Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1947

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/00441 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХт холбогдох

 

2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 24 423 527 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцласны хохиролд 28 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х нь 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ХХын эзэмшлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр ХХХХХХХХХХХХХХХХ тоот 80.5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулж, 2 сарын түрээсийн урьдчилгаа 7 000 000 төгрөг, барьцаа 9 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Би анх гэрээ хийхдээ аль болох удаан байж, зардлаа нөхөж авна гэж бодож 3 жилээр хийсэн, анхнаасаа энэхүү гэрээг ийм богино хугацаанд цуцална гэж бодоогүй боловч цаашид энэхүү гэрээг үргэлжлүүлэх боломжгүй, цуцлахаас аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Уг гэрээг ХХын байнга үйлчлүүлдэг гэх Баянгол дүүргийн нотариатч дээр очиж хийсэн бөгөөд гэрээнд барьцаа мөнгийг хэрхэн буцаах, түрээслэгч гэрээг цуцлах нөхцөлийг дурьдаагүй, түрээслэн авах хүний эрхийг хангасан зүйл заалтууд байхгүй түрээслэгчийн эрхийг хангаж хэт нэг талыг барьсан гэрээ байна. Үүнийг тухайн үед уншаад Иргэний хуулийн зүйл заалтыг оруулсан байсан учир сайн мэдэхгүйн улмаас итгэж гэрээг байгуулсан.

Анх утсаар түрээсийн тухай мэдээллийг урьд нь түрээсэлж байсан хүмүүсээс авч, ХХтай уулзан гоо сайхны зориулалтаар түрээслэх зорилготойгоо хэлэхэд өөрөө зөвшөөрч, эд хогшлыг сулласан. Би өөрийн хөрөнгөөр засан тохижуулж, засварын зардлыг яаж тооцох тухай асуухад "та нар өөрсдөө үйл ажиллагаа явуулах тул өөрсдөө зас" гэсэн, хугацаа өгөх хэрэгтэй байна гэхэд "1 сарын л хугацаа өгнө" гэсэн. Засварыг хийхдээ би аль болох их биш хөрөнгөөр өнгө, зүс засаж хийнэ гэдгээ өөрт нь хэлж байсан. Уг байр нь хана, шал, гал тогооны хэсэг нь маш бохир, цахилгаан нь олон салаалсан, аюултай байсныг өөрийн хөрөнгөөр засч, ажил үйлчилгээ явуулахад тохиромжтой болгосон. Миний хувьд дотор заслаа үйлчилгээний шаардлагад нийцүүлэн хана шавардан тэгшилж, таазыг гипсээр тэгшлүүлж, орос, солонгос эмульс, үнэргүй будаг, обой ашиглан чанартай сайн хийлгүүлэн, цахилгааны замбараагүй утаснуудыг бүгдийг нь далдалж үүрэнд хийлгэн аюулгүй болгуулсан. Засварын материалын зардалд 2 000 000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 5 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөг зарцуулсан. Гадна засалтыг би хийх үүрэггүй гэж үзсэн тул зөвхөн нүүр хэсгийг цагаан өнгийн эмульсээр дутуу будуулсан. Засвар 2015 оны 07 дугаар сарын 30-нд эхэлж, 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Засвар хийж орсноос хойш уг байр үйлчилгээ явуулахад маш тохиромжгүй, 8-9 сарын дулаан өдрүүдэд эйр кондейшн ажиллуулсан боловч хангалттай сэрүүцүүлэхгүй байсан. Үйлчлүүлэгч нараас байнга гомдол гарч, 10 сараас цонхноосоо маш их сийгэн хүйтэн болж эхэлсэн тул үйлчлүүлэгч нар гомдол гарган үйлчилгээ муудсан. Мөн үйл ажиллагаатай холбоотой төлбөрүүд ойлгомжгүй, цахилгаан нь доод байгууллагатай хамт төлөгддөг байж болзошгүй, ус дулаан нь тусдаа эсэх нь ойлгомжгүй, асуухаар тодорхой хариу хэлэхгүй бүрхэгдүүлээд эсвэл уцаарлаад орхих мэт үл ойлголцлууд их гарч байсан. Хэдийгээр бид энэ хүний эд хөрөнгийг түрээслэж авсан нь үнэн боловч ажиллах боломжгүй нөхцөлд заавал ажилла гэж ажилчдаа хүчилж болохгүй. 11 сарын түрээсийн төлбөрийг төлөх хугацаа 10 сарын 20-нд байсан боловч иймэрхүү байдал нь түрээслэгчид хүсэлт тавиад ч засагдахгүй нь ойлгомжтой байсан тул 11 сарын 02-ны өдөр цуцлах тухай мэдэгдлээ утсаар хэлсэн. Үйлчилгээний эд зүйлсээ 11 сарын 08-нд нүүлгэсэн. Мөн хүсэлтээ бичгээр үйлдэж өөртэй нь уулзах боломжгүй болсон тул түрээслэж байсан байранд орхиод, түлхүүрийг нь өөрийнх нь зөвшөөрсний дагуу уг байрны түрээслэгчид өгсөн болно. Би 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг барьцаа мөнгөнөөс суутгуулан үлсэн мөнгийг эргүүлэн авах талаар санал тавьсан боловч хүлээн аваагүй. Иймд дээрх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Иргэний хуульд заасан гэрээ байгуулах хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 7 000 000 төгрөг, барьцаа хөрөнгө болгож 9 000 000 төгрөг, засвар хийсэн ажлын хөлс 5 000 000 төгрөг, материалын үнэ 3 010 540 төгрөг, 2015 оны 8, 9, 10 дугаар саруудын ус дулааны зардалд төлсөн төлбөр 130 935 төгрөг, хогны төлбөр 108 000 төгрөг, цахилгааны төлбөр 174 352 төгрөг, нийт 24 423 527 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 7 дугаар сард өөрийн эзэмшлийн ХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоотод буюу Улсын Их дэлгүүрийн зүүн талд, төв зам дагуу байрлах үл хөдлөх хөрөнгийг Хд түрээслүүлсэн. Уг объектийг Хгаас өмнө Хятад улсын иргэн түрээслэж, нийтийн хоолны зориулалтаар ажиллуулж байсан. Х анхнаасаа гоо сайхны газрын зориулалтаар түрээслэн ажиллуулахаа хэлсэн, би гоо сайхны газар стандарттай гэдгийг мэдэх тул түүнд 1 сарын засвар хийх хугацаа гаргаж өгсөн. Х засвар хийхдээ барилгын мэргэжлийн бус хүмүүсээр засвар хийлгэсэн. Засварын ажил учир дутагдалтай байгаа талаар би хэлж байсан. Х нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаа явуулахаар 2 сарын түрээсийн төлбөр төлсөн. Эд хөрөнгийн болон гэрээнээс үүдэн гаргах эрсдэлтэй холбоотойгоор 9 000 000 төгрөгийг тухайн үед тохиролцож барьцаанд авсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн төлбөрийг төлөх ёстой байсан ч 11 дүгээр сарын 15-ны өдөр утсаар ярьж байрнаас гарч байгаа, эд зүйлээ зөөж байгаа тухайгаа хэлсэн. Би өөрийнхөө гараар түлхүүрийг хүлээж аваагүй. Дээрх гэрээнээс татгалзах, хүндэтгэн үзэх ноцтой шалтгаан нэхэмжлэгчид байхгүй байхад гэрээг дураараа үгүйсгэж, цуцлахыг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан байрны зориулалтыг тэр чигт нь өөрчилж дотор нь байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж түүнд зориулж хийгдсэн интерьер заслыг үнэгүйдүүлж 3 жилийн гэрээ байгуулсан боловч гэнэт өөрийн санаачилагаар цуцалж байгаа нь нэхэмжлэлийг үндэслэлгүй болохыг харуулж байна. Би өдийг хүртэл байраа түрээслүүлээгүй, 100 000 000 гаруй төгрөгийн засвар хийж байж байрыг хуучин өнгө төрхөнд нь оруулахаар байгаа. Түрээслэгч нар байрыг орхиод явсны дараа 1 сарын дараа хэрэглээний зардлын нэхэмжлэх ирсэн. Барьцаа мөнгөнөөс 6 000 000 төгрөг үлдсэн. Би Хд үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэхийн тулд халуун тогооны газрын бүх эд зүйлийг зараад, загварыг өөрчилж байрыг чөлөөлж өгсөн. Гэрээг 3 жилийн хугацаатай байгуулна гэснээс үүдэн надад хохирол учирсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаа засварын зардал, бодит засвар 2 зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн ХХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ тоотод байрлах "Хот Пот" рестораныг Хд 3 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтыг өөрчлөн түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу эхний 1 сард үйлчилгээний зориулалтыг өөрчлөх засварын ажил хийгдэх учраас түрээсийн төлбөр тооцолгүйгээр уг байрыг хүлээлгэн өгсөн. Уг байрны сарын түрээсийг 3 500 000 төгрөгөөр тооцож гэрээг 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түрээс авч эхлэхээр тохиролцож барьцаа болгон 9 000 000 төгрөгийг авсан. Түрээсийн гэрээний дагуу 8, 9 дүгээр сарын төлбөрийг урьдчилан төлсөн. 2015 оны 10 дугаар сарын 20-нд түрээс болох 3 500 000 төгрөгийг төлөх байсан боловч төлөлгүй түрээсээ авахаар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Түрээслүүлж буй байрандаа очиход ажилчид нь "Бид нар мэдэхгүй, утас руу нь залга" гэдэг байсан. Үүнээс хойш холбоо барьж чадалгүй явсаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Х нь над руу залгаж "Бид нар үйл ажиллагаагаа зогсоолоо, чи барьцаа 9 000 000 төгрөгнөөсөө 10 дугаар сарын түрээсийн төлбөр 3 500 000 төгрөгөө суутгаад ав, үлдэгдлийг нь авмаар байна" гэсэн. Х нь 3 жилийн гэрээ хийх замаар үйл ажиллагаа хэвийн явуулж байсан рестораныг минь татан буулгаж үйл ажиллагааны зориулалтыг өөрчлөн доторх рестораны зориулалтаар хийгдсэн засал, чимэглэл болон түүнтэй холбоотой бусад тоног төхөөрөмжүүд болон дагалдах хэрэгсэлүүд болох халуун тогооны плитка суурилуулсан ширээ, сандал, буйдан, тек, ундаа, пивоны зориулалттай хөргөгч, мах, банш, ногоо хадгалах хөргөгч, нержэн ширээ, тавиур, рестораны зориулалттай аяга таваг, хоол хийх зориулалттай аяга таваг, хоол хийх зориулалттай олон төрлийн сав суулга, пиво, архи, ундааны шилэн эдлэлүүд үнэгүйдэж дахин ашиглах боломжгүй болгож нийт 20 000 000 төгрөгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгслүүдийг хадгалах боломжгүйн улмаас 2 500 000 төгрөгөөр зарсан. Мөн гадна дотно талын заслыг өөрчлөхдөө хамгийн хямд материал ашиглан өөрчилсөн байсан. Х нь 3 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулна гэж зориулалтыг өөрчилсний улмаас цаашид дахин үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болгосон. Үүний улмаас зөвхөн тоног төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслүүдээс 17 500 000 төгрөгийн хохирол хүлээсэн. 2015 оны 07 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын түрээсийг аваагүй, 10 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 10 500 000 төгрөгийг төлөөгүйн улмаас хохирол хүлээсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр уг түрээслэж байсан байраа надад ямар нэгэн байдлаар хүлээлгэн өгөөгүй, түрээслэж байх хугацаандаа ус, цахилгаан, байрны мөнгийг төлөөгүй бөгөөд байрны түлхүүрийг ямар ч хамаагүй хүнд орхиод явчихсан байсан. Өмнөх түрээслэж байсан хүмүүсийн гэрээ надад байгаа. Анх би байраа 4 500 000 төгрөгөөр түрээслүүлдэг байсан. Миний зүгээс гоо сайхны үйл ажиллагаа явуулна гэдэгт таатай хандсан. Иймд уг гэрээнээс учирсан хохирол 28 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Х нь ХХтай зарын дагуу 2015 оны 07 сарын эхээр утсаар холбогдож уг байрыг очиж үзсэн. Очиж үзэхэд рестораны зориулалтаар түрээслэдэг байсан. "Надад гоо сайханы эмнэлэг явуулах учраас хоосон байр хэрэгтэй" гэхэд ХХХХХХХ "болохгүй юм байхгүй, би гадаад руу эмнэлэгт явах гэж байгаа учраас мөнгө хэрэгтэй. Ийм учраас байраа чөлөөлж өгье" гээд бид 2 тохиролцож, би урьдчилгаа болгож 1 000 000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Мөн уг байрны дулаан, ус цахилгааны мөнгийг цаг тухайд нь төлж байсан баримт нь хүртэл байгаа. Х нь уг байрны доголдлын талаар удаа дараа хэлсэн боловч ямар ч арга хэмжээ авч өгөөгүй. Ийм учраас 2015 оны 10 сарын 02-ны өдөр албан ёсоор утсаар ХХХХХХХтай ярьж хэлсэн. ХХХХХХХын тоног төхөөрөмжийн алдагдал 17 500 000 төгрөг, түрээсийн төлбөр 10 500 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 4 дүгээр сард Хг очиход уг байранд Хгийн хийсэн засварыг ашиглан үйл ажиллагаа явагдаж байсан. Хариуцагч нь 28 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаатай холбоотой нотлох баримтыг хэрэгт өгөөгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХаас 6 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 923 527 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хгаас 3 500 000 төгрөгийг гаргуулж хариуцагч ХХт олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 24 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 950 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 158 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХ болон түүний өмгөөлөгч ХХХ нарын давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль буруу тайлбарласан гэдэг үндэслэлээр хүчингүй болгон өөрчлүүлэхээр гомдол гаргаж байна.

  1. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 204.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг шүүх анхаарч үзээгүй.
  2. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах болсон шалтгаанаа "цонхоор салхи сийгэж, паар муу халдаг" гэснээр гэрээ цуцлах үндсэн гол шалтгаанаа тайлбарлаж байгаа нь гэрээнээс татгалзах хүндэтгэн үзэх шалтгаан биш байгаа, мөн хүйтэн сэрүүхэн, тав тухгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар бодит байдалтай нийцэхгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Мөн дээрх шалтгаан гэрээ цуцлах үндсэн нөхцөл болохгүй, гэрээнд энэ талаар заагаагүй байна.
  3. ХХын гаргасан сөрөг нэхэмжлэлд хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийгээгүй бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт ч дурдалгүйгээр орхигдуулсан. Хөлслүүлэгч талын байрны зохион байгуулалтыг хөлслөгч тал бүхлээр өөрчлөн, эвдэж түүнээс үүсэн гарч байгаа хохирлыг Иргэний хуулийн 106.2, 288.2.2 дахь хэсэгт заасан эрх байгааг шүүх анхаарсангүй. Хөлслөгч тал болох нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 289.1.6 дахь хэсэгт заагдсан үүргээ биелүүлээгүй атлаа зөвхөн мөнгө нэхэмжилсэн нь хуульд харшилсан. Мөн хуулийн 326.2 дахь хэсэгт нийцүүлэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь хуульд харшлаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй.
  4. Маргаан бүхий гэрээний шаардах эрх үүсээгүй, хугацаа дуусаагүй
    байгааг шүүх анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 294.3 дахь хэсэгт заагдсан хэсгийг нэхэмжлэгч тал зөрчсөн төдийгүй мөн хуулийн 294.2 дахь хэсэгт
    заагдсан гэрээг нэг тал дангаар цуцлах хууль зүйн үндэслэл бүрдээгүй
    байгааг шүүх анхаарч үзэлгүй, Иргэний хуулийн 320.3 дахь хэсгийг баримтлан зөв тайлбарлаагүйгээс хариуцагч тал хохирох нөхцөлийг бүрдүүлсэн.

Шүүх гэрээг түрээсийн хүчин төгөлдөр гэрээ мөн байна үзсэн тул Иргэний хуулийн 318.5 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 294.4 дэх хэсэгт заагдсан нөхцөл үүссэн байгааг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч хөлсөлсөн байр хүйтэн байгаа бөгөөд үүнийг арилгах тал дээр арга хэмжээ авахыг хөлслүүлэгчээс шаардаагүй зөвхөн үл ялих зүйлээр шалтаглан гэрээг цуцлан мөнгөө буцаан авах зорилго агуулж байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.08-ны өдрийн 183/ШШ2016/00441 тоот шийдвэрийг өөрчлөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шүүгч шүүхийн шийдвэрээ уншиж танилцуулахдаа, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, учирсан хохирлоос 6 500 000 төгрөгийг гаргуулж, үлдэх 17 923 527 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч ХХын 28 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж шийдвэрээ уншиж, тайлбарласан билээ.

Уг шүүхийн шийдвэр хуулийн хугацаандаа гаралгүй бүтэн 2 cap гаруй хугацаа болж 2016 оны 10 сарын 17-ны өдөр гарч талууд гардан авсан билээ. Гэтэл шүүхийн шийдвэрээ гардан аваад уншиж үзэхэд шүүгчийн уншиж танилцуулсан шийдвэр огт өөр болж бичгийн хэлбэрт бичигдсэн байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Талууд энэхүү гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, тодруулбал гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй боловч гэрээний гол нөхцөлийн талаар зохигчид харилцан тохиролцсон тул түрээсийн гэрээг байгуулагдсан гэж дүгнэн бичсэн. Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээний 4.4-т "Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлэн, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно" гэж зааж уг гэрээг байгуулсан.

Түрээслүүлэгч уг гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан байдаг.

Иймд Иргэний хуулийн 56.6-д зааснаар "Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасны дагуу түрээсийн 2 сарын төлбөр 7 000 000 төгрөг, уг байранд засвар хийлгэсэн ажлын хөлс 5 000 000 төгрөг, барилгын материалын үнэ 3 010 540 төгрөг, 2015 оны 08, 09, 10 саруудын ус, дулааны 130 635 төгрөг, 2015 оны 08, 09, 10 саруудын хогны мөнгө 108 000 төгрөг, 2015 оны 09,10 саруудын тогны мөнгө 174 352 төгрөг, барьцаа болох 9 000 000 төгрөг, нийт 24 423 527 төгрөгийг нэхэмжилсэн.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсгүүд хоорондоо илт зөрүүтэй байна. Хариуцагч ХХХХХХХын сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн 28 000 000 төгрөгийн баримт хэрэгт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс 2016 оны 08 сарын 08-ны өдрийн дугаар 183/ШШ2016/00441 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХт холбогдуулж 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 24 423 527 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцласны хохиролд 28 000 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Талууд 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, ХХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХ тоот 80.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчид үйлчилгээний зориулалтаар сарын 3 500 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 5 дугаар тал/

 

Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ хуульд нийцсэн эсэх талаар маргасан байхад шүүх хэргийн 8 дугаар талд авагдсан хуулбар баримтыг шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс нотолгооны хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй баримтыг үндэслэж маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хэрэгт ХХХХ гэх бичиглэлтэй CD нотлох баримтаар авагдсан байх боловч түүнийг хэн, ямар үйл баримтыг нотлох зорилгоор өгсөн, уг баримтыг бэхжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв шүүх CD буюу дүрс бичлэгийг нотлох баримт гэж үзэн хүлээн авч байгаа бол дүрс бичлэгт байгаа мэдээллийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулж бичгийн хэлбэрт оруулсан байх шаардлагатай байтал уг шаардлагыг хангалгүй, нотлох баримтаар хавсарган ирүүлжээ.

 

Иймд нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх зохих журмын дагуу явуулсан гэж үзэхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно заажээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/00441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 247 568  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                             

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

           

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                                         

                                                                                                А.МӨНХЗУЛ