| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1082/Э |
| Дугаар | 1097 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 1097
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Б.Ундрах,
хохирогч/шүүгдэгч А.Б-,
хохирогч/шүүгдэгч Б.Г-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-, Б.Г-нарт холбогдох, эрүүгийн 1908 01554 0584 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уяач мэргэжилтэй, “Асгат трейд” ХХК-д малчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ногооны
2. Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар МРЮ ЭЛ хотхон -Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хүй 7 худагт “Д- өшиглөлөө” гэх шалтгааны улмаас иргэн Б.Г-нүүр болон толгойн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.Г-нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хүй 7 худагт хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Б-тай маргалдаж түүний эрүүл мэндэд баруун нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Г-мэдүүлэг /хх39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3242 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх8/, гэрч Л.Д мэдүүлэг /хх35/, А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх55/, А.Б-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх68-69/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5395 дугаартай дүгнэлт /хх70/, Б.Г-мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх100/, А.Б-ын хувийн байдлыг тодруулсан баримтууд болон ял шалгах хуудас /хх13-33/, яллагдагч Б.Г-хувийн байдлыг тодруулсан баримтууд болон ял шалгасан хуудас /хх144-149, 116/ баримтууд болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч А.Б-, Б.Г-нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Б.Г-мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хүй 7 худаг гэх газар хурдан морио уралдуулчхаад гэртээ харих гээд явж байсан чинь ойролцоо хурдан морь уядаг Тулга надаас хурдан морь унадаг хүүхдээ өгчих нэг их насны морь унуулчхаад өгье, хүүхдийг чинь иртэл морийг чинь би хөдөлгөж байя гээд миний хурдан морины хүүхдийг аваад явсан. Би хурдан морь үзэж байгаад Б.Г- гэх залуугийн туслах уяачаас миний морь хаана байна гэж асуусан чинь морийг чинь алдсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр туслах уяач гэх залууг миний морийг олж ир гээд өгзөгрүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн Б.Г- намайг цохиж зодсон. Б.Г- миний хамарлуу гараараа 2-3 удаа, толгойруу 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх39/
2. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №3242 дугаартай шинжээч эмчийн “...Б.Г-биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх8/
3. Гэрч Л.Д “...тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгсэн Б.Г- ах Б.Г- ахийн нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх35/
4. А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хүй 7 худагт морио уралдуулж байсан юм. Гэтэл Б.Г- манай туслах уяач Д.Дийг морь тавьж явууллаа гээд өгзөгрүү нь өшиглөсөн. Тэгээд би Г маргалдаж түүний нүүрэн хэсэгт нь 1 удаа гараараа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх55/
5. Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хүй 7 худаг гэх газар морио уралдуулж байсан юм. Тэгсэн манай туслах уяач Хамт нэг газар хурдан морио уяж байсан Б.Г- гэх залуу чи миний морийг тавиад хөөлөө гээд өгзөгрүү нь өшиглөөд авсан. Тэгэхээр нь би Б.Г- гэх залууд чи хүн андуураад байна чиний морийг тавьж хөөгөөгүй гэж хэлсэн чинь Б.Г- намайг хэл амаар доромжлоод намайг гараараа цохисон. Миний биед учирсан гэмтлийг Б.Г- гараараа 2 удаа цохиж, толгойн ар хэсэгт хазаараар цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх68-69/
6. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №5395 дугаартай шинжээч эмчийн “...А.Б-ын биед баруун нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх70/
7. Гэрч Л.Дн “...Б.Г- ах намайг чи миний морийг тавиад явуулсан гээд хэл амаар доромжлоод миний өгзөгрүү өшиглөсөн. Тэгсэн Б.Г- ах намайг өмөөрөөд Б.Г- ахад чи хүн андуураад байна Д.Д чиний морийг тавьж хөөгөөгүй гэж хэлээд Б.Г- ах Б.Г- ахыг хэл амаар доромжлоод тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгсэн Б.Г- ах Б.Г- ахыг цохисон...” гэх мэдүүлэг /хх35/
8. Б.Г-мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...тэгээд би морины хүүхдээ аваад хурдан морио авах гээд Тулга Б.Г- нарын туслах уяач Д.Д гэх залуугаас морио авах гэж очсон чинь тэр залуу надаа морийг чинь алдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр Д.Д гэх залууг чи миний морийг олоод ир гэж хэлээд өгзөг хэсэгт нь өшиглөсөн. Тэгтэл Б.Г- хажуу талд байсан машинаасаа бууж ирээд шууд миний нүүр хэсэгт цохисон. Цохиод авахаар нь би яаж байгаа юм гэж хэлээд Б.Г-ын ар нуруу хэсэгт нь хазаараар нэг удаа цохисон. Тэгээд би машиндаа суугаад алдсан морио хайж олоод уяан дээрээ морио буулгаад буцаад Улаанбаатар хот орж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх100/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч А.Б-, Б.Г-нар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд,
- Шүүгдэгч Б.Г-нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хүй 7 худагт морь тавьж явууллаа гэж иргэн Л.Д.Дийг өшиглөсөн. Шүүгдэгч А.Б- нь туслах уяач Л.Д.Дийг өшиглөлөө гэх шалтгаанаар маргалдан иргэн Б.Г-нүүр болон толгойн тус газар 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
- Шүүгдэгч Б.Г-нь хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн А.Б-тай маргалдан түүний гараа 2 удаа, толгойн ар хэсэгт хазаараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч Л.Д мэдүүлэг болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б-ын үйлдлийн улмаас Б.Г-эрүүл мэндэд “...баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №3242 дугаартай дугаартай дүгнэлтээр,
Шүүгдэгч Б.Г-үйлдлийн улмаас А.Б-ын эрүүл мэндэд “...баруун нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №5395 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б.Г-, А.Б- нарын үйлдэлд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулж буйгаа ухамсарлаж хүсч үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Б.Г-, А.Б- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн хор уршигийн талаар шүүгдэгч Б.Б.Г-, А.Б- нар нь харилцан хохирлоо төлсөн, хоорондоо эвлэрсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ад 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б.Г-д 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Б.Г-, А.Б- нар нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.Г-нь туслах уяач Л.Д.Дийг өшиглөснөөс болж маргаан үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдож байх байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ад 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Б.Г-д 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А. Б.Г-, Б. Б.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ад 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Б.Г-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Г-, А.Б- нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР