Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 840

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч/хохирогч М.О,

шүүгдэгч/хохирогч Б.С-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Нарангуагас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О, Б.С-нарт холбогдох эрүүгийн 1908 02518 0838 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Тэргэл” караокед зөөгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хадам эх, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо,

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 163 дугаар цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.С-нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” караокед иргэн М.Оыг хүний цүнх авч гарлаа гэж маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн шанаа, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун сарвуу, бүсэлхий нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.О нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” караоке дотор Б.С-хулгайч гэж хэллээ гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч М.Оын мэдүүлэг /хх15-16/, хохирогч мэдүүлэг /хх9-10/, гэрч Х.Цэрэнхандын мэдүүлэг /хх28-29/, шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 03-ний өдрийн 5415 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх36/, шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5396 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх33/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх41-46/, М.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх53- 59/,

Шүүгдэгч М.Оын иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх52/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх53/, 163 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилладаг тухай тодорхойлолт /хх57/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх54/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх59+

Шүүгдэгч иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх41/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх42/, “Сугарсар” ХХК-ийн Тэргэл караокед өдрийн 15.000 төгрөгийн цалинтай ажилладаг талаар тодорхойлолт /хх46/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Нэг. Шүүгдэгч Б.С, М.О нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч М.Оын “...2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн орчим багын найз Цэрэнхандын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэргэл караокед орж 1 шил архи, хоол авч идсэн. 16 цагийн орчим гарах гээд тооцоо хийх гэж байгаад виза картныхаа нууц кодыг буруу хийгээд блоколчихсон. Тэгээд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд гарахдаа Цэрэнханд ширээгээ дэрлээд унтчихсан байсан болохоор цүнхийг нь аваад шатаар уруудаж байтал араас тус караокений ажилтан эмэгтэй нь ирээд ...чи тооцоогоо хийхгүй гарах гэлээ, мөн хүний цүнх аваад гарч байна... гээд миний үснээс татсан. Тэгэхээр нь би ...бэлэн мөнгөний машин ороод мөнгө аваад ирье... гэж хэлтэл ...чи худлаа хэлж байна... гээд цүнхнээс татахаар нь би буцаагаад татаж аваад цүнхээрээ савсан. Тэгтэл нөгөө зөөгч эмэгтэй Цэрэнхандын хажууд очоод ...таны цүнхийг энэ эмэгтэй аваад гарах гэж байна... гэхэд Цэрэнханд сэрээгүй. Тэгээд караокены эмэгтэйтэй маргалдаж байтал нөгөө эмэгтэй намайг ...хулгайч... гэхээр нь би тэр эмэгтэйн нүүр рүү цохих гэхэд миний гарын ар хэсэг тэр эмэгтэйн нүүрийг шүргэсэн чинь тэр эмэгтэй ...чи миний нүүрийг маажлаа... гээд намайг түлхсэн. Тэгээд миний хэвлий хэсэг рүү жийж буйдан дээр унагаад миний дээр гарч суугаад миний нүүрийг маажиж, миний хүзүүг гараараа боогоод хумсаараа маажсан. Тэгээд би тэр эмэгтэйн гарыг бариад авсан чинь тэр эмэгтэй гараараа миний гарын арыг хумсаараа маажсан...” гэсэн мэдүүлэг, /хх15-16/

2. Хохирогч Б.С “...2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Тэргэл караокед ажлаа хийж байтал манайд өмнө нь үйлчлүүлж байсан эмэгтэй нэг танихгүй эмэгтэйтэй орж ирээд 0.5 литрийн архи, хоол авсан. Тэр 2 архиа хувааж уугаад нэлээд согтсон. Тэгээд 17 цагийн үед танихгүй эмэгтэй Хаан банкны виза карт өгөөд уншуулаад нууц кодоо 10 гаран удаа буруу хийсэн. Тэгээд карт нь блоколчихсон. Өмнө нь манайд үйлчлүүлж байсан эмэгтэй ширээн дээрээ унтчихсан чинь нөгөө хамт байсан эмэгтэй тэр эмэгтэйгийн цүнхийг аваад шатаар уруудахаар нь би араас нь нөгөө эмэгтэйг шатан дээр зогсоогоод урд нь гарч зогсоод ...та хүний цүнх аваад гарах гэж байна... гэтэл шууд барьж явсан цүнхээрээ толгой руу 2 удаа цохьсон. Тэгээд дахиад цохих гэхээр нь би цүнхийг нь булаагаад авсан чинь миний толгой руу 1 удаа цохьсон. Тэр эмэгтэйг буцаагаад 2 давхар руу гаргаад нөгөө эмэгтэйг нь сэрээгээд ...энэ хүн таны цүнхийг аваад гарч байна гэхэд... тэр хүн нэлээд согтсон байсан учраас сэрэхгүй байсан. Тэгээд байж байтал нөгөө эмэгтэй ахиад миний хажууд ирээд цээж рүү 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь тэр эмэгтэй буйдан дээр унасан. Тэгтэл буйдан дээрээс хөлөөрөө миний цээж рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг нэг удаа нүүр рүү нь гараараа алгадсан чинь тэр эмэгтэй миний 2 гарыг атгаад хумсаа шигтэгчихээд гар тавихгүй байсан. Би гараа авах гэж оролдсон боловч тавихгүй байсан. Би тэр эмэгтэйтэй  тус буйдан дээрээ нэлээд ноцолдсон ба би гараа хүчээр татаж авсан. Тэгээд хувцасаа янзлаад зогсож байтал нөгөө эмэгтэй ахиад над руу дайраад миний баруун хөлийг хөлөөрөө хавчиж аваад тавихгүй байсан ба хөлөө салгаж авах гэж байгаад хөлөө эвгүй болгосон...” гэсэн мэдүүлэг, /хх9-10/

3. Гэрч Х.Ц “...2019 оны 4 дүгээр сарын 29-нйи өдөр манай ангийн сурагч ... ээж О.Х- манай ажил дээр ирээд хоолонд орьё гээд гарсан. О.Х- бид 2 Тэргэл караокед ороод 1 шил архи, хоол авсан. Бид 2 архиа ууж байгаад би тасраад ширээгээ дэрлээд унтчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь О.Х- тус караокений ажилтан эмэгтэйтэй  хэрэлдээд зодолдоод байх шиг байсан. О.Х- сандал дээр дээшээ хараад хэвтчихсэн караокений ажилтан эмэгтэй 2 гарыг нь атгачихсан байсан ба юунаас болоод хэрэлдэж маргалдсаныг мэдээгүй. Бас нэг эрэгтэй нь салгах гээд байх шиг байсан. О.Х- нэлээд согтчихсон орилоод л байсан...” гэсэн мэдүүлэг /хх28-29/

4. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5415 дугаартай “...Б.С-ын биед тархи доргилт, баруун, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх36/

5. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5396 дугаартай “...М.О-ын биед баруун, зүүн шанаа, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун сарвуу, бүсэлхий нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн...” шинжээчийн дүгнэлт /хх33/

6. М.О-ын ялагдагчаар “...Тэгэхээр нь би гараад бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад ирье гэхэд чи худлаа хэлж байна гээд цүнхнээс татахаар нь би цүнхээ буцааж татаж аваад цүнхээрээ савсан. Би зөөгч эмэгтэйн гарын бариад авсан чинь тэр эмэгтэй миний гарын арыг хумсаараа маажсан. Би Саруулын 2 гарыг атгасан тэгэхэд 2 гар нь хөхөрсөн байх...” гэсэн мэдүүлэг /хх74-75/

7. Б.С-ын яллагдагчаар өгсөн “...Тэгэхээр нь би тэр эмэгтэйг нүүр рүү нь гараараа алгадсан. Тэр эмэгтэй миний 2 гарыг бариад хумсаа шигтэгчихээд тавихгүй байсан. Би тэр эмэгтэйтэй буйдан дээр нэлээд ноцолдсон...” гэсэн мэдүүлэг /хх84-85/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Саруул, М.О нар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбарт дүгнэлт хийн үзэхэд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” караокед шүүгдэгч Б.С-ажиллаж байхад шүүгдэгч М.О нь найз Х.Ц хамт тус караокегоор үйлчлүүлж хоол идэж, архи согтууруулах ундааны зүйл уусан.  

Тооцоогоо хийн гарах болоход шүүгдэгч М.О нь банкны виза картаа блоклочихлоо гэх шалтгаанаар тооцоогоо хийлгүй, хамт орж ирсэн Х.Цэрэнхандын цүнхийг авч гарах гэсэн үйлдэл хийсэн, үүнийг нь шүүгдэгч Б.С-хориглосон, улмаар хоорондоо маргалдан зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Х.Ц мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С үйлдлийн улмаас М.Оын эрүүл мэндэд “...баруун, зүүн шанаа, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун сарвуу, бүсэлхий нуруунд цус хуралт, зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5396 дугаартай дүгнэлтээр, 

Шүүгдэгч М.Оын үйлдлийн улмаас Б.С эрүүл мэндэд “... тархи доргилт, баруун, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн алганд зулгаралт...”  бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5415 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч М.О, Б.С-нарын үйлдэлд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулж буйгаа ухамсарлаж хүсч үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.О, Б.С-нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Гэмт хэргийн хор уршигийн талаар шүүгдэгч Б.С-нь 120.000 төгрөгийн зардлын баримтыг гаргаж өгөн нэхэмжилсэн байх тул шүүгдэгч М.Оаас уг хохирлыг гаргуулан шийдвэрлэв. 

Шүүгдэгч М.Оын хувьд баримтаар зардал нэхэмжлээгүй бөгөөд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.С, М.О нар нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч М.Оын үйлчилгээний төлбөр тооцоогүй төлөхгүй маргаан үүсгэсэн нөхцөл байдлаас үүссэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Од 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хяналтын камерын сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Од 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, М.О нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Оаас 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.С олгуулж, шүүгдэгч М.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг шүүгдэгч Б.СИргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР