| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0829/Э |
| Дугаар | 833 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 833
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Э.Д,
нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бөндөг овогт Эрдэнэхүүгийн Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911023881045 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Дундговь аймгийн Цагаандэлгэр сум, 1 дүгээр баг Хараатын 2-11 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 1-6 а тоотод түр оршин суух хаягтай, урьд 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 747 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 413 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 551-т заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 cap хорих ял шийтгэж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 2015 онд батлагдсан Эрүүгийн хуультай дүйцүүлэн түүний биечлэн эдлэх ялыг 5 cap 13 хоногоор тогтоосон, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хугацааны өмнө сулласан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бөндөг овогт Эрдэнэхүүгийн Э.Д /РД: ЗН91110116/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 1-6 а тоотод байх нийтийн байрны 9 тоот гэрээсээ А.Цэрэндашийн эзэмшлийн "Асер" загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 365.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Э.Дорждамбын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 1-6 а тоотод байх нийтийн байранд өөрийн хамтран амьдрагч А.Дашцэрэн болон түүний дүү Цэрэндаш нарын хамтаар түрээсээр амьдарч байсан юм. Тэгээд 2019 оны 9 дүгээр сард би нэг найзынхаа хамтаар архи ууж явж байгаад өөрийнхөө гар утсыг хаячихсан юм. Тэгээд эхнэртээ хэлж чадахгүй байсан болохоор түүнд мэдэгдэлгүйгээр буцаагаад гар утсаа авна гэж бодоод хадам дүүгийн зөөврийн компьютерийг аваад түр хугацаагаар барыдаанд тавиад мөнгөтэй болохоор нь буцаагаад авна гэж бодож байсан юм. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хамтран амьдрагч А.Дашцэрэнгийн хамтаар нийтийн байрнаасаа гараад явж байгаад автобусны буудал дээр зогсож байгаад цүнхээ мартаад гараад ирсэн байна эргэж ороод цүнхээ аваадахъя, чи явж бай гэж хэлээд эргэж орж нийтийн байранд байсан хадам дүүгийн зөөврийн компьютерийг аваад гарч яваад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн буудлын ард байх Найман Анд нэртэй ломбарданд 200,000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгөөр нь гар утас худалдаж аваад эхнэртээ гар утсаа сольсон юм гэж сүүлд нь хэлж байсан. Тэгээд би над руу орой хамтран амьдрагч А.Дашцэрэн залгаад дүүгийн зөөврийн компьютерийг авсан уу гэхээр нь би аваагүй гэж хэлсэн тэгээд орой нь гэртээ ирэхэд зөөврийн компьютер нь алга байна өөрөөс нь асуусан мэдэхгүй гэж байна гээд нийтийн байрны жижүүрээс асуусан мэдэхгүй цагдаад шалгуул гэсэн чинь хамтран амьдрагч А.Дашцэрэн нь намайг цагдаад дуудлага өг гэхээр нь би цагдаад хулгай орсон байна гэж хэлсэн юм. Хадам дүүгийн зөөврийн компьютерийг авч явахдаа ганцаараа байсан. Би зөөврийн компьютерийг барьцаанд тавиад мөнгөөр нь гар утас худалдаж аваад үлдсэн мөнгийг нь хэрэглээндээ зарцуулаад дуусгасан. Би хохирогчид учирсан хохирол болох зөөврийн компьютерийг нь ломбарднаас буцааж аваад хүлээлгэн өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 58-60х/,
хохирогч А.Цэрэндашийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг ажил дээрээ 2019 оны 9 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн үед би ажил дээрээ байхад манай эгч Дашцэрэн надруу залгаад чи нөтбүүкээ аваад явсан юм уу гэж надаас асуусан.тэгэхээр би аваагүй авдарны хажууд байсан гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ хулгай орсон байж магадгүй юу ч гэсэн гэртээ сайн шалгаадахъя гэж надад хэлээд утсаа тасалсан, хэсэг хугацааны дараа эгч надруу залгаад алга байна камер шүүлгүүлье гэсэн. Тэгээд бас надаас яг байсан уу гэж асуусан. Би яг авдарны хажууд байсан гэж хэлсэн. Эгч хяналтын камер шалгуулъя гэсэн чинь ажиллахгүй байгаа гэж байрны жижүүр хэлсэн гэсэн. Миний алдсан зөөврийн компьютер хар саарал өнгийн хуучин Acer маркийн 2 дугаар үеийн i5 байсан. Би зөөврийн компьютероо алдахаас өмнө авдарны хажууд тавиад бараг 3-4 хоног тэнд байсан байх...",
"...би 2014 онд Улаанбаатар хотод оюутан болоод орж ирсэн, хотод орж ирээд байх газаргүй болохоор эгч Дашцэрэн, түүний нөхөр Э.Д нарын хамтаар цуг нийтийн байранд амьдардаг болсон юм. Би уг зөөврийн компьютерийг оюутан байх хугацаанд хичээлийн шаардлага гараад өөрийн аав ээжээсээ мөнгө авч хувь хүнээс өөрөө худалдаж аавч байсан миний зөөврийн компьютер байгаа юм. Уг зөөврийн компьютер бол Э.Д болон эгч Дашцэрэн бид нарын дундын өмч бишээ. Миний өөрийн өмч. Дашцэрэн, Э.Д нарт захиран зарцуулах эрх байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-28х/,
гэрч Ц.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Найман анд Барьцаат зээлийн газрыг 2014 оноос хойш тасралтгүйгээр ажиллуулж байна. Би 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өөрөө ажил дээрээ сууж байхад гаднаас Э.Д гэх үл таних хүн орж ирээд зөөврийн компьютер авч байгаа юу гэж асуухаар нь авч байгаа гэж хэлээд зөөврийн компьютерийг нь шалгаж үзэхэд хэвийн үйл ажиллагаатай ямар нэгэн нууц үгтэй байгаагүй Acer загварын 2-р үеийн хар өнгийн гадаргуутай корпус бага зэрэг бохирлогдсон зөөврийн компьютер байсан юм.Тэгээд уг зөөврийн компьютерийг 200,000 төгрөгөнд тавих гэсэн юм гэж хэлээд бичиг баримт нь яг өөрийнх нь байхаар нь журмын дагуу шалгаж үзээд уг зөөврийн компьютерийг 200,000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай авсан.Тэгээд 4-5 хоногийн дараа цагдаа орж ирээд уг зөөврийн компьютерийг хулгайд алдагдсан зөөврийн компьютер байна гэж хэлээд ирж уулзаад наад зөөврийн компьютерийг авах хүн ирвэл өгч болохгй гэж хэлж байсан.Тэгээд цагдаа ирж уулзсанаас хойш хэд хоногийн дараа Э.Д нь уг зөөврийн компьютерийг өөрөө авах гээд ирэхээр нь бичиг баримтыг нь аваад өгөх боломжгүй гэж хэлээд цагдаа руу залгах хооронд Э.Д нь гараад яваад өгсөн. Тухайн үед Э.Д нь ганцаараа явж байсан.Уг зөөврийн компьютер нь манай барьцаат газарт байгаа.Цагдаа ирж хулгайн зөөврийн компьютер гэж хэлснээс хойш цааш нь хадгалах хэсэгт байлгаж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/,
Дамно ХХК-ний "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 365.000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42х/, Э.Д хулгайлсан нөүтбүүкийг ломбарданд тавьсан гэх "Нөүтбүүк Асер загварын спү:5, Үе:2...цэнэглэгч маус цүнхтэй... зээл 200.000 гэсэн" Найман анд барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /хх-ийн 22х/,
"Асер"загварын зөөврийн компьютерийг яллагдагч Э.Дас хураан авч, хохирогч А.Цэрэндашид 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Дорждамбыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Дорждамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бөндөг овогт Эрдэнэхүүгийн Дорждамбыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дорждамбыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар Э.Д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ