Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 13

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.М, /өөрийгөө өмгөөлж/

Шүүгдэгч П.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.М, П.А нарт холбогдох эрүүгийн 1911 01425 1228  дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, Боржигон овогт, 1970 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, “Аялгуу” зочид буудалд үйлчлэгч ажилтай, ам бүл 5, 2 хүүхэд, 2 зээгийн хамтаар Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13-185 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ЧО70061802/.

 

2. Монгол Улсын иргэн, Боржигин овогт 1970 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, “Аялгуу” зочид буудалд үйлчлэгч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгий 14-200 тоотод оршин суух хаягтай боловч КТМС-ийн зүүн талд байрлах нийтийн байрны 02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ХЛ70090704/.

 

Яллагдагч П.А /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УБ-17 /UB-17/ нэртэй буудалд иргэн И.Жалбажамцын rap утас, иргэний үнэмлэх, хаан банкны картнаас 125.500 төгрөгийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 320.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

Яллагдагч Н.М /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УБ-17 /11В-17/ нэртэй буудалд иргэн И.Жалбажамцын rap утас, иргэний үнэмлэх, хаан банкны картнаас 125.500 төгрөгийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 320.400 төгрегний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Мээс мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт П.Аээс мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Н.Мээс  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-79-80х, / “..Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна, бусад учруулсан хохирлоо яаралтай төлж барагдуулах болно. Би саяхан Аялгуу зочид буудалд үйлчлэгчээр орсон байгаа, цалингаа буухаар шууд төлж барагдуулах болно. Ариунгэрэл бид 2 картнаас 50.000 төгрөгнөөс эхлэн авсан, тийм болохоор би картанд байсан мөнгийг нь бүрэн төлнө, мөн хаан банкны картны мөнгийг бүрэн төлнө, Ариунгэрэл бид 2 жолооны үнэмлэхний мөнгө, автобусны картны мөнгийг 2 хувааж төлөх болно..нийт 138.450 төгрөгийг би төлж барагдуулах ёстой, үлдсэн 181950 төгрөгийг Ариунгэрэл төлөх ёстой..гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч П.Аээс  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-86-87х/ “..Мөнхцэцэг Жалбажамцны картнаас авсан нийт 125.500 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээнд бичигдсэн байгаа Хаан бакны виза картны мөнгө 5000 төгрөг, жолооны үнэмлэхний мөнгө 12300, автобусны картны мөнгө 3600 төгрөгийн 2 хуваагаад 7950 төгрөг нийт 138.450 төгрөгийг төлж барагдулуах ёстой, би эд хөрөнгийн үнэлгээнд бичигдсэн самунг эс-5 гар утасны үнэ болох 174.000 төгрөг, жолооны үнэмлэхний 12300, автобусны картны 3600 төгрөгийг 2 хуваагаад үлдэгдэл 7950 нийт 181.950 төгрөгийг төлж барагдуулах ёстой. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг

 

 Хохирогч Ц.Жалбажамцын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-12-13х/ “..2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн үед Ариунаа гэх эмэгтэй над руу өөрийнхөө 88470907 дугаараас залгаад нэг эмэгтэй найзтайгаа хамт хорооллын эцэст байна харих гэсэн чинь харж болохгүй байна, буудалд хонох гэсэн чинь мөнгө байхгүй байна, нэг буудалд оруулаад өг гэсэн, тэгэхээр нь би нисэхээс хүний машинд дайгдаад суучихсан байснаа Ариунаа хорооллын эцсийн буудал дээрээс найзынх нь хамт аваад Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ард талаар явдаг засмал замын хойд талд байсан буудалд хоногийн 35.000 төгрөгийг төлөөд Ариунаа, түүний найз эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/, бид гурав орсон, тэгээд хажуу талых нь дэлгүүр лүү орж 10.000 гаран төгрөгний пиво, ундаа ус идэж уух юм аваад би өөрийнхөө Хаан банкны картаар тооцоогоо хийсэн, картны нууц кодыг дэлгүүрийн худалдагчид хэлэх үед Ариунаа найзтайгаа хамт миний хажууд зогсож байсан, тэгээд буудал ороод би орон дээр нь хэвтэж байсан бөгөөд тэр хоёр эмэгтэй хоорондоо хөзөр тоглоод сууж байсан, би тэрүүхэн зуур 30 минут хэртэй унтчихсан байсан, тэгээд сэрсэн чинь Ариунаа, түүний найз эмэгтэй хоёр хоёулаа явчихсан байсан, миний эс 5 маркийн гар утас, утасны гэрний гадарт нь жолооны үнэмлэх, автобусны карт, Хаан банкны виза карт байсанг бүгдийг нь аваад явчихсан байсан, тэгээд Хаан банк руу хүний утсаар яриад картаа хаалгуулах гэсэн боловч таны дансанд мөнгө байхгүй байна, 4000 гаран төгрөг л байна гэсэн, миний картнаас нийт 125.500..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Жалбажамцын Хаан банкны депозит дансны хуулга /хх-10/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-61-63/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-65-66/, шүүгдэгч Н.Мийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, шүүгдэгч П.Аийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/,зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбог6долтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М, П.А нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УБ-17 /UB-17/ нэртэй буудалд хохирогч И.Жалбажамцтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогчийг унтсан хойно түүний гap утас, иргэний үнэмлэх, хаан банкны картнаас 125.500 төгрөгийг нууцаар авсан байна.

 

Шүүгдэгч Н.М, П.А нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.М, П.А нарын зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Н.М, П.А нар нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.М, П.А нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Н.М, П.А  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгчийг тус бүрийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.М, П.А нар нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хавсарган үлдээх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт, Боржигон овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Н.М нарыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.А, Н.М нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч П.А, Н.М нар нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.А, Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР