Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 42

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13-р хороо 8-р гудамжны 787 тоотод оршин суугч, иргэн Гүнийхэн овгийн Пүрэвийн Болормаагийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нарт холбогдох,

     Гуравдагч этгээд: Ховд аймгийн Жаргалант суманд оршин суугч, иргэн Багшийнхан овгийн Адуучийн Мөнхтуяа

    “Ховд аймгийн Засагдаргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн 75 дахь заалт буюу Багшийнхан овгийн Адуучийн Мөнхтуяад Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот 732,6 мв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, иргэдийн төлөөлөгч Ч.Нямаа, Ховд аймгаас онлайнаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунцэцэг, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болормаа, гуравдагч этгээд А.Мөнхтуяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн П.Болормаа нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамж, 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201700514 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот хашааны газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшдэг байна. П.Болормаа нь хуулийн дагуу эзэмшсэн хашаандаа 2000-2006 онуудад амьдарч байгаад гэр бүлийн шалтгаанаар Улаанбаатар хот  руу түр хугацаагаар шилжихдээ хадам ах А.Мөнхтуяаг хашаандаа буулгаад явжээ. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар захирамжийн 3 дахь заалтаар П.Болормаагийн Алагтолгой багийн 1-48 тоот хашааны 201700514 дүгээр газрын гэрээ гэрчилгээтэй 800 мкв газрын эзэмших эрхийг Адуучийн Мөнхтуяад шилжүүлжээ. Газар эзэмших эрхийг шилжүүлэх эрх зүйн харилцаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр зохицуулагддаг бөгөөд зохих баримт бичгийн бүрдэл хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлдэг хуультай. Тодруулбал хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т газар эзэмших эрхийг шилжүүлэхэд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримтын бүрдэлтэй байхыг хуульчилжээ. Гэтэл Жаргалант сумын Засаг дарга нь хуулийн дээрх шаардлагыг хангах баримтгүй, газар эзэмшигч П.Болормаагийн албан ёсны хүсэлтгүй байхад түүнийг газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь П.Болормаа нь өөрийн хууль ёсны эзэмшлийн Алагтолгой багийн 1-48 тоот хашааны газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх өргөдлийг гаргаж байгаагүй болно. Жаргалант сумын ЗДТГ-т хаягласан 2006 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн "Алагтолгой багийн 1-48 тоот хашааны газрын гэрчилгээг А.Мөнхтуяагийн нэр шилжүүлж өгнө үү" гэсэн өргөдөлд зурагдсан П.Болормаа гэх гарын үсэг нь түүний гарын үсэг биш байна. Өөрөөр хэлбэл хуурамч баримт бичгийг үндэслэн П.Болормаагийн хууль ёсны эзэмшлийн газрыг бусдад шилжүүлсэн Жаргалант сумын Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасантай нийцээгүй байв. Газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ газар эзэмшигч этгээд эрхээ бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн эсэхийг шалган тодруулж байхыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т тодорхой заажээ. Гэтэл Жаргалант сумын Засаг дарга нь газар эзэмших эрхээ А.Мөнхтуяад шилжүүлэх хүсэл зоригтой байгаа эсэх, албан ёсоор өргөдөл гаргасан эсэхийг П.Болормаагаас тодруулаагүй байна. Үүнээс үзэхэд П.Болормаагийн Алагтолгой багийн 1-48 тоот хашааны 201700514 дүгээр газрын гэрээ гэрчилгээтэй 800 мкв газрын эзэмших эрхийг Адуучийн Мөнхтуяад шилжүүлсэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар захирамжийн 3 дахь заалт хууль зүйн үндэслэлгүй болох нь илэрхий байна. Гэтэл хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нь 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн 75 дахь заалтаар хууль бусаар эзэмших эрх нь шилжсэн Алагтолгой багийн 1-48 тоот хашааны газрыг А.Мөнхтуяад өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар тогтоосон үндэслэл журамд нийцээгүй, хууль ёсоор газар эзэмшсэн П.Болормаагийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Тодруулбал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд Иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэлийг тодорхойлжээ. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-т зааснаас үзэхэд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн лргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх зарчим, үндэслэлийг баримтална. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд газар өмчилж авахыг хүссэн иргэний газар эзэмших эрх нь Газрын тухай хуулиар топгоосон үндэслэл, журмын дагуу олгогдсон байхыг шаардана. Гэтэл А.Мөнхтуяад Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот хашааны газрын эзэмших эрх нь Газрын тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмыг зөрчиж олгогдсон байхад үүнийг хариуцагч Ховд аймгийн Засаг дарга судлан тодруулахгүйгээр П.Болормаагийн хууль ёсны эзэмшил газрыг А.Мөнхтуяад өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд Иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэлийг зөрчсөн гэж үзэхээс өөр аргагүй юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т "Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана" гэжээ. Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамжийн 75 дахь заалтаар иргэнд газар өмчлүүлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, А.Мөнхтуяа нь газар өмчилж авах эрх бүхий этгээд болохыг шалган тодруулаагүй байна. П.Болормаагийн хууль ёсны эзэмших эрхтэй газрыг А.Мөнхтуяад өмчлүүлсэн хариуцагч Ховд аймгийн Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье. Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамжийг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас хуулбарлан авч танилцсан болно. П.Болормаагийн хууль ёсны эзэмших эрхтэй газрыг А.Мөнхтуяад шилжүүлсэн хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар захирамжийн 3 дахь заалт буюу П.Болормаагийн Алагтолгой багийн 1-48 тоот хашааны 201700514 дүгээр газрын гэрээ гэрчилгээтэй 800 мкв газрын эзэмших эрхийг Адуучийн Мөнхтуяад шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

      Нэхэмжлэгч П.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: 2002 онд манайх тус хашаанд буусан юм. Манай нөхөр том машин барьдаг байсан учраас манай нөхөр Отгонбаярын ачааг зөөж өгсний хөлсөнд тус хашааг авсан. Тухайн үед тус хашаанд эзгүй нэг гэр байсан. Манайх тэр хашаанд буусны дараа тэр айл нүүсэн. Тэр хашаанд манайх буусны дараа жил нь тусдаа гараагүй манай хадам дүү нар манай хашаанд ирж амьдрах болсон. 2003 онд тус хашаанд албан ёсны гэрчилгээ байдаггүй байсан. Тухайн үед газрын даамал айлуудаар явж хашааг гэрчилгээжүүлж байсан ба тухайн үед манай нөхөр баруун хил явсны дараа газрын албанаас хүмүүс ирээд иргэний үнэмлэхээ өгөөд гэрчилгээ бичүүлж ав гэсэн. Тухайн үед гэрчилгээ авахаар газрын албанд очиход гэрээнд дээр гарын үсэг зуруулж иргэний үнэмлэх хуулбарлан авсан. Ингээд тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм журмын дагуу гэрчилгээ нь миний нэр дээр олгогдсон. Анх тус хашааг худалдаж авахад Алагтолгой багийн 48-01 тоот гэсэн хаягтай байсан. Тухайн үед Мөнхтуяа гэр бүлтэй болоогүй байсан. Манай хадам дүү нарын байсан гэрт Мөнхтуяа нь ирж очин байдаг байсан. 2008 он хүртэл манайх Улаанбаатар хот руу шилжсэний дараа манай хадам дүү нар тус хашаанд үлдсэн. Тэр үед Мөнхтуяа хадмынхаа гэрч ирж очиж амьдардаг байсан ба манайхыг шилжсэний дараа айл болж тэр хашаанд амьдрах болсон. Улаанбаатар хот явахдаа газар эзэмших гэрчилгээгээ авч явсан эсэхээ санахгүй байна. 2010 оны үед манай нагац ах болох Бүдээ гэх хүн Мөнхтуяа гэх хүн танай хашааг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд явж байна гэж хэлсэн. Тэгээд би гэрчилгээгээ алга болсон байх. Мөнхтуяа нь бидэнд хэлэхгүйгээр хашааны гэрчилгээг авсан байх, манай хашаанд амьдарч байсан хадам дүү нар мэдээгүй гэж бодож байна. Манай нөхөр Мөнхтуяа уруу залгаад хашаагаа зарах талаар ярихад Мөнхтуяа “би тэгээд яаж амьдрах юм бэ” гэж хэлсэн. Харин газрын гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан талаар юу ч хэлээгүй. 2015 онд Мөнхтуяаг газар өмчлүүлэх захирамж гарсны дараа ч Мөнхтуяа энэ талаар бидэнд хэлэхгүй байсан. Би 2008 онд Улаанбаатар хот нүүснээс хойш Ховд аймагт ирээгүй. Манай нөхөр 2004 оноос 2013 он хүртэл бас ирээгүй байж байгаад 2013, 2015 онд тус тус ирсэн. Мөнхтуяа уулзсан боловч ойлголцож чадаагүй. Газар шилжүүлэх талаар Мөнхтуяа ярьж байгаагүй. Би газар шилжүүлэх талаар Мөнхтуяад зөвшөөрч бичиг хийж өгөөгүй. Тухайн үед газрын албанд ажилладаг байсан манай нагац ах Бүдээ гэх хүнтэй уулзахад манай нагац ах намайг хашаагаа хадам ахдаа шилжүүлж байгаа юм уу гэж асууж байсан. Тухайн үед би тийм зүйл байхгүй гэж хэлж байсан. Тэр үед л Мөнхтуяа манай гэрчилгээ авсан гэдгийг мэдсэн. Энэ тухай би нөхөртөө хэлсэн. Дараа нь 2015 онд манай нөхөр ирж Мөнхтуяатай уулзаж газрын асуудлаар ярилцаж маргаан болсон байсан. Эв зүйгээр тохиролцоё гэсэн боловч зөвшилцөж чадаагүй учраас шүүхэд хандсан. Мөнхтуяа бол манай нөхрийн төрсөн ах байгаа юм. Тухайн үед манай нөхөр байхгүй байсан учраас уг газар нь миний нэр дээр гэрчилгээ гарсан юм. Түүнээс биш би зориуд өөрийнхөө нэр дээр гэрчилгээ бичүүлж авсан зүйл байхгүй.” Гэжээ.

     Хариуцагч , Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн П.Болормаа, түүний хадам ах А.Мөнхтуяа нарын хоорондын газрын маргаан нь иргэд хоорондын маргаан бөгөөд энэ асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд 2013 оны А/25 дугаар захирамжийн А.Мөнхтуяад холбогдох хэсгийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй болно гэжээ.

     Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн П.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Алагтолгой багийн 1-ын 48 тоот хашааны бичиг баримтыг нягтлан үзэхэд Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар П.Болормаа нь Алагтолгой багийн 1-48 тоот хашааг 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 201700514 нэгж талбарын дугаартай газар эзэмших гэрээ гэрчилгээг 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан байна. Жаргалант сумын Засаг даргад 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 8 хуудас баримт материалыг бүрдүүлэн өгч 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар захирамжийн 3 дахь заалтаар П.Болормаагийн Алагтолгой багийн 1-ын 48 тоот хашааны 201700514 дүгээр газрын гэрээ гэрчилгээтэй 800 метр квадрат газар эзэмших эрхийг Адуучийн Мөнхтуяад шилжүүлсэн байдаг юм байна. Манай архивт байгаа материалыг шүүж үзэхэд иргэн П.Болормаагийн газрын эрх шилжүүлж өгөхөөр гаргасан хүсэлт байгаа бөгөөд П.Болормаа нь өөрөө бичсэн эсэхийг тодруулах боломжгүй ба газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байхгүй байна” гэжээ

       Гуравдагч этгээд А.Мөнхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: А.Мөнхтуяа миний бие Ховд аймаг дахь Захиргааны анхан шатны шүүхэд өөрийн бэр дүү П.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манай бэр дүү П.Болормаа нь шүүхэд ийм нэхэмжлэл гаргах санаа зорилго байхгүй бөгөөд энэхүү нэхэмжпэлийг өөрөө хүсэж гаргаагүй гэдэгт П.Болормаагийн занг мэдэх хүний хувьд би маш их итгэлтэй байна. Учир нь миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот хаягт орших хашааг газрын хамт хүнээс авах ёстой байсан өрөндөө авсан бөгөөд манайхтай хамт, манай дүүгийнх уг хашаанд амьдарч байгаад Улаанбаатар хот руу шилжсэн юм. Миний бие эхнэр хүүхэд авалгүй хожуу гэрлэсэн учраас уг хашааны газраас өөр надад өмч хөрөнгө гэхээр зүйл байхгүй бөгөөд үүнийг ч миний бэр дүү П.Болормаа нь сайн мэдэж байгаа. Тухайн хашааны газар эзэмших эрхийн гэрчилгээ нь манай бэр дүү П.Болормаагийн нэр дээр авсан байсныг П.Болормаа нь надтай хамт явж байгаад бүх бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. П.Болормаа нь миний нэр дээр газрын бичиг баримтыг шилжүүлэх үед бид хоёр бүх албан газруудаар хамт явж байсан учраас өргөдөл гаргахдаа өөрийн санаа хүслийг илэрхийлээгүй гэж нэхэмжлэлд дурьдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед миний өөрийн эзэмшил, өмчлөлийн газрыг шилжүүлэн өгөх талаарх асуудал яригдаж П.Болормаа нь бичиг баримтыг шилжүүлэн өгөх санаа зорилготой байсан учраас л П.Болормаа нь шүүх, хууль хяналтын байгууллагад хандаагүй нь ойлгомжтой. Гэтэл одоо П.Болормаа өөрөө биш итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болохыг миний бие үнэхээр ойлгохгүй, түүнийг өөрөө хүсэж шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан гэдэгт итгэхгүй байна. Иймээс Захиргааны хэргийн шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нь биш П.Болормаатай би өөрийн биеээр нүүр тулан уулзаж тайлбар гаргаж үнэн зөвийг нь тогтоолгох хүсэлт гаргаж байна. Ө.Мөнхтуяа миний бие нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот хаягт орших хашааг газрын хамтаар хууль ёсоор эзэмшиж, өмчилж байгаа болно. Иймээс А.Мөнхтуяа надад эзэмшүүлж өмчлүүлсэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 136 дугаар захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 сарын 23-ны өдрийн А/25 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжууд нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж нэхэмжлэгч П.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Цацагмаа миний бие нэхэмжлэгч П.Болормаад хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байна. Ховд аймгийн засаг дарга нь 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжийн 75 дахь заалт буюу Мөнхтуяад Жаргалант сумын Алагтолгой багийн 1-ийн 48 тоот 732,6 м.кв газрыг өмчлүүлэх хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргийн 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн 3 дахь заалт буюу Болормаагийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-ийн 48 тоот хашааны 20170000514 газрын гэрээ гэрчилгээтэй 800мкв газрын эзэмших эрхийг Мөнхтуяад шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь тус  хашаанд 2000 оноос 2006 оныг хүртэл амьдарч байгаад Улаанбаатар хотод шилжин амьдрахаар болж уг хашаандаа Мөнхтуяаг амьдрахыг зөвшөөрсөн, Мөнхтуяа нь Болормаагийн нэрийн өмнөөс өргөдөл бичиж уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна гэв.

       Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газрын тухай хуульд заасны дагуу бүрдүүлсэн бичиг баримт хүсэлтийг хүлээн зөвшөөрч тус газрыг Мөнхтуяад шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Нэхэмжлэгчийг өөрийн биеээр шүүх хуралд оролцуулан эвлэрэх саналтай байна гэв.

      Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болормаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нь 2003 оноос эхлэн Ховд аймгийн Жаргалант сумын газрын албанд ажиллаж байгаа ба нэхэмжлэгчийн аав Пүрэв нь өргөдөл бичиж тус газрыг 2003 онд П.Болормаагийн нэр дээр эзэмших гэрчилгээ авсан. 2006 онд нэхэмжлэгч Болормаа нь эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийхээр ирж байсан боловч тухайн үед Ховд аймагт нотариатийн үйл ажиллагаа албан ёсоор жигдрээгүй байсан энэ тохиолдолд манай байгууллага нь 2 талын өргөдлийг биечлэн хүлээн авч газар эзэмших эрх шилжүүлэх захирамж шийдвэр гаргадаг байсан. Тухайн үеийн бичсэн өргөдөл, газар эзэмших гэрчилгээний эх хувь нь манай байгууллагийн архивт байгаа учираас нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс өргөдөл бичиж гарын үсэг зурсан гэдэг нь үндэслэлгүй худал гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөшөөрөхгүй байна гэв.

      Гуравдагч этгээд А.Мөнхтуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нь хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж Болормаагийн хамт Газрын албанд очиж эзэмших эрхээ шилжүүлэн авсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

   Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анх Мөнхтуяа нь тус газрын өмнөх эзэмшигч Отгонбаярт 3 тонн гурил өгч газрыг авсан энэ үед хүчин төгөлдөр бичиг баримт өгч байгаагүй үе байсан. Анх газрын гэрчилгээ олгогдож байх үед нэхэмжлэгчийн аав Мөнхтуяагийн хадам ахын газрыг охиныхоо нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Тухайн үед Болормаа, Мөнхтуяа нар эзэмших эрх шилжүүлэх өргөдлөө өөр хүнээр бичүүлэн өөрөө гарын үсэг зуран газрын албан дээр очиж эрх шилжүүлж байсан. Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан ба нэхэмжлэлийг анх итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаргасан учраас П.Болормааг өөрийн биеээр нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэл гаргасан итгэмжлэлээс татгалзсан байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа гэж үзэж байна гэв.

     Иргэдийн төлөөлөгч Я.Нямаа шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Иргэн П.Болормаагийн  нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч П.Болормаа нь 2015 оны 07 дугаар сарын 22-ний өдөр Батчулууны Мөнхбатад маргаантай асуудлаар нэхэмжлэгчийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх зэрэг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 27 дугаар зүйлийн 27.2-д заасан эрхүүдийг итгэмжлэлээр олгожээ. Уг итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн 75 дахь заалт буюу А.Мөнхтуяад Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот 732,6 мкв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар зарын 09-ний өдрийн 136 дугаар "газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 3 дахь заалт буюу П.Болормаагийн Алагтолгой багийн 1-48 тоот хашааны 201700514 дүгээр газрын гэрээ гэрчилгээтэй 800 мкв газрын эзэмших эрхийг А.Мөнхтуяад шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжпэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, “Мөнхтуяа нь Болормаагийн нэрийн өмнөөс өргөдөл бичиж уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь хууль бус үйлдэл” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгөхийг хүссэн байна.

      Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжпэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын  тайлбар, гэрч нарын  мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгч П.Болормаагийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар П.Болормаад 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот хашааны газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 60 жилийн хугацаатай  эзэмшүүлэхээр  гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна. 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Ховд аймгийн Жаргалан сумын Засаг даргын Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжаар П.Болормаагийн эзэмшлийн газрыг Адууч овогтой Мөнхтуяад шилжүүлж, 0058583 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Улмаар А.Мөнхтуяа 2013 онд тус газрыг өмчлөх тухай хүсэлтийг  эрх бүхий байгууллагад  гаргаж, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ховд аймгийн Засаг даргын А/25 дугаар захирамжаар уг газрыг түүнд өмчлүүлэхээр  шийдвэрлэсэн байна. 

     Нэхэмжлэгч П.Болормаагаас “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамж, 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан газар эзэмших гэрээ, гэрчилгээний дагуу тус сумын Алагтолгой багийн 1-48 тоот хаягтай хашааны газрыг эзэмшиж байгаад 2006 онд А.Мөнхтуяаг хашаандаа буулгаж явсан. Гэтэл газар эзэмших эрхийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр Мөнхтуяад шилжүүлсэн нь хууль бус” гэж,

      Гуравдагч этгээд А.Мөнхтуяагаас “ Би 1999 онд Н.Отгонбаяр гэдэг хүнд 3 тонн гурил зээлсний өрөнд тухайн хашааны газрыг авсан. Тухайн үед өөрөө тээвэрт явдаг байсан тул өөрийн дүү А.Мөнхдавааг буулгасан. Түүний эхнэр П.Болормаагийн аав нь багийн Засаг даргаар ажилладаг байсан тул охиныхоо нэр дээр газар эзэмшүүлсэн шийдвэр гаргуулсан байсан. Үүнийг мэдээд би П.Болормаатай хамт газрын албанд очин өөрийн нэр дээр шилжүүлсэн” гэж маргажээ.    

      Маргаан бүхий уг газрыг анх Г.Отгонбаяр гэх хүн хашаалан авч 1999 оноос 2001 оны 08 дугаар сар хүртэл амьдарсан байх ба уг 3 талт хашааг 2 амбаарын хамт гурилын үлдэгдэл төлбөрт тооцон Бямба-Очирт шилжүүлэн өгсөн нь: - гэрч  Г.Отгонбаярын “ Би 1999 онд амьдралын шаардлагаар байрнаасаа гарч тус хашааг өөрөө барьж авсан юм. Тус хашаанд би 3 жил буюу 2001 оны 08 дугаар хүртэл амьдарсан... Би зээлсэн гурилын үнийн зөрүүнд одоогийн Алагтолгой багийн 1-48 тоот 3 талт хашаа, уг хашаанд байсан 2 амбаарын хамт Бямба-Очирт өгсөн. Бямба-Очир удалгүй хот шилжсэн..” гэх, - гэрч А.Мөнхдаваагийн “Миний хүргэн ах Л.Бямба-Очир гэдэг хүн Отгонбаярт 5 тонн гурил худалдсан боловч мөнгөө авч чадалгүй 2 жил болсон юм. Ингээд хүргэн ах маань Отгонбаяртай ярилцаж, тохиролцсоны эцэст мөнгөнийхөө оронд намайг гэр бүлийнхээ хамт түүний хашаанд амьдруулахаар болж, бид гэр бүлээрээ хашаанд нүүж бууснаар Отгонбаярынх өөр тийшээ нүүгээд явсан” гэх, -гэрч Л.Бямба-Очирын “...Би захын ар талд 4 тал хашааг Отгонбаяраас авах ёстой 1500000 төгрөгний өрөнд авсан. Тэр үед манай хадам аав, Мөнхдаваа хоёрынх айлын хашаанд амьдардаг байсан. Би тэр үед Мөнхдаваа, аав та хоёр энэ хашаанд амьдар гэж хэлээд тус хашааг өгч байсан. Тухайн үед бас байшин барьж ав гээд мод буулгаж өгсөн. Одоо Мөнхтуяагийн хашаанд байгаа дугуй засварын газар нь Мөнхдаваагийн барьсан байшин юм. Би 2001 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Түүнээс хойш хашааны талаар мэдэх зүйл байхгүй. ...тухайн үед Отгонбаяраас өрөнд авахад ямар нэгэн газрын гэрчилгээ байгаагүй” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

       Уг хашааг Г.Отгонбаяраас шилжүүлэн авсан нэхэмжлэгч П.Болормаагийн нөхөр А.Мөнхдаваа болон  гуравдагч этгээд А.Мөнхтуяа нарын хүргэн ах Л.Бямба-Очирын  мэдүүлгээс үзэхэд гурилын өрөнд шилжүүлэн авсан хашаагаа “Мөнхдаваагийнх болон хадам аавынх хоёртоо хамтдаа амьдар” гээд өгсөн /бэлэглэсэн/ байна. Мөн нэхэмжлэгч П.Болормаагийн  “манайх тус хашаанд 2002 онд буусан. Тэр хашаанд буусны дараа жил нь тусдаа гараагүй манай хадам дүү нар манай хашаанд ирж амьдрах болсон “ гэсэн тайлбараас үзэхэд тус хашаанд  А.Мөнхдаваагийнх болон аавындаа амьдарч байсан дүү А.Мөнхтуяа /өрх тусгаарлаагүй/ нар нь 2003 оноос хойш хамтдаа амьдарсан байна.

    Үүнээс үзэхэд уг маргаан бүхий хашааны газрыг А.Мөнхдаваа /эхнэр П.Болормаагийн хамт/, А.Мөнхтуяа нар хамтран эзэмших эрхтэй гэж үзэхээр байна. Иймээс хэн нэгнийх нь зөвшөөрөлгүйгээр аль нэгнийх нь эзэмшил, өмчлөлд бүхлээрээ шилжих боломжгүй юм.

     Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргана” Мөн зүйлийн 38.2.1-д уг хүсэлтдээ “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”-г хавсаргахаар заажээ.

   Шүүхийн зүгээс П.Болормаа, А.Мөнхтуяа нарын газар эзэмшлийн хувийн хэрэгт байгаа "П.Болормаагийн гэх Алагтолгой багийн 1-48 тоот хашааны гэрчилгээг А.Мөнхтуяагийн нэр дээр эзэмшлийн гэрчилгээ бичиж өгнө үү" гэсэн хүсэлтийн гарын үсгийг П.Болормаагийн гарын үсэг мөн эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 2006 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн "Жаргалант сумын ЗДТГ-ын газрын албанд ..." гэж эхлээд ...өргөдөл бичсэн Апагтолгой багийн иргэн П.Болормаа 2006.07.21" гэж дууссан 15 мөр гар бичмэл нь харьцуулах загвараар ирүүлсэн П.Болормаагийн гэх бичгийн хэвийн чөлөөт болон туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэсэн байна.

     Мөн  гэрч Ц.Насандэлгэр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...2006 онд Жаргалан багийн Засаг даргаар ажиллаж байсан. /Иргэн П.Болормаагийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын газрын албанд гаргасан гэх уг хүсэлтийг үзүүлэхэд/ миний бичгийн хэв мөн байна. Харин хэн бичүүлснийг би санахгүй байна. Би П.Болормаа. А.Мөнхтуяа хоёрын аль алийг нь танихгүй. Одоогоос 10 жилийн өмнө бичсэн болохоор санахгүй байна” гэжээ.

    Үүнээс үзэхэд П.Болормааг газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг өөрөө гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт зааснаар “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ” газар эзэмших хувийн хэрэгт байхгүй байна.

      Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд  Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь 2003 онд газар эзэмших эрх хэнд эхэлж үүссэнийг судлахгүйгээр, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр  гаргахгүйгээр, холбогдолгүй өмнөх оны шийдвэрийг үндэслэн дан ганц П.Болормаад тус маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон ,  мөн   хуулийн   38 дугаар зүйлийн 38.3.1-д  зааснаар  хуулийн 38.2-т заасан  шаардлагыг хангасан эсэхийг шалгаж тодруулахгүйгээр өөрөөр хэлбэл П.Болормаа /А.Мөнхдаваа/ нарын зөвшөөрөлгүйгээр /талуудын хооронд байгуулагдсан гэрээ байхгүй байхад/  газрыг А.Мөнхтуяад шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан буруутай байна.

     Дээр дурдсанаар Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын А.Мөнхтуяад газар шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэр хууль бус  болсон нь уг шийдвэрийг  үндэслэж гарсан аймгийн Засаг даргын түүнд газар өмчлүүлэх тухай шийдвэр хууль бус болох үр дагаврыг үүсгэж байна.   

      Иймээс Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 3 дахь заалт буюу Алагтолгой багийн 1-48 тоот хашааны 201700514 дүгээр газрын гэрээ гэрчилгээтэй 800 м.кв газрын эзэмших эрхийг А.Мөнхтуяад шилжүүлсэн хэсгийг, Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн 75 дахь заалт буюу А.Мөнхтуяад Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот 732,6 мкв газрыг өмчлүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

      Гуравдагч этгээд А.Мөнхтуяа газрын эзэмшлийн асуудлаар маргасан боловч бие даасан шаардлага гаргаагүй учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ. Харин гуравдагч этгээд А.Мөнхтуяа нь Жаргалант сумын Засаг даргад хандан  П.Болормаагийн нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, газрын гэрчилгээг шинээр гаргуулах тухай /хамтран эзэмших тухай/ хүсэлт, өргөдөл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй юм.

     Нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар хувь тэнцүүлэн нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.  

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг заасныг тус тус баримтлан нэхэмжпэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 3 дахь заалт буюу П.Болормаагийн Алагтолгой багийн 1-48 тоот хашааны 201700514 дүгээр газрын гэрээ гэрчилгээтэй 800 м.кв газрын эзэмших эрхийг Адуучийн Мөнхтуяад шилжүүлсэн хэсгийг, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн 1 дэх заалтын иргэдийн 75-д бичигдсэн Адуучийн Мөнхтуяад Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот 732.6 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас 35100 төгрөг, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 35100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ

                                                              ШҮҮГЧ                                     С.ОЮУНГЭРЭЛ  

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ОЮУНГЭРЭЛ