гэрч А.Сын “ Н.Дгийн ...уруул, шанаа хэсэгтээ хавантай байсан ” гэх мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон болно.
Иймд шүүх Б.Агийн, Н.Дд хутгалуулж, энэ үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүнийг 2 удаа цохиж эрүүл мэндэд “ баруун нүдний эргэн тойронд цус хуралт, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал бүхий “ гэмтэл учруулсан гэх үйлдлийг Н.Дгийн биед учирсан хөнгөн гэмтэлд хамааруулах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Учир нь Б.А нь Н.Дгийн хутга хэрэглэж эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан бодит халдлагын эсрэг өөрийгөө хамгаалах хүсэл зориг бүхий хариу довтолгоон хийж, халдагч этгээдэд дээрх хохирол учруулсныг аргагүй хамгаалалтын арга хэмжээ байна гэж үзнэ.
Аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон бөгөөд шүүгдэгч Б.А нь өөрт нь халдсан халдлага нэгэнт эхэлсэн, үргэлжилж байхад аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн байх ба халдлага бодитой эхлээгүй, эсхүл довтолгоон төгссөн үед үйлдэл хийсэн байдал буюу хохирогч Н.Дгийн мэдүүлж буй “ гэтэл Б.А нь гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохиж аваад хоёр гараараа хоолой боогоод ухаан балартаад явчихсан. Нэг мэдсэн чинь би гутлынхаа түрийнд байсан хутга барьчихсан, Б.А нь намайг хутгалчихлаа шдээ гэсэн ” гэх үйл баримт хэргийн баримтаар нотлогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т “аливаа хүн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж тус тус заасан ба шүүгдэгч Б.Агийн өөрийгөө хамгаалан хариу довтолгоон хийж бусдыг 2 удаа цохисон үйлдэл нь хуулийн дээрх шаардлагад нийцсэн байна шүүх дүгнэв.
Шүүгдэгч өмгөөлөгчийн Х.Э болон шүүгдэгч Н.Д нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүйг дурдъя.
Шүүгдэгч Б.А, Н.Д нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт хөнгөн гэмтэл учирсан хийгээд тэдгээрийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа хэмжээгээр буюу шүүгдэгч Н.Дгийн эмнэлгийн ор хоногийн 97.200 төгрөг, шинжилгээ хийлгэсний 8000 төгрөг, нийт 105.200 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.Агийн 410.000 төгрөгийн нэхэмжлэлээс шинжилгээ хийлгэсний 8000 төгрөг, оёдол тавиулсны 40.000 төгрөг, эм тарианы 94.200 төгрөг, нийт 142.200 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 267.800 төгрөгийн эм тариа, шатахууны зардлын тооцоог шууд гаргах боломжгүй байх тул холбогдох эмнэлгээс баримтыг гаргуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Мөн Б.Агийн “ Миний шөрмөс гэмтсэн байна гээд 13А маягт хийж өгсөн. Би үзүүлэхээ явж амжаагүй байгаа” гэх мэдүүлгийг үндэслэвэл, Б.А нь өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотойгоор цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Б.А, Н.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах, тухайн хэрэг нь нутаг бэлчээрийн асуудалтай холбоотой маргааны улмаас үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт хөнгөн гэмтэл учирч эдгэрч байгаа, шүүгдэгч нар нь нэг нутаг усны хүмүүс, Н.Д өндөр настай ахмад хүн болох зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.А, Н.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч өмгөөлөгчийн Х.Эын “ Н.Д нь эхнэрийн хамт ам бүл хоёулаа, өөрийн гэсэн цөөн тооны малтай амьдардаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжоор хангаж өгнө үү “ гэх санал, Н.Дгийн 2018 оны Мал тоологын данс, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Н.Дд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтанд нийцнэ.
Н.Д нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон бариултай, бариул хэсэгтээ 2 ширхэг хадаастай, 25.5 см урттай, “mammut rostfret” бичиг хутгыг буцаан авахгүй гэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгана.
Шүүгдэгч Б.А, Н.Д нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А, Н.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Н.Д нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Дд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.А, Н.Д нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.А, Н.Д нар дээрх торгох ялыг хуульд заасан болон шүүхээс тогтоосон хугацаанд тус тус биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон бариултай, бариул хэсэгтээ 2 ширхэг хадаастай, 25.5 см урттай, “mammut rostfret” бичиг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Иргэн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Агээс 105.200 төгрөг гаргуулж хохирогч Н.Дд, шүүгдэгч Н.Дгээс 142.200 төгрөг гаргуулан хохирогч Б.Ад тус тус олгож, Б.А нь үлдэх 267.800 төгрөгийн эм тариа, шатахууны зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.А, Н.Д нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотойгоор цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН