Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 770

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймаг, Зүүнговь сумын Суврага багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОД66052702, Бурдууд овогт Таяын Алимаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Т.Алимаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Баяннуур бригадад хонь, ямаа маллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан, одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Алимаа нь 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бог мал маллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан, одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон тул шүүхэд хандсан. Иймд Т.Алимаагийн 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Т.Алимаа нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Таяын Алимаагийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Т.Алимаагийн 1983 оны 10 дугаар сарын 03-нй өдөр Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн зөвлөлөөс шагнуулсан “Баярын бичиг”,

3. 1986 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн зөвлөлөөс шагнуулсан “Баярын бичиг”,

4. 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн зөвлөлөөс шагнуулсан “Баярын бичиг”,

5. Гэрч Р.Эрдэнэдэлгэрийн шүүхэд өгсөн: “Би 1976 оноос Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачнаар ажилд орж улмаар тракторчнаар 1990 он хүртэл ажиллаад “Говийн хөгжил” ХХК болоход үргэлжлүүлэн тракторчноор 1995 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Т.Алимаа нь аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 1982 оноос Баяннуур бригадад бие даан малчнаар 1990 оны сүүл хүртэл ажиллаад ажиллаж байсан. Би Т.Алимааг нэг нутгийн хүмүүсийн хувьд эртнээс таньж мэдэх бөгөөд бид хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед нэгдлийн даргаар Ц.Цэдэв, Т.Хүрэлхүү, С.Намсрайжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч Д.Бизъяагийн шүүхэд өгсөн: “Миний бие 1988 оноос Увс аймгийн Зүүнговь сумын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилд орж 1993 он хүртэл ажилласан юм. 1988 онд намайг Улаангом сумаас Зүүнговь сумын нэгдсэн эмнэлэгт шилжин очиход Т.Алимаа нь тэнд “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1990 оны их хувьчлал явагдах хүртэл ажилласан санагдаж байна. Би Зүүнговь сумын бэр болж очсон цагаас Т.Алимааг таньж мэдэх бөгөөд манайх 2012 он хүртэл Зүүнговь суманд амьдарч байгаад ирсэн айл юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Р.Эрдэнэдэлгэр, Д.Бизъяа нарын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэл болон Хүн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Т.Алимаа нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Т.Алимаагийн цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа буюу 1983, 1986, 1987 онуудад шагнуулсан “Баярын бичиг”, гэрч Р.Эрдэнэдэлгэр, Д.Бизъяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Т.Алимаагийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал 5 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Долгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бурдууд овогт Таяын Алимаагийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Алимаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР