Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0616

 

                                       М.Г-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О /цахимаар/ нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй, М.Г-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 17 дугаар зүйлийн 17.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Г-ийн өмгөөлөгч Н.О-ийн давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч нь шаардлагаа нотлохоор Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00438 дугаар шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/00590 дүгээр захирамж, нийгмийн даатгалын дэвтэр, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа баримт /1996-2005 оны М.Г-ийн төлсөн шимтгэл/-ыг гаргаж өгч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын архивт байгаа 1995 оноос 2005 онуудын Ховд аймгийн Зэрэг сумын Нийгмийн даатгалын холбогдолтой баримтуудад үзлэг хийлгэж баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 1, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу Ховд аймгийн Зэрэг сумын нийгмийн даатгалын байцаагчаас 1995 оноос 2005 онуудад Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн тайлан, нийгмийн даатгалын сангийн мэдээллийн баазад бүртгэгдсэн байдал болон бусад хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудад шүүх үзлэг хийгээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар нэхэмжлэгч тал “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа” баримтыг шүүхэд гаргаж өгч, архивт энэхүү баримтад үндэслэн үзлэг хийлгэх хүсэлтээ илэрхийлж, нотлох баримтын эх сурвалжийг заах үүргээ биелүүлсэн бөгөөд харин анхан шатны шүүх мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 2.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00438 дугаар шийдвэрээр 1995 оноос 2005 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Эрчим хүчний салбарт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон бусад нотлох баримтыг үнэлснийг хэрэгт нотлох баримтаар авсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй” гэж журамласны дагуу шүүх нь тухайн шийдвэрийн үндэслэл болсон М.Г-ийн нийгмийн даатгалын дэвтрийн төлөлт хийсэн бичилтийг үгүйсгэж дахин нотлохгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “М.Г-ийн нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийсэн нь манай нийгмийн даатгалын байцаагчийн буруутай үйл ажиллагаа мөн” гэж хүлээн зөвшөөрч байгаа, мөн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж өгсөн архивын лавлагаа нь үнэн зөв гарсан эсэх эх сурвалжийг шалгаж үнэлэхгүйгээр анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь “нотлох баримт цуглуулах, үнэлэх” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн хариуцагч нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/00590 дүгээр захирамжийг хүлээн зөвшөөрч биелэгдэх боломжтой гэж тайлбарласаар атал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэх, алданги ногдуулах”, 25 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын байцаагч нь хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг акт тавьж нөхөн төлүүлэх эрхтэй” байхаар хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хариуцагч нь хуульд заасан эрхийн хүрээнд хангаж шийдвэрлэх боломжтой байгаад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нь ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх эсхүл Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд зааснаар тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх боломжтойг дурдах нь зүйтэй” гэж шийдвэртээ тусгажээ. Нэхэмжлэгч нь 2018 оноос 3 дахь жилдээ иргэний болон захиргааны хэргийн шүүхэд эрх ашгаа хамгаалуулах, сэргээн тогтоолгохоор хандаж байна.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр 1995 оноос 2005 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгосон, нийгмийн даатгалын шимтгэлийг ногдох цалин хөлснөөсөө төлж бичилтийг тухай бүр хийлгэж байсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл байгаа бол акт тавьж нөхөн төлүүлэх эрх байсаар атал заавал иргэнийг энэ талаарх асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай гэж дүгнэж байгаа нь захиргааны байгууллагын хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийх, хариуцлагаас хууль бусаар чөлөөлөх үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч М.Г-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... 2018 оноос хойш 3 дахь жилдээ шүүхээр явж 1995-2005 онд ажилласан байдлаа тогтоолгосон, мөн хугацааны шимтгэл төлсөн бичилт нийгмийн даатгалын дэвтэрт бичүүлснийг нийгмийн даатгалын байцаагч баталгаажуулсан байхад хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1, 20, 25 дугаар зүйлд заасан ажил олгогчийн шимтгэл төлөөгүйд акт тавьж төлүүлэх бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой атал энэ байдлыг шүүх үндэслэл бүхий дүгнээгүй, мөн 2011-2018 оны шимтгэл төлөлтийг ажил олгогч төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэсгийг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрснийг шүүх анхаараагүй...” гэжээ. 

Хариуцагч Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь М.Г-г хэдийгээр шүүхийн шийдвэрээр 1995-2005 онд малчнаар ажилласан жил тогтоолгосон боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн архивын лавлагаагаар 3 жил 3 сарын хугацааны шимтгэлийг төлөгдснөөр гарсан, мөн ажил олгогч нь 2011-2018 оны малчнаар ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг зөвшөөрсөн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр явж төлүүлэх шаардлагатай гэх шалтгаануудаар түүний өндөр насны тэтгэврийг тогтоогоогүй эс үйлдэхүйг анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзэж шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/ “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.Гэндэн нь малчнаар ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрчээ.  

1. М.Г нь 2011-2018 онд сумын Эрүүл мэндийн төвд малчнаар ажилласан, мөн хугацааны шимтгэлийг бүрэн төлөхийг ажил олгогч хүлээн зөвшөөрснийг ... шүүгчийн захирамжаар баталсан, шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхээ илэрхийлсэн нь ажил олгогч Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 11 дүгээр албан бичгээр тогтоогдож байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр заавал явахыг шаардсан хариуцагчийн шаардлага хууль зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлгүй, хэрэв сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай, нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн ажил олгогч Эрүүл мэндийн төвийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдал, тайлан тооцоог хянах, нөхөн төлүүлэх үүрэгтэй этгээдийн хувьд тухайн шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлүүлэх ч боломжтой.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед энэ хэсгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх боломжтойг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх “шимтгэл төлөгдөөгүй” гэх хугацаанд оруулж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтад нийцээгүй байна. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.

2. Харин хэрэгт нэхэмжлэгч М.Г нь 1995-2005 онд 9 жил 6 сар малчнаар ажилласан байдлаа тогтоолгосон иргэний хэргийн шүүхийн шийдвэр, мөн хугацаанд шимтгэл төлсөн бичилт хийснийг нийгмийн даатгалын байцаагч баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 2/166 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Эрчим хүчний салбарын даргын 2014 оны “М.Г-г оны эхний мал толгойд 140 төгрөгөөр бодож цалинжуулах тухай тушаал”, 1998-2005 оны зарим саруудад цалин авч, шимтгэл төлж байсан талаарх цалингийн тооцооны хүснэгтүүд хэрэгт авагдсанаас үзэхэд М.Г нь тухайн хугацаанд малчнаар ажилласан нь тогтоогдсон боловч нийгмийн даатгалын санд 3 жил 3 сарын хугцааны шимтгэл төлөгдсөнөөр гарчээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, мөн 20 дугаар зүйлийн 4[1] -т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 5-д “нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид учруулсан хохирлыг нөхөн төлөх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ...” гэж, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох;”, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д “тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах”, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч хуульд зааснаар албан журмын нийгмийн даатгалд хамрагдаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

Хариуцагч нийгмийн даатгалын байгууллага нь дээрх хуулийн заалтын дагуу хяналт шалгалт хийж, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэрт нь 1995-2005 оны шимтгэл төлөлтийн бичилт хийгдэж, нийгмийн даатгалын байцаагч баталгаажуулсныг хуурамч болохыг тогтоогоогүй атлаа нийгмийн даатгалын санд шимтгэл төлөгдөөгүйд буруутай этгээдийг тогтоож, шимтгэлийг нөхөн төлүүлэх, эсхүл тухайн ажил олгогч татан буугдах зэргээр шимтгэл төлөх үүрэг дуусгавар болсон эсэхийг тогтоох үүргээ биелүүлэлгүй, нийгмийн даатгалын санд шимтгэл төлөгдөөгүй байдалд М.Г-г буруутгаж, түүнээс шалтгаалаагүй, түүний тодорхойлох боломжгүй нөхцөл байдлыг түүнээс шаардаж өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа нь хууль бус байна.

Үүний улмаас малчнаар ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нэхэмжлэгч М.Г-ийн шаардлага хангаснаа нотолж бүрдүүлсэн баримт бичгээ зөв үнэлүүлэх, хэрэв  нийгмийн шилжилтийн явцад нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг нь дуусгавар болсон ажил олгогч болох нь тогтоогдвол Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжоо эдлэх нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг  зөрчжээ.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа байдалд дүгнэлт өгөлгүй, энэ талаар зохицуулсан дээрх хуулийн заалтуудыг хэрэглэлгүй, “шимтгэл төлөгдөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй байна.

Хариуцагч нийгмийн даатгалын байгууллага нь М.Г-ийн шимтгэл төлөгдөөгүйд буруутай этгээдийг тогтоож шимтгэлийг буруутай ажил олгогчоор нөхөн төлүүлэх үүргээ өөрөө биелүүлэх, эсхүл ажил олгогч нь нийгмийн шилжилтийн үед татан буугдсан зэргээр шимтгэл нөхөн төлөх бололцоогүй бол малчнаар ажилласан нэхэмжлэгч М.Гэндэнд тухайн хугацааны шимтгэлийг нөхөн төлөх хуулиар олгосон боломжийг эдлүүлж, зохих журмаар өндөр насны тэтгэврийг тогтоохыг даалгах нь зүйтэй байна.

Харин давж заалдах гомдолд дурдсан “шимтгэл төлөгдсөн эсэхийг үзлэг хийж тогтоогоогүй” гэх гомдлыг хүлээж авах шаардлагагүй байна. Учир нь шимтгэл төлөгдөөгүй байдал тогтоогдсон ч нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалт хийж, шимтгэл төлөгдөөгүйд буруутай этгээдийг тогтоож нөхөн төлүүлэх чиг үүрэг хариуцагчид байхад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой тул тухайн баримт хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг зохих журмаар тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул илүү төлсөн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 20 дугаар зүйлийн 4, 5, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг зохих журмаар тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г-ээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                  О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

 

[1] 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон