| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00602/И |
| Дугаар | 771 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 771
Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг, тээврийн 1-28 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, РД:ЛМ79122309, Орлой овогт Дүвчмаагийн Адъяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 4-05 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, РД:ОО95020711, Борлууд овогт Насандоржийн Цогтсайханд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Адъяа /цахимаар/, хариуцагч Н.Цогтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Адъяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Адъяа нь 2005 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Н.Цогтсайхантай гэр бүл болж 2006 онд хүү Ц.Тэмүүлэнг төрүүлсэн. 2009 оны 1 дүгээр сараас бид тусдаа амьдрах болсон. Нөхөр маань гэр бүлийн маргаанаас болж намайг удаа дараа зодож биед минь олон сорви үлдээсэн. Бид 8 жил тусдаа амьдарч байна, хүү Ц.Тэмүүлэн Замын-Үүд сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийн 6 дугаар ангид сурдаг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, миний хүү Ц.Тэмүүлэнг миний асрамжид үлдээж, эцэг Н.Цогтсайханаас хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Бид эд хөрөнгийн маргаантай бөгөөд 9 дүгээр багт байрлах, 1890 м.кв талбайтай газар, 45 м.кв хувийн орон сууц байдаг. Би Н.Цогтсайханаас хүүдээ 8 жилийн хугацаанд 180.000 төгрөг авсан. Гэтэл Н.Цогтсайхан үл хөдлөх хөрөнгийг удаа дараа миний зөвшөөрөлгүйгээр Хас банкинд тавьсан. Мөн Оюун гэх нотариатч эмэгтэйтэй хуйвалдаж намайг болон миний хүү Ц.Тэмүүлэнг бидний өмчөөс хассан байсан. Би ирж хөөцөлдөөд хүү Ц.Тэмүүлэнгийн нэрийг орууллаа. Миний нэрийг хассаны хувьд “2.500.000 төгрөгийг 8 дугаар сарын 20-ны өдөр өгье” гэж нотариатаар батлуулсан. Гэвч одоог хүртэл өгөөгүй байгаа. Хүүгийнхээ нэрийг гэрчилгээн дээр оруулах гэсэн боловч банк зээлтэй гэрчилгээг өгөх боломжгүй гэсэн. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Миний зүгээс: Г-000318163 УБД-150001169 гэрчилгээтэй 1890 м.кв газар-8.000.000 төгрөг, Г-00037062 УБД-152000257 гэрчилгээтэй 45 м.кв байшин-5.000.000 төгрөг, 8 ханатай монгол гэр-800.000 төгрөг, Toshiba брендийн хөргөгч-500.000 төгрөг, Угаалгын машин-200.000 төгрөг, Өнгөт телевизор-200.000 төгрөг, унаа буудлын зардал-420.000 төгрөг, мөн өөрөө өгнө гэж хэлсэн 2.500.000 төгрөг төгрөгөөс 800.000 төгрөгийг нь шилжүүлсэнийг хасаад нийт 16.820.000 төгрөг нэхэмжилсэн байсан ба Н.Цогтсайхан бид хоёр харилцан тохиролцож 7.500.000 төгрөг авахаар болж эд хөрөнгийн маргаангүй болсон ба өнөөдрийн байдлаар надад 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг хасаад одоо 4.500.000 төгрөг гаргуулахыг шийдвэрт тусгаж өгнө үү. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ц.Тэмүүлэнг миний асрамжид үлдээж, эцэг Н.Цогтсайханаас тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн 4.500.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Цогтсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Цогтсайхан миний бие Д.Адъяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Адъяагийн гаргасан гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр харилцан ярилцсаны үр дүнд гэр бүлээ цуцлуулахаар болж аливаа мөнгө төгрөг, эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг төлөхгүйгээр тохиролцсон болно. Миний бие 7.500.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.Адъяад өгөхөөр тохирсон байсан боловч 3.000.000 төгрөгийг нь өгсөн, одоо 4.500.000 төгрөгийг өгөөгүй байгаа нь үнэн. Хүү Ц.Тэмүүлэнг ээжийнх нь асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Харин тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Адъяа нь хариуцагч Н.Цогтсайханаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Адъяа, Н.Цогтсайхан нар 2005 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж хамт амьдарсан, тэдний дундаас 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүү Ц.Тэмүүлэн төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох дугаар №0028465 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №0191791 тоот төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2009 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо болон зохигчдын тайлбар, хүүхдийн саналыг харгалзан хүү Ц.Тэмүүлэнг эх Д.Адъяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Ц.Тэмүүлэнг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Н.Цогтсайханаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээ /1704, 1705/ гэх 2 баримт нь хэрэгт хамааралгүй байх тул үнэлээгүй болно.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Адъяа, хариуцагч Н.Цогтсайхан нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн маргааны талаар харилцан тохиролцож, хариуцагч Н.Цогтсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 7.500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон ба үүнээс 3.000.000 төгрөгийг Д.Адъяад өгсөн ба үлдэх 4.500.000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Зохигчдын эд хөрөнгийн маргааны талаар тохиролцсон нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна. Иймд гэрлэгчдийг эд хөрөнгийн маргааны талаар харилцан тохиролцсон болохыг дурьдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч Н.Цогтсайханаас улсын тэмдэгтийн хураамж 157.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Адъяад олгох, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /Дорноговь аймагт амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 163.000 төгрөг/ байх ба үүний 50 хувь буюу 81.500 төгрөгийг сар бүр нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх тул үүнийг 12 сараар тооцвол нийт 978.000 төгрөг, үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.022 төгрөгийг хариуцагч Н.Цогтсайханаас гаргуулж улсын орлогод оруулах зэрэг үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Борлууд овогт Насандоржийн Цогтсайхан, Орлой овогт Дүвчмаагийн Адъяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний төрсөн хүү Ц.Тэмүүлэнг нарыг эх Д.Адъяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Ц.Тэмүүлэнг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Цогтсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч Д.Адъяа, хариуцагч Н.Цогтсайхан нар нь эд хөрөнгийн маргааны талаар харилцан тохиролцож, Н.Цогтсайхан нь 4.500.000 төгрөгийг Д.Адъяад өгөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 т нэхэмжлэгчийн төлсөн 312.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цогтсайханаас 157.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Адъяад олгож, хариуцагч Н.Цогтсайханаас 28.022 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР