Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1110

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч С.С-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С-холбогдох эрүүгийн 1908 04314 1385 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998  оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мөнхбаясах Кейсинг” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 хороо, /.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.С-нь 2019 оны 8 дугаар сарын 13-наас  14-нд шилжих  шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар  хороо, Баганарангийн 2-5 дугаар гудамжинд байрлуулсан Б.Б-эзэмшлийн 6282 УНТ улсын дугаартай ПОТО маркийн том оврын ачааны машины 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-5/,  хохирогч Б.Б-мэдүүлэг /хх13-18/, иргэний нэхэмжлэгч Б.Ч-мэдүүлэг /хх21-22/, гэрч Р.О-мэдүүлэг /хх 28/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх39/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх44-47/, С.С-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх54-55/, шүүгдэгч С.С-иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх58/, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх59/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгасан баримт /хх60/, “Мөнхбаясах Кейсинг” ХХК-н ажилтны үнэмлэх /хх63/, ажлын газрын тодорхойлолт /хх64/, “Хаан банк”-ны диспозит дансны хуулга /хх65/ зэргийг шинжлэн судлуулав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч С.Сугар-Өлзийг  гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-5/,

2. Хохирогч Б.Б-“....Би 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 6282 УНТ улсын дугаартай ПОТО маркийн том оврын ачааны машинаа Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Баганарангийн 2-5 дугаар гудамжинд байрлуулан тавьсан байсан ба 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өглөө машинаа үзтэл 150 амперын 2 ширхэг аккумулятор нь хулгайд алдагдсан байсан . Тэгээд аккумулятораа түүхийн эдийн цэгээр хайж явж байтал Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёрдогч түүхий эд авдаг газар зарсан байхаар нь цагдаад дуудлага өгч эд зүйлсээ олж авсан” гэх мэдүүлэг /хх12-18/,

3. Иргэний нэхэмжлэгч Б.Ч-“....2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд 86210017 гэсэн дугаараас нэг залуу залгаад Solute брендийн 39кг-н 2 ширхэг аккумулятор, гадуураа улаан өнгийн цаасан хайрцагтай авч ирж өгсөн ба 1кг-ийг нь 1000 төгрөгөөр бодож нийт 77000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх21-22/

4. Гэрч Р.О-“...Өглөө 09 цаг 40 минутын үед би Толгойтын хуучин эцэс дээр таксинд явах гээд өөрийн 7428 УНЯ гэсэн улсын дугаартай машинтай зогсож байтал малгайтай хар цамц, хар өмдтэй, хоёр гар нь нил будаг болчихсон 27-30 орчим насны залуу ирээд доод буудлаас 2 ширхэг аккумулятор ачаад ирэх гэсэн юм гээд миний машинд суугаад явсан ба би тухайн залуутай хуучин цэргийн хотхоны зүг яваад хаанаас гэдгийг нь мэдэхгүй нэг газраас 2 ширэг аккумулятор авч ирээд машинд хийгээд хөдөлсөн ба тэндээсээ Толгойтын хуучин эцсийн урд байрлах түүхий эд авдаг газар очоод тухайн түүхийн эдийн эзэнтэй өөрөө утсаар холбогдож байгаад нөгөө 2 аккумулятораа зарчихаад орж ирсэн ба өөрөө 79000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн”гэх мэдүүлэг /хх27-28/,

5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Саляут брендийн 2 ширхэг аккумуляторыг 500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх39/,

6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх44-47/,

7. С.С-яллагдагчаар өгсөн “...Би хар өнгийн хайрцгийн 2 талдаа эргэдэг хомучиктай түгжээг гараараа тайлаад тагийг нь онгойлгоход 2 ширхэг улаан өнгийн цаасан хайрцагтай хар өнгийн адилхан аккумулятор байсан ба цахилгаан шонг нь бас гараараа тайлаад 2 аккумуляторыг нь аваад өглөө 08 цаг хүртэл гудамжинд байж байгаад зам дээрээс такси бариад толгойтын хуучин эцэс дээр байдаг түүхийн эд авах цэгт 2 аккумуляторыг 77000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх54-55/

           

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч С.С-

Шүүгдэгч С.С-нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд,

Шүүгдэгч С.С-нь 2019 оны 8 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 2-5 тоотын гадаа байрлуулан тавьсан  хохирогч Б.Б-эзэмшлийн 6282 УНТ улсын дугаартай ПОТО маркийн машинаас Саляут брендийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар  хороонд байрлах түүхийн эд худалдан авах цэгт зарж борлуулсан болох нь хохирогч Б.Б-мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Ч-мэдүүлэг, гэрч Р.О-мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч С.С-гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хохирогчийн алдагдсан эд зүйлийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд “Саляут брендийн аккумулятор 2ш 500.000 төгрөг гэж үнэлсэн тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг дүгнэлтэд дурдсанаар тогтоох нь зөв байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид бага хэмжээний хохирол буюу гурван зуун нэгжээс дээш төгрөгийн хохирол учруулснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байна.

Иймд шүүгдэгч С.С-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч С.С-нь  хохирогчийн  хохирлыг биет байдлаар нь нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид хохирлыг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгчийг  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.С-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад  ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.С- нь хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нь эх, хоёр дүүгийн хамтаар амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, холбогдсон хэргийн хувьд хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн

хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй... бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч С.С-нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдэх нь зүйтэй. 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.С-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгч С.С- хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР