| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0221/э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 222
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Нт холбогдох эрүүгийн 1930004430288 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “О” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ... тоотод оршин суух, улсаас гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ж.Н.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ж.Н нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ булаг” гэх газраас баруун урагш 12 километр газарт Тоёота Ланд круйзер-200 маркийн 98-59 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтыг зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэн О.О, О.Г нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэрэг гардаг өдөр Дорнод аймгаас бэр гуйгаад өглөө 09 цагийн үед Сүхбаатар аймаг руу хөдөлсөн. Тэгээд 11 цагийн үед ойрхон уурхай харагдахаар нь аймагт ойртлоо гэж бодоод зогсож бие засчихаад буцаад хөдөлсөн. Хөдлөөд удаагүй байхад машин жолооны хүрд булаагдаад хажуу талаараа ойчсон. Яагаад ойчсоныг нь миний хувьд сайн мэдэхгүй байгаа. Энэ ослоос болж хүний амь нас эрсдээгүй байгаад л баярлаж байна... Хохирогч нарын хувьд тухайн үед нь хийгдэх ёстой эмчилгээнүүдийг хийсэн. Одоо биеийн байдал нь сайжирч байгаа, нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Торгуулын ялыг хүлээн зөвшөөрч байна...гэв.
- Яллагдагч Ж.Нын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед байх Дорнод аймгаас бэр гуйчихаад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу 98-59 УБУ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй миний эхнэр болох О, хадам эгч Г, баз Ц нарын хамт явсан юм. Тэгээд явж байгаад уурхай харагдаж байхаар нь аймаг руу нилээд дөхсөн байна гэж бодож байтал удалгүй машины үрүүл булааж замын гадна хэсэг рүү машин шидэгдчихсэн юм. Тухайн үед би тээврийн хэрэгслийг жолоодож, миний эхнэр О хажууд урд суудал дээр сууж, арын суудал дээр Г, Ц нар сууж явсан юм. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн зам тэгшхэн, хувил ихтэй зам байсан. Тухайн үед миний нуруу, хүзүү хөшиж өвдөж байсан. Одоо ямар нэгэн өвдөлт зовиур байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/
- Хохирогч О.Огийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгаас Дорнод аймаг руу миний ах болох Баярсайханы хүү Сайенгэнэний эхнэрийг буюу бэр гуйхаар нөхөр болох Н, эгч Г, түүний нөхөр Ц нарын хамт 98-59 УБУ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Тэгээд бэр гуйчихаад маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 30 минутын үед буцаад Сүхбаатар аймаг руу бид 4 явж байгаад аймгаас 65 км орчим зайд гэнэт машин онхолдчихсон юм. Тэгээд би газарт хэвтэж байсан. Хажуугаар приус-20 маркийн машин явж байгаад зогсож, Н бид хоёрыг суулгаад аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламж руу хүргэж өгсөн. Гэнэт л замын хажуу тал руу уначихсан. Бид нар огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай эгч Г уруулаа л хүргэсэн байх. 60 км/цагийн хурдтай л явж байсан байх. Бид нар осол болохоос өмнө зогсож бие засчихаад дөнгөж хөдлөөд удаагүй л осолд орсон. Бид 2 суудлын бүс зүүгээгүй байсан. Миний нуруу доод хэсгээрээ хугарсан. Баруун гар шуу хэсгээрээ хугарсан. Тэгээд би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Учир нь миний нуруу гайгүй болж байна...гэх мэдүүлэг /хх- 16-17, /
- Хохирогч О.Ггийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 05 цаг 40 минутын үед би нөхөр болох Ц, дүү О, хүргэн Н нарын хамт бэр гуйх гээд Дорнод аймгийн Чойбалсан хотод очсон юм. Тэгээд бэр гуйгаад өглөө нь 09 цаг өнгөрсөн байх бид нар Сүхбаатар аймаг руу явсан юм. Тэгээд Н машинаа жолоодож, О урд нөхрийнхөө хажууд суугаад, би нөхөртэйгөө ард суудал дээр сууж явсан юм. Аймаг нилээд дөхсөн байх гэнэт л машин шидэгдчихсэн. Манай нөхөр бид 2 машинд байсан, дүү нөхөртэйгөө замын хажууд шидэгдчихсэн байсан. Би машинаас нөхөртэйгөө гараад байж байтал нэг приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогсохоор нь би дүү Ог, нөхөртэй нь хамт тэр машинд суулгаж өгөөд аймаг руу явуулаад нөхөртэйгөө машины тэнд үлдсэн юм. Удалгүй миний ах болох Чулаанбаатар бид хоёрыг ирж аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Би 60 км/цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Манай дүү бид 2 бага зэрэг архи уусан. Н, Ц 2 жолоочоор явж байсан учраас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний сээр хугарсан байсан. Өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг/хх- /,
- Иргэний нэхэмжлэгч Х.Агийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай Хаан банкны нэр дээр 98-59 УБУ улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэл нь байдаг юм. Учир нь энэхүү автомашин нь Хаан банкинд зээлийн барьцаанд байдаг юм. Зээл авсан Жамбал овогтой Н нь зээлээ цаг хугацаанд нь төлвөл манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй. Харин зээлээ төлөхгүй бол шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлнэ. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар манай банкны зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх- /,,
- Гэрч Ц.Цийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 20 минутын үед манай хадам ахын том хүү болох Сайенгэнэнгийн эхнэрийг бэр гуйчихаад Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос манай эхнэр болох Г, дүү нь болох О, баз Н нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу явсан юм. Н нь өөрийн эзэмшлийн 98-59 УБУ улсын дугаартай Ланд-200 маркийн машиныг жолоодож, эхнэр нь хажууд нь суугаад, арын суудал дээр Г бид 2 сууж явсан юм. Тэгээд аймаг дөхсөн байх явж байсан чинь гэнэт л машин өнхөрчихсөн юм. Нэг сэрэхэд би эхнэртэйгээ машин дотор байж байсан. Би хаалгыг нь өшиглөж гараад эхнэрийгээ дараа нь гаргаад, эргэн тойрноо хартал Н замын хажууд эхнэрийгээ тэвэрчихсэн сууж байсан. Тэгсэн чинь бор шаргал өнгийн приус-20 маркийн машин ирээд 2 залуу, 1 эмэгтэй бууж ирээд Н, О нарыг машинд суулгаад аваад явсан юм. Манай эхнэр тэр хоёрыг суулгаж өгөөд над дээр ирээд ухаан алдаад уначихсан юм. Миний хөл өвдөөд хөдөлж чадахгүй хэвтэж байсан юм. Тэгээд манай нэг машин ирээд бид хоёрыг аваад эмнэлэг дээр ирсэн юм. Тухайн үед 50-60 км/цагийн хурдтай л явж байсан байх. Н, бид 2 архи уугаагүй юм. 2 эмэгтэй маань айлд 1, 2 хундага архи уусан байх. Шороон, шулуун зам л байсан байх. Би ард сууж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Миний бодлоор ховилд л цохигдож машин онхолдсон байх. Эхнэр бид 2 суудлын бүсээ зүүсэн байсан. Харин урд сууж явсан хоёрыг зүүсэн эсэх талаар мэдэхгүй байна. Баруун хөл ямар ч мэдээгүй, баруун гарын эрхий хурууны савхан яс бололтой хугарсан, нурууны доод хэсэг мэдээгүй байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг/хх- /,,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 595 дугаартай дүгнэлтэнд: О.Ггийн биед сээрний 6 дугаар нугаламын шахагдсан хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэжээ /хх-ийн 41/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 594 дугаартай дүгнэлтэнд: О.Огийн биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын шахагдсан хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 28/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаартай: Ж.Наас авсан гэх цусанд спиртийн агуулга илрээгүй...”гэжээ /хх-ийн 33/
- Техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтэнд: Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Тоёота Ланд круйзер-200 маркийн 98-59 улсын дугаартай автомашины жолооч Ж.Н нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. 98-59 УБУ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Шинэбулаг багаас баруун урагш 12 километрт байх Дорнод-Сүхбаатар чиглэлийн авто замын зорчих хэсгийн гадаргуу нь хувил дэржигнүүртэй байснаас Тоёота Ланд круйзер-200 маркийн 98-59 УБУ улсын дугаартай автомашин замын ховилд цохиулан шарваж, тэнцвэр алдан онхолдож зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-ийн 45/
- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсууд /хх-ийн 27, 31,38,42/
-98-59 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 60/
- Ж.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-62/
- Ж.Нын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 63/
- Ж.Нын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 64/
- Ж.Нын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/
- Ж.Нын жолооны үнэмлэхийн хуулбар /хх-73/
- Ж.Нын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 88/
-Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 89/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Н нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ булаг ” гэх газраас баруун урагш 12 километр газарт Тоёота Ланд круйзер-200 маркийн 98-59 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтыг зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэн О.О, О.Г нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Нын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд,
хохирогч О.Огийн “Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгаас Дорнод аймаг руу миний ах болох Баярсайханы хүү Сайенгэнэний эхнэрийг буюу бэр гуйхаар нөхөр Н, эгч Г, түүний нөхөр Ц нарын хамт 98-59 УБУ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Тэгээд бэр гуйчихаад маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 30 минутын үед буцаад Сүхбаатар аймаг руу бид 4 явж байгаад аймгаас 65 км орчим зайд гэнэт машин онхолдчихсон...” гэх,
хохирогч О.Ггийн “2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 05 цаг 40 минутын үед би нөхөр болох Ц, дүү О, хүргэн Н нарын хамт бэр гуйх гээд Дорнод аймгийн Чойбалсан хотод очсон юм. Тэгээд бэр гуйгаад өглөө нь 09 цаг өнгөрсөн байх бид нар Сүхбаатар аймаг руу явсан юм. Тэгээд Н машинаа жолоодож, О урд нөхрийнхөө хажууд суугаад, би нөхөртэйгөө ард суудал дээр сууж явсан юм. Аймаг нилээд дөхсөн байх гэнэт л машин шидэгдчихсэн. Манай нөхөр бид 2 машинд байсан, дүү нөхөртэйгөө замын хажууд шидэгдчихсэн байсан...” гэх,
гэрч “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 20 минутын үед манай хадам ахын том хүү болох Сайенгэнэнгийн эхнэрийг бэр гуйчихаад Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос манай эхнэр болох Г, дүү нь болох О, баз Н нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу явсан юм. Н нь өөрийн эзэмшлийн 98-59 УБУ улсын дугаартай Ланд-200 маркийн машиныг жолоодож, эхнэр нь хажууд нь суугаад, арын суудал дээр Г бид 2 сууж явсан юм. Тэгээд аймаг дөхсөн байх явж байсан чинь гэнэт л машин өнхөрчихсөн юм. Нэг сэрэхэд би эхнэртэйгээ машин дотор байж байсан...” гэх мэдүүлгүүд,
шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 595 дугаартай “ О.Ггийн биед сээрний 6 дугаар нугаламын шахагдсан хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна....” гэх дүгнэлт,
шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 594 дугаартай “ О.Огийн биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын шахагдсан хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт,
техникийн шинжээчийн 75 дугаартай “98-59 УБУ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Шинэбулаг багаас баруун урагш 12 километрт байх Дорнод-Сүхбаатар чиглэлийн авто замын зорчих хэсгийн гадаргуу нь хувил дэржигнүүртэй байснаас Тоёота Ланд круйзер-200 маркийн 98-59 УБУ улсын дугаартай автомашин замын ховилд цохиулан шарваж, тэнцвэр алдан онхолдож зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна “ гэх дүгнэлт,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсууд, 98-59 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, Ж.Н Дорнод аймгийн Хэрлэн сумаас Сүхбаатар аймгийн Баруун- Урт сум руу зорчих явцдаа ховилтой замд цохиулан шарваж, онхолдсон үйл баримт тогтоогдох бөгөөд тэрээр гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Тэрээр замын нөхцөл байдалд тохируулан осолтой байдал бий болгохгүйгээр зорчих замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд мэдэлгүйгээр болгоомжгүй явснаас осол гаргаж, үүний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Ж.Нын зам тээврийн осол гаргаж, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Ж.Нын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Г, О.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нар эмчилгээний зардал, хохирол нэхэмжлээгүй бөгөөд Ж.Ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу тухайн газар орон буюу зам ховилтой нөхцөл байдлаас ховилтой замд цохиулан шарваж осол гаргасан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “ заасан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн “ гэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ж.Нын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөнгөн ангиллын гэмт хэрэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх“ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцжээ.
Тухайлбал, шүүгдэгч Ж.Нын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ж.Нт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ж.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бараат овогт Жамбалын Ныг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд шүүгдэгч Ж.Нт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ж.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Г, О.О нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН