Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 35

 

Б.*******оогийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.*******оо

Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагчийн өмгөөлөгч: Б.*******

Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч: Э.*******

Хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******аа

Нарийн бичгийн дарга: Э.******* нар оролцов.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаарсарын 23-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн Б.*******оогийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******оо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 04-р сарын 02-ноос Э.*******ыг зарын дагуу ажилд орох хүсэлтээр ирэхэд нь сарын 250.000 төгрөгийн цалин өгч суулгахаар тохиролцож хотоос ирээд эрхэлсэн ажилгүй байхад нь танилцаж баруун бүсийн худалдааны төвийн нэг давхарт суулгасан. Э.******* нь 2015 оны 10-р сарын 02-н хүртэл суух явцдаа нийт 4.384.950 төгрөг дутааж надад хохирол учруулсан тул даруй буцааж төлүүлж өгнө үү. Э.*******тай эвлэрлийн журмаар хандсан боловч энэ шийдэгдээгүй эвлэрсэнгүй гэжээ.

Хариуцагч Э.******* нь анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь 2015 оны 04-р сарын 2-нд зарын дагуу *******оо эгчтэй ярьж, баруун бүсийн худалдааны төвд гоо сайханы барааны худалдагчаар ажилд орсон юм. Ажилд ороход миний 10 төгссөн гэрчилгээг, иргэний үнэмлэхтэй авч суулгасан. Ажилд ороход гэрээ хэлэлцээр хийгээгүй, сарын 250000 төгрөгөөр тохирсон. Унаа, хоол ороогүй. Ингээд би 6 сар 2 хоног суух хугацаандаа тооллого хийгээгүй. Орлогоо өдөр өдөрт нь, орой тараад гэрт нь оруулж өгдөг байсан. 2015.09.20-нд анх тооллого хийсэн. Би тоолж өгч *******оо эгч тэмдэглэсэн. Тооллого хоёр хоног үргэлжилсэн бөгөөд *******оо эгч бүх дэвтрээ авч явж тооцоогоо гаргасан. 7 хоногийн дараа уулзахдаа 4.100.000 төгрөг гарлаа чи үүнийгээ төл надад хэцүү байна гээд намайг машиндаа суулгаад тайвширна гээд пиво уусан. Өөртөө надад пиво авсан. Пиво уугаад намайг төлнө гэсэн бичиг хийж өг тэгэхгүй бол эгч нь хэцүү байна. Тэгвэл арай л тайвширна гэж хэлсэн. Би тухайн үед юу ч бодолгүй л хэлснээр нь бичиж өгсөн.

...Би зөвшөөрөхгүй байна. Надад идэж уусан юм байхгүй. Явдаг газраар нь явъя гээд бид хоёр салсан. ...Би ажилд ороод 7 хоногийн дараа хажууд гоо сайханы лангуу нээгдсэн. Орлого багассан. Бараа нь манайхаас хямд байсан. *******оо эгч орлого муу байна гэхээр нь би хажуугийн барааны үнийг танилцуулсан юм. Миний дүү адилхан үнээр л зар, тэгээд би адилхан үнээр нь зарсан. Тэгээд дараа нь хоёулаа тооцоогоо хийчхэнэ гэсэн. Ажиллаж байх хугацаандаа цалингаа гүйцэт авч байгаагүй. Цалингаа бодоё гэж хэлсэн чинь тооцоогоо бод цалин хамаагүй. Дараа нь гэсэн. Найзан дундаа явж байгаад хүнийг өрөнд оруулж байгаад хохиролтой байна. Та бүхэн үнэн зөвөөр шийдэж өгч туслана уу гэжээ.

Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Э.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015.04.02-ны өдөр зарын дагуу ярьж баруун бүсийн гоо сайханы барааны худалдагчаар ажилд орсон. Сарын цалинг 250000 төгрөгөөр тохиролцсон. Сарын цалингаа цаг хугацаандаа гүйцэт авч байгаагүй. Сарын сүүл болоод цалингаа авъя гэхээр хойшлуулдаг байсан. Тэгээд хэрэгцээний хэдэн төгрөг авдаг байсан. Иймд цалингийн зөрүү 598200 төгрөгийг гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.*******оо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.******* нь манай лангуунд худалдагчаар ажиллах үедээ цалингаа болон мөнгөө доорх байдлаар бичүүлэн авдаг байсан. Үүнд: 2015.04.10-нд 20.000 төгрөг, 04.14-нд 25000 төгрөг, 04.24-нд 70.000 төгрөг, 04.26-нд 30.000 төгрөг, 60.000 төгрөг, 05.02-нд 90.000 төгрөг, 05.03-нд 90.000 төгрөг, 05.23-нд 150.000 төгрөг, 05.24-нд 80.000 төгрөг, 05.19-нд 20.000 төгрөг, 06.02-нд 20.000 төгрөг, 06.05-нд 5000 төгрөг, 06.07-нд 75.000 төгрөг, 06.04-нд 20.000 төгрөг, 06.13-нд 50.000 төгрөг, Болороо эгчээс 30.000 төгрөг, 07.29-нд 5000 төгрөг, 08.04-нд 200.000 төгрөг, 08.08-нд 50000 төгрөг, 08.23-нд 5000 төгрөг, 09.02-нд 197.000 төгрөг, 09.04-нд 54.000 төгрөг, 09.20-нд 83000 төгрөг зэргийг тус тус авч байсан. Бичүүлж авсан дэвтэрүүд өөрт нь болон надад байгаа болно.

Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.*******оо анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би эхлээд өөрөө *******ын дутаасан барааг тоолж дүнг бодож үзэхэд 5.700.000 төгрөг гарсан. Үүнээс *******тай 2-уулаа тооцоход 5.100.000 төгрөг болгосон. Сүүлдээ *******ын хэлснээр зарим төрлийн барааны үнийг хассан дүнгээр бодож тооцоход 4.384.950 төгрөг болгосон. *******тай шүүхэд хандахаас өмнө эвлэрэх гэсэн боловч эвлэрээгүй. Миний зүгээс *******ыг чи миний бараан дээр сууж байгаа учраас цалингаа өөрөө тохируулаад авчихаарай гэдэг байсан. ******* хэдэн төгрөг авснаа дэвтэртээ бичээд явдаг байсан. Одоо *******ыг цалингаа аваагүй гээд байгаад нь гомдолтой байна. ******* мөнгө хэрэг болсон үедээ янз бүрийн байдлаар цалингаа авдаг байсан. Би өөрийн нэхэмжилсэн 4.384.950 төгрөгийг *******аас гаргуулж авмаар байна. *******ын нэхэмжлээд байгаа цалинг дээрх мөнгөнөөс тооцож өгье. Дахин дахин ингээд яваад байх хүндрэлтэй байна гэв.

Хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******оо нь миний охинд хэдэн төгрөгийн хичнээн бараа хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй. Тооллого хийчихээд өөрөө бүх данс бүртгэлээ аваад явсан. Дараа нь ******* дээр ирээд ийм төгрөгийн бараа дутсан гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгийн бараа өгчихөөд ийм их мөнгө нэхэмжлээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгж хэлэхээр 2.000.000 төгрөг авсан гэж ойлгосон юм шиг байна. Тийм зүйл байхгүй. *******оо хэлэхдээ 70-80 сая төгрөгийн бараа өгсөн гэж хэлсэн. Тэгээд өгсөн барааг нь бодоод үзэхээр 41.000.000 төгрөг гарч байсан. Хүлээлгэж өгсөн бараагаа дэс дугаар тавьж дугаарладаггүй. Тиймээс бараа нэмж бичсэн асуудал байсан. Ямар бараа хүлээлгэн өгсөн, авсан талаар бичдэггүй, ямар барааны үнэ нэхэмжилж байгааг дэс дугаар тавьж бичдэггүй. Хүлээлгэж өгсөн бараагаа дугаарлаж бичээд доод талд нь дүгнэж бичээд явсан бол өнөөдөр ийм асуудал болохгүй байсан. Иймд *******оогийн нэхэмжилсэн 4.384.950 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн *******ын зүгээс цалин 598.000 төгрөгийг анх нэхэмжилсэн. Авсан цалингийн нийт дүн 994000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс *******оо 174.000 төгрөгийг засварласан байсан. 994000 төрөгөөс завсарласан 174000 төгрөгийг хасахаар 774000 төгрөг гарч байгаа. Миний охиныг 9 сарын 21-ний тооллого хийснээс хойш тооцоо хийж дуустал лангуун дээрээ сууж бай гээд ******* 1 сар 12 хоног суусан. Миний охин Баруун бүсийн худалдааны төвд сууж байхдаа тэдгээр ажилтнуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож гадаа хог цэвэрлэхэд зарцуулсан 12000 төгрөгийг нэмж нийт 757200 төгрөгийн цалин гаргуулахаар нэхэмжилж байна. *******оогоос авч байсан цалингийн тооцоо хавтаст хэрэгт хавсаргасан байгаа нимгэн дэвтэрт бичигдсэн байгаагаас харж болно гэв.

Хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанаар *******оогийн нэхэмжлэлтэй *******д холбогдох, мөн *******ын сөрөг нэхэмжлэлтэй *******оод холбогдох хэргийг шийдвэрлэхээр талууд хоорондоо мэтгэлцэж, нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Энэ байдлаас харахад *******оо нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн гүйцэд нотолж чадсангүй гэж бодож байна. Учир нь *******д бараа хүлээлгэж өгсөн дэвтэр нь *******оод өөрт нь байдаггүй. Тэр дэвтэр дээр хэдэн төгрөгийн хэдэн нэр төрлийн бараа хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй байна. Мөн хэдэн төгрөгийн зарагдаагүй барааг *******аас буцааж авсан баримт байхгүй байна гэж үзэж байна. Тиймээс *******оогийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. *******ын авсан цалинг тооцож үзээд нэхэмжлэл гаргасан юм. ******* нь цалингаа өөрийнхөө хэрэгцээнд тааруулаад авчихдаг гэж *******оо ярьж байгаа нь ******* цалингаа авч байсан гэх үндэслэл болохгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн үед *******оо нь өөрөө бараа дутаасан учраас *******д сүүлийн сарын цалин өгөөгүй гэж тайлбарласан учраас цалин өгөөгүй гэдэг нь нотлогдож байна. Иймд *******д олгогдоогүй цалинг Б.*******оогоос гаргуулах нь зүйтэй гэв.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Б.*******оогийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох 4.384.950 /дөрвөн сая гурван зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Э.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Б.*******оод холбогдох 757.200 /долоон зуун тавин долоон мянга хоёр зуу/ төгрөгийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг Б.*******оогоос гаргуулж Э.*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 317200 /гурван зуун арван долоон мянга хоёр зуу/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******оогийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилж төлсөн тэмдэгтийн хураамж 85.100 төгрөг, Э.*******ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилж төлсөн тэмдэгтийн хураамж 18550 төгрөгнөөс 13850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 4700 төгрөгийг гаргуулж Э.*******д олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.*******оо давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

*******гийн *******оо миний бие Э.*******ыг 2015 огы 10 дугаар сары 02 хүртэл лангуун дээр суулгах явцад 4384950 төгрөг дутааж надад хохирол учруулсан тул Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүх шийдвэрээ гаргахдаа миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж нэг талыг баримталсан нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байгаа учраас Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 225 дугааартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

Учир нь: Дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж нотлох баримтанд үндэслээгүй дүгнэлт хийсэн. Мөн нэхэмжлэгч хариуцагч нар цуг тоолж, тооцоо нийлж харилцан хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байхад нотлогдохгүй байна гэж ойлгомжгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн Э.*******ын нэг өдрийн ажлын хөлсийг яаж гаргасан нь ойлгомжгүй, 440000 төгрөг болсон байна гэж буруу дүгнэсэнд гомдолтой байна.

Жич: Би өмгөөлөгч Б.*******ийг энэ хэрэгт өмгөөлөгчөөр авч байгаа бөгөөд давж заалдах гомдлын дэлгэрэнгүй тайлбарыг өмгөөлөгчөөр дамжуулан гаргах болно гэжээ.

Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Э.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэрийг зөв зүйтэй гарсан гэж үзэж байна. Тооллого хийгээд орлого, зарлагын дэвтэр бүх тооцооны дэвтрийг өөрөө авч явж тооцоогоо өөрөө гаргасан ажлын хөлсийг сард 250000 төгрөгөөр тохиролцсон боловч сар бүр цалингаа гүйцэд өгч байгаагүй өгсөн цалингаа тоог нь засварлаж үнийн дүнг өсгөж бичих өгсөн бараагаа тоо ширхэгийг нь олшруулан нэмж бичсэн гэх мэт зүйлүүд нотлох баримтаар нотлогдож үнэн зөв шийдвэр гарсан Б.*******оо ажлын хөлс яаж бодсон нь ойлгомжгүй гэж бичсэн байна. Гарын үсэг зураад авсан цалингаа бодоод аваагүй үлдсэн цалингаа нэхэмжилсэн байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх маргаан бүхий хэрэгт хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн,байх боловч давж заалдах шатны шүүхээс зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.*******оо нь хариуцагч Э.*******д холбогдуулан гоо сайхны барааны лангуун дээр худалдагчаар ажиллахдаа дутагдуулсан барааны үнэ 4384.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, ,..ажиллаж байх хугацаандаа ажлынхаа хөлсийг бүрэн гүйцэт авч байгаагүй гэж үзэж цалингын үлдэгдэл 757.200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ноос 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын Баруун бүс худалдааны төвийн Б.*******оогийн гоо сайхны барааны лангуун дээр Э.******* нь худалдагчаар ажиллаж, Б.*******оо нь Э.*******д сар бүр 250.000 төгрөгний хөлс төлөхөөр хэлэлцэн тохирсон байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.*******оо нь Э.*******ыг хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж, гэрээнээс татгалзаж, учирсан хохиролоо Э.*******аар төлүүлэхээр шаардсан эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээнээс үүссэн гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч Э.*******оогийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлоогүй орхигдуулсан алдаа гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар Э.*******аас хохиролоо шаардахад Э.******* нь гэрээний үүргээ зөрчсөн байх, Э.*******оод хохирол бодитойгоор учирсан байх ёстой бөгөөд үүнийг нэхэмжлэгчнотолсон байх явдал юм

Гэтэл Б.*******оогийн нэхэмжлэлтэй хэрэгт талуудын тайлбар, тооцооны дэвтрүүдээс өөр баримт авагдаагүй байна.

Талуудын гаргаж өгсөн тооцооны дэвтэр гэх баримтууд дээрх бичвэрүүд нь хоёр талаас харилцан тооцоо нийлсэн байдлаар харилцан гарын үсэг зурж баталгаажуулаагүй, санхүүгийн баримтын шаардлага хангахгүй, тооцооны дэвтэр дээр хүлээлгэсэн өгсөн бараа, худалдсан бараа, үлдэгдэл барааны тоо, ширхэг , үнэ, тодорхойгүй зэргээс үзэхэд дээрх тооцооны дэвтрүүд нь бүх орлого, зарлага тооцоонуудыг бүрэн агуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байгаа зэрэг үндэслэлээр аль аль талаас гаргасан тооцооны дэвтрүүдийг үнэлэх боломжгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалттай нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх Э.*******ын гаргаж өгсөн явуулсан баримт бичгийн бүртгэл гэсэн цагаан өнгийн дэвтэрт бичигдсэн бараа бүтээгдэхүүний талаар зохигчид маргахгүй байгаа учир дээрх дэвтрийг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв баримт гэж үнэлж, дүгнэж, Б.*******оогийн Э.*******аас 43.759.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч Э.******* нь хөлсөөр ажиллах гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, ажлынхаа хөлсийг 757.200 төгрөгөөр дутуу авсан гэдгээ шүүхэд баримтаар нотлож чадаагүй байхад анхан шатны шүүх ямар ч нотлох баримтад үндэслээгүй зөвхөн түүний өөрийнх нь тооцоонд тулгуурлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь заалттай нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт орууулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 225 дугаартайшийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсгүүдэд зааснаар Б.*******оогийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох 4.384.950 /дөрвөн сая гурван зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай, Э.*******ын нэхэмжлэлтэй Б.*******оод холбогдох 757.200 /долоон зуун тавин долоон мянга хоёр зуу/ төгрөгийн хөлс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг нэхэмжлэгч Б.*******оогийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 85.100 төгрөг, хариуцагч Э.*******ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 18550 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай гэж өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103350 /нэг зуун гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР