Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1126

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Д.Туяана,

шүүгдэгч Б.С-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Туяанагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-холбогдох эрүүгийн 1908 03541 1358 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Мишээл Экспо ХХК-д тавилгын угсрагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Жаргалант сум, 4 дүгээр баг, Эмээлт толгойд оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

         Шүүгдэгч Б.С-нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврээр үйлчлүүлж байсан иргэн Б.Б-гар утас, виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 330.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б.Б-мэдүүлэг /хх19-20/, гэрч М.Б.Б- мэдүүлэг /хх27-28/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх30-32/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн Б.С-мэдүүлэг /хх52-53/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх38/, “Хаан банк”-ны депозит дансны хуулга /хх42-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /хх11/, цагдаагийн хайлтын системд бүртгэлгүй талаарх лавлагаа /хх12/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан шүүгдэгчийн бусад хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Б.С гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Б-“...Би нөхөр М.Б.Б- хамт 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Цамбагаравын автобусны буудал дээрээс Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 01 дүгээр хороо Нарангийн гол орох автобусанд суугаад Нарангийн голын Цэнхэр дэлгүүрийн автобусны буудал дээр 21 цагийн үед буугаад цүнхэнд байсан гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгэхээр би нөхөр Б.Б- утсаар өөрийнхөө дугаар руу есөн удаа залгасан чинь авахгүй байж байгаад 9 дэх дуудлага дээр нь авчихаад дугарахгүй миний дууг сонсож байгаад миний гар утсыг тасалсан. Тэгээд миний гар утас холбогдохоо байсан. Тэгээд би яах учраа олохгүй байж байсан чинь миний алдсан гар утсанд Zenly гэсэн байршил тогтоогч программ нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Нарангийн голын 55 гудамжны 25 тоотод манай нөхөр Б.Б- гар утсан дээр ирсэн Тэгэхээр би Нарангийн голын 55-25 тоотын гадаа очоод Zenly гэсэн байршил тогтоогч программаа шалгаад үзсэн чинь миний гар утас хашаанд байгаа гэрт байгаа гэсэн дохио Zenly гэсэн байршил тогтоогч программ заасан. Тэгэхээр нь 102 дугаар дугаарын утсанд би алдсан гар утсаа олсон хулгай хийсэн хүний гэрийн гадаа зогсож байна. Надад цагдаа хэрэгтэй байна гэж хэлсэн чинь надтай утсаар ярьсан цагдаа удахгүй цагдаа явуулъя гэж хэлээд удаагүй цагдаагийн машинтай цагдаа би цагдаад болсон асуудлыг тайлбарлаад гэрт нь ороход миний алдсан утсыг нэг залуу барьчихсан ширээнийхээ ард сууж байсан.

Миний утасны хавтсан гэрийг гэрийнхээ унинд хавчуулсан байсан. Тэгэхээр нь би тэр залуугаас гар утсаа авъя гэж хэлсэн чинь тэр залуу энэ утсыг манай дүү Саппоро дээрээс олсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би утасны ард хавтсанд байсан миний банкны картууд хаана байна гэж асуусан чинь миний утсыг барьж байсан залуу мэдэхгүй манай дүүгээс асуу гэж хэлээд дүүгээ дуудсан юм. Тэгээд би миний утсыг авсан гэх залууг цагдаагийн газарт авч ирэхээр нь миний банкны картууд хаана байна гэж асуусан чинь надад байгаа гэж хэлсэн Тэгээд миний гар утасны дугаарыг аваад авч үлдээд үдээс хойш миний гурван ширхэг картыг надад өгсөн юм...Би гар утсаа хаяагүй. Би гар утсаа цүнхнээсээ алдсан. Би сууж явсан автобусны хойд хаалгаар нөхөртэйгөө хамт буусан. Миний алдсан гар утас самсунг жи-3 маркийн гар утас байсан. Миний утасны ард хавтсанд Хаан, Төрийн банк, Голомт банкны картууд байсан. Би алдсан гар утсаа 500,000 төгрөг, Хаан банкны картаа 5000 төгрөг, Голомт банкны виза картаа 9000 төгрөг, Төрийн банкны виза картаа  5000 төгрөг, утасныхаа хавтасыг 8000 төгрөгөөр үнэлж байна... Би автобуснаас буухдаа гар утсаа шууд үзсэн хаяж унагаах ямар ч боломж байхгүй. Би гар утсаа 1 дүгээр хороолол цамбагараваас автобусанд суугаад гартаа барьж яваад цэргийн хотхоны ойролцоо өөрийн үүрч явсан жижиг гар цүнхэндээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх19-20/,

2. Гэрч Б.Б-“...Би эхнэр Б.Б-хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэвсгэр Цамбагарвын автобусны буудал дээрээс 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Нарангийн голын Цэнхэрийн дэлгүүрийн автобусны буудлын ойролцоо байдаг эхнэрийн дүүгийнд очихоор хамт явсан юм. Тэгээд манай эхнэр Нарангийн голын Цэнхэрийн дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад гар утсаа гаргаж ирээд утсаар ярих гэсэн чинь утас байхгүй гэж хэлээд намайг утсаа өгч байгаач гэж хэлээд миний утсаар өөрийнхөө утас руу олон удаа залгасан чинь утсаа авахгүй тэгээд хамгийн сүүлийн дуудлагыг нь авчхаад ярихгүй миний яриаг чагнаж байгаад утсаа салгасан. Тэгээд манай эхнэр Б.Б утас холбогдоогүй. Манай эхнэрийн алдсан гар утас нь Zenly гэсэн байршил тогтоогч программ суулгасан байсан юм. Тэгээд дараа нь хоёр хоногийн дараа 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Манай эхнэр надад миний утсаар нэг хүн интернет ороод байна гэхээр нь би тэр өдөр ажилтай байж тараад явж чадаагүй юм. Тэгээд манай эхнэр Zenly гэсэн байршил тогтоогч программ ашиглан утас авсан айлын гадаа очоод цагдаа дуудаад хамт ороод шалгуулаад гар утас, банкны картаа олсон юм...” гэх мэдүүлэг /хх28/,

3. Хохирогч Б.Б-алдагдсан эд зүйлийг 330.000 /гурван зуун гучин мянган” төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан  /хх30-32/

           

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.С-

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд хохирогч Б.Б-нь нөхөр М.Б.Б- хамт 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нийтийн тээврээр үйлчлүүлэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын цэнхэр дэлгүүрийн автобусны буудал дээр буусан, мөн шүүгдэгч Б.С-тус буудал дээр буусан, хохирогч нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гар утсаа байршил заагч программын тусламжтайгаар шүүгдэгчийн ах гэх хүнээс олж авсан үйл баримт тогтоогдсон.

Улмаар хохирогч Б.Б-нь автобуснаас буух бэлтгэлээ хангаж, өөрийн самсунг жи-3 маркийн гар утсаа өөрийн гар цүнхэндээ далд хийсэн, гар утсаа гээгээгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн “...Нарангийн гол орох автобусанд суугаад Нарангийн голын Цэнхэр дэлгүүрийн автобусны буудал дээр 21 цагийн үед буугаад цүнхэнд байсан гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Би гар утсаа хаяагүй. Би гар утсаа цүнхнээсээ алдсан. Би сууж явсан автобусны хойд хаалгаар нөхөртэйгөө хамт буусан. Би гар утсаа 1 дүгээр хороолол цамбагараваас автобусанд суугаад гартаа барьж яваад цэргийн хотхоны ойролцоо өөрийн үүрч явсан жижиг гар цүнхэндээ хийсэн... 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр …би тэр залуугаас гар утсаа авъя гэж хэлсэн чинь тэр залуу энэ утсыг манай дүү Саппоро дээрээс олсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөн гэрч М.Б.Б- “...Тэгээд манай эхнэр Нарангийн голын Цэнхэрийн дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад гар утсаа гаргаж ирээд утсаар ярих гэсэн чинь утас байхгүй гэж хэлээд намайг утсаа өгч байгаач гэж хэлээд миний утсаар өөрийнхөө утас руу олон удаа залгасан чинь утсаа авахгүй тэгээд хамгийн сүүлийн дуудлагыг нь авчихаад ярихгүй миний яриаг чагнаж байгаад утсаа салгасан....” гэх мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С-нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч Б.Б-нь утсаа унагаасан, утсаа унагчихлаа гэж тухайн үед хэлэхэд сонсоогүй явсан. Тэгэхээр нь би утсыг авсан. Би утсыг хулгай хийгээгүй олсон...Автобусны урд талын урд талын хаалганы харалдаа унагасан байсан...” гэж мэдүүлсэн боловч энэ нь дээрх хохирогч болон гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл автобуснаас буухаас өмнө хохирогч цүнхэндээ хийсэн гар утсаа хийсэн, түүнийг автобусны ард талын хаалгаар буун урд хаалганы харалдаа очиход гар утас нь газар унасан гэх шүүгдэгчийн тайлбар нь үндэслэлгүй гэж дүгнэлээ. Мөн хохирогч утсаа авах үед манай дүү “Саппоро дээрээс олсон гэж хэлсэн” зэргээс шүүгдэгч Б.С-хохирогч Б.Б-цүнхнээс нь самсунг жи-3 маркийн гар утас, виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогчийн алдагдсан эд зүйлийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд “...самсунг жи-3 маркийн гар утас 300.000 төгрөг, хаан банкны виза карт 5.000 төгрөг, голомт банкны виза карт 10.000 төгрөг, төрийн банкны виза карт 5.000 төгрөг, гар утасны хавтсан гэр 10.000 төгрөг нийт 330.000 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг дүгнэлтэд дурдсанаар тогтоох нь зөв байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, эд зүйлийг авсанаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байна.

Иймд шүүгдэгч Б.С-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

        Шүүгдэгч Б.С-нь  хохирогчид гар утас, эд зүйлийг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.С-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.С-нь хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.С-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд заасан ялын сонголтод төрөл болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Б.С-нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж үүрэг хүрээлгэх боломжгүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР