| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/06718/и |
| Дугаар | 04785 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 04785
2016 оны 6 сарын 17 өдөр Дугаар 101/ШШ2016/04785 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 57-790 тоотод оршин суух, Бэсүд овгийн Бэгзийн Туяа /РД:ПВ61061709/-гийн гаргасан,
Ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Туяа, гэрч Я.Баярсүрэн, Т.Куляшхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Б.Туяа миний бие нь 1986 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид Хүнсний худалдагчаар 1990 оны 01 дүгээр сарын 01 хүртэл ажилласан юм. Тэтгэвэрт гарах нас болсон боловч хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал, халагдсан тушаал архивт бичиг баримт олдохгүй байна. Иймд намайг 1986 оны 05 дугаар сарын 17-ноос 1990 оны 01 дүгээр сарын 01 хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт, “хүний ажиллаж байсан байдал”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт, “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу ажиллаж байсан байдлаа тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Б.Туяа нь 1986 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын хүнсний барааны худалдагчаар 18 дугаар тогтоолоор ажилд орсон нь Хөдөлмөрийн дэвтэрт /х.х-ийн 6 дахь талд/ бичигдсэнээр тодорхойлогдож байна. Хэрэг материалд авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 2 дахь талд/, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон “Баярын бичиг” /х.х-ийн 14 дэх талд/, 1987 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр олгогдсон “Баярын бичиг” /х.х-ийн 15 дахь талд/, гэрч Я.Баярсүрэн, Т.Куляшхан нарын шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Бэгзийн Туяаг 1986 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид Хүнсний худалдагчаар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иймд Б.Туяагийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэсүд овгийн Бэгзийн Туяа /РД:ПВ61061709/ нь 1986 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан Б.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН