Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 971

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

хохирогч Д.А- өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Шт холбогдох эрүүгийн 1908 03047 1128 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сарвасан” ХХК-д саальчин, ам бүл 9, нөхөр, 7 хүүхдийн хамт,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Ш нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүү хүлээн авах” цэгт иргэн Д.А- толгойн тус газарт төмөр таглаагаар цохиж, эрүүл мэндэд “тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт.................. /шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Л.Шыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.А“...Би 2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө 8 цагийн орчим сүүгээ өгөх гээд сүү авдаг газар очсон. Тэнд очиход олон хүн байсан. Тэгэхээр нь би манай нэг үхэр болохгүй байна. Би та нарын өмнө нь ороод сүүгээ өгчихье гэсэн чинь тэнд байсан хүмүүс дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би сүүгээ өргөөд сүү өгч байсан Л.Ш-ын өмнө нь сүүгээ тавиад сүүгээ зөөж байсан чинь Л.Ш- миний хөл дээр 40 литрийн савтай сүү тавьсан. Тэгэхээр нь би “чи яагаад миний хөл дээр савтай сүү тавьдаг юм” гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод байсан. Би савтай сүүг нь хөл дээрээсээ холдуулах гээд цааш түлхсэн чинь сүүний савны таг нь газар унаж, сүү цалиглаад байсан чинь Л.Ш- намайг сүү асгачихлаа гээд 40 литрийн сүүний савны төмөр тагаар миний баруун шанаа хэсэгт цохисон. Би Л.Ш-ыг чи яаж байгаа юм бэ? гээд үснээс нь зулгаах гэсэн чинь манай эгч Энхтуяа намайг чи тэгж болохгүй гээд салгасан. Тэгсэн миний толгой эргээд байхаар нь би машиндаа орж суусан. Би өөрийн төрсөн эгч Г.Т- руу залгаад Л.Ш- намайг 40 литрийн сүүний савны тагаар толгой руу цохичихлоо гэж хэлсэн чинь манай эгч цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх14/

2. Гэрч Х.Г.Т-гийн “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө манай дүү Д.А над руу залгаад Л.Ш- гэдэг хүүхэн миний толгой руу 40 литрийн сүүний савны тагаар цохичихлоо, миний толгой өвдөөд байна гэж надад хэлсэн. Тэгээд би Жаргалант тосгоны эмнэлэгт хандсан. Мөн 102 дугаарт 21 дүгээр хорооны Нарийн гэх газар манай дүү Д.А хүнд зодуулсан байна гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх18/

3. Гэрч Д.Э “...Би 2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө сүүгээ өгөх гээд сүү өгдөг газар очсон чинь сүү өгдөг газар Л.Ш-, Д.А хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгсэн ................ толгой руу нь сүү хийдэг савны төмөр тагаар цохисон. Тэгээд Ариунаа, Л.Ш-ыг үсдээд хэл амаар доромжилоод байсан...” гэх мэдүүлэг /хх24/

4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6390 дугаартай шинжээчийн “...Д.Абиед тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх31/

5. Л.Шын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Нарийн гэх газар сүүгээ өгөх гээд оочирлоод зогсож байсан юм. Тэгсэн гэх хүүхэн машинтайгаа ирээд сүүгээ өгөх гээд оочир дайраад байсан. Би Д.Аг чи битгий урдуур дайраад бай. Би оочирлож байна. Чи оочирлоод өг гэж хэлсэн чинь намайг чи хаанаас ирсэн цагаач вэ? гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Д.Агийн урдуур нь ороод 40 литрийн савтай сүүгээ тавиад буцаад хойно байсан нэг сүүгээ аваад эргээд харсан чинь миний 40 литрийн савтай сүүг өшиглөөд газар унагаж асгасан юм. Би газар унагасан сүүгээ босгох гэсэн чинь миний үснээс зулгаагаад доош дараад байхаар нь чи болиоч гээд сүүний төмөр тагаар баруун шанаа хэсэгт санамсаргүй нэг удаа цохисон. Тэгсэн өмөөрөөд нэг нь миний зүүн гарнаас хойш татаад байсан. намайг хэл амаар доромжлоод байхаар нь би сүүгээ өгчхөөд шууд яваад өгсөн... намайг үсдээд доош дараад байхаар нь би “чи болиоч” гээд гартаа барьсан байсан сүүний төмөр тагаар нэг удаа цохисон. Д.А миний нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Мөн үснээс зулгаасан. Би газар унасан байсан. Сүүний төмөр таг авах гээд тонгойсон чинь намайг үсдээд дараад авахаар нь би болиоч гээд гарт байсан төмөр тагаараа далайсан чинь баруун шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Миний биед гэмтэл учраагүй учраас би үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх44-45/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Л.Ш:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд,

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүү хүлээн авах” цэгт шүүгдэгч Л.Ш, хохирогч Д.А нар дараалал зөрчлөө, сүү асгарууллаа гэх шалтгаанаас болж маргалдсан, улмаар хохирогч шүүгдэгч Л.Шын яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Д.Аэрүүл мэндэд “...тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6390 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Ш нь гартаа төмөр таглаа барьж байснаа мэдэж байсан байх бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол, хор уршигийг хүсч учруулсан нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Д.А дараалал зөрчсөн хууль бус үйл ажиллагаас болж маргаан үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хохирогчийн энэхүү хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримт материалыг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлүүлэхээр дүүргийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/3336 албан бичгээр шилжүүлсэн байна.    

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Гэмт хэргийн хор уршигийн талаар хохирогч Д.Д.А нь 238.840 төгрөгийн зардлын баримтыг гаргаж өгөн нэхэмжилжээ.

Хохирогчийн хэрэгт хавсаргуулсан баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал байх тул шүүгдэгч Л.Шаас уг хохирлыг гаргуулан шийдвэрлэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг удирдлага болгон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Л.Ш нь урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мөн хохирогч Д.Д.А нь дараалал зөрчиж үйлчлүүлснээс шалтгаалан маргаан үүссэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.4 дэх заалтад “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэж, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Шын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугийн талаар маргаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шт 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ш нь торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Шаас 238.840 /хоёр зуун гучин найман мянга, найман зуун дөчин/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д.Ад олгуулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР