Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 569

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч А.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гд холбогдох эрүүгийн 1911 00928 0679 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7а байр 8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЧЖ84061071/

 

Шүүгдэгч А.Г нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ өөрийн бага насны, дагавар охин Г.Номинжаргалыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын В 3 дугаар гудамж 359 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохисны улмаас Г.Номинжаргалын эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч А.Гас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.

 

Шүүгдэгч А.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-53/ “..2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 13-14 цагийн орчимд санагдаж байна би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-359 тоот гэртээ охин Номинжаргалын Хүн орчин хичээлийг хийлгэж байгаад буруу хийгээд байхаар нь дэвтэрээр нь түүний толгой руу нэг удаа цохисон. Энэ үед охин маань цохихдоо ширээний хажууд байдаг тольтой шкафны буланг баруун хацар орчмоороо мөргөчихсөн юм. Би үйлдэлээ гэмшиж байна. Бүх зүйл миний буруу. Би уг асуудлаас хойш их зүйл ухаарсан, одоо ажил хийж байгаа, эхнэр хүүхдүүдтэйгээ Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 377 тоотод хамт амьдарч байгаа. Хойшдоо дахин ийм асуудал гаргахгүй..” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Г.Номинжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-17/ “..2019 оны 2 сард билүү 3 сард би өдрийг нь сайн санахгүй байна би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын В-3-359 тоот гэртээ аавтайгаа хамт байсан. Би Хүн ба Орчин хичээлээ хийж байгаад ааваасаа хичээлээ асуухад манай аав уурлаад миний толгойн арын хэсэг рүү цохиод би гэрийнхээ тольтой шүүгээний буланг мөргөчихсөн юм. Тэгээд миний нүүр өвдөөд хавдчихсан. Тэгтэл аав, ээждээ юм мөргөчихсөн юм гэж хэлээрэй, намайг цохисон гэж хэлж болохгүй шүү гээд байсан. Тэгээд ээжийг нь ирэхээр нь би ээждээ аав намайг цохиод юм мөргүүлчихсэн гэж хэлсэн..” гэв.

Гэрч Х.Энхжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22/ “..хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн 3 сард Г.Номинжаргалыг зодсон байна. Миний мэдэж байгаа ил асуудал энэ болохоос нүднээс далд ер нь л дарамтанд байлгадаг санагддаг..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №3057 дугаар дүгнэлтэнд: /хх-25/ “..1. Г.Номинжаргалын биед баруун дээд зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч А.Гантулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Г нь өөрийн бага насны, дагавар охин Г.Номинжаргалыг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын В 3 дугаар гудамж 359 тоотод “хичээлээ буруу хийлээ” гэж цохиж түүний биед баруун дээд зовхи, баруун хацарт цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Номинжаргал нь шүүгдэгчийн дагавар охин бөгөөд насанд хүрээгүй хохирогчийг загнах, цохих зэргээр сэтгэл санааны болон бие махбодын дарамт үзүүлдэг байсан нь насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул энэ хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

 

Шүүгдэгч А.Гантулгын дээрх байдлаар өөрийн дагавар охин насанд хүрээгүй хохирогч Г.Номинжаргалыг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Гантулгыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч А.Гантулгыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Гд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч А.Гд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхнарангаас гомдолтой байна, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Гантулгыг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд оногдуулсан 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.МӨНХБАЯР