Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/847

 

 

                                                      

 

                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Хохирогч В.Б,

Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1911 02422 1020 дугаартай хэргийг 2019 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Бовогт Б, 1980 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотол төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Засгийн газрын авто баазад жолооч ажилтай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол..........тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:Х................910/

 

Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 9 дүгээр сарын 05-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн …. дугаар хорооны нутаг, Засгийн газрын авто баазын диспетчерийн өрөөнд хохирогч В.Бтой маргалдан түлхэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бөөс мэдүүлэхдээ: “..Тус өдөр оройн 23 цагийн орчим би В.Бтой маргалдсан нь үнэн. Бид ажил хэргийн улмаас маргалдсан. Түүний мэдүүлэгт дурдаж байна. Замын хуудас авч өгөх гэж байхад үгийн зөрүүгүй цохисон гэж илт худал мэдүүлэг өгч байна. Шүүх эмнэлэг шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн тархинд доргилт үүссэн гэж дүгнэсэн. Гэрчийн мэдүүлгээр цохисон гэж мэдүүлээгүй. Би хохирогчийг цохиогүй, В.Б намайг түлхэхдээ хойшоо өөрөө унасан. Бид таагүй харьцаатай. Надаас хэд хэдэн удаа мөнгө зээлж байсан шүүхийн шийдвэрээр надад хохирол барагдуулан төлбөр төлдөг. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн үйл явдлыг ярьж ажилтай байсныг минь мэдсээр байж 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр тэр талаар маргалдсан. Гадаа тамхи татаад зогсож байхад нь би очоод яагаад намайг ажлаа хийж байхад залгав гэсэн. Миний замын хуудсыг аваад гарын үсгээ зур км-ээ бич гэж буцаан шидсэн. Миний урдаас нулимсан. Яагаад надруу нулимж байгаа юм бэ гэхэд намайг цохих гэж босож ирж түлхсэн явцад хойшоо унасан. Сая зүүн шанааруу цохисон гэж хэлээ. Би 110 кг жинтэй хэрэв цохисон бол илт харагдах гэмтэл үүснэ. Тэр өөрөөрөө 24 цаг ачаалалтай ажилладаг. Хажуугаар нь түц ажиллуулдаг. Би гар хүрээгүй ээ түлхэхэд өөрөө унасан. Би 40 гаран настай өмнө нь ийм асуудалд орж байгаагүй..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Боос мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 5-нд ажлаа хүлээж аваад байж байтал манай өмнөх ажилтан замын хуудас өгч гаргах байсан боловч гаргаагүй км болон бусад зүйлийг бичээгүй байсан. Би Б.Б рүү утсаар замын хуудас асуудалтай байгаа талаар хэлсэн. Би улсад 32 жил Засгийн газрын авто баазад 22 жил ажиллаж байна. Анх удаа би ийм байдлаар хүнд доромжлуулж байна. Намайг цохиж нулимчихаад яагаад худал мэдүүлж байгааг ойлгохгүй байна. 2019 оны 9 дүгээр сарын 5-ны орой 23 цагийн орчим орж ирээд үгийн зөрүүгүй замын хуудас авъя гэж хэлээд намайг цохисон. Үнэхээр цохисон нь үнэн. Би ерөнхий инженерт болсон үйл явдлын талаар хэлсэн. Намайг цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөсөн. 14 хоног акттай байсан. Үргэлжлүүлэн ээлжийн амралтаа авч 29-ны өдрөөс ажилдаа очсон.” гэв.

 

Шүүгдэгч Б.Бөөс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-45/: “..2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр орой 22-23 цагийн орчим ажлаасаа буугаад гаршт машиныг тавиад диспичерийн өрөөнд яваад ортол Б надад хандан замын хуудсаа өг, ажил төрлөө хий гэх маягаар надтай хэрүүл үүсгээд байхаар нь би өөдөөс нь хэрэлдсэн бөгөөд энэ явцад Б над руу нулимаад түлхэхээр нь би эргүүлээд цааш нь түлхтэл ард нь байсан замын хуудас хийдэг хайрцагыг нуруугаараа очиж тулсан тэгээл би тэндээс гараад явсан өөр болсон зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч В.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-21/ “..Би 2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой ээлжтэй сууж байхад орой 23 цагийн орчим манай баазын жолооч Б бууж орж ирээд үгийн зөрүүгүй замын хуудсаа нэхээд авч өгөхийн хооронд миний зүүн талын шанаа руу гараараа зохих үед хойшоо савалттай гэдийгээд толгойныхоо ар хэсгээр түлхүүрийн самбар мөргөөд шоконд ороод ухаан балартаад зогсож байхад Б миний өөдөөс нулимаад мөн гараараа миний цээж рүү цохичихоод сувай эм гэх үгээр хараагаад замын хуудсаа аваад гарсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан өөр зүйлгүй..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Чоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-24-25/ “..Би тухайн өдрийн 00 цагийн үед машинаа грашт тавьчихаад диспичерийн өрөөнд орох гэтэл хаалга нь цоожтой байсан бөгөөд түр зогсож байтал гаднаас Б, Б хоёр муудалцсан байдалтай замын хуудас яриад орж ирээд өрөөгөө нээгээд орохоор нь араас нь дагаад Б бид хоёр орсон. Б ширээнийхээ ард суухаар нь балыг гуйж аваад замын хуудас бичиж байсан тэр хооронд нөгөө хоёр замын хуудас болон машинаа тавь дараа нь мөнгө төгрөгний талаар яриад хэрэлдээд байсан. Тэгсэн яриа хөөрөө нь арай өер болоод дуу нь өндөрсөед явчихаар нь эргзэд хартал нэг нэгийгээ түлхээд зогсож байхаар нь би очоод больцгоо гээд Бийг хаалга руу түлхээд гаргасан би ч ажлаас гарсан өер болсон зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч М.Аригуунтөгсөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-30-31/ “..В.Бт үүссэн тархи доргилт гэмтэл нь бусдын түлхэлтийн улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь доргилтоос үүсдэг..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №10802 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: /хх-27/ “..В.Бын 6-иед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнген зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-41/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч 2019 оны 9 дүгээр сарын 05-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн … дугаар хорооны нутаг, Засгийн газрын …... баазын диспетчерийн өрөөнд хохирогч В.Быг “замын хуудсаа өг, ажил төрлөө хий гэж хэлэхэд” нь өөдөөс нь хэрэлдэж маргалдан улмаар түүнийг түлхэхэд хохирогч толгойныхоо ар хэсгээр түлхүүрийн самбар мөргөж, түүний биед тархи доргилт бүхий гэмтэл үүсчээ.

 

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч хохирогчийг түлхэж үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаж байх боловч энэ нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгчээс хохирогч В.Б бидний хооронд мөнгө төгрөг нэгэндээ зээлж, буцаан өгч чадахгүйд хүрсэн харилцаа үүсч шүүхээр энэ асуудлыг шийдүүлж байсан. Үүнээс хойш бид хоорондоо таагүй харилцаатай болсон. Миний үйлдлээс хохирогчид гэмтэл үүсээгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад “бид маргалдаад В.Быг түлхсэн, ардаа байсан замын хуудас хийдэг хайрцагт тулсан” гэж удаа дараа мэдүүлж байсан бөгөөд хохирогч В.Б тухайн өдөр шүүх эмнэлэгт очин үзлэг хийлгэж, Натур эмнэлэгт толгойн КТГ-ын шинжилгээ хийлгэсэн байна. Эдгээрийг үндэслэж шинжээч хохирогч В.Бын биед хөнгөн гэмтэл үүссэн, энэ нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэж дүгнэлт гаргасан байна. Энэ талаар мөн мэдүүлэг өгчээ. Эдгээрээс үзэхэд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Шүүх хуралдааны үед хохирогч В.Боос томографикийн зураг авахуулсан 450.000 төгрөг, тархи толгойны эм авсан 85000 төгрөг нийт 535.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэх боловч энэ талаараа баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, харин мөрдөн шалгах ажиллагааны үед толгойны зураг авахуулахад зарцуулсан баримтыг хэрэгт хавсаргасан байх тул 128.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бөөс гаргуулж хохирогч В.Бт олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчоос нэхэмжилсэн 535 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үлдэх 128.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бөөс гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын ............тоотод оршин суух Бэсүүд овгийн Ванчингийн Бт /РД:УХ7........309/ олгосугай.

 

6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР