Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хулан, 

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч А.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д-т холбогдох эрүүгийн 1906 06843 2758 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн А.Д, 1991 оны  10 дугаар сарын 22-ны өдөр Сайншанд аймгийн Багам суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Моннис групп Эм Эм И Кью ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эрчмийн 1-65 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бум жүр” дэлгүүрийн орчим иргэн О.Нэргүйтэй таксины мөнгөний асуудлаас үүдэн маргалдаж улмаар түүнийг нүүр хэсэг рүү нь гараараа цохих, мөргөх зэргээр хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл, мөн тээврийн хэрэгслээрээ зугтаах үед О.Нэргүй нь автомашинаас зүүгдсэн байхад эрүүл мэнд, амь насанд нь аюул учрах боломжтойг мэдсээр байж зогсох боломжтой байсан хэдий ч автомашинаараа чирч биед баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, өвдөгт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 200.000 төгрөгийг нөхөн төлсөн” гэв.

Хохирогч О.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...одоо манай хүргэн гарч ирээд мөнгө өгчихнө гэсэн чинь тэр жолооч намайг машинаасаа татаж гаргаад нүүр рүү 2 удаа цохисон. Дараа нь намайг чирч дэлгүүрийн хажуу талын харанхуй гудамж руу орж дахиад нүүр рүү 2-3 удаа цохичихоод машин руугаа зугтаад суухаар нь би машиных нь хойд хаалганаас бариад авсан чинь намайг чирч давхиад зугтаагаад явчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Ц.Буджав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэртээ орчихоод картаа аваад гарах гэж байсан чинь О.Нэргүй нөгөө таксины жолоочид зодуулчихлаа гэсэн хувцас нь шороо болсон хамар, амнаас цус гарсан орж ирсэн. О.Нэргүй бид 2 таксины жолоочтой сүртэй хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

Яллагдагч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Надад санал, хүсэлт байхгүй, уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчид учирсан эмчилгээтэй холбоотой хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12281 тоот дүгнэлтэд: 

1. О.Нэргүйн биед баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, өвдөгт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт. /хх-ийн 25/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бум жүр” дэлгүүрийн орчим иргэн О.Нэргүйтэй таксины мөнгөний асуудлаас үүдэн маргалдаж улмаар түүнийг нүүр хэсэг рүү нь гараараа цохих, мөргөх зэргээр хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл, мөн тээврийн хэрэгслээрээ зугтаах үед О.Нэргүй нь автомашинаас зүүгдсэн байхад эрүүл мэнд, амь насанд нь аюул учрах боломжтойг мэдсээр байж зогсох боломжтой байсан хэдий ч автомашинаараа чирч биед баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, өвдөгт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь

Хохирогч О.Нэргүйгийн: “...одоо манай хүргэн гарч ирээд мөнгө өгчихнө гэсэн чинь тэр жолооч намайг машинаасаа татаж гаргаад нүүр рүү 2 удаа цохисон. Дараа нь намайг чирч дэлгүүрийн хажуу талын харанхуй гудамж руу орж дахиад нүүр рүү 2-3 удаа цохичихоод машин руугаа зугтаад суухаар нь би машиных нь хойд хаалганаас бариад авсан чинь намайг чирч давхиад зугтаагаад явчихсан..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Буджавын: “...Гэртээ орчихоод картаа аваад гарах гэж байсан чинь О.Нэргүй нөгөө таксины жолоочид зодуулчихлаа гэсэн хувцас нь шороо болсон хамар, амнаас цус гарсан орж ирсэн. О.Нэргүй бид 2 таксины жолоочтой сүртэй хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч О.Нэргүй нь эмчилгээний зардал, хохирол төлбөр гэж нийт нотлох баримт бүхий 287.500 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь 200.000 төгрөгийг төлсөн тул үлдэх төлбөр 87.500 төгрөгийг шүүгдэгч А.Даас гаргуулж хохирогчид олгуулахаар шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Д-ыг хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч А.Д-т ял шийтгэл оногдуулахдаа тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан, прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар А.Д-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Д нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Д-т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Д-аас 87.500 төгрөг гаргуулж хохирогч О.Нэргүйд олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР