| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/06597/и |
| Дугаар | 04784 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 04784
2016 оны 6 сарын 17 өдөр Дугаар 101/ШШ2016/04784 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 2 дугаар хэсэг байр, 13-678 тоотод оршин суух, Бортог овгийн Чойжилжавын Оюунчимэг /РД:ПЮ68040906/-ийн гаргасан,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Оюунчимэг, гэрч С.Бямбажав, Т.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний жинхэнэ овгийг Чойжилжав гэдэг. Гэтэл миний овгийг хөдөлмөрийн дэвтэрт Чойжилсүрэн, нийгмийн даатгалын дэвтэрт Чойжилжав гэж өөр өөрөөр бичсэн нь миний овогтой зөрж байна. Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 6 жил 8 сар ажилласан хүн юм. НҮУБНэгтгэлд зам талбайн үйлчлэгч хийж байгаа. Ээлжийн амралт авах гэсэн чинь хөдөлмөрийн дэвтрийн овог зөрж байгаа тул дээрх бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Бортог овогт Чойжилжавын Оюунчимэг нь №311295 дугаар бүхий Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан.
Хүсэлт гаргагчийг БНМАУ гэсэн хаягтай /ногоон өнгийн/ Хөдөлмөрийн дэвтэрт “Чойжилсүрэнгийн Оюунчимэг” гэж бичжээ.
Түүнийг Чойжилжавын Оюунчимэг гэдгийг Монгол Улсын иргэний цахим үнэмлэх, 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар 94 Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын тушаал, Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч С.Бямбажав, Т.Цэцэгсүрэн нарын хэрэг материалд авагдсан тайлбар, мөн шүүх хуралдаан дээр гэрчээр асуугдсан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т, “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх”-ийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй хэрэгт цугларсан баримтуудаар Чойжилсүрэнгийн Оюунчимэг гэж бичигдсэн №311295 дугаар бүхий Хөдөлмөрийн дэвтэр нь Чойжилжавын Оюунчимэгийн Хөдөлмөрийн дэвтэр гэж тогтоох нь зүйтэй байна.
Иймд Ч.Оюунчимэгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан “Чойжилсүрэнгийн Оюунчимэг” гэж бичигдсэн №311295 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтэр нь Бортог овгийн Чойжилжавын Оюунчимэгийнх /РД:ПЮ68040906/ мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан Ч.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН