Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 976

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, 

улсын яллагч Б.Энхбат,

хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан /ШТЭД-0726/,

шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан /ШТЭД-1766/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1808010760759 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 6-1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч М.Г- нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит зах” зочид буудлын 5 тоот өрөөнд иргэн Б.Тгийн нүүр лүү архины шил шидэж, “баруун нүдний хараагүйдэл, торлогийн ховхрол, баруун лимбэ эвэрлэгийн зүсэгдсэн шарх, ирис, шилэнцэрийн хавчуулагдал, баруун хөмсөг, баруун нүдний дээд доод зовхи, хацрын зүсэгдсэн шарх, баруун нүдний эвэрлэг, баруун хацрын зүсэгдсэн шарх цуус хуралт” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-8-10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-60-65/, хохирогч Б.Тгийн мэдүүлэг /хх12-15/, гэрч Ж.Ж-мэдүүлэг /хх16-17, 117-118/, гэрч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №2883 дугаартай дүгнэлт /хх42-43/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хх-46-47/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 105 дугаар Магадлал, шүүгдэгч М.Г-хувийн байдлыг тодруулсан болон хохирол төлбөртэй холбоотой баримтууд шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч М.Г-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Тгийн “...2018 оны 02 дугаар сарын 21-ний шөнө ... Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутагт байдаг Орбит зах гэсэн хаягтай 3 давхар байшингийн дэн буудалд Б-Б- байна гэхээр нь очсон. ...Б-Б- хүмүүстэй архи уугаал сууж байсан. ...Тэр үед Б-Б- босож ирээд намайг дагуулаад өрөөнөөс гараад 05 тоот өрөөнд орсон. Тэгээд одоо такси олдохгүй эндээ хоноод өглөө явъя эсвэл Ж.Ж-дуудчихъя гэж хэлсэн. Тэгээд би Б-Б-тай хамт 05 тоот өрөөнд амарсан. Өглөө манай өрөөний хаалгыг тогшоод 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд Б-Б-тай хамт нөгөө 2 эрэгтэй архи уусан. Б-Б- хүний утсаар Ж.Ж-лсүрэнтэй утсаар яриад одоо ирж байна гэнээ гэж хэлэхээр нь би санаа амраад буцаад унтаад өгсөн. Унтаж байгаад сэрсэн чинь би өрөөндөө улаан өнгийн цамцтай нэг залуутай хамт үлдсэн байсан. Нөгөө улаан цамцтай залуу миний өмдийг тайлах гээд оролдсон. Тэгэхээр нь би уурлаад нөгөө залууг өшиглөөд зайл гэж хэлээд хөөгөөд өрөөнөөсөө гарах гээд орилж хашхираад байж байхад өрөөний хаалга түгжсэн байсан. Б-Б- хаалга тогшоод намайг хаалга онгойлгох үед орж ирсэн. Б-Б-т энэ залуу намайг оролдоод өмд тайлах гэж байсан гэж хэлсэн чинь Б-Б- уурлаад нөгөө залууг дагуулаад өрөөнөөс гарсан би тухайн үед өрөөндөө үлдсэн. Удахгүй найз залуу Ж.Ж-ирсэн чинь өглөө Б-Б-тай хамт архи ууж байсан залуугийн нэг нь архи бариад орж ирсэн. ...архи барьж орж ирсэн залуу архиа аягалаад Ж.Ж-Б-Б-, бид 3 ганц ганц татчих гэж хэлээд архи өгсөн юм. Би архинаас нь амсаад найз залуу Ж.Ж-ирчихсэн болохоор унтчихсан.  ...Тэгээд Уу-ахын хажууд нь сууж байсан нэг улаан цамцтай хүн юм яриад байхаар нь би нөгөө намайг оролдоод байсан залуутай төстэй бас адилхан улаан өнгийн хувцастай байхаар нь нөгөө залууг гэж бодоод уурлаад одоо больчихож болохгүй юм уу гэж нөгөө залууг нэг удаа гараараа биелүү нь түлхтэл архины шил бариад сууж байснаа босч ирсэн. Гэтэл манай найз залуу Ж.Ж-босож ирээд Сэмбээ ахаа та яагаад байгаа юм бэ больчихоочээ гэж хэлээд барьж байсан архины шилийг нь аваад суулгасан. Б-Б- намайг одоо тайвшир энэ хүмүүс одоо гарнаа гэж хэлээд намайг орон дээр суулгах үед манай найз залуу Ж.Ж-“та яагаад байгаа юм бэ Уу-ах хүртэл ойлгоод манай найз охинд юм хэлэхгүй байхад та архины шилээр цохих гэж байгаа юм уу эмэгтэй хүн ш дээ” гэж хэлсэн. Би тэр орон дээр суутал над руу архины шил Сэмбээ гэх нөгөө улаан цамцтай эрэгтэй шидсэн. Тэгээд толгойноос цус гараад нүд харанхуйлаад хүмүүсийн яриа холдоод би ухаан алдсан байсан. Ухаан ороход эмнэлэг рүү явж байсан. Эмнэлгийн байгууллагаас баруун нүд дахин юм харахаа больсон дахин хараа орохгүй гэсэн. Дахин 2 хагалгаанд орно гэж хэлсэн. Хагалгаанд орж байгаа нь эрүүл нүдэнд нөлөөлж магадгүй гээд 2 нүд салгах хагалгаанд орно гэсэн. Би тухайн үед бие давхар байсан. Хагалгаанд ороод хүчтэй эм тариа хийлгэснээс болж урагт нөлөөлж эрүүл хүүхэд төрөхгүй, тээх боломжгүй гээд эмнэлгийн байгууллагад очиж авахуулсан. Тийм болохоор их гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх12-13/

...Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би 1-р эмнэлэг дээр хагалгаанд ороод гарч ирээд үдээс хойш нь биений юм хугацаандаа ирэхгүй байхаар нь жирэмсэн болсон байж магадгүй гээд тестээр шалгаж үзэхэд жирэмсэн болсон байсан. Би тухайн үед сувилагчид харуулсан чинь одоо жирэмсний хяналтандаа ороорой гэж хэлсэн. Би тэр сувилагчаас миний ууж байгаа эм тариа урагт нөлөөлөх үү гэж асуухад би мэдэхгүй байна хагалгааны эмчтэйгээ уулзаад жирэмсэн гэдгээ хэлээрэй гэж  хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө үүрийн 03 цаг өнгөрч байхад гэдэс базлаад эвгүй мэдрэмж төрөөд байхаар нь 00 ороод би зассан чинь доошоогоо улаан туяатай жижигхэн нөж маягийн юм гараад байсан. 2018 оны 02 дугаар сарын 24-ны өглөө 09 цагийн орчимд 00-д бие зассан чинь цайвар өнгийн улаан нөжтэй зүйл доошоогоо гарсан. Хэмжээний хувьд хурууны өндөг шиг юм байсан. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ... “Нархус” эмэгтэйчүүдийн эмнэлэг үзүүлсэн чинь эмч нь чи зулбасан байна, цэвэрлэх ямар ч шаардлага алга гэж хэлсэн. Миний өмдийг тайлах гээд байсан залуу 35-40 орчим насны улаан өнгийн футволктой залуу байсан. ...Тэр залуу миний нүд рүү шилээр цохисон М.Г- биш байсан...” гэх мэдүүлэг /хх14-15/

2. Гэрч Ж.Ж-“...Тэгээд яваад 30-40 минутын дараа Уу-ах, М.Г- ах, Бааска ах тэр 3 орж ирэхдээ 1 шил архитай орж ирээд манай өрөөнд суугаад архи ууж байхад Ж.Т-унтаж байсан. Ж.Т-сэрээд Уу-ах, М.Г- ах, Бааска ах луу архи уулаа гэж уурлаад өмдрүү нь гараа хийсэн хүн мөн байна гээд М.Г- руу уурлаад алгадаж авсан. Би Б-Б-ыг “Ж.Т- аваа” гэж хэлээд би Гантулгыг барьж хориод ах нар ойлгоорой миний эхнэр болох хүн байгаа юм гэж хэлээд байхад Уу-ах Бааска ах хоёр ах нь ойлгож байна эмэгтэй хүнд юу хэлэхэв дээ ямар гар хүрэлтэй биш дээ гэж хэлсэн. Тэгтэл М.Г- уурлаад архины шил шүүрээд цохихыг завдсан. Би болиулаад Гантулгын гарнаас архины шилийг салгаж авсан тэгтэл дахиад архины шил аваад шууд миний хажуугаар Ж.Т-руу шидчихсэн. Би барьж амжаагүй. Би М.Г-тай барьцалдаж аваад ямар арчаагүй юм бэ гээд маргаад өрөөнөөс гараад би М.Г-тай гар зөрүүлсэн. Тэгтэл Уу-ах “чи зодолдох яах вэ” найз хүүхнээ орж хараач гэхээр нь би өрөөнд орж хартал баруун талын нүд дух нь хавдсан нил цус гоожсон байсан. ...Тэгээд би машинтай бол эмнэлэг явья гэж хэлээд машинаар нь Б-Б-тай Гантулгын эхнэр, дүү гэж бас нэг эмэгтэйтэй хамт гэмтэл орсон. Тэгтэл гэмтлийн эмч нэгдүгээр эмнэлэг рүү явж үзүүл нэлээн муу байна гэж хэлээд нэгдүгээр эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх16-17/, мөн  “... хэрүүл маргаан болохын өмнө баруун хойд талын орны хаалга талд М.Г- /Сэмбээ/, баруун талд нь Б-Б- сууж байсан ба Ж.Т-тэр хоёрын ард унтаж байгаад боссон. Харин өрөөний зүүн урд талын орон дээр ГГ-, Баасандорж бид гурав сууж байсан. Тэгсэн Туяа, М.Г- руу өмд рүү гараа хийсэн новш гээд уурлаад цохиж аваад тэр хоёр маргалдсан. Би М.Г- ахад “манай эхнэр хүн андуураад байна уучлаарай, манай эхнэр шүү” гэж хэлсэн. Тэгсэн Ж.Т-Гантулгыг хөлөөрөө өшиглөсөн чинь М.Г- орны хажууд байсан бариад босч ирсэн. Би дундуур нь ороод архины шилийг гараас нь салгаж аваад орны дэргэд байсан шүүгээний хажууд тавьсан. Би М.Г- ахад “та одоо яах гэж байгаа юм архины шилээр цохих гэж байгаа юм уу согтуу байна тэвччих” гээд гуйхад М.Г- “заза” гээд буцаад баруун хойд талын орон дээр суусан. Ж.Т-чи намайг архины шилээр цохих гэлээ гэж уурлаад Гантулгыг нэг алгадахаар нь би дундуур нь ороод хоёр тийш нь гараараа түлхсэн. М.Г- орон дээрээс босохоор нь би барьж авах гэсэн чинь миний мөрний хажуугаар М.Г- шүүгээний дэргэд тавьсан байсан архины шилийг Ж.Т-руу шидсэн, шил хагарах чимээ гараад би Гантулгыг хойш нь түлхээд хаалгаар аваад гарсан... гэх мэдүүлэг /хх117-118/,

3. Гэрч А.Б “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойшхон манай найз ГГ- утсаар яриад Орбит зах дээр очсон чинь М.Г-, ГГ-, Ж.Ж-, Бүрнээ, Ж.Ж- найз хүүхэн Ж.Т-нар буудлын өрөөнд архи уугаад байж байсан. ...Тэр үед Ж.Ж-, М.Г- хоёр явган хэрүүл хийгээд маргалдаж байсан. Гэхдээ сүртэй маргалдаагүй. ГГ- бид хоёрыг юм яриад сууж байхад архины шил аймар чанга хагарах чимээ гарахаар нь босоод харсан чинь Ж.Т-гэдэг охин тонгойсон байдалтай нүдний орчмоос нь цус гарч байсан. Тэгээд Ж.Ж-, М.Г- хоёрын хэрүүл нь улам даамжраад байхаар нь салгасан чинь үгэнд орохгүй хэрүүл хийгээд байсан. Гантулгын эхнэр Хонх удахгүй ирэхээр нь ГГ- бид хоёр яваад өгсөн. Тухайн үед буудлын өрөөнд, Ж.Т-нар бүгд архи уусан байсан. Ж.Ж-, Туяа, М.Г- гурав бусдаасаа илүү согтсон байсан. Бүрнээ, ГГ- хоёр арай гайгүй байсан...” гэх мэдүүлэг /хх18-19, 29-30/

- гэрч Д.Б-Б-ын “...Ж.Ж-лүү 2018 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй байсан. Дахиад 10 минутын дараа Ж.Ж-өөрөө залгасан.  Ж.Т-над дээр ирчихсэн байгаа шүү чи хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд архи уугаад сууж байсан Чулуунбаатар ахын дүү нь гэнэт өрөөнөөс гараад явчхаар нь би Чулуунбаатар ахаас “энэ хаачих гэж байгаа юм гэж асуухад” “мэдэхгүй” гэхээр нь би Ж.Т-руу орчихлоо гэж хар төрөөд өрөөндөө орох гэхэд хаалга түгжээтэй байхаар нь би хаалга нүдсээр байгаад онгойлгуултал Ж.Т-хаалаг онгойлгоод энэ пизда намайг оролдоод гэхээр нь би нөгөө залууг хоёр цохиж аваад Чулуунбаатар ахын өрөөнд нь оруулаад гараад ирсэн чинь Ж.Ж-ирчихсэн байсан. Чулуунбаатар ах уучлаарай гээд нэг шил архи аваад өрөөнд ороод ирэхэд Ж.Ж-уурлаад бариад авахаар нь би болиулаад Чулуунбаатар ахыг явуулаад өрөөний хаалгаа түгжээд Ж.Ж-бид 2 нэг шил архиа хувааж уугаад сууж байхад хаалга тогшоод Сэмбий гэж дууддаг М.Г- Уу-хаана байна гээд хайгаад явж байсан. Би хажуугийн өрөөнд байгаа гэж хэлсэн. ...Бид хоёр өрөөндөө ороод ууж байсан архиа уугаад сууж байхад хаалга тогшоод Уу-ах нь байна гэхээр нь хаалга онгойлготол Улаанаа, М.Г-, Баатараа 3 байсан. Тэгээд өрөөндөө оруулаад архи уугаад сууж байхад Ж.Т-сэрээд юу болоод байгаан бэ гэж уурласан. Тэгснээ гэнэт М.Г- руу уурлаад 2 удаа алгадаад 1 удаа өшиглөсөн. Би Ж.Т- чи яагаад уурлаад байгаа юм бэ гэхэд Ж.Т-намайг оролдсон хүн биш юм уу гэж хэлсэн. Би Ж.Т- чи хүн андуураад байна, энэ хүн биш гэж хэлээд орон дээр суулгачхаад 00 ороод гараад ирэхэд М.Г- Ж.Т-руу шууд архины шил аваад шидсэн. Архины шил нь Ж.Т-ийн толгой дээр хагараад цус гарсан. Ж.Ж-уурлаад М.Г-тай барьцалдаж аваад өрөөнөөс гараад явсан. Тэр үед гаднаас Гантулгын эхнэр орж ирээд Ж.Т- дагуулаад шууд гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-20-22/, мөн “... М.Г- архины шил шидэх үедээ босоод Б.Т руу хараад зогсож байгаад баруун гараараа архины шилийг шидсэн ба дунд нь Ж.Ж-сууж байсан. Ж.Т-архины шилэнд оногдох үед баруун хойд талын орон дээр сууж байсан. ...М.Г- 02 дугаар сарын 21-ний өглөө бид нар дээр ирсэн. Б.Тг, М.Г- цохисноос болж Ж.Ж-уурлаад муудалцаж эхэлсэн. Б.Тг архины шилээр цохисны дараа хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг /хх119-120/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №2883 дугаартай:...Б.Тгийн биед баруун нүдний хараагүйдэл, торлогийн ховхрол баруун лимбэ, эвэрлэгийн зүсэгдсэн шарх, ирис, шилэнцэрийн хавчуулагдал, баруун хөмсөг, баруун нүдний дээд доод зовхи, хацрын зүсэгдсэн шарх, баруун нүдний эвэрлэг, баруун хацрын зүсэгдсэн шарх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31-1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 65% нөлөөлнө...гэх дүгнэлт /хх42-43/

5. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Одоогоор эрүүл нүдэнд халдах асуудал болон цаашид гарах хор уршгийг тогтоох боломж байхгүй байна. Нэг удаа шилэн лонхоор цохиход зүсэгдэх боломжтой гэмтэлүүд байна. Энэ гэмтэл шууд шилээр зүсэгдэхэд үүсгэгдэх боломжтой. Яагаад гэвэл гадна үзлэгээр баруун хөмсөгний гадна дээд хэсгээс баруун нүдний дээд зовхины дотор хэсэгт хүрч доош баруун нүдний доод зовхины дотор ирмэгээс хамрийн угалз хүрч төгссөн мэс заслын оёдол бүхий зүсэгдсэн шархтай байсан мөн алимны салст холимог улаалттай 10 цагийн орчим 1-2 мм орчим зүсэгдсэн шархтай эвэрлэг 10 цагаас 4 цаг орчим луу ташуу зүсэгдсэн шархны доор 7-8 цаг руу гурвалжин зүсэгдсэн шархтай байсан шинээр зүсэгдсэн үед үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх46-47/

6. шүүгдэгч М.Г-мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг өнгөрч байхад би хадам ах ГГ-аас грашны түлхүүр авах гээд утсаар ярихад ГГ- Орбитын буудалд байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би буудал дээр нь очоод ГГ-тай уулзах гээд явж байхад коридорт нь Ж.Ж-лдоржтой тааралдсан. Ж.Ж-лдорж надтай тааралдаад ах юу байна, бид нар энд шөнө ууж хоноод гэсэн юм яриад өрөө рүүгээ дагуулаад орсон. Би 3 номерын өрөөнд ороход ГГ-, Баасандорж 2 юм яриад хоёулаа сууж байсан. Би цуг суугаад юм ярьж байхад Ж.Ж-лдорж гараад би нэг архи аваад ирье гэж хэлээд явсан. Ж.Ж-лдорж, Бүрнээ хоёр гаднаас 1 шил архи авчраад бид 3 хувааж уусан. Баасандорж огт уугаагүй ГГ- ганц хоёр татсан байж магадгүй. Бид нарыг архи ууж байхад гаднаас Ж.Ж-лдоржийн найз хүүхэн орж гараад байсан. Тэр хүүхэн тухайн үед согтуу байсан. Би явахгүй болохгүй машин засах гэж байгаа гэж хэлэхэд Ж.Ж-лдорж ойрд уулзаагүй юм чинь, ганц хоёр юм ууя гээд намайг явуулахгүй байсан. ... Архиа уугаад сууж байхад Ж.Ж-лдорж над руу архи цацаад арчаагүй пязда, эхнэрээрээ тэжээлгээд юм хийдэг юм уу гэсэн хэрүүл хийгээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Би чи одоо яаж байгаа юм бэ гэхэд “чи арчаагүй” гээд намайг доромжлоод бид хоёр зууралдсан ба Баасандорж, ГГ- хоёр бид хоёрыг салгаад Баасандорж миний гэдсээр тэврээд аваад гарахад хаалганы хажууд байсан ширээн дээрээс архины шил аваад арагшаагаа харахгүйгээр савж шидчихээд гарсан. Би коридорт зогсож байхад Ж.Т-гэдэг хүүхний хөмсөгний дээр нь сэтэрсэн байна гээд байхаар нь би буцаж 5 номерын өрөө рүү ороод Ж.Т- харахад Ж.Т-ийн баруун нүдний дээд хөмсөг нь сэтэрсэн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-57-59/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүдэгч М.Г-.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г- гэм бураагаа сайн дураар хүлээн зөвшөөрч оролцсон, мөн түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүйг тэмдэглэж байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар дүгнэлт хийж үзэхэд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит зах” зочид буудлын 5 тоот өрөөнд шүүгдэгч М.Г- нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ хохирогч Б.Тгийн нүүр рүү архины шил шидсэнээс эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь хохирогч Б.Т, гэрч Д.Б-Б-, гэрч Ж.Ж.Ж-лсүрэн, шүүгдэгч М.Г-гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас  хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд “...баруун нүдний хараагүйдэл, торлогийн ховхрол баруун лимбэ, эвэрлэгийн зүсэгдсэн шарх, ирис, шилэнцэрийн хавчуулагдал, баруун хөмсөг, баруун нүдний дээд доод зовхи, хацрын зүсэгдсэн шарх, баруун нүдний эвэрлэг, баруун хацрын зүсэгдсэн шарх цус хуралт...” бүхий хүнд гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №2883 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн дүгнэлтэд цаашид хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 65% нөлөөлнө гэжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу архины шил шидэж байгаа үйлдэл нь бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирах боломжтойг мэдэж, түүнийгээ хүсч идэвхтэй үйлдлээр үйлдсэн гэж үзнэ. Улмаар уг үйлдлийн улмаас шууд шалтгаант холбоотойгоор хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Г-хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Хохирол-хор уршиг, хохирол төлөгдсөн байдал:

Шүүгдэгч М.Г- нь нийт 6.526.000 төгрөгийг хохиролд төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэг гаргасан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хуралдаанд хохирогч эмчилгээтэй гарсан зардалд 1.392.600 төгрөг баримтаар нэхэмжилсэнг гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгчээр гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгч талаас хохирол төлөхтэй холбоотой завсарлага авсан хугацаанд хохирогчид 1.400.000 төгрөгийг төлсөн нь талуудын мэдүүлэг, бичгээр үйлдсэн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Г-гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хохирогч Б.Тгийн хувьд гэмт хэргийн улмаас эрүүл мэнд /харах эрхтэн/-д хүнд хохирол учирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, хор уршиг арилахгүй нөхцөл байдалтай байх тул хохирогч гэм хортой холбоотой зардлыг Иргэний хуулийн 228, 497, 505 дугаар зүйлд заасны дагуу цаашид Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.      

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч мөн хуралдаанд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн тул хуульд зааснаар торгох ял оногдуулах боломжтой эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч талд учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зөв байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цаашид хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нотлох баримтын нь дагуу нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүний өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д 2 жилээр хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.      

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар.      

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Г-иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-цагдан хоригдсон 220 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-цагдан хоригдсон 220 /хоёр зуун хорь/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5. Хохирогч Н.Ж.Т-нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Г-иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР