| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1081/Э |
| Дугаар | 1095 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 1095
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч С.А-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-холбогдох эрүүгийн 1908 03226 1313 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн айраг суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 22 дугаар гудамжны 11 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.А-нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 02 цаг орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нэртэй нийтийн караокед иргэн Б.Э-толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Э-мэдүүлэг /хх8-9, 28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №7305 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх38/, Шинжээч эмч Б.Ундармаагийн мэдүүлэг /хх41-42/, С.А-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх52-54/, шүүгдэгч С.А-иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх78/, ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх лавлагаа /хх67/, шүүгдэгчийн бусад хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч С.А-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Б.Э-“...2019 оны 6 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим би найз Нэргүй, Сугараа нартай уулзаад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нэртэй нийтийн караокед орж тэдний найзууд гэх бас 2, 3 хүнтэй нийлж нэг ширээнд сууж бид нар 2 шил 0.75 граммтай Соёрхол нэртэй архи, 10 шил орчим пиво ууж суунгаа дуулцгаасан. Тэгээд тэр газраа нилээн удаан сууж шөнө 02 цагийн орчим би хажуугийн ширээнд сууж байсан танил Тантан гэх нэртэй танилтайгаа тааралдаад бид нар тэдний ширээнд очиж бөөнөөрөө суусан. Тэгээд би Тантан гэх танилтайгаа муудалцаад байж байсан ба би нилээн согтсон байсан учраас яг юу гэж муудалцсанаа санахгүй байна. Тэгсэн чинь тэдний ширээн дээр сууж байсан нэг эмэгтэй миний толгойн тус газар руу пивоны шилээр нэг удаа цохисон. Тэгтэл миний толгойноос цус гарсан чинь миний толгойг хагалсан эмэгтэй найз нартайгаа гараад явчихсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаа ирээд миний толгойг хагалсан эмэгтэй бариад цагдаагийн хэлтэс дээр ирээд намайг эмнэлэг ор гээд би гэмтлийн эмнэлэг орж духны хэсэгт 3, 4 оёдол, зүүн талын хөмсөг дээр 1 оёдол тус тус тавиулсан. Бас миний зүүн нүд хөхөрч хавдсан байсан. ...миний толгойг хагалсан эмэгтэй нэрийг С.А- гэдэг юм билээ. Би С.А- гэх эмэгтэйгийн нэрийг нь цагдаагийн хэлтэс дээр мэдсэн. С.А- гэх эмэгтэй миний толгой руу пивоны шилээр нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт 8.000 төгрөг өгч үзүүлсэн бөгөөд гэмтлийн эмнэлэгт үнэ төлбөргүй үзүүлсэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй..” гэх мэдүүлэг /хх28-29/
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №7305 дугаартай шинжээч эмчийн “...Б.Э-биед тархи доргилт, духны язарсан шарх, зүүн хөмсөгний шарх, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ” гэх дүгнэлт /хх38/,
3. Шинжээч эмч Б.Ундармаагийн “ Дээрх гэмтлүүд нь бүгдээрээ буюу тус тусдаа дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус гэмтэл нь пивоны шилээр цохиж хагарсан тохиолдолд шилний хагархай хэсгүүдээр үүсгэгдсэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /хх41-42/
4. С.А- яллагдагчаар өгсөн “...энэ хэргийн хохирогч Б.Э- гэгч залуу манай ширээн дээр ирж миний танил Тантан гэх залуутай юм яриад сууж байгаад Б.Э- гэгч залуу надруу “би өөр ширээнээс хүүхэн найрах гэсэн чинь найрагдсангүй, чи муу надад найрагдах юм уу гичий минь” гэхээр нь би Б.Э- гэгч залууд хандаж “чи яагаад зүгээр сууж байгаа хүнийг гичий янханаар нь дууддаг юм бэ” гэсэн чинь надруу агсраад байхаар нь би ширээн дээр байсан хоосон пивоны шилээр Б.Э- гэгч залуугийн толгойн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр Б.Э- гэгч залуугийн толгойноос цус гарахаар нь би тэндээс гараад гадаа явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх10-11, 52-53/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч С.С.А-ийн:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч С.А-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нэртэй нийтийн караокед үйлчлүүлж байхдаа “өөрийг нь янхан, гичий” гэж хэллээ гэх шалтгаанаар хохирогч Б.Э-толгойн тус газар нь пивоны шилээр цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Э-мэдүүлэг, шүүгдэгч С.А-мэдүүлэг болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Б.Э- эрүүл мэндэд “...тархи доргилт, духны язарсан шарх, зүүн хөмсөгний шарх, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №7305 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А-нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулсан нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.Б.Э- нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч С.А-энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч С.А-нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч С.А-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С С.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-нь 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР