| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0226/э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 230
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох 1930000000267 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4,эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “А” гэх газарт оршин суух хаягтай, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 сарын 28-ны өдрийн 88 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, Б.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Тээг” гэх газраас иргэн С.Тгийн 1 тооны хонийг өөрийнх нь хонинд нийлснийг хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Тгийн хонь манай хонинд нийлээд нэг хоносон. Би С.Т ахыг хонио ирж аваарай гэж хэлэхэд ирж авсан. Би хониноос нь үлдсэн нэг хонийг идсэн. Хохирогч С.Тгийн хохиролд 150.000 төгрөг өгсөн. Би дахин ийм асуудал гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
- Яллагдагч Б.Агийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 06 дугаар сард манай хонинд С.Т гэдэг айлын хонь ирж нийлсэн. Би Т ахад танай хонь нийлчихлээ гэхэд маргааш ялгаж авья гэсэн. Тэгээд маргааш нь ялгаж авсан. Би ялгаж авахаас өмнө хонио бэлчээрээс нь авчрахдаа гэрийнхээ баруун талд 2 км орчим газар нэг хонь уяад орхисон. Т ахыг хонио ялгаж авсны дараа уг хонийг гэр рүүгээ авчраад оруулах гэж байхад манай найз Мөнхболд таарсан. Би авчирсан хонио янзлаад өөрийнхөө хүнсэнд хэрэглэсэн. Уг хонь нь номхон, хөдөө хээр баригдахаар нь уяад орхисон юмаа...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Тгийн: Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн малчин айл. 2019 оны 06 дугаар сард “Тээг” гэдэг газар нутаглаж байсан бөгөөд манай хонь Адьяагийн хоньтой нэг өдөр нийлсэн юм. Оройтсон байсан учир маргааш нь ялгаж авсан. Багцаагаар 20-30 хонь нийлсэн байсныг хөөж явсан. Харин нэг хонь дутсаныг сүүлд нь мэдсэн. Зүүн чих догол, баруун чих ухам имтэй, шар толгойтой эр шүдлэн хонь байсан. Манай хоёр гэр бие биенээ хараад саахалт байдаг. Б.Адьяа нь миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 06/
- Гэрч А.Мын: 2019 оны 05 дугаар сарын дундуур би Б.А гэдэг айлынд очиход тэрээр хонь хашчихсан нэг хонь илүү гэр рүүгээ чирээд явж байсан. Намайг очиход тэрээр “Т ахын хонь манай хоньтой нийлсэн юм. Би тэдний хониноос нэг хонь авчихлаа, найздаа хийгээд янзлаад өгчих” гэхээр нь би амжихгүй гэж хэлээд явсан. Б.Агийн чирээд аваад явж байсан хонь нь шар халзан хонь байсан. Тэгээд сүүлд 2 хоногийн дараа очиход нойтон махтай болчихсон байсан.Тэрийг нь би сүүлд Т ахад хэлсэн”... гэх мэдүүлэг /хх-ийн 08/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малын үнэлгээ: шүдлэн насны эр хонь 150.000 төгрөг /хх-ийн 10/
-Б.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 17/
-Б.Агийн 2018 оны Малын тооллогын А данс /хх-ийн 18/
-Б.Агийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/
- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 сарын 28-ны өдрийн 88 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 20-25/
-Б.Агийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 06 дугаар сарын дундуур Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “ Тээг ” гэх газарт өөрийнх нь хонинд
нийлсэн иргэн С.Тгийн зүүн чих догол, баруун чих ухам имтэй шар толгойтой шүдлэн насны хонийг хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :
шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ “ мэдүүлэг,
хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Тгийн ” 2019 оны 06 дугаар сард “Тээг” гэдэг газар нутаглаж байхад манай хонь Адьяагийн хоньтой нэг өдөр нийлсэн юм. Оройтсон байсан учир маргааш нь ялгаж авсан. Харин нэг хонь дутсныг сүүлд нь мэдсэн. Зүүн чих догол, баруун чих ухам имтэй, шар толгойтой эр шүдлэн хонь байсан. Манай хоёр гэр бие биенээ хараад саахалт байдаг...гэх,
гэрч А.Мын “ 2019 оны 06 дугаар сарын дундуур би Б.А гэдэг айлынд очиход тэрээр хонь хашчихсан нэг хонь илүү гэр рүүгээ чирээд явж байсан. Намайг очиход “Т ахын хонь манай хоньтой нийлсэн юм. Би тэдний хониноос нэг хонь авчихлаа, найздаа хийгээд янзлаад өгчих” гэхээр нь би амжихгүй гэж хэлээд явсан. Б.Агийн чирээд аваад явж байсан хонь нь шар халзан хонь байсан. Тэрийг нь би сүүлд Т ахад хэлсэн”... гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “ шүдлэн насны эр хонь 150.000 төгрөг “ малын үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Б.А гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн хонинд нийлсэн бусдын хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Б.Агийн бусдын нэг хонийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Б.А нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Тд учирсан 1 хонины 150.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлсэн байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Малын үнэлгээний комиссын үнэлгээгээр хохирогч С.Тгийн шүдлэн насны эр хонийг 150.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгч Б.Агийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Б.Агийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт
хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Аг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттай болохыг шүүгдэгч Б.Ад анхааруулсугай.
4. Шүүхийн шатанд Б.Ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогч С.Тд учирсан 1 хонины 150.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан
тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН