Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 642

 

Д.Гүрбазарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

          Прокурор Ж.Энх-Амгалан,

          Ялтан Д.Гүрбазар, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Гүрбазарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Гүрбазарт холбогдох эрүүгийн 2017 2601 0102 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ачит овгийн Дайриймаагийн Гүрбазар, 1965 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 1 дүгээр гудамжны 1А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИХ65011837/,

Д.Гүрбазар нь 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 1 дүгээр гудамжны 1а тоотод архидан согтуурсан үедээ шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр С.Батболдыг хутгалж бие махбодид хэвлийн зүүн дээд талд дээш цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Гүрбазарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Гүрбазарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 4 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Д.Гүрбазарын цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч С.Батболдод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Гүрбазар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надад 4 жил 8 сар 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие хохирогч болох С.Батболдын эмчилгээний зардал болон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч С.Батболд нь өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож гомдол саналгүй, хорих ял оногдуулах хүсэлтгүй байгаагаа шүүх бүрэлдэхүүнд илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Гүрбазарын өмгөөлөгч Н.Тэрбиш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Гүрбазарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээр Д.Гүрбазарт оногдуулах ялыг хөнгөрүүлэх буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү. Анхан шатны шүүхээс Д.Гүрбазарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр ял оногдуулах санал гаргаж байна...” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Гүрбазар нь 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 1 дүгээр гудамжны 1а тоотод С.Батболдыг хутгалж бие махбодид хэвлийн зүүн дээд талд дээш цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Батболдын “...Д.Гүрбазар гэрийнхээ хойно хар иштэй жижиг хутга баруун гартаа бариад сууж байсан. Архи нь ч бараг дуусч байсан. Намайг Ц.Батбаатар, Д.Гүрбазар нар “наашаа суу” гэж хэлсэн. Анх гэрт ороход сууж байсан согтуу залуу тасраад унтчихсан байсан. Би Ц.Батбаатарыг аваад боссон юм. Би Ц.Батбаатарын баруун мөрнөөс нь зүүн гараараа татаж босгоод үүд рүү явж байхад Д.Гүрбазар цохих шиг болсон. Гэрээс нь гарч ирээд Ц.Батбаатарыг “явъя” гээд татахад зүүн цээж хэвлий хэсгээр халуун оргиод явчихсан. Тэгээд би гараараа дарж үзтэл миний гар цус болсон, өмсөж явсан хувцас цус болчихсон байсан. Бид тэдний хашааны гадна сууж байгаад цагдаад дуудлага өгсөн. ...Д.Гүрбазар нь эмчилгээний зардал болгож 1.150.000 төгрөг, 1 портер нүүрс буулгаж өгсөн. Мөн нэмж эмчилгээний зардалд 500.000 төгрөг, нийт 1.650.000 төгрөг өгсөн. Одоогоор би гомдолгүй байна. Надад дахин санал хүсэлт байхгүй... ” /хх-25-26/

Гэрч Ц.Батбаатарын “...С.Батболд орж ирээд “намайг явъя” гээд надаас татаж байсан. Тэгэхэд Д.Гүрбазар босч ирээд С.Батболдыг цохих шиг болсон, тэгээд шууд бид хоёр гарсан. Гэрээс нь гарсны дараа С.Батболдын хувцас цус болчихсон байсан...” /хх-28/,

Гэрч Б.Болатын “...Намайг дэлгүүрээс тамхи авчхаад гарч ирэхэд С.Батболд хашааны үүдэнд элгээ тэврээд суучихсан “намайг хутгалчихлаа ш дээ” гэж байсан. Ц.Батбаатар надад “Д.Гүрбазар С.Батболдыг хутгалсан” гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа нар Д.Гүрбазарын гэрт байсан согтуу залууг гавлаад машиндаа суулгачихсан байсан. Надаас “энэ Д.Гүрбазар мөн үү” гэж асуухад би Д.Гүрбазарыг зааж өгсөн...” /хх-29-30/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Батболдын биед хэвлийн зүүн дээд талд дээш цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн 1207 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34-35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан шаргал зузаан ноосон цамцанд 10 мм, цагаан шаргал нимгэн ноосон цамцанд 10 мм, саарал майканд 13 мм хурц иртэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дээрх зүсэгдэлтүүд нь нэг багаж зэвсгийн үйлчлэлээр гарсан байна. Харин /хутга, хайч, сэлэм, шөвөг/ зэргийн алинаар үүссэн болохыг тогтоох боломжгүй байна...”  гэсэн 576 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38-41/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-5, 6-7/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-12/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-13, 14/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн төлөөлөгч О.Хишиг-Эрдэнийн бичсэн илтгэх хуудас /хх-19/, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-19, 20-22/, хохирогч С.Батболдын Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-75-87/, ялтан Д.Гүрбазарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

Ялтан Д.Гүрбазарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “танхайн сэдэлтээр” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд тусгагдаагүй, гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарахгүй болсон байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өөрчилсөн байх тул тус хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 хэсэгт зааснаар Д.Гүрбазарт анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэснийг, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Гүрбазарт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, ялтан Д.Гүрбазарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Шүүгдэгч Ачит овогт Дайриймаагийн Гүрбазарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Ачит овгийн Дайриймаагийн Гүрбазарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гүрбазарыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гүрбазарыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гүрбазарт оногдуулсан 4 жил 8 сар 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гүрбазарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Д.Гүрбазарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ     

                                      ШҮҮГЧИД                                                     Б.ЗОРИГ

                                                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ