Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 00032

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Улсын бүртгэлийн хэлтсийн 0262729 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Н.Д, Э.Б, Э.Э, Э.Э, Э.Г нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д, Э.Б, Э.Э, Э.Э, Э.Г нар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “Улсын бүртгэлийн хэлтсийн 0262729 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Э.Б, Э.Э, Э.Э, Э.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ “... гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0262729 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д, Э.Б, Э.Э, Э.Э, Э.Г нар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Улсын бүртгэлийн хэлтсийн 0262729 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Э.Б, Э.Э, Э.Э, Э.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах... эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Э.Б, Э.Э, Э.Э, Э.Г нараас Н.Д олгосон итгэмжлэлд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгосон байв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон        

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Э.Б, Э.Э, Э.Э, Э.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн хэлтсийн 0262729 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр 49.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ