| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0218/э |
| Дугаар | 221 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 221
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч Б.Ч, Ё.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Ч, Ё.Г нарт яллах дүгнэлт үйлдсэн, тэдгээрт холбогдох эрүүгийн 1930004480290 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3б хэсэг ... тоотод /Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багт түр/ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ё.Г
Хоёр. Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “С” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Б.Ч
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ё.Г, Б.Ч нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сард өөрийн үхэрт нийлсэн 1 тооны бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Ц.Бт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ бяруу манай үхэрт нийлээд 3-4 хонож байсан. Ц.Б ах суман дээрээс алдсан гэж ярьж байсан. Бид хоёр хоёулаа Ц.Б ахын бяруу гэж мэдэж байсан. Дорнод аймгаас Б-Ө тоглоомныхоо бяруунуудыг цуглаахаа ирсэн. Ё.Г нь “ Ц.Бын ахын бяруу байна. Энийг өгчих үү “ гэж асуухаар нь чи өөрөө мэдэхгүй юу даа. Дараа нь өөрийнхөө бяруунаас өгчихнө биз дээ гээд тэгээд өгчихсөн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хонь, ямаа нийлсэн 500 гаруй тооны малтай 600.000 төгрөгийн торгуулийг хавар ямааны ноолуур гарахаар төлөх саналтай байна...гэв.
- Шүүгдэгч Ё.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тэдний үхрийн имийг мэднэ. Ц.Б ах надаар хашаа бариулна гэж ярьж байсан болохоор дараа нь тохирч болох байх гэж бодсон юм аа Хохирогчид учирсан хохирлыг төлсөн. Би хохирогч Ц.Бын блокон хашааг 1.800.000 төгрөгөөр барьж өгсөн. Энэ ажлынхаа хөлснөөс 500.000 төгрөг хасахаар тохиролцож хохирлоо барагдуулсан. Би торгуулийн ялыг хавар ямааны ноолуур гарахаар төлөх саналтай байна. Зургаан сарын дотор төлнө. Би сумын төв дээр блок, эсгийний үйлдвэрт ажилладаг. Би хувьдаа малтай. Хэрвээ энэ хугацаанаас өмнө боломж гарвал төлчихнө...гэв.
- Яллагдагч Б.Чын: 2018 оны өвөл 12 сард өдрийг нь санахгүй байна. Наран сумын 2 дугаар багт тавуулаа нийлж муушигдсан юм. Тэгээд Б-Ө ах бярууны мөнгөнд тогло гээд 1 сая төгрөгийг хүн тус бүрт 200, 200 мянган төгрөг өгсөн юм. Тэгээд бид нар тоглоод Ганбаяр хожоод 800,000 төгрөг хожсон. Миний хувьд тоглоогүй, тоглоомыг нь хараад байж байсан. Б-Ө ах бяруугаа хавар авахаар болж тоглоом дууссан. 2019 оны 05 сард манай гэрт Ганбаяр байж байхад Б-Ө ах ирээд бяруугаа Ганбаяраас авна гэсэн. Мөн надаас Эрдэнэбаатарын бяруугаа та 2 учраа дараа ол гэсэн. Тэгээд би Ганбаярын хамт мотоциклтой гэрийн ойролцоо байсан үхрээ хөөж ирээд Эрдэнэбаатарын өрний бярууг өөрийнхөө ягаан бярууг барьж өгсөн. Тэгтэл Ганбаяр нь “танай үхэрт Баатар ахын имтэй бяруу байна, би өрөндөө Б-Ө ахад өгчихье” гэхээр нь “чи өөрөө мэд, дараа нь учраа олох юм бол” гэж хэлсэн. Тэгээд Б-Ө ахад бярууг нь барьж өгсөн. Сүүлд Баатар ах мэдээд Ганбаяр нь хохирлыг нь барагдуулсан гэсэн. Миний хувьд уг бярууг Баатар ахын бяруу гэж мэдэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн-28-29/
- Яллагдагч Ё.Гын: 2019 оны өвөл 12 сард өдрийг нь санахгүй байна. Наран сумын 2 дугаар багийн нутаг “Хүрээт” гэх газар Дашням ахын гэрт 5 гарын муушиг тоглосон юм. Тэгээд Б-Ө ах 1.000.000 төгрөг өгөөд хожсон нь 800,000 төгрөг, 2-т орсон нь 200,000 төгрөг авахаар болсон. Тэгээд Б-Ө 1 сая төгрөгтөө 5 хүн тус бүр тугалан бяруу өгөхөөр болсон. Тухайн үед миний бие хожиж 800,000 төгрөг авсан. Тэгээд Б-Ө ахад бяруугаа авах уу гэхэд “Ах нь бяруугаа дулаан оруулж байгаад авъя” гэж тохиролцсон. 2019 оны 05 дугаар сард Б-Ө ах намайг Чынд байгааг дуулаад тоглоомныхоо бярууг авах гээд хөдөө гэрт ирсэн. Тухайн үед Б-Ө ахад “дараа бяруугаа өгье гэхэд одоо л бяруугаа авмаар байна, дахиж ирж чадахгүй” гээд байсан. Мөн хамт тоглосон Эрдэнэбаатарын бярууг Чыг өгчих гээд байсан. Тэгээд Чын үхэр ойрхон байхаар Ч бид 2 мотоциклтой хөдлөөд үхрийг нь хурааж ирэхэд Баатар ахын баруун чих араасаа догол имтэй, эр ягаан бяруу хамт явж байхаар нь Чад хандаж “энд Баатар ахын бяруу байна. Энийг хөгшин нь Б-Ө ахад өрөндөө өгчихье, дараа орны малыг нь өгчихнө” гэхэд Ч нь өөрөө л мэд гэж хэлсэн. Тэгээд Б-Ө ахад барьж өгсөн. Тэгээд Эрдэнэбаатарын өрний орон Ч нь өөрийнхөө баруун чих урдаасаа ганзага, зүүн чих цуулбар имтэй эр улаан ягаан бяруу барьж өгсөн. Баруун чих урдаасаа ганзага имтэй ягаан эр бяруу нь Чын өөрийнх нь бяруу байсан. Би Баатар ахын бярууны имийг нь хараад мэдэж байсан. Зөв талын ташаан дээр дээшээ харсан давхар саран тамга шинэхэн дарсан байсан. Баатар ах үхэр дээрээ тийм тамга дардаг юм. Миний хувьд Баатар ахад 500.000 төгрөг өгөөд хохирлыг нь барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
- Хохирогч Ц.Бын: Манай гэр сумын төвөөс урагш 38 километрт “Цагаан энгэр” гэх газар нутагладаг юм. 2019 оны 05 дугаар сарын эхээр “Богино” гэх газраас бэлчиж байсан үхэрнээсээ баруун чих араасаа догол имтэй, ягаан зүсмийн эр бяруугаа алдсан юм. Түүнээс хойш эрэл хийж яваад олоогүй юм. Манай 2 дугаар багийн нутаг “Дарвагай” гэх газар нутагладаг Б.Ч гэх залууг сэжиглэж байна. 2019 оны 05 дугаар сард Б.Б-Ө гэх хүнд бяруу өгч ачуулсан гэж дуулдсан. Үүнийг шалгуулмаар байна. Би алдсан бяруугаа 500,000 төгрөгөөр үнэлнэ /хх-3/,
... Ё.Г, Б.Ч нар надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Би алдагдсан бяруугаа 500.000 төгрөгөөр тооцож, Ё.Гаар блокон хашаа бариулсан. Миний зүгээс гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл гүй” гэх мэдүүлэг /хх-5/
- Гэрч Б.Б-Өгийн: 2018 оны 12 дугаар сард манай багийн иргэд болох Ч, Ганбаяр, Дашням, Өлзийдоо, Ганболд гэх хүмүүс надтай уулзаад “мөнгө байна уу, бяруу өгөөд 5 гарын муушиг тоглоё” гээд байхаар нь би 1,000,000 төгрөг өгч 5 бяруунд тоглуулсан юм. Тэр тоглоомонд Ганбаяр хожиж 800.000 төгрөг авч, харгиа буюу хоёр дугаарт орсон нь 200,000 төгрөг авсан юм. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хөдөөгүүр явж муушиг тоглуулсан хүмүүсээсээ бяруугаа цуглуулсан юм. Тухайн үед Чын хөдөө гэр лүү нь очиход эхнэр, хүүхдүүд нь мөн Ганбаяр гэрт нь цуг байж байсан. Би бяруугаа барьчихаад байж бай гээд Ганболдынхоос бяруугаа ачаад ирэхэд Ч, Ганбаяр нар 2 тооны бяруугаа бариад уячихсан байсан. Баруун чих нь араасаа догол имтэй ягаан эр бяруу, нөгөө нь зүүн чих нь цуулбар, баруун чих нь урдаасаа ганзага имтэй ягаан зүсмийн эр бяруу ачиж өгсөн. Хаанаас, ямар үхрээс барьж өгснийг би мэдэхгүй. Гэрийнх нь гадаа хэдэн үхэр байгаа харагдсан. Ч, Ганбаяр нар хоёулаа л хамтарч Чын гаднаас барьж өгч ачуулсан. Гэхдээ Ганбаяр нь “Б-Ө ахаа та аав, ээж хоёрт намайг бяруу өгсөн гэж битгий хэлээрэй. Би хүнээс худалдаж авсан бяруунаасаа өгчихлөө шүү. Та манайхаас холуур яваарай” гэхээр нь би нээх юм бодолгүй авсан юм. Тэр бяруунууд манайд одоо байхгүй. Би Дорнод аймгаас ирсэн хамаатны Базардоржийн Батзориг гэх хүнд тоглоомноос цуглуулсан 4 тооны бяруугаа бэлгэнд өгөөд явуулчихсан. Тэр хүнд тэдгээр бяруунууд байгаа эсэхийг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8/
- Сүхбаатар аймгийн Наран сумын 2019 оны 05 дугаар сарын байдлаарх малын үнэлгээ 2019.10.15 /хх-ийн 30/
- Ё.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/
- Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08/586 тоот тодорхойлолт /хх-33/
- Ё.Гын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/
- Ё.Гт холбогдох Сүхбаатар аймгийн Бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх- 32/
- Б.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/
- Б.Чын Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-50/
- Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Б.Чад холбогдох Эд хөрөгөтэй эсэх хураангуй лавлагаа/ хх- 35/
- Б.Чын Тээврийн хэрэгслийн лавлагаа/ хх- 36/
- Б.Чын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/
- Хохирогч Ц.Бын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 45/
- Шүүгдэгч Ё.Гын Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 46/
- Шүүгдэгч Б.Чын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 47/
- Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 48/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал 2019.12.10 №103 /хх-ийн 54/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал 2019.12.10 №103а /хх-ийн 55/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ё.Г, Б.Ч нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Б.Чын үхэрт нийлсэн иргэн Ц.Бын баруун чих араасаа догол имтэй,зөв талын ташаан дээрээ давхар саран тамгатай эр ягаан зүсмийн бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :
шүүгдэгч Б.Чын “ 2018 оны өвөл 12 сард Наран сумын 2 дугаар багт Б-Ө ах бярууны мөнгөнд тогло гээд 1 сая төгрөг буюу хүн тус бүрт 200,000 төгрөг өгсөн ба Ганбаяр хожоод 800,000 төгрөг хожсон. 2019 оны 05 сард манай гэрт Ганбаяр байж байхад Б-Ө ах ирээд бяруугаа Ганбаяраас авна гэхэд Ганбаяр нь “танай үхэрт Баатар ахын имтэй бяруу байна, би өрөндөө Б-Ө ахад өгчихье” гэхээр нь “чи өөрөө мэд, дараа нь учраа олох юм бол ” гэж хэлсэн. Тэгээд Б-Ө ахад бярууг нь барьж өгсөн. Сүүлд Баатар ах мэдээд Ганбаяр нь хохирлыг нь барагдуулсан гэсэн. Миний хувьд уг бярууг Баатар ахын бяруу гэж мэдэж байсан ”,
шүүгдэгч Ё.Гын “ 2019 оны өвөл 12 сард Наран сумын 2 дугаар багийн “Хүрээт” гэх газар Дашням ахын гэрт 5 гарын муушиг тоглосон юм. Б-Ө ах 1.000.000 төгрөг өгөөд хожсон нь 800,000 төгрөг, 2-т орсон нь 200,000 төгрөг авахаар болсон. Тэгээд Б-Ө 1 сая төгрөгтөө 5 хүн тус бүр тугалан бяруу өгөхөөр болсон.Тухайн үед миний бие хожиж 800,000 төгрөг авсан. 2019 оны 05 дугаар сард Б-Ө ах намайг Чынд байгааг дуулаад тоглоомныхоо бярууг авах гээд хөдөө гэрт ирсэн. Тэгээд Чын үхэр ойрхон байхаар Ч бид 2 мотоциклтой хөдлөөд үхрийг нь хурааж ирэхэд Баатар ахын баруун чих араасаа догол имтэй, эр ягаан бяруу хамт явж байхаар нь Чад хандаж “энд Баатар ахын бяруу байна. Энийг хөгшин нь Б-Ө ахад өрөндөө өгчихье, дараа орны малыг нь өгчихнө” гэхэд Ч нь өөрөө л мэд гэж хэлсэн. Тэгээд Б-Ө ахад барьж өгсөн. Зөв талын ташаан дээр дээшээ харсан давхар саран тамга шинэхэн дарсан байсан. Баатар ах үхэр дээрээ тийм тамга дардаг юм ” гэх,
хохирогч Ц.Бын “2019 оны 05 дугаар сарын эхээр “Богино” гэх газраас бэлчиж байсан үхэрнээсээ баруун чих араасаа догол имтэй, ягаан зүсмийн эр бяруугаа алдсан. Түүнээс хойш эрэл хийж яваад олоогүй юм. Манай 2 дугаар багийн нутаг “Дарвагай” гэх газар нутагладаг Б.Ч гэх залууг сэжиглэж байна. Учир нь 2019 оны 05 дугаар сард Б.Б-Ө гэх хүнд бяруу өгч ачуулсан гэж дуулдсан. Б.Ч, Ё.Гын нар надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан ” гэх,
гэрч Б.Б-Өгийн ”...2018 оны 12 дугаар сард манай багийн иргэд болох Ч, Ганбаяр, Дашням, Өлзийдоо, Ганболд гэх хүмүүс надтай уулзаад “мөнгө байна уу, бяруу өгөөд 5 гарын муушиг тоглоё” гээд байхаар нь би 1,000,000 төгрөг өгч 5 бяруунд тоглуулсан. Ганбаяр хожиж 800.000 төгрөг авсан.2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хөдөөгүүр явж муушиг тоглуулсан хүмүүсээсээ бяруугаа цуглуулсан юм. Тухайн үед Чын хөдөө гэр лүү нь очиход Ганбаяр гэрт нь цуг байж байсан. Ч, Ганбаяр нар 2 тооны бяруугаа бариад уячихсан байсан. Баруун чих нь араасаа догол имтэй ягаан эр бяруу, нөгөө нь зүүн чих нь цуулбар, баруун чих нь урдаасаа ганзага имтэй ягаан зүсмийн эр бяруу ачиж өгсөн. Хаанаас, ямар үхрээс барьж өгснийг би мэдэхгүй. Гэрийнх нь гадаа хэдэн үхэр байгаа харагдсан. Ч, Ганбаяр нар хоёулаа л хамтарч Чын гаднаас барьж өгч ачуулсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 8/
Сүхбаатар аймгийн Наран сумын 2019 оны 05 дугаар сарын “ баруун чих нь араасаа догол имтэй, ягаан зүсмийн эр бяруу, нэг бүрийн үнэ 350.000 төгрөг ” малын үнэлгээ үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Ё.Г, Б.Ч нар нь ижил сүргээсээ тасарч, алдагдан Б.Чын үхэрт нийлсэн бярууг хохирогч Ц.Бын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж харилцан тохиролцон Ё.Гын өр төлбөрт өгсөн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд тэдгээр нь гэмт хэргийг өөрсдийн хэрэгцээгээ хангах зорилгоор буюу шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Шүүгдэгч нар нь бусдын мал, эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа алдуул малыг завшиж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Б.Ч, Ё.Г нарын иргэн Ц.Бын алдуул бярууг бусдад өгсөн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ алдуул мал завших ” гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бт учирсан 1 тооны бярууны үнэ 350.000 төгрөгийн хохирол арилсан буюу хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.
Хохирогч Ц.Бын 1 тооны бярууг Сүхбаатар аймгийн Наран сумын эд зүйлийн үнэлгээний комиссоос 350.000 төгрөгөөр үнэлжээ/хх- 30/.
Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Б.Ч, Ё.Г нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус бүрд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Б.Чын “ Би хонь, ямаа нийлсэн 500 гаруй тооны малтай 600.000 төгрөгийн торгуулийг хавар ямааны ноолуур гарахаар төлөх саналтай “гэх, Ё.Гын “ Би торгуулийн ялыг хавар ямааны ноолуур гарахаар төлөх саналтай байна. Зургаан сарын дотор төлнө. Би сумын төв дээр блок, эсгийний үйлдвэрт ажилладаг. Би хувьдаа малтай ” гэх хүсэлтүүдийг хангаж, тэдгээрт оногдуулах торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоолоо.
Учир нь шүүгдэгч нар нь хувийн мал ахуй эрхэлдэг бөгөөд хавар цагт ямааны ноолуураа борлуулж орлого олох боломжтой байдлыг шүүх харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зохицуулалтанд нийцнэ.
Б.Ч, Ё.Г нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё.Г, Б.Ч нарыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөг, Ё.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ч, Ё.Г нарт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Шүүхийн шатанд ялтан Б.Ч, Ё.Г нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ч, Ё.Г нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
6. Ялтан Б.Ч, Ё.Г нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бт учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН