Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 06087

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 05 өдөр             Дугаар 101/ШШ2016/06087          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 1-113 тоотод оршин суух, 61 настай, эрэгтэй, Тайж овогт Пүрэв-Очирын Дэмбэрэлийн /ИИ55072110/  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп виллаж хотхон, 200 дугаар байр, 5 дугаар давхар, 219 тоотод оршин суух, 63 настай, эмэгтэй, Мянгад овогт Гүрсамбуугийн  Сүрэнхорлоо /ИБ53020504/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40/3-3 тоотод оршин суух, 21 настай, эрэгтэй, Бэсүд овогт Баасандоржийн Батдорж /УИ95011211/ нарт холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчаар болон хариуцагч Б.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Сүрэнхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.Дэмбэрэл би Б.Батдоржтой 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 40 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хийж, Сонгонохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Жаргалсайханаар сүүлд гэрээг батлуулсан. Зээлийн гэрээг би Б.Батдоржтой хийсэн боловч 40 000 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр П.Дэмбэрэлийн ХААН банкны 5006895330 дугаартай данснаас Г.Сүрэнхорлоогийн ХААН банкны 5077135364 дугаартай дансруу данс хоорондын шилжүүлгээр Г.Сүрэнхорлоод шилжүүлсэн, мөнгийг хүлээн авсан хүн нь Г.Сүрэнхорлоо юм. Би Б.Батдоржийн эмээ Г.Сүрэнхорлоотой Завхан аймагт хамт ажиллаж байсан учрас амьдралын жаргал зовлонг ярьж надаас банкны барьцаанд тавьсан төлбөрөө төлж чадахгүй хураагдах гээд байна байраа зараад мөнгийг чинь өгье гэхээр настай хүн худлаа хэлэхгүй байх гээд 40 000 000 төгрөгийг 3 сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Надад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40/3-3 тоот 3 өрөө байрны үл хөдлөхийн гэрчилгээг барьцаанд тавьсан. Хэсэг хугацааны дараа байраа зараад мөнгийг чинь өгье гээд Г.Сүрэнхорлоо ирж үл хөдлөхийн гэрчилгээгээ аваад явсан. Би итгээд өгөөд явуулсан. Гэтэл дээрх байраа зарагдахгүй байна гээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп виллаж хотхонд 2 өрөө байраар сольсон зөрүү нь гэж 15 000 000 төгрөгийг өгсөн. Байраа сольсноо надад хэлээгүй, орсон айлаас нь очиж мэдсэн. Дараа нь 14 000 000 төгрөгийг миний ХААН банкны дансанд шилжүүлсэн байсан. Үлдэгдэл 11 000 000 төгрөгийг нэхэхээр боломжгүй байна гээд зээлдэгч Б.Батдорж болон Г.Сүрэнхорлоо нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өдий хүрлээ. Одоо зээлийн үлдэгдэл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 4 200 000 төгрөг, нийт 15 200 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 282.3-т зааснаар хариуцагч Г.Сүрэнхорлоо, Б.Батдорж нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Сүрэнхорлоо шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Г.Сүрэнхорлоо миний бие ач хүү Б.Батдоржийн хамт амьдардаг. Ач хүү Б.Батдоржийн маань аав, ээж хоёр нь нас барж, бүтэн өнчин болж миний асрамжинд үлдсэн юм. Мөнгөний хэрэгцээ гарч ач хүүгийнхээ аавынх нь үлдээсэн байрыг барьцаанд тавьж түүнийгээ төлж чадахгүйд хүрч П.Дэмбэрэлээс ач хүүгийнхээ байрыг барьцаалж 2015 оны 07 дугаар сарын 07-нд 40 000 000 төгрөг, 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авсан нь үнэн болно. Гэтэл байрны үнэ унаж, хүмүүсийн амьдрал хямарч, байр зарагдахгүйд хүрсэн. Гэтэл мөнгө зээлдүүлсэн П.Дэмбэрэл байраа миний нэр дээр шилжүүлж өг гэж шахсан. Тэгэхээр нь би хүүгээ орох оронгүй болчихно гэж айгаад байрныхаа ордерыг  барьцаанд тавьж 15 000 000 төгрөг 2016 оны 02 дугаар сарын 25-нд П.Дэмбэрэлийн ХААН банкны дансанд шилжүүлсэн. Ингээд байраа зарах гэтэл зарагдахгүй байсан. Ингэж байтал зөрүүг өгье, жижиг байраар сольё гэсэн хүн таарч Олимп виллаж хотхонд жижигрүүлэн зөрүүгээр нь байрныхаа барьцааг суллаж солиод авсан байраа дахин барьцаанд тавьж 2016 оны 04 дүгээр сарын 08-нд П.Дэмбэрэлийн ХААН банкны дансанд 14 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд үлдсэн мөнгөө төлөхөд жаахан хугацаа өгөөч гэж ярьж тохирсон боловч утсаар залгаж, манайд ирж, тог таслаад явсан. Байраа сольсноос хойш энэ хүн маш их уурлаж загнаж утасдах болсон нь ямар учиртайг би сайн ойлгохгүй байна. Ингээд маргааш нь утасдаж намайг шүүхэд өгнө гэсэн тэгээд өгсөн. Гэхдээ би энэ хүний мөнгийг авсан л юм чинь төлж барагдуулна, харин жаахан хугацаа өгөөч. Би найз нөхөд, хамаатан садангаасаа гуйж л байна. Одоогоор надад тусална гэж байгаа боловч хараахан мөнгө орж ирээгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Батдорж шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Батдорж миний бие аав, ээж хоёр маань нас барсан учир эмээ Г.Сүрэнхорлоогийн асрамжинд үлдсэн юм. Аавын маань надад үлдээсэн байранд эмээ бид хоёр цуг амьдардаг юм. Гэтэл эмээд маань мөнгөний хэрэгцээ гарч байрыг барьцаанд тавьж мөнгө авъя гэсэн тул би зөвшөөрч барьцаанд тавьсан боловч мөнгөө төлж гүйцэхгүй байсан учир П.Дэмбэрэл гэдэг хүнд байрныхаа ордерыг өгч мөнгө зээлсэн юм. Гэтэл тэр хүн мөнгөө нэхээд, байр маань зарагдахгүй удсан тул байраа барьцаанд тавьж 15 000 000 төгрөг өгсөн. Дахиад байраа жижиг байраар сольж авсан. Жижиг байраа барьцаанд тавьж 14 000 000 төгрөг өгсөн боловч үлдсэн мөнгөө цувуулж өгье гэсэн чинь уурлаж шүүхэд өгсөн гэж эмээ хэлсэн болно гэжээ.    

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

            Нэхэмжлэгч П.Дэмбэрэл нь хариуцагч Г.Сүрэнхорлоод холбогдуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй харин төлөхөд хугацаа хэрэгтэй байна гэж тайлбарлаж байна.

            Зохигч талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 40 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбараар /х.х-ийн 5 дахь талд/ тогтоогдож байна.

            Талуудын байгуулсан гэрээ нь агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний зорилго, агуулгад нийцэж байх тул тус гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн байх тул /х.х-ийн 4 дэх талд/ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар, зээлийн гэрээ байгуулагдсан байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар, зээлдэгч тал шилжүүлсэн авсан мөнгийг тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй байна.

            Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч буюу зээлдэгч тал гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх үүргээ зөрчсөн байна. Энэ талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

            Гэрээний дагуу төлөх төлбөрийн хувьд, зээлдэгч тал 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 14 000 000 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд нийтдээ 29 000 000 төгрөгийг төлсөн байна. Дурдсан төлөлтийн талаар талууд маргаагүй байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо, үлдэгдэл төлбөр 11 000 000 төгрөг, зээлийн хүүнд 4 200 000 төгрөг, нийт 15 200 000 төгрөг гаргуулна гэжээ.

            Нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндсэн төлбөрийн үлдэгдэлд 11 000 000 төгрөг байгаа нь баримтаар тогтоогдож байх бөгөөд зээлдэгч буюу хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч тал зээлийн хүүнд 4 200 000 төгрөг гаргуулна гэсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд тохиролцож хүү тогтоож болно.” гэж зохицуулжээ.

            Талуудын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний 1 дэх хэсэгт, “Зээлдүүлэгч П.Дэмбэрэл би зээлдэгч Б.Батдоржид 40 000 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх...” гэж тохиролцжээ.

            Иймд зээлдүүлэгчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хүү шаардах эрх үүссэн байна.

            Гэрээнд зааснаар хүү төлөх буюу зээлийн гэрээний хугацааг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 07-ныг хүртэл 3 сарын хугацаатайгаар тохиролцжээ. Тухайн хугацаанд үндсэн зээл 40 000 000 төгрөгийг 3,5 хувиар тооцоход 4 200 000 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийг зээлийн хүүгийн хэмжээг бодитойгоор тодорхойлсон гэж үзэв.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл төлбөр 11 000 000 төгрөг болон зээлийн хүүнд төлөх 4 200 000 төгрөг, нийт 15 200 000 төгрөгийн шаардлагатай хариуцагч талууд маргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

            Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.Батдоржтой гэрээ байгуулсан тул Б.Батдоржоос бүхэлд нь гаргуулна, хариуцагч Г.Сүрэнхорлоогоос татгалзаж байна гэсэн тул тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч Б.Батдоржоос гаргуулахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батдоржоос 15 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Дэмбэрэлд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Батдоржоос 233 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Дэмбэрэлд олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АМАРЖАРГАЛАН