| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0618/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/620 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч Ц.Хулан /томилолтоор/
Шүүгдэгч Д.М, /өөрийгөө өмгөөлж/
Шүүгдэгч Б.Г, /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.М, Б.Г нарт холбогдох эрүүгийн 1911 01785 0783 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, Хатагин овогт, 1965 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эмэгтэй, 54 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо .......тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.М , регистрийн дугаар В..........804
2. Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эмэгтэй, 48 настай, дээд боловсролтой, Соёл урлагын удирдах ажилтан мэргэжилтэй, Улсын драмын эрдмийн театрын ..........ажилтай, ам бүл 6 нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо ..............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Өөлд овогтой регистрийн дугаар ВЖ7....................5
Шүүгдэгч Д.М нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг байрлах “З” зочид буудлын 4 тоот өрөөнд хохирогч Б.Гтэй маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг байрлах “З” зочид буудлын 4 тоот өрөөнд хохирогч Д.Мтэй маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мгээс мэдүүлэхдээ: “..Багш мэргэжилтэй 28 жил багш ажиллаж байгаа. М гэх залуутай хамтран амьдраад 3 жил болж байна. Г гэх эмэгтэй надруу залгаад би танай нөхөрт хайртай нөхрөө өөр хүнтэй яваад байхад яагаад мэддэггүй юм гээд байсан. Гийн талаар судалж мэдээд нөхөрт нь танай эхнэр ийм юм яриад байна гэж хэлсэн. Хэдэн сарын дараагаар нөхөр нь залгаад бид хоёр 4 хүүхэдтэй болохоор салмааргүй байна чи надад туслаад зөвлөгөө өгөөч гэж хэлсэн. М энэ эмэгтэйтэй уулздаг болсоноос хойш архи уугаад ажил хийхгүй байдаг болсон. Удалгүй М 10 дугаар хороололд байр хөлслөөд амьдрах болсон. Би хааяа Мынд байж байхад Г өглөөний цагаар ирдэг байсан. М Дорнод аймаг руу ажил гараад явчихаад ирье гээд явахад нь бас энэ эмэгтэй хамт явсан. Өглөө ажилдаа явлаа гэж нөхөртөө хэлж гараад Мынд ирдэг юм шиг байгаан. Хөнжил пүүгээгээ аваад энэ 2 гол бургасаар зугаалж байгаад оройдоо М согтуу над дээр ирж агсан тавьж зовоодог болсон. М 2019 оны 6 сарын 20-нд хүү маань Герман улсад галт тэрэгт дайруулаад өнгөрчихлөө гээд надруу ярьсан. Хэрэг болсон буудалд очиход намайг энэ эмэгтэй зодсон энэ 2 хаалгаа удаан нээсэн 20-30 минут онгойлгоогүй, буяны ажилтай байж хаалгаа нээхгүй байж болохгүй шүү дээ. Тэр өдөр Г намайг цонхны бариулаар цохисон. Манай нөхөрлүү нүцгэн зургаа явуулдаг бүр бэлэг эрхтэнийхээ зургийг хүртэл явуулсан. Ийм юм явуулаад байхад би яаж тэвчих билээ гээд явуулсан зурагнуудыг үзүүлэв. 1 жил энэ эмэгтэйд би дарлуулж байна. Г миний нүдийг ухах гээд төмөр бариад надруу дайрсан. Энэ эмэгтэйг би зодоогүй..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гээс мэдүүлэхдээ: “..М гэдэг хүн бол манай нутгийн залуу анх өөрөө надтай танилцсан. Би нөхөртэйгээ муудалцсан байсан болохоор Мтай уулзаад явж байсан. Тэр үед М гэх эмэгтэйгээс та ямар учиртай хүн бэ? гэж тодруулаад би Мтай суухаар шийдсэн гэж хэлж байсан. Хэрэг болсон өдөр би биеэ хамгаалаад ширээн дээр байсан юмнуудыг авч шидсэн. Буудлын өрөөнөөс гараад машиндаа ороод нүүрээ машинд байсан үзэмний шүүсээр угаасан. Байгууллагыг төлөөлж хэвлэл мэдээлэлийн ажил хийдэг хүн нүүр ам урагдсан байсан гомдолтой байна. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед М надруу залгаад хүү маань Герман улсад галт тэргэнд дайруулсан гээд уйлаад байсан 16 цагаас хүүгийнхээ шарлыг авна гээд ярьсан. Намайг хэрэг болсон буудлын 4 тоотод ирээч гэсэн. Тэгээд би очоод тайтгаруулаад байж байхад хаалга тогшсон. Би хаалгаа нээгээч ээ М байна ш дээ хаалгаа нээгээч ээ гэхэд М үгүй гээд хаалгаа онгойлгохгүй байхаар нь нээ гээд хаалгыг нь нээлгэсэн тэгээд орж ирээд шууд над руу дайрсан намайг хараасан..” гэв.
Шүүгдэгч Д.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-9-10, 43-46/: “..2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед миний хамтран амьдрагч болох М миний утас руу залгаж “Би Дарханаас ирчихлээ шөнө 02 цагт Германы онгоцоор хүүгийнхээ шарилыг авна, чи ажлаа тараад хүрээд ир би З зочид буудлын 2 давхарт 4 тоот өрөөнд байна” гэж хэлсэн. Би 20 цагийн үед З зочид буудалд очсон. Намайг очиход хаалгаа тайлахгүй 20 минут болсоны дараа миний хамтран амьдрагч М хаалгаа тайлсан. Намайг ороход Г гэх эмэгтэй сууж байснаа босож ирэн миний үснээс зулгааж татаж оронд дээр дарж хэвтсэн. Тэр хооронд Г гэх эмэгтэй ширээн дээр байсан лаазтай шар айраг ундаа аяга гэх мэт зүйлсийг над руу шидсэн. Мөн надруу цонхны бариулаар хөлийн шилбэн дээр мөн нүүрэн тус газар зүүн талын эрүүн дээр цохиж гэмтээсэн..Намайг түлхэж байхад нь би Гээс өөрийгөө хамгаалах үйлдэл хийж хумсаараа урж гэмтээсэн. Санаатай гэмтээсэн зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-15-16, 47-50/: “..Би ороод харахад яганд архи хийсэн байсныг асгаж сэтгэл санааг нь дэмжих гэж зөвлөж ярьсан. Тэгтэл ороод удаагүй байтал хаалга тогшисон. Тэгтэл М хаалгыг онгойлгохгүй хааж зогсоод байхаар нь би хаалгаа онгойлго гэж хэлэхэд М хаалгыг онгойлгосон. Тэгтэл М гэх эмэгтэнй орж ирээд шууд надруу дайрч гнамайг янхан гэх мэтээр хэлж нүүрэн тус газар маажиж урсан үснээс зулгааж гарлуу цохисон. Би биеэ хамгаалаж М гэх эмэгтэйг ор луу түлхэхэд М М гэх эмэгтэйн дээрээс дарж хамгаалсан. Би уурандаа ширээн дээр байсан аяга шидсэн..Тэр үед аяга шидэгдсэн гэхдээ тэр аяга Мг оносон үгүйг би хараагүй.
Гэрч С.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-21-22/ “..2-3 минут хаалга тогшсон. Би очиж хаалгыг тайлахад эхнэр болох М ирсэн байсан. М орж ирээд "Балиар амьтад ингээд байж байдаг биз дээ" гэж хэлээд Гэрлийн нүүрэн тус газар онож цохисон. Гэтэл Г цонхны бариул авч миний эхнэр болох М рүү шидэхэд нүүрний зүүн доод хэсэг, эрүүн тус газар онож цохисон..” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Уээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-23-25/ “..Орой 18 цагийн үед сэрсэн байсан. Миний утсаар надад нэгж авч өгөөд нэг дугаарлуу залгаад яриад байсан. Гэтэл 20 цагийн үед эхлээд менежер гэх эмэгтэй цагаан өнгийн машинтай ирсэн. Дараа нь удаагүй байхад багш гэх эмэгтэй хүн орж ирсэн..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №7925 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: /хх-28/ “..Б.Гд хамрын нуруу, самсаа, баруун хацарт зулгаралт, хоёр бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №7934 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: /хх-29/ “..Д.Мд эрүүнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт,
Шүүгдэгч Д.Мгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг байрлах “З” зочид буудлын 4 тоот өрөөнд шүүгдэгч Д.М Б.Г нар маргалдан харилцан зодолдож хохирогч Б.Гийн биед хамрын нуруу, самсаа, баруун хацарт зулгаралт, хоёр бугалганд цус хуралт гэмтэлийг, хохирогч хохирогч Д.Мгийн биед эрүүнд шарх, цус хуралт бүхий гэмтэл тус тус үүсгэжээ.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Гийг цохиж, зодоогүй түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулаагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэн маргах боловч түүний үйлдэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрч С.М, хохирогч Б.Г нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Мийн биед гэмтэл учруулсан талаар прокуророос яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалтын талаар маргаагүй бөгөөд түүний үйлдэл нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарт учирсан гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нар харилцан зодолдож бие биедээ уг гэмтлийг учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.М, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М, Б.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М, Б.Г нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч Д.М, Б.Г нар нь хохирогчийн хувьд эмчилгээний зардлын баримт мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг тус тус бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М, Б.Г нар нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатагин овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М, Б.Г нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Б.Г нарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М, Б.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч Д.М, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР