Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 08

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Н.Мөнхбат

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Хохирогч Ж.О

Шүүгдэгч Ц.Б

Шинжээч Т.Алтайбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох 1916003320155 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт Ц-н Б.

Шүүгдэгч Ц.Б-н 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.О-г “аргалийн бүс нутаг руу мал бэлчээлээ” гэх шалтгаанаар зодож, биед нь тархи доргилт, зүүн чамархай дагзанд зулгаралт гэмтэл буюу түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ц.Б-н шүүхийн хуралдаанд өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 07-нд энэ үйл явдал болсон. Өглөө Ж.О нь аргалийн бүс нутаг руу хонио туугаад халиун алаг морьтой, хар дээлтэй явсан. Тэрийг нь манай эхнэр хүүхэд харсан, би ч өөрөө дурангаар харж байсан. Би 13-14 цагийн үед Ж.О дээр очсон. Очсон шалтгаан нь: Яагаад аргалийн бүс нутагт малаа бэлчээгээд байдаг юм бол, бичиг үсэг мэддэггүй юм болов уу, очиж тайлбарлаж өгье гэсэн бодолтой очсон. Тэгээд энэ завшаанаар нь мал шүүе гэж бодоод хонийг нь бөөгнүүлээд мотоциклоо данхраадаад байж байтал, чулуугаар шидээд байсан. Намайг 2-3 удаа чулуугаар цохиод чулуу нь дуусаад намайг ташуураар цохих гээд ирсэн. Намайг 2 цохиход нь би бултаад 3 дахь цохилт дээр нь ташуур ханцуй хоёрын нь давхар барьж байгаад угз татахад мориноосоо унасан. Тэгээд Ж.О эргээд мориндоо мордоод чулуугаар намайг шидээд байж байтал Тайшир сумын Далан багийн Т гэдэг хүн хонинд явж байгаад энэ үйл явдлыг хараад ирсэн. Тэр хүн ирээд салгаад миний мотоциклыг унаад гэр рүү явуулсан. Энэ цөөхөн тоотой аргаль гэдэг амьтныг яагаад хамгаалж болдоггүй юм. Монгол улсын иргэн бүр байгаль орчноо хамгаалах эрхтэй, энэ эрх маань зөрчигдөөд байгаа юм. Тайшир сумын дарга, удирдлагууд удаа дараа ирж намайг хөөж байсан. Шаардах хуудас өгөөд чи үүнийг хамгаалах эрх байхгүй, цагаач гээд хөөдөг. Малчид нь чулуу модоор шиддэг. Энэ хэрэг болсон газар бол малын бэлчээр биш. Энэ хэрэг дээр Тайшир сумын багийн дарга, сумын дарга нарт ашиг сонирхлын асуудал байгаа. Энэ нэн ховор амьтныг улсын дугааргүй машинаар хөөх, хэвтэр дээр нь буудаж алах, мах арьсыг нь авах зэрэг үйлдлүүд гардаг. Би үүний цаана ашиг сонирхлын зөрчил байгаа гэж бодож байна. Хэргийн материалын асуудал дээр бол би бичиг үсэг мэдэхгүй. Намайг өмгөөлөгч авч болохгүй, гомдол саналтай гэж бичиж болохгүй үүнийг хуулаад бич гээд хуулуулаад бичүүлсэн. Энэ дээр би гомдолтой байна. Хэсгийн төлөөлөгч О бол энэ Ж.О-н мал маллаж байгаа хүний эхнэрийн хамаатан, худ ураг хүмүүс. Би байгаль орчноо хамгаалснаараа өнөөдөр гэмт хэрэгтэн болж байна. Энэ хэргийг тэр хөгшин хүн харсан шүү дээ гэсэн чинь тэр хөгшин хүн хот руу явсан. Гэрчгүй гээд явчихна. Гэрчийн шаардлага байхгүй. Ажил сунжирна гэсэн. Дээлний тухайд хар дээлтэй байсан. Тэр хөгшин хүн ч мэднэ. Хэсгийн төлөөлөгчид би гомдолтой байгаа. Ташуурыг хурааж аваагүй, мөн тэр хүнээс мэдүүлэг аваагүй ... ”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ж.О-н шүүх хуралдаанд өгсөн “...Тэр өдөр манайх нүүх санаатай байсан. Би өглөө малаа Зүүн цахир руу туусан. Нүүх гээд аймгаас хүмүүс дуудсан байсан. Би гэрийн гадуур хог цэвэрлэж шатаагаад аргамжаатай байсан морио аваад малынхаа араас гарсан. Намайг мал дээрээ очиход мал хоёр тасарсан байсан. Би малынхаа сүүлийг эргүүлэх гээд явж байхад Ц.Б ирж яваа харагдсан. Тэгээд малаа эргүүлж байхад түрүүчийн малыг нь Ц.Б хөөгөөд байсан. Би очоод наад малыг чинь бэлчээрт нь гаргах гээд явж байна. Яагаад туугаад байгаа юм гэхэд Ц.Б мал шүүж байна гэсэн. Мал шүүх нэрээр мал хөөгөөд байсан. Ташуурнаас татаж унагасан тийм асуудал бол байхгүй. Намайг морьтойгоо дээд талаас нь уруудаад очиход чулуугаар шидэж эхэлсэн. Хажууд нь очоод та яаж байгаа юм бэ? хоёулаа учраа олъё гэхэд гартаа чулуу барьсан байсан. Би чулууг хараагүй. Ц.Б чи малаа холдуул гээд дээлний энгэр дээрээс атгаад намайг 3 удаа цохисон. Сүүлийн цохилт дээр нь мориндоо татагдсан. Дээлний энгэр урсан. Мориноос татаж унагаасан асуудал бол байхгүй. Би мориноосоо буусан байсан ... Толгойн хэсэгт 3 удаа чулуугаар цохисон ... Зодоон болж байх үед бол хүн ирээгүй. Зодоон дууссан хойно тэр яриад байгаа хүн нь ирсэн ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээч Т.Алтайбаатарын шүүх хуралдаанд өгсөн “...Ж.О-н биед өөрийн биеэр үзлэгийн өрөөнд үзлэг хийсэн ... Тухайн үед толгой дүүрч өвдөх, толгой таллаж өвдөх гэсэн зовиуртай ирсэн. Үзлэгээр нүдний алимны чичирхийлэлт буюу тархи доргилтын шинж тэмдэг илэрч байсан. Хэсэг газрын үзлэгээр зүүн чамархайн дээд хэсэгт 1.5х1см, дагзны төвгөрийн зүүн талд 1х0.5см зулгаралттай байсан ... Зулгаралт гараар цохих үед ховор үүснэ. Хатуу зүйлийн үйлчлэлээр үүснэ ...Тархи доргилт гэсэн гэмтлийн хөнгөн зэрэг учирсан байсан. Эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулж байгаа учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Тархи доргилтын үед ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг. Эрүүл ирээдүй мэс заслын эмнэлэгт 10 дугаар сарын 18-ны өдөр хэвтээд 21-нд эмнэлгээс гарсан. Эмнэлэгт хэвтэхдээ тархи доргилт гэсэн оноштой хэвтсэн байна. Эмнэлэгт хэвтэхдээ толгой өвдөх, хүзүү хөших, баруун гар хөл мэдээ алдаж бадайрах гэсэн зовиуртай хэвтсэн байна. Тархи нь гавлын яс дотор ямар нэгэн бэхэлгээ байхгүй усан дотор байж байдаг эрхтэн. Ямар нэгэн цохилтын улмаас ус нь цалгиад нуруу нугасруугаа даралт өгөхөөр толгой өвдөх, дотор муухайрах зовиур илэрдэг ... Хүчтэй цохилт, доргилт, хана мөргөх, савж унах зэргээс үүснэ. 4 хоногийн дараа надад үзүүлсэн энэ хугацаанд эдгэх боломжгүй... Тархи хавантай гэж компьютер томографаар гарах юм бол тархи доргилт гэж үзнэ гээд байгаа юм. Тархины эд жигд бус нягтралтай байвал мөн тархи доргилт гэж үзнэ гэж байгаа. Гэхдээ олон өвчний үед тархи хавантай байдаг, тархины эд жигд бус байдаг учир эмнэлзүйгээ ч бас давхар хардаг. Тархи доргилтыг компьютер томографаар заавал оношилно гэсэн ойлголт бол байхгүй, шинж тэмдэгээр нь оношилж болно ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Д.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед манай хүү Ж.О 99999999 дугаарын утсаар над руу мэдэгдэхдээ Саахалт айлын Ц.Б-д зодуулчихлаа. Чулуугаар толгой хагалчихлаа гэж ярьсан ... Ц.Б мотоциклиор мал тасдаж хөөгөөд байхаар нь наанаас нь морьтой явж очоод буугаад уулзах гэтэл миний толгой руу чулуу атгаж байгаад 2 газар цохиод хагалчихлаа гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ11-12/,

Гэрч Г.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн "... Т утсаар мэдэгдэхдээ Тайшир сумын Хуримт баг Дээд гол гэх газар Ц.Б О-г зодсон талаар утсаар мэдэгдсэн. Тэгээд тухайн үед цагдаад мэдэгдсэн ... Оч-н малыг мотоциклиор хөөгөөд байхаар нь очтол Ц.Б зодсон гэж хэлсэн ..." гэсэн мэдүүлэг /ХХ13-14/,

Гэрч Э.П-н мөрдөн байцаалтад өгсөн "... Би О-н биед үзлэг хийхэд толгойн зүүн дээд хэсэгт язралттай, цус шүүрсэн, толгойн дагзны ар хэсэгт бондойсон, шалбарсан байсан ... Өөр ил харагдах шарх сорви байгаагүй ... Саахалт айлын Ц.Б гэх залууд чулуугаар цохиулсан гэж байсан ... Ойролцоогоор 1 см хэмжээтэй язралт, шархтай байсан ..." гэсэн мэдүүлэг /ХХ15/,

Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн "... Үзлэгээр зүүн чамархай, дагзанд зулгаралттай байсан. Мөн Эрүүл ирээдүй эмнэлгийн өвчитний түүхэнд тархи доргилт гэсэн оноштой байсан ба эдгээр баримтуудыг үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан ... Эдгээр гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгээр гэмтлүүдээс тархины доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Ж.О-гийн биед үүссэн гэмтэл нь мориноос татаж унагаах болон цохиж зодох зэргийн аль алинд нь үүсэх боломжтой ... Ж.О-гийн биед учирсан зүүн чамархай, дагзны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ..." гэсэн мэдүүлэг /ХХ23/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дугаартай               “... 1. Ж.О-н биед тархи доргилт, зүүн чамархай дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарах үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ19-20/,

Эрүүл ирээдүй эмнэлгийн өвчний түүхийн хуулбар /Мөрөн-Алтай ХХК/ /ХХ30-46/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б-н 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.О-г “аргалийн бүс нутагт мал бэлчээлээ” гэх шалтгаанаар зодож, биед нь тархи доргилт, зүүн чамархай дагзанд зулгаралт гэмтэл буюу түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  шүүгдэгч Ц.Б-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Ж.О--н биед учирсан тархи доргилт гэмтлийг заавал рентген зураг авахуулах эсвэл томографын шинжилгээгээр тогтоох ёстой гэж шүүгдэгчийг өмгөөлөгч мэтгэлцэж байгаа боловч уг гэмтэл нь яагаад гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа, өөрийн үзлэгээр шинж тэмдэг нь илэрсэн талаар шинжээч Т.Алтайбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой тайлбарлан мэдүүлсэн, мөн гэмтлийг хэрхэн оношилсон талаар хавтаст хэрэгт авагдсан эмнэлгийн бичиг баримтанд тодорхой тусгасан байх тул үгүйсгэгдэж байна. Иймээс шинжээч Т.Алтайбаатарын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дугаартай дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохиролтой холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан “Мөрөн Алтай” ХХК-ны 92.058 /ерэн хоёр мянга тавин найм/ төгрөг тушаасан бэлэн мөнгөний орлогын баримтыг нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж, хохирогч Ж.О-н нэхэмжилсэн 92.058 /ерэн хоёр мянга тавин найм/ төгрөгийн нэхэмжлэлийг ханган шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан хохирлыг нөхөн төлөх талаарх хүсэлтийг хүлээн авч, тухайн өдрийн 15 цаг 30 минут хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан. Завсарласан хугацаанд шүүгдэгч хохирлын мөнгийг бэлнээр хохирогчид өгсөн тул хохирлоо нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.  

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ж.О-д 92.058 төгрөг төлсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Ц-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-д сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ж.О-д 92.058 /ерэн хоёр мянга тавин найм/ төгрөг төлсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА