Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0027

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ю.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 637 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ю.О-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 637 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 44 дүгээр зүйлийн 44.2.8, 277 дугаар зүйлийн 277.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгож, Ю.О-ыг урьд эрхэлж байсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр тасгийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 8 сар, 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9.745.059,28 төгрөгийг олгуулах, цэргийн дэслэгч цолыг сэргээж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ю.О нь 2019 оны үйл ажиллагааг 82 хувь буюу Б үнэлгээтэй гүйцэтгэсэн нь Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэг чнарын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт дүгнэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.С, дэд дарга, дэд хурандаа Э.Д нарын үнэлгээний хуудсаар нотлогдож байх тул түүнийг дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй” гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Тухайлбал, иргэн Ю.О нь ажиллаж байх хугацаандаа буюу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар “Сануулах”, 2020 оны 01 дүгээр сарын Б/19 дүгээр тушаалаар “Цолны мөнгийг 1 сарын хугацаагаар хасах” сахилгын шийтгэлүүдийг тус тус авсан ба ШШГЕГ-ын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар Ю.О-ыг албанаас халсан.

Нэхэмжлэгч Ю.О нь 2019 онд 1, 2020 онд 2, нийт 3 зөрчил, дутагдал гаргасан ба Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалуудад “Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, лахин энэ төрлийн зөрчил дутагдал гаргалгүй ажлын сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллахыг шийдвэр гүйцэтгэгч /дэслэгч Ю.О/-д үүрэг болгосугай” гэж 2 дахь хэсэгт тусгасан байдаг.

Гэвч нэхэмжлэгч Ю.О нь урьд авагдсан 2 сахилгын зөрчилдөө дүгнэлт хийж ажлаагүйн зэрэгцээ дахин энэ төрлийн зөрчил гарган ШШГЕГ-ын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар албанаас халагдсан ба зөвхөн 2019 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр 2020 онд авагдсан 2 арга хэмжээг үгүйсгэж болохгүй юм.

Нэхэмжлэгч Ю.О түүнийг дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй гэж үзэх нь тухайн 3 тушаалаар нотлогдож байна.

2. Шүүх “Нэхэмжлэгч Ю.О нь шийдвэр гйүцэтгэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжид дурдагдсан XV-021032, XV-021033, XV-021034 тоот тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигчийг мэдэх боломжгүй бөгөөд шүүгчийн захирамжид заасан овоолгыг битүүмжлэхэд эдгээр тусгай зөвшөөрлийн талаар дурдаагүй бөгөөд эзэмшигч нь тодорхойгүй тул эзэмшигчийг тодруулж ирүүлэхийг холбогдох байгууллагад даалгасан нь дээр шүүгчийн захирамжаас тодорхой харагдаж байна” гэж үзсэн ба Ю.О-ыг тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигчийг мэдэх боломжгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд Шүүхээс гаах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захиармж гаргах талаар тусгаж өгсөн байдаг. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-д “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж” заасны дагуу шүүхээс ирсэн захирамжийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх утахй хуулийн 70 дугаарзүйлийн 70.1-д “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжид шүүхээс үүсгэх тогтоол гардаггүй ба үүсгэх тогтоол үйлдэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулдаг онцлогтой. Тухайн шүүхээс ирсэн захирамжид Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хулуийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна” заасан арга хэмжээ авдаг.

Нэхэмжлэгч Ю.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.10-д “төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах”, 44.2.11-д “төлбөр төлөгчийн эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа, тодорхойлолт гаргуулах” гэж заасны дагуу Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийн тусгай зөвшөөрлийн эзэмшигчийг тодруулах, түүнчлэн баталгаажуулах боломжтой байсан.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас Ю.О-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах” зөрчлийг гаргасан гэж буруутгасан нь тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална” гэж заасан ба шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан шуурхай зарчмыг баримтлан захирамжид заасан ажиллагааг явуулдаг.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн баталсан “Шалгалтын удирдамж”-ийн дагуу албаны шалгалт явуулахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2019/13815 дугаар захирамж нь Нийсллэийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирснийг тоо бүртгэлийн хэлтсийн ажилтан Б.Насанжаргал бүртгэлийн дэвтэрт бүртгэн авч гүйцэтгэх баримт бичиг цахим сан хариуцсан ажилтан дэслэгч Б.Б хүлээлгэн өгч, Б.Б нь Сүхбаатар дүүргийн 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ю.О-д тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус захирамжийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж, бүртгэлийн дэвтэрт бүртгэж авсан нь алба хаагчдын өгсөн тайлбар тодорхойлолтоор тогтоогдож байгаа.

Нэхэмжлэгч Ю.О нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан захирамжид 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-г хүсэлт гаргах хүртэлх 1 сар 7 хоногийн хугацаанд тус захирамжид ямар нэгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй байдаг. Тус захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй нь дээрх хуульд заасан хориглосон үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон.

Түүнчлэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” гэж заасны дагуу Ю.О нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяагийн хүсэлтийг бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэлгүй хүсэлтийг хүлээн авсан.

Мөн нэхэмжлэгч Ю.О нь Захирамжийг биелүүлэхэд эргэлзээтэй ойлгомжгүй тодруулах зүйл гарсан бол ШШГТХ-ийн 271 дүгээр зүйлийн 271.1.2-т “гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн шийдвэрийн агуулга тодорхойгүй тохиолдолд түүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргах”, 44.2.11-д “төлбөр төлөгчийн эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа тодорхойлолт гаргуулах” гэж хуульд заасан ажиллагааг хийх ёстой байсан ч 1 сар 7 хоногийн хугацаанд ямар нэгэн ажиллагаа хийгээгүй нь өөрөө хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын Зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Ю.Оыг ажлаас халах талаар” хуралдааны тэмдэглэлд “дэслэгч Ю.О-д хэлэх зүйл байна уу? Буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу? гэх асуултад “шийдвэр гүйцэтгэгч Ю.О: Ажлаа бүрэн гүйцэд ажлаа танилцуулж ажиллаагүй миний буруу. Буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэж хэлсэн нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг брууу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор үнэлээгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 072ны өдрийн 128/ШШ2020/0637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Р.Энхтайваны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Шалгалтын удирдамж”[1]-ийн дагуу “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2019/13815 дугаартай захирамжийг хэнээс хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар хугацаанд явуулсан талаар шалгах” зорилгоор албаны хяналт шалгалт явуулж, тус газрын даргын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ю.О-ын талаар хэлэлцэж нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2019/13815 дугаар захирамжийг хүлээн аваад дээд шатны албан тушаалтнуудад танилцуулаагүй, үнэн зөв мэдээллээр хангаагүй, хөрөнгийг Засгийн газарт хүлээлгэн өгсөн талаар мэдсэн боловч нэхэмжлэгч хүсэлт гаргасан гэх үндэслэлээр удирдах дээд албан тушаалтанд танилцуулаагүй хүсэлтийг хүлээн авсан зэрэг алдаа зөрчил гаргасан, урьд сахилгын шийтгэл авагдаж байсан, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.3-д заасны дагуу ажлаас халах саналыг дэмжиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн маргаан бүхий Б/171 дүгээр тушаалаар дээрх шийдвэр гүйцэтгэх албаны санал, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн “урьд сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, хөрөнгийг Засгийн газарт буюу төрд хүлээлгэн өгсөн талаар мэдсэн боловч нэхэмжлэгч хүсэлт гаргасан гэх үндэслэлээр удирдах албан тушаалтанд танилцуулалгүй хүсэлтийг хүлээн авсан, хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд дарга нарыг үнэн зөв мэдээллээр хангахгүйгээр шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлсэн” гэж буруутган нэхэмжлэгч Ю.Оыг шийдвэр гүйцэтгэгчийн ажлаас халж, дэслэгч цолыг хураасан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх маргаан бүхий актын нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэл тус бүрт дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна”, 6.2.6-д “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж”, 70 дугаар зүйлийн 70.1-д “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ” гэж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлийг заасан байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, ... шуурхай байх зарчмыг баримтална”, 21 дүгээр зүйлийн 21.4-д “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно”, 44.2-т “Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх” гэж тус тус заасан.

Шийдвэр гүйцэтгэгч нь иргэний шийдвэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг хүлээн авсан даруйд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах үүрэгтэй байх бөгөөд уг шийдвэр гүйцэтгэгчийн хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт хуульд заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид шийдвэрийг гүйцэтгүүлэхээр даалгавар хүргүүлэх ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 102/ШЗ2019/13815 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д “хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх” гэж заасныг үндэслэн 3 дахь заалтаар “Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхит нэртэй ашиглалтын талбайд байрлах хүдрийн овоолгыг битүүмжилсүгэй” гэж, 4 дэх заалтаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах захирамжийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамж нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Ю.О-д /шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч/ хуваарилагдсан, уг иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “... Салхит нэртэй ашиглалтын талбайд байрлах хүдрийн овоолгыг битүүмжлэх ажлыг хийж гүйцэтгэх тухай албан даалгаврыг Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулж өгнө үү ...” гэх хүсэлт[2] гаргасны дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 157/13815 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар үйлдсэн, уг албан даалгаврыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд дэслэгч Б.С баталсан байна.

Уг албан даалгавар[3]-аар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 102/ШЗ2019/13815 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 3-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахтай холбоотойгоор Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхит нэртэй ашиглалтын талбайд байрлах “Ж П Э” ХХК-ийн эзэмшлийн хүдрийн овоолгыг битүүмжлэхийг 33 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.М-д даалгасан байх бөгөөд хүдрийн овоолгыг битүүмжлэх ажиллагааг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 33 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр дэд дарга, дэд хурандаа Э.Д-ийн гарын үсэг бүхий Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/29041 дүгээр албан бичиг[4]-ээр Шийдвэр гүйцэтгэх албаны Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Ө-т хүргүүлж улмаар Шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/3048 дугаар албан бичгээр 157/13815 дугаар даалгавар, уг даалгаврыг гүйцэтгэхтэй холбоотой баримт бичгийн хуулбарыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч Н.Е-д хүргүүлснээс үзвэл нэхэмжлэгч өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Дундговь аймагт байрлах хүдрийн овоолгыг битүүмжлэх ажиллагааг тухайн нутаг дэвсгэрийн шийдвэр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг үйлдсэн байх хэдий ч даалгаврыг дээд шатны удирдах албан тушаалтан баталсан, улмаар холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаар дамжуулан Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байх тул хариуцагч “...Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2019/13815 захирамжид хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох ажиллагааг хийгээгүй, удирдах албан тушаалтнуудад танилцуулалгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэлийн даалгавар хүргүүлсэн зөрчил гаргасан” гэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна.

Тухайн хэргийн нэхэмжлэгч талаас шүүгчийн захирамжид заасан ажиллагааг Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулах тухай хүсэлт гаргасан эсэх, уг хүсэлтийг үндэслэсэн эсэхээс үл хамааран нэхэмжлэгчид Дундговь аймагт байрлах хүдрийн овоолгыг битүүмжлэх ажиллагааг тухайн нутаг дэвсгэрийн шийдвэр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар үйлдэх эрх нь нээлттэй байх тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй нь ... хуульд заасан хориглосон үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон ... О.А-ийн хүсэлтийг бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэлгүй хүсэлтийг хүлээн авсан ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/5010 дугаар мэдэгдэл[5], Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ашигт малтмалын хайгуулын XV-02141*дугаар[6], мөн газрын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ашигт малтмал ашиглалтын MV-02148* дугаар тусгай зөвшөөрөл[7] зэргээс үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхит нэртэй газарт орших 2887.85 гектар талбай бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг “ЭСР” ХХК-д олгож шийдвэрлэгдсэн байх бөгөөд “ЭСР” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/19 дүгээр албан бичгээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2019/13815 дугаартай захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шалгуулахаар буюу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/47 дугаар албан бичгээр Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 157/13815-02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, мөн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13529/03 тоот тэмдэглэлээр битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад хүсэлт гаргасан, улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоол[8]-оор тус газрын 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 157/13815 тоот албан даалгавар, уг даалгаврыг үндэслэн хийгдсэн Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 33 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.М-ын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэсэн 157/13815-02 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар тогтоол[9]-оор мөн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.М-ын 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэсэн 13529/05 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгожээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2019/13815 дугаар захирамжаар Ашигт малтмалын хайгуулын XV-021032, XV-021033, XV-021034 дугаартай тусгай зөвшөөрлүүд “Ж П Э” ХХК-ийн эзэмшилд байгаа эсэх, өөрчлөлт орсон талаарх лавлагаа, мэдээллийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулахаар даалгаж, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхит нэртэй ашиглалтын талбайд байрлах хүдрийн овоолгыг битүүмжлэхээр шийдвэрлэснээс үзэхэд тухайн тусгай зөвшөөрлүүдийн эзэмшлийн талаар нэхэмжлэгчийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэхээргүй байх бөгөөд тухайн хүдрийн овоолго бүхий газрыг Засгийн газарт буюу төрд хүлээлгэн өгсөн үйл баримтыг тодруулах талаар дээд шатны удирдах албан тушаалтнуудын зүгээс заавар чиглэл өгөх, зохих удирдлагаар хангах боломжтой, энэ талаар хариуцагчаас баримт, нотолгоо гарган мэтгэлцээгүй, хэрэгт баримт авагдаагүй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхит нэртэй газарт орших 2887.85 гектар талбай бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг “ЭСР” ХХК-д шилжсэн байсныг нэхэмжлэгч мэдсэн байсныг хариуцагч баримтаар тогтоогоогүй байх тул маргаан бүхий актын “... хөрөнгийг Засгийн газар буюу төрд хүлээлгэн өгсөн талаар мэдсэн боловч ...” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй. Түүнчлэн нэгэнт хүчин төгөлдөр шүүгчийн захирамжид заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах ажиллагааг хийсэн, эрх бүхий дээд шатны албан тушаалтан уг ажиллагааг баталгаажуулсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-д “Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 44, 77 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 271.1.2-т “гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн шийдвэрийн агуулга тодорхойгүй тохиолдолд түүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргах” гэж тус тус заасныг үндэслэн дан ганц нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгчийг маргаан бүхий Б171 дүгээр тушаалын үндэслэл болсон дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг үндэслэн, хариуцагчаас нэхэмжлэгчид урьд “сануулах”, “цолны мөнгийг 1 сарын хугацаагаар хасах” буюу 2 удаа сахилгын шийтгэл оногдуулж байсан, урьд авагдсан сахилгын зөрчилдөө дүгнэлт хийж ажиллаагүйн зэрэгцээ дахин энэ төрлийн зөрчил гаргасан гэж тайлбарлан маргасныг үндэслэл бүхий гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээргүй байх тул маргаан бүхий акт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлүүдээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 637 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

                            ШҮҮГЧ                                                   Э.ЗОРИГТБААТАР

                              

                            ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ  

 

[1] Хавтаст хэргийн 67-68 дахь тал

[2] Хавтаст хэргийн 54 дэх тал

[3] Хавтаст хэргийн 39 дэх тал

[4] Хавтаст хэргийн 38 дахь тал

[5] Хавтаст хэргийн 48 дахь тал

[6] Хавтаст хэргийн 45 дахь тал

[7] Хавтаст хэргийн 49 дэх тал

[8] Хавтаст хэргийн 52 дахь тал

[9] Хавтаст хэргийн 53 дахь тал