Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 768

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, 32-36 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, РД:ОЮ56071117, Борогчууд овогт Тэгшийн Гансүхийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Т.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1956 онд төрсөн, 60 настай. Би Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний  удирдах газарт 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, мөн Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний  удирдах газарт 1982 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сантехникийн слесариар, 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл “Шинэчлэл” компанид өрлөгчнөөр тус тус ажиллаж байсан. Дээрх хугацаанд 1979 оны 5 дугаар сараас 1982 оны 9 дүгээр сар хүртэл цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, архивын газраас цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, 1982 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал сантехникийн слесериар, 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Барилга засварын “Шинэчлэл” компанид өрлөгчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Т.Гансүх нь Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний  удирдах газарт 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, 1982 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сантехникийн слесариар, 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл “Шинэчлэл” компанид өрлөгчнөөр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний  удирдах газраас 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Тэгшийн Гансүхэд нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

2. 1982 онд НААҮудирдах газрын хамт олноорооо авахуулсан фото зураг,

3. Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 29 тоот “Төлөвлөлт эдийн засгийн урамшууллын шинэ системээр ажиллаж байгаа ОСНАА-н салбарын ажиллагсдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаалын хавсралтын 8. Гүнтэвсүрэнгийн хэсгийн 12-рт Т.Гансүх бичигджээ, 

4. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн НААҮГ-ын цалингийн баримт архивт шилжиж ирээгүй гэх “Архивын лавлагаа”,

5. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 1973 онд Т.Гансүхийн ажилд орсон тушаал гараагүй гэх “Архивын лавлагаа”,

6. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлстээс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн “Шинэчлэл” компанийн шимтгэл төлөлтийн лавлагаа,

7. Гэрч А.Гилааны шүүхэд өгсөн: “Би 1972 оноос Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинат нэртэй байхад оёдлын тасагт нормчноор ажилд орж улмаар чанар шалгагч зэрэг ажлыг 1987 он хүртэл хийгээд 1987 оноос Ахуй үйлчилгээний удирдах газар болоход чанар шалгагчаар 1991 он хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Манай байгууллага 1974 оны үеэр Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газар нэртэй болж манай ахуй үйлчилгээний комбинат нь түүний салбар болж ажиллаж байлаа. Т.Гансүх нь 1973 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газар нэртэй болсны дараа ачигч, буулгагч, слесерээр ажиллаж байгаад цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн 1990 он хүртэл ажилласан санагдаж байна. Би Т.Гансүхийг 1973 оноос эхлэн таньж мэдэх бөгөөд бид 17 жил хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

8. Гэрч М.Насангийн шүүхэд өгсөн: “Би 1977 оноос Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт машинистаар ажилд орж 1992 он хүртэл ажиллаад 1992 оноос тус байгууллагын харьяа Ус сувгийн газарт уурын зуухны машинистаар, 1993 оноос худгийн моторчноор 2006 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Т.Гансүх нь намайг 1977 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт ажилд ороход тэнд ачигч, слесерь хийж байсан бөгөөд 1991 он хүртэл ажиллаад тус байгууллагын салбар Барилга засварын “Шинэчлэл” компанид өрлөгчнөөр шилжин ажилласан санагдаж байна. Би Т.Гансүхийг 1977 оноос эхлэн таньж мэдэх бөгөөд бид 14 жил хамт ажиллаж байсан нь үнэн. Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргаар н.Давааням, н.Аюуш, Барилга засварын “Шинэчлэл” компаний даргаар н.Өлзийхишиг гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

9. Гэрч А.Гилаан, М.Насан нарын Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдаг газарт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Т.Гансүх нь Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний  удирдах газарт 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, 1982 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сантехникийн слесариар, 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл “Шинэчлэл” компанид өрлөгчнөөр тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний  удирдах газраас 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Тэгшийн Гансүхэд нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, 1982 онд НААҮудирдах газрын хамт олноорооо авахуулсан фото зураг, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 29 тоот “Төлөвлөлт эдийн засгийн урамшууллын шинэ системээр ажиллаж байгаа ОСНАА-н салбарын ажиллагсдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлстээс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн “Шинэчлэл” компанийн шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч А.Гилаан, М.Насан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Т.Гансүхийн Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний  удирдах газарт 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 5 жил, 10 сар, 10 хоног ачигчаар, 1982 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 8 жил, 3 сар, 10 хоног сантехникийн слесариар, “Шинэчлэл” компанид 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 жил, 11 сар, 27 хоног өрлөгчнөөр, нийт 17 жил, 1 сар, 17 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борогчууд овогт Тэгшийн Гансүхийн Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний  удирдах газарт 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 5 /тав/ жил, 10 /арав/ сар, 10 /арав/ хоног ачигчаар, 1982 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 8 /найм/ жил, 3 /гурав/ сар, 10 /арав/ хоног сантехникийн слесариар, “Шинэчлэл” компанид 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 27 /хорин долоо/ хоног өрлөгчнөөр, нийт 17 /арван долоо/ жил, 1 /нэг/ сар, 17 /арван долоо/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР