| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/06630/и |
| Дугаар | 04783 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 04783
2016 оны 6 сарын 17 өдөр Дугаар 101/ШШ2016/04783 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 322 тоотод оршин суух, Хатагин овгийн Цэвэгдоржийн Цэрмаа /РД:ХП71060566/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 152-н А байрны 32 тоотод түр оршин суух, Иргэний үнэмлэхний хаяг Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 24 дүгээр байр, 60 тоотод бүртгэлтэй, Гомбодорж овгийн Гомбо-Ичингийн Үнэнцэцэг /РД:ХИ69041509/-т холбогдох,
28.956.229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага:
Ц.Цэрмаа би Г.Үнэнцэцэгтэй 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 25.000.000 төгрөгийг 3.5%-ийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж батлуулсан.
Ц.Цэрмаа би 25.000.000 төгрөгийг Г.Үнэнцэцэгт өгөхийн тулд БИД ББСБ-аас өөрийн 2 өрөө байрыг барьцаалж 25.000.000 төгрөг зээлсэн. Уг ББСБ-ийн зээлийг Г.Үнэнцэцэг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Г.Үнэнцэцэг зээлийн төлбөрөө төлөөгүй. Иймээс БИД ББСБ-ийн зээл төлөх графикийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүүнд нийт 8.462.500 төгрөг төлж, 2015 оны 5 дугаар сарын 01-нд төлөх хүү төлөгдөөгүй, нэмэгдүүлсэн хүүг миний бие төлсөн болно. БИД ББСБ-ын нэмэгдүүлсэн хүүд 1.000.000 төгрөгийг Г.Үнэнцэцэгээс авсан зээлдэгч Г.Үнэнцэцэгээс зээлээ төлөхийг шаардахад “хүлээж бай гээд тоохгүй болхоор нь шүүх хуулиар явна гэхэд би шүүхэд танилтай наад хэргийг чинь хэрэгсэхгүй болгоно чи юу ч авч чадахгүй байраа алдана. Чи хүлээж байгаад авсан нь дээр гээд байдаг” байсан. Одоохон энэ долоо хоногт мөнгө бүтнэ хүлээж бай мөнгө хайж л байна гээд зовлон тоочоод удахгүй бүтнээр нь өгчинө өгчихнө гээд байдаг.
Зээлийг төлж дуусах ёстой байсан 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 300 хоног өнгөрсөн. Энэ хугацааны алдангийг гэрээнд тусгасан 0.5%-иар тоцвол 36.625.000 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн 232.4-д зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасан байдаг тул үндсэн зээлийн 25.000.000 төгрөг дээр 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх зээлийн хүү 612.486 төгрөг нэмж гаргасан дүнгийн 50% болох 12.806.243 төгрөгийг алдангид тооцож нийт 3.418.729 төгрөгөөс төлсөн 8.462.500 төгрөгийг хасаж тооцоод 28.956.229 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн зүгээс шүүхэд хариу тайлбартаа:
Гомбосүрэн овогтой Үнэнцэцэг миний бие Ц.Цэрмаагийн нэхэмжлэлийн дагуу гаргасан 28.956.229 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрмаа нь хариуцагч Г.Үнэнцэцэгт холбогдуулан 28.956.229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ц.Цэрмаагаас нэхэмжилсэн 28.956.229 төгрөгийг хариуцагч Г.Үнэнцэцэг 2016 оны 6 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулна гэсэн хариуцагчийн зөвшөөрлийг шүүхэд өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд …хариуцагч зөвшөөрсөн …бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч …хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж заасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Цэрмаагийн гаргасан хариуцагч Г.Үнэнцэцэгт холбогдох, 28.956.229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Үнэнцэцэг нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 06 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэрмаагийн тэмдэгтийн хураамжид төлсөн 302.730 төгрөгийн тал хувь 151.365 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 151.365 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж, хариуцагч Г.Үнэнцэцэгээс тэмдэгтийн хураамжид 151.365 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ц.Цэрмаад олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН