Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 44

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, 

 

Гомдол гаргагч: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Б, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Х

 

Гомдлын шаардлага: “Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Ч.Хт торгох шийтгэл оногдуулсан 04 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлт бүхий гомдлыг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Б, хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Б би Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалыг хянахад холбогдогч Ч.Хийг “Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын Засаг даргатай гэрээ байгуулалгүй өвс хадсан” хэмээн дүгнэж, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 04 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

Холбогдогч Ч.Х нь Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Талын толгой” гэх газарт хадлан бэлтгэхдээ “Хадлангийн зориулалтаар газар ашиглах” гэрээ байгуулаагүй боловч Мөнххаан сумын Засаг даргатай ярилцан, хадлан бэлтгэх хийх газрыг харилцан тохиролцож үйл ажиллагаа явуулсан хэмээн мэдүүлсэн байхад Ч.Хийг “гэрээ байгуулалгүй өвс хадсан” хэмээн дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэсэн заалтаар шийтгэл оногдуулсан нь илтэд үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “ иргэн, аж ахуйн нэгж байгууллага сум, дүүргийн Засаг даргатай тохиролцон бэлчээрийн зохих ургацтай хэсгийг хадлангийн талбай болгон ашиглаж болно” гэж заасан ба уг хуулинд хадлан бэлтгэхдээ гэрээ байгуулах тухай ойлголт байхгүй байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Хадлан бэлтгэх, ашиглах үйл ажиллагаанд мөрдөх, хяналт тавих журам” –ын 2.5 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэн шийтгэл оногдуулж, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна. 

Харин Ч.Хийн Байгалийн ургамлын тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж,  бичгээр зөвшөөрөл авалгүй элбэг ургамал бэлтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн” зөрчлийн шинжтэй байна. 

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын  газрын байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хын Ч.Хт оногдуулсан 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ. 

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 17/149 тоот удирдамжийн дагуу Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Талын толгой” нэртэй газар хадлан бэлтгэж байгаа газарт хяналт шалгалт хийхэд Мөнххаан сумын Засаг даргатай хадлангийн зориулалтаар газар ашиглах гэрээ хийлгүйгээр хадлан бэлтгэж байсан зөрчил илэрч холбогдогч Ч.Хт 2017 оны 9 сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар 04 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтыг үндэслэн 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Газар гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг хэлнэ” гэж газрын талаарх ойлголтыг, мөн хуулийн 3.1.4 дэх хэсэгт “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ гэж хуульчилсан байдаг. Холбогдогч Ч.Хийн хадлан тэжээл бэлтгэж байгаа үйлдэл нь газрын ашигт чанарыг ашиглаж байгаа нэг хэлбэр бөгөөд газар өмчлөгч, эзэмшигчийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Мөнххаан сумын Засаг дарга юм.

 Холбогдогч нь Мөнххаан сумын Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр хадах газар, талбайн хэмжээг тогтоолгож, хэдий хэмжээний талбайг хадах, ямар хугацаанд хадах талаар гэрээ байгуулах үүрэгтэй. Газар ашиглах гэрээ байгуулсны үндсэн дээр газар ашиглах эрх үүсч холбогдогч хадлан бэлтгэх үйл ажиллагаагаа явуулах ёстой. 

Ч.Х нь өөрийн хувийн малыг тэжээх зорилгоор хадлан бэлтгэсэн бөгөөд Байгалийн ургамлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар “Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа /оршин байгаа/ сум, дүүргийн газар нутагт мал бэлчээх, хадлан авах зэргээр бэлчээр, хадлангийн газар дахь ургамлыг ашиглахдаа Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийг баримтлахаар тодорхой заасан байна. 

Иймд холбогдогч Ч.Хийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1.2-д “элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан” гэсэн заалтад огт хамаарахгүй тул Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 5/12 тоот Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Ч.Хт торгох шийтгэл оногдуулсан 04 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан прокурорын дүгнэлтийг дараах хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Х нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 17/149 дугаар удирдамжийн дагуу  Мөнххаан сумын нутаг дэвсгэрт хадлан тэжээл бэлтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, тус сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудыг хамруулан хяналт шалгалт хийж иргэн Ч.Х нь “Талын толгой” нэртэй газарт сумын Засаг даргатай хадлангийн зориулалтаар газар ашиглах гэрээ байгуулалгүй хадлан бэлтгэж байсан зөрчлийг илрүүлж түүнд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэжээ. 

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг, 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэж тус тус тодорхойлсон бөгөөд холбогдогч Ч.Хийн хадлан авч байгаа үйлдлийг газрын ашигтай чанарыг нь гаргаж, газар ашиглаж байгаа нэг хэлбэр гэж үзнэ.  

 

Байгалийн ургамлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг иргэн оршин суугаа сумынхаа нутагт хадлан авч хадлангийн газар дахь ургамлыг ашиглахдаа Газрын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд заасныг баримтлахаас гадна мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлахаар байна. 

 

Тодруулбал Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтлана.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”,  34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж зааснаас үзвэл холбогдогч Ч.Х нь өөрийн малын тэжээлийг бэлтгэх зорилгоор Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Талын толгой” нэртэй газарт хадлан авахдаа уг газрыг ашиглах тухай хүсэлтээ Мөнххаан сумын Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргаж, сумын Засаг даргаас газар ашиглуулах тухай шийдвэр гарсан тохиолдолд уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамалтай газар ашиглах гэрээг бичгээр байгуулснаар түүний газар ашиглаж, хадлан авах эрх нь хуулийн хүрээнд үүсэхээр байна. 

 

Иймд бэлчээрийн зохих ургацтай хэсэгт хадлан авсан холбогдогч Ч.Хийн үйлдэл нь элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн зөрчлийн шинжгүй бөгөөд харин газар ашиглуулах тухай шийдвэр гарч гэрээ байгуулагдаагүй байхад хадлан авч, газар ашигласан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн шинжтэй байх тул “... Ч.Хийн үйлдэл нь элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн зөрчлийн шинжтэй байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийтгэл оногдуулах байтал улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үндэслэлээр шийтгэл оногдуусан нь илтэд үндэслэлгүй, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна ...” гэх прокурорын дүгнэлт бүхий гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Байгалийн ургамлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.8, 53 дугаар зүйлийн 53.2, 53.4, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Баттулгын “Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Ч.Хт торгох шийтгэл оногдуулсан 04 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлт бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЦЭРЭНХАНД