Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00256

 

Ж.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 568 дугаар шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00126 дугаар магадлалтай

Ж.Б-ы нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох

Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 519 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Шонхор биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй. 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар анх ажилд орж 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Ажилласан 9 жилийн хугацаандаа тус сургуульд асар их хөдөлмөр гаргаж, маш олон амжилтуудыг гаргаж ирсэн. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сургуулийн захирал С.Авдикадир нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Би шалтгаангүйгээр ажил таслаагүй ба хөдөлмөрийн гэрээнд заасан ямар нэгэн ноцтой зөрчил эсхүл давтан зөрчил гаргаагүй байхад ажил олгогч өөрийн санаачилгаар намайг ажлаас халж Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчлөө. Миний бие ажлын бус цагаар гэртээ архи уух гэсэн боловч эхнэр маань надад архи уулгахгүй гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар цагдаа дуудан ирүүлж намайг эрүүлжүүлэх рүү оруулсан. Дараагийн өдөрт нь эхнэрийн маань гомдлоор аймгийн шүүхээс захиргааны шийтгэл хүлээлгэж, 8 хоног баривчлагдсан. Би баривчлагдангуутаа сургуулийн дотуур байрны жижүүр, өөрийн төрсөн дүү болох Ж.Алтангүлтэй холбоо барьж сургуулийн захиралтай биечлэн уулзаж, болсон нөхцөл байдлыг хэлж, баривчлагдсан хугацаандаа надад цалингүй чөлөө олгож өгөхийг хүссэн хүсэлтээ уламжилсан бөгөөд дүү сургуулийн захирлаас чөлөө хүссэн боловч чөлөө олгохоос үндэслэлгүй татгалзаж, “...би ерөөсөө Н.Б-ыг ажлаас гаргана, чөлөө байхгүй...” гэж хэлсэн байсан. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баривчлах байрнаас гарангуутаа сургуулийн захиралтай очиж уулзах гэсэн боловч захирал хот руу семинарт явсан байсан тул түүнтэй утсаар ярихад “...ажлаа хэвийн хийгээд байж бай...” гэж хэлсний дагуу дараагийн өдрөөс нь эхэлж хэвийн ажиллаад байж байхад 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн гэсэн гарчигтай тушаал өгч намайг ажлаас халсан. Би ажлын бус цагаар гэртээ архи ууж, гэр бүлийн дотоод шалтгаанаар сахилгын шийтгэл хүлээсэн. Мөн би ажилгүй байсан хугацааны цалин 5 дугаар сарын цалингийн зөрүү 368 500 төгрөг, 6 дугаар сарын цалин 343 000 төгрөг, 6 дугаар сард авах 3 сарын урамшуулал 220 000 төгрөг, дутуу олгосон амралтын мөнгө 588 000 төгрөг, нийтдээ 1 519 500 төгрөгийг шаардаж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 1 519 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчоос 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 18 тоот тушаалаар Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан. Ажилтан Ж.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр архидан согтуурсан үедээ гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар 8 хоногийн баривчлах захиргааны арга хэмжээ авагдсан байна. Ажил олгогчоос тушаал гаргахад Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 23.14.2, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 3.5, 3.8 дахь заалтуудыг үндэслэсэн. Ажилтан Ж.Б- нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж 8 хоног баривчлагдсан үед албан ажилдаа ирээгүй ба шалтгаангүй олон хоног ажил тасалсан.

Тус байгууллагын дотоод журмын 23.1, 23.2, 23.3, 23.6, 23.4.14, 23.14.2, хөдөлмөрийн гэрээний 3.5-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Б- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд нэхэмжлэгч Ж.Б-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 568 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Санырау овогт Жанасын Н.Б-ы Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 519 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00126 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 19.1-д “Захиргаа нь ажилтанд түүний хүсэлтээр цалинтай буюу цалингүй чөлөө олгоно”, 19.1.1-д “Захирал багш, ажилтанд 2 ба түүнээс дээш өдрийн чөлөөг олгоно” гэж заасан байна. Үүнээс үзвэл ажилтан хүсэлт гаргасан бол /татгалзах үндэслэл байхгүй бол/ цалингүй чөлөө олгохоор заасан байна. Ж.Б- нь баривчлагдсан хугацаандаа цалингүй чөлөө авах тухай хүсэлтээ дүүгээрээ дамжуулж гаргасан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “ажил олгогч ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэж заасан байхад Хөдөлмөрийн дотоод журамд заасан “ажилтны хүсэлтээр чөлөө олгоно” гэсэн заалт нь хууль зөрчсөн учраас дотоод журмын заалтыг баримтлахгүй хэмээн хуулийг буруу тайлбарласан дүгнэлт хийсэн юм. Хөдөлмөрийн дотоод журмаар ажилтны эрх зүйн байдлыг доордуулсан заалт оруулахыг хориглодог болохоос ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалт оруулахыг хориглоогүй юм. Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг захирал өөрөө баталж, байнгын үйл ажиллагаандаа мөрдүүлж, өчнөөн жил энэ дотоод журмын дагуу ажиллаж иржээ. Гэвч, Сургуулийн захирал Авдихадыр нь ажилтан Ж.Б-ыг урьд нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон гэж занаж явдаг байсан ба түүнийг ямар нэгэн байдлаар ажлаас халж, сургуулиас зайлуулахыг боддог байжээ. Ажилтан Ж.Б- нь сургуульд ёс зүйн асуудал гаргасан гэх асуудал ерөөсөө байхгүй, ганцхан буруутгагдаж байгаа нь гэр бүлийн асуудлаас болж баривчлагдсан учир ажилдаа очиж чадаагүй л байна. Өөрөө очиж чадаагүй тул дүүгээрээ чөлөө хүсэх тухай хүсэлтээ тавьсан байна. Байгууллагын дотоод журамд заавал биечлэн чөлөө хүсэх тухай заалт байхгүй байна. Хэн нэгнээр дамжуулан хүсэлтээ гаргаж болохоор байжээ.

Нэг зөрчилд 2 удаа хариуцлага хүлээлгэж болохгүй гэдэг зарчмыг ноцтой зөрчсөн. Ж.Б- нь нийгмийн хэв журмыг зөрчсөний төлөө хариуцлагаа хүлээсэн юм. Энэ нь хөдөлмөрийн зөрчил биш байсан юм. Гэр бүлийн хүрээний асуудал байсан. Гэтэл Ж.Б-ыг нийгмийн хэв журам зөрчиж хариуцлага хүлээсний төлөө ажлаас нь халж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Ж.Б-д ажил олгогчоос нийгмийн хэв журам зөрчсөний төлөө хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Ажил олгогчоос түүнийг баривчлах шийтгэл хүлээсэн гэдгийг мэдсээр байж ажил тасалсан гэж үзэж ажлаас халж байгаа явдал нь хууль бус байна.

Ж.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болоогүй. 8 хоног баривчлагдсан болохоос цаашид Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой байсан юм. Захиргааны хариуцлага хүлээсний улмаас Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй.

Анхан шатны шүүх анхнаас нь нэг талыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэгтэй танилцуулах боломжоор хангахгүйгээр хуралдааныг хийсэн байна. Шүүгч шүүх хуралдаанаас өмнө хариуцагч болон түүний өмгөөлөгчтэй биечлэн уулзаж байсан талаар шүүх хуралдааны үеэр өөрөө хэлж байсан юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зөвхөн хөдөлмөрийн харилцаанд бий болсон тохиолдлын талаар бус Ж.Б-ы хувийн байдалд нь дүгнэлт хийж, үүнийг үндэслэн маргааныг хянан шийдвэрлэсэн юм.

Иймд анхан шатны шүүхийн 568 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Алтанцөгц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Съезд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд гаргасан тайлбартаа: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би өмгөөлөгч С.Нургайыпаас Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 165 тоотоор гаргасан хяналтын гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитой эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Ажил олгогчоос 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 18 дугаар тушаалаар Ж.Бахатжантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон хууль зүйн үндэслэл нь ажилтан Ж.Б- нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр архидан согтуурсан үед гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулан Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар 8 хоногийн баривчлах захиргааны арга хэмжээ авагдсан явдал юм. Ажил олгогчоос тушаал гаргахад Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 23.14.2, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 3.5, 3.8 дахь заалтуудыг үндэслэсэн юм. Ажилтан Ж.Б- нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж 8 хоног баривчлагдсан үед албан ажилдаа ирээгүй ба шалтгаангүй олон хоног ажил тасалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тус байгууллагын дотоод журмын Хорин гуравдугаар зүйл. Хөдөлмөрийн сахилга, хариуцлага гэсэн хэсгийн 23.1 Хедөлмөрийн гэрээгээр ажиллагсдад сахилгын шийтгэл оногдуулах, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, үндсэн нөхцөл бүрдсэн тохиолдолд гэрээг цуцлах, ажил хэлэлцүүлэх, ээлжийн амралтын болон бусад холбогдох тооцоог хийх, халагдсаны тэтгэмж олгох зэрэг асуудлуудыг энэхүү журмаар зохицуулна 23.2. Багш ажилтнуудад: - Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлд заасан сахилгын шийтгэлийг захирлын тушаалаар ногдуулна. 23.3. Дараах тохиолдолд ажилтанг хөдөлмөрийн сахилга зөрчсөн тооцно. Үүнд: 23.6. Багш хичээлийн хуваарьт цагтаа ажлын байранд байгаагүй тохиолдолд тухай цагийн хичээлийг тасалснаар, 2-оос дээш цагийн хичээлийг таславал нэг өдрийн ажил тасалснаар тус тус тооцно. 23.4.14 Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн дараах тохиолдолд урьдчилан сануулахгүйгээр тухайн баг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно: үүнд: 23.14.2 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдөр буюу 15 цагаас дээш хичээл заагаагүй тасалсан.

Ажилтан Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний Гурав 3.5. Хүндэтгэх шалтгаангүйгээр 2 хоног мөн тасалсан цаг нь 2 хоногоос дээш хугацаанд хүрсэн тохиолдолд тус тус ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой юм. Ингэхээр нэхэмжлэгч Ж.Б- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж сахилгын шийтгэл ногдуулсан юм.

2. Хяналтын гомдолд дурдсан анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл буюу М.Гүлзираш нь хавтаст хэрэгтэй бүрэн танилцуулаагүй, хэргийг анх хуваарилагдсан шүүгчээс өөр шүүгч хянан шийдвэрлэсэн, шүүгч Х.Мейрамбектэй холбоотой зарим асуудлыг дурьджээ. М.Гүлзираш нь хоёр өмгөөлөгчтэй байсан ба өөрөө анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон, тухайн үед шүүгч нэхэмжлэгчийн эрх, үүргийг танилцуулсан, тэрээр аймгийн төвөөс хол Алтанцөгц суманд байдаг ба өдөр бүр шүүхэд ирж чадаагүй зэрэг нөхцөл байдлуудыг байгаа юм. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Харин шүүгч Х.Мейрамбектэй холбоотой асуудал нь энэ маргаанд хамааралгүй ба тухайн үед зохигчид шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй юм.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 568 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 00126 тоот магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Б- Баян-Өлгийн аймгийн Алтан цөгц сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаартай шийтгэвэрээр “...архидан согтуурсан үедээ гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б-ыг 8 хоног баривчлах шийтгэл ногдуулж, 16 цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд  нэхэмжлэгчийг мөн өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан гэж үзэн ажил олгогч 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай тушаалаар “Ж.Б-ыг багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан” үйл баримт тогтоогджээ.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., Хөдөлмөрийн дотоод журмын 23.14.2., Хөдөлмөрийн гэрээний 3.1., 3.2., 3.4., 3.5., 3.8 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 23.14.2.-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдөр буюу 15 цагаас дээш хичээл заагаагүй тасалсан” бол, Хөдөлмөрийн гэрээний 3.1.-д “Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн”, 3.2.-т “багшийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн”, 3.5.-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног, мөн тасалсан цаг нь 2 хоногоос дээш хугацаанд хүрсэн” бол хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор зохицуулжээ.

Ажилтны архидан согтуурч захиргааны арга хэмжээ авагдаж баривчлагдсаныг ажил таслах хүндэтгэн үзэх үндэслэл болохгүй гэж ажил олгогч үзсэн тул түүнийг шалтгаангүйгээр ажил тасалсан, багшийн ёс зүйг зөрчсөн зэрэг Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдах шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчид 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдсэн болох нь хэргийн 79 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон байх ба хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасан хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй тул шүүх хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн “ ...байгууллагын дотоод журамд зааснаар цалингүй чөлөө авах хүсэлт гаргасан байхад чөлөө олгоогүй, нэг зөрчилд хоёр хариуцлага хүлээлгэсэн, нийгмийн хэв журам зөрчиж хариуцлага хүлээсний төлөө хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан...” гэх гомдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 568 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00126 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД