| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/06799/и |
| Дугаар | 05555 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 05555
2016 оны 8 сарын 29 өдөр Дугаар 101/ШШ2016/05555 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, бага тойруу-3/9 Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24 дугаар хороо, цахлайн 7 гудамж, 17 тоот Одонтуяа овогтой Халиун /РД:УК98022027/
240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага:
Одонтуяа овогтой Халиун нь 2015 оны 2 сарын 2-ны өдөр манай компанитай 1194912 тоот төхөөрөмж зээлээр худалдах,худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч О.Халиун 1194912 тоот гэрээний 7 дугаар 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 160.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймээс О.Халиунтай байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 160.000 төгрөг, гэрээний 5.3 зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 03% алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу 2015.06.17-2016.05.17 хооронд нийт 334 хоногийн 80.000 төгрөгийн алданги хамт нийт 240.000 төгрөгийг хэрэглэгч О.Халиунаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч О.Халиунд холбогдуулан, 240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлд О.Халиунд холбогдох 240.000 төгрөг гаргуулах тухай иргэний маргаанд харицагч О.Халиунтай харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрлийн гэрээг байгуулав.
Эвлэрлийн гэрээний нөхцөл: Хариуцагч О.Халиун нь нэхэмжлэлийн шаардлага болох 240.000 төгрөгнөөс 200.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 29 өдөр төлж, үлдэх 40.000 төгрөгнөөс татгалзаж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд …хариуцагч биелүүлсэн…бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч …хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж заасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн гаргасан, хариуцагч О.Халиунд холбогдох, 240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 200.000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 40.000 төгрөгнөөс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 7.850 төгрөгийн тал хувь 3.925 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 3.925 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж, хариуцагч О.Халиунаас тэмдэгтийн хураамжид 3.925 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-Д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН