Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00313

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2016/00313

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******, ХК-д

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ,,, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                    ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2007 оноос эхлэн ХК-д ажиллаж байсан. Хамгийн сүүлд буюу 2012 оны 9 дүгээр сараас эхлэн Хангамж аж ахуйн хэлтэст Агаарын худалдаа хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байгаад жирэмсэний хүндрэлийн улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон тул 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө авч хэвтэрийн дэглэмтэй байсан. Чөлөөний хугацаа дуусаж ажилдаа буцаж орох хүсэлт гаргасан боловч “орон тоо чинь цомхотголд орсон тул одоохондоо түр олон улсын зорчигч үйлчилгээний хэсэгт бүртгэгч диспетчерээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажиллаж бай дараа нь өөр ажилд шилжүүлэн жинхлүүлэн ажиллуулна” гэж хэлсэний дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ингээд ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан жилийн ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргасаны дагуу Захиргаа, эрх зүйн хэлтсийн холбогдох албан тушаалтан амралтын тооцооны хуудас бичиж өгөн ээлжийн амралтыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 18 хоног амрах амралтын тооцоог гаргаж өгсөний дагуу амралтаа биечлэн эдэлсэн болно. Ээлжийн амралтаа биечлэн эдэлж дуусаад ажилдаа эргэж орох гэсэн боловч ажлаас халсан тушаал гаргаагүй мөртлөө ажилуулахгүй байсан. Иймд миний бие өдөр болгон шахуу компани дээр ирж ажлаар хангаж өгөх, ажлаа хийх хүсэлтийг тавьж байсан боловч ямар нэг хариу өгөөгүй эрх бухий албан тушаалтанууд бие биелүүгээ явуулаад л байсан. Хамгийн сүүлд ажлаа хийх, цалин хөлсөө авах, үүсээд байгаа асуудлыг маань хуулийн дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ХК-ийн гүйцэтгэх захирал гаргасан боловч ямар нэг хариу өгөөгүй. Ийм учраас 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрээ ирж Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Баасанцогттой уулзаж ажлаа үргэлжлүүлэн хийх, цалин хөлсөө авах хүсэлтийн талаар асуусан боловч “...материал, хүсэлтээ ахлах мэргэжилтэн аваарай...” гэсэн. Энэ дагуу ахлах мэргэжилтэн Цэрэнбат дээр ороход хүсэлт чинь над дээр байгаа хариу өгөх шаардлагагүй чамайг аль хэдийн ажлаас халсан, тушаалаа архивын эрхлэгчээс очиж ав гэсэн. Манай компанийн дотоод журмаар түр ажилтанд тушаал өгөх шаардлага байдаггүй, мөн ажил хүлээлцэх ч шаардлага байхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Ингээд архивын эрхлэгчээс 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас халсан гэх тушаалаа гардаж авсан болно. Гэтэл намайг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 тоот тушаалаар ажлаас халсан болохыг 3 сарын дараа л мэдсэн. ХК-ийн эрх бүхий албан тушаалтануудын энэхүү үйлдэл нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: Хөдөлмөрийн   тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 “ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана”, Хөдөлмөрийн            тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ”, Хөдөлмөрийн       тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 “ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр ...халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах заалтын 35.1.2 “ээлжийн амралттай байгаа, түр ажиллаж байгаа ажилтанд “Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалт үйлчлэхгүй” гэсэн зүйл огт байдаггүй, хууль бүгдэд тэгш үйлчлэх зарчимтай. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийн баримталсан шийдвэр гаргах ёстой бөгөөд ажлаас халах тушаалын үндэслэл болгож буй Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24 дүгээр заалт, Компанийн дүрэм болон Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зүйл заалтууд нь миний хөдөлмөрийн гэрээг цуцлахтай ямар ч холбоогүй. Түүнчлэн тушаалын үндэслэлд ажилтаны хүсэлтээр, Газрын үйл ажиллагааны ерөнхий менежерийн саналыг үндэслэсэн гэсэн бөгөөд ажлаас халагдах хүсэлтээ огт өгч байгаагүй бөгөөд ямар нэг албан тушаалтаны саналыг үндэслээд ажлаас халж болно гэсэн хуулийн заалт огт байдаггүй болно. Иймд хууль зүйн үндэслэлгүй, хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчиж гаргасан Гүйцэтгэх захирлын ажлаас халах тухай 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлаас халсан тушаал гаргаагүй атлаа ажил үүргийг гүйцэтгүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тай лбартаа: ын ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. хувьцаат компани нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн дүрмийн 1.4-т зааснаар Засгийн газраас эрх олгосны дагуу хувьцаа эзэмшигчийн эрхийг буюу Төрийн өмчийн хороо хэрэгжүүлдэг. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18 болон компанийн дүрмийн 7.3.4-т заасан бүрэн эрхийнхээ дагуу 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/15 тоот тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хангамж үйлчилгээний хэлтсийн Агаарын худалдаа хариуцсан мэргэжлийн нэгж орон тоо хасагдсан бөгөөд нэхэмжлэгч нь компанийн гүйцэтгэх захирлын 2014-12-26-ны өдрийн №Б/849 тоот тушаалаар 2014-12-26-ны өдрөөс 2015-05-01 -ны өдөр хүртэл цалингүй чөлөө авсан байх бөгөөд компанийн гүйцэтгэх захирлын 2015-05-18-ны өдрийн №Б/23 тоот тушаалаар Хангамж үйлчилгээний хэлтсийн Агаарын худалдаа хариуцсан мэргэжлийн нэгж орон тоо хасагдсан тул агаарын худалдаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ыг 2015-05-19-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн Газрын үйл ажиллагааны ерөнхий менежерийн харьяа Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн Бүртгэгч диспетчер Э.Нямсүрэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр томилж 2015-05-19-ны өдрөөс эхлэн тай Э.Нямсүрэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд хөдөлмөрийн түр гэрээ байгуулж ажилласан. Хүүхэд асрах чөлөөтэй байсан Э.Нямсүрэн эргэж ажилдаа орох болсон тул Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасны дагуу 2016-01-13-ны өдрийн №Б/23 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар тай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг дуусгавар болгосон. Мөн түүнтэй холбогдох ээлжийн амралтын тооцоог захиргаанаас хийсэн болно. ын хүсэлтийн дагуу 2016-05-23-ны өдрийн №Б/338 тоот компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар зуны оргил ачааллын үед экспортын диспетчерийн орон тоон дээр ажиллуулж байна. Нэхэмжлэгч нь 2016-01-13-ны өдрийн №6/23 тоот өөрийг нь ажлаас халсан тушаалыг даруй 3 сарын дараа мэдсэн гэж байгаа нь үндэслэлгүй түүнтэй ээлжийн амралтын тооцоо хийгдэхэд тэр ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдэж байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

нь ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгож, Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн бүртгэгч диспетчерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

нь ХК-д Агаарын худалдаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/315 дугаар тушаалаар түүний ажиллаж байсан нэгж орон тоо хасагдсан үндэслэлээр ыг 2015-05-19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Газрын үйл ажиллагааны ерөнхий менежерийн харьяа Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн Бүртгэгч диспетчер Э.Нямсүрэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр томилж, 2015-05-19-ний өдрөөс эхлэн тай хүүхэд асрах чөлөөний хугацаанд хөдөлмөрийн түр гэрээ байгуулж ажиллуулж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 30, 37-40/

 

ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 23, 34, 37 дугаар зүйлийн 37.1.3, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6, 11.11, 11.12 дахь заалтуудыг баримтлан хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтныг ажилд нь томилсон үндэслэл зааж тай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг 2015 оны 12 сарын 18-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь тус компанийн гүйцэтгэх захирлын  2015 оны 5 дугаар сарын 18-ны  өдрийн Б/315 дугаар тушаалын “...ыг Э.Нямсүрэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр томилсугай” гэсэн болон мөн өдрийн тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалтаар “энэхүү гэрээг 2015 оны 5 сарын 19-ний өдрөөс эхлэн Э.Нямсүрэнгийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр байгуулав” гэсэн зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна. 

 

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байх бөгөөд тушаалд бичигдсэн ажлаас чөлөөлсөн үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирсон байна.

 

Харин нэхэмжлэгч нь дээрх тушаал гарсныг мэдээгүй буюу 2016 оны 4 сарын 14-ний өдөр гардаж авсан гэх тайлбарыг гаргасныг дараах байдлаар үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 сарын 13-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ыг 2015 оны 12 сарын 18-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба түүнд ээлжийн амралтын тооцооны хуудсаар /чөлөөлөгдсөн/ нь ээлжийн амралтыг 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс 01 сарын 27-ны өдрийг дуустал ажлын 18 өдрөөр тооцож, амралтын мөнгийг 2016 оны 01 сард олгосон байна. /хх-ийн 5, 20/

 

Түүнчлэн хх-ийн 19-р талд авагдсан ын 2015 оны 12 сарын цалингийн картанд ажилласан өдрийг 16 гэж тооцсон байх ба энэ нь нэхэмжлэгчийг тухайн сард бүтэн ажиллаагүй буюу өөрөөр хэлбэл тушаал гарах хүртэл ажилласан гэдгийг нотолсон байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэснийг зөрчиж, хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн байна. 

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн зохигч талууд ХК-ийн дүрэм болон Хөдөлмөрийн дотоод журам уг нэхэмжлэлийн шаардлага, тушаалын үндэслэлд хамааралгүй тул хэрэгт нотлох баримтаар гаргуулах болон гаргаж өгөх шаардлагагүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ын ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ