| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0034/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр
нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч З.Н, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Н-д холбогдох эрүүгийн 1906 00321 2338 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн З.Н, 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд мэргэжилгүй, боловсролтой, өрлөгчин, барилгын ажилтай, ам бүл 5, аав, эгч, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 11-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг-хариуцах чадвартай, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч З.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мүүн” зочид буудалд иргэн Б.Мөнхболдыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Самсунг А-8 маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж залилан авч 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч З.Н нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажилллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.Мөнхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед багын найз О.Билгүүнтэй уулзаж архи ууцгаасан. Би их согтуу байсан учир хэдэн цагт буудалд орсноо санахгүй байна. “Мүүн” нэртэй зочид буудалд орсон. Ингээд өглөө 06 цагт сэрэхэд миний А-8 маркийн гар утас алга болсон байсан...2017 оны 9 дүгээр сард Тэди төвөөс 770.000 төгрөгөөр худалдаж авсан самсунг А-8 маркийн саарал өнгийн шилэн наалт нь муудсан гар утас байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15/,
Яллагдагч З.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...архи авсан пивоо буудлын өрөөнд ууж байгаад Б.Мөнхболдоос утсаар чинь нэг яриад өгье гэж хэлээд аваад өрөөний үүдэнд гарсан, үүдний ресепшин үл таних ахад манай хоёр унтаж байгаа, би гялс гарч утсаар ярьчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэр зочид буудлаас гараад Сансар ороод Б.Мөнхболдоос авсан Самсунг А-8 маркын гар утсыг ломбарданд тавьсан, тэр ломбардаа одоо зааж өгч чадахгүй, мартсан байна. Б.Мөнхболдын гар утсыг 150.000 төгрөгөнд тавьсан, тэр мөнгөөрөө шоудсан, архи уусан хоол идсэн...” гэх мэдүүлэг /1-ийн 89-90/,
2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 450 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч З.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мүүн” зочид буудалд иргэн Б.Мөнхболдыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Самсунг А-8 маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж залилан авч 600.000 төгрөгний хохирол учруулсан болох нь,
Хохирогч Б.Мөнхболдын: “...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед багын найз О.Билгүүнтэй уулзаж архи ууцгаасан. Би их согтуу байсан учир хэдэн цагт буудалд орсноо санахгүй байна. “Мүүн” нэртэй зочид буудалд орсон. Ингээд өглөө 06 цагт сэрэхэд миний А-8 маркийн гар утас алга болсон байсан...2017 оны 9 дүгээр сард Тэди төвөөс 770.000 төгрөгөөр худалдаж авсан самсунг А-8 маркийн саарал өнгийн шилэн наалт нь муудсан гар утас байгаа...” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч З.Н-ийг урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч З.Н-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Н-ээс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхболдод олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. З.Н-ийг урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Н-йг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Н-ийн урьд цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар З.Нээс 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхболдод олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл З.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР