| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0003/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/01 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/01
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ц-ийн П-д холбогдох эрүүгийн 1917002030106 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт Ц-ийн П /РД.........../ Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1995 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх гэх,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:
Яллагдагч Ц.П нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, 97 дугаар байрны 04 тоотод У.Идэрбатын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба гарахдаа иргэн Ш.У-ийн гар цүнхнээс хүрэн өнгийн арьсан түрийвч, 3 ширхэг монетан бөгж, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг мөнгөн гогцоо зэрэг эд зүйл хулгайлж нийт 925 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.П нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, 97 дугаар байрны 04 тоотод У.И-ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба гарахдаа иргэн Ш.У-ийн гар цүнхнээс хүрэн өнгийн арьсан түрийвч, 3 ширхэг монетан бөгж, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг мөнгөн гогцоо зэрэг эд зүйл хулгайлж нийт 925 000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт байрлах Балданзасаг худалдааны төв дээр өглөө очоод И гэх залуутай таараад Сэржим нэртэй 0,75 литрийн архи худалдаж аваад 97-р байрны гадаа уучихаад үлдсэн нэг шил архийг нь ууж барахгүй болохоор нь И-ын гэр болох 97-4 тоотод орж уухаар болсон. Тэгээд И бид 2 тал шил архиа тэдний гэрт хуваагаад ууж байтал гаднаас И-ын ээж нэг эмэгтэйтэй ороод ирсэн. Тэгээд архи ууж дуусгаад Ит унтлаа гээд цаад талынхаа өрөөрүү явсан. Би И-ын гэрт хэсэг сууж байгаад И-тын ээжээс ус гуйж уугаад гараад явахдаа хаалганы хажуу талд өлгөөтэй байсан хар өнгийн цүнхийг ухаад дотор талаас нь бор өнгийн түрийвчийг аваад гарсан. Тэгээд гадаа гараад хулгайлж авсан түрийвчээ онгойлгож үзэхэд 3 ширхэг монетон бөгж, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг мөнгөн гогцоо байхаар нь аваад түрийвчийг нь И-ын хаалганы ойролцоо хаячихаад яваад өгсөн. Тэгээд удалгүй цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн14-р тал/
2. Хохирогч Ш.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг 97-4 тоотод оршин суух өөрийн төрсөн эгч Э-ийн гэрт ирсэн. Эгчийнд ирэхэд эгчийн хүү И нэг залуутай хамт архи уугаад сууж байсан. Тэгээд эгчийн хамт гэрт нь хоол хийх гээд байж байтал манай эгчийн хүү И унтлаа гээд гэрийнхээ цаад талын өрөөрүү орсон. Цуг сууж байсан залуу нь манай эгчийн гэрт хэсэг сууж байгаад манай эгчээс ус өгөөч гэж гуйж байсан. Тэгээд манай эгч 1 литрийн саванд ус хийгээд өгтөл тэр уснаас 2-3 балгачихаад гарах гээд коридороор цаашаа хаалганы зүгт явсан. Би яг хаалгаар гарч байгааг нь хараагүй. Тэгээд манай эгч бид 2 хоол хийж идээд байж байтал 40 минутын дараа хүн хаалга тогшихоор нь би хаалга онгойлготол миний түрийвчийг урд айлынх нь хүн барьчихсан энэ хэнийх вэ гээд зогсож байсан. Тэгээд би түрийвчээ таниад онгойлгоод үзтэл дотор нь байсан 3 ширхэг монетон бөгж, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг мөнгөн гогцоо алга болсон байсан. Би тэгээд яахаа мэдэхгүй сандарч байгаад цагдаад өргөдөл бичиж өгсөн...Надад одоо гомдол санал байхгүй. Би хулгайд алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 09-10 хуудас/
3. Гэрч Ш.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ 2019 оны 11 сарын 19-ний өдөр 14 цагийн үед манай төрсөн дүү У залгаад би Чойрт ирсэн байна гэхээр нь тосч аваад гэртээ ороход манай хүү Игэртээ нэг үл таних залуутай хамт архи уугаад сууж байсан. Тэгээд удалгүй манай хүү И унтлаа гээд цаад өрөөрүүгээ орсон хамт байсан залуу нь сууж байгаад надаас ус байвал өгөөч гээд ус уучичхаад баярлалаа эгчээ гээд гэрийн хаалгаруу явсан. Би тэр залууг гэрийн хаалгаар гарч байгааг нь харж чадаагүй савтай усаа тавих гээд цаашаа эргээд гал тогооны өрөөрүү явсан. Тэгээд манай дүү бид 2 хоол идээд байж байтал манай гэрийн хаалгыг тогшсон. Манай дүү хаалга онгойлготол манай хөрш Я гартаа бор өнгийн түрийвч барьсан энэ түрийвч танай гэрийн хаалганы хажууд хэвтэж байна. Та нарын хэн нэгнийх нь мөн үү гэхэд манай дүү Уранчимэг түрийвчээ таниад миний түрийвч байна яагаад энд байгаа юм болоо гэхэд хаалганы хажууд байсан өлгүүрээс өлгөөтэй байсан цүнхийг нь ухаад авсан байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/
4. Гэрч Д.Я мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 11 дүгээр сарын 19-ний үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна. Би гэрээсээ гартал манай орцонд бор өнгийн арьсан түрийвч унасан байсан. Тэгэхээр нь би Э-йг түрийвчээ унагаасан байна гэж бодоод хаалгыг нь тогшиход дүү У гэх хүүхэн хаалга онгойлгосон. Тэгэхээр нь би энэ түрийвч та нарынх мөн үү гэж асуухад Э-ийн дүү У яанаа миний түрийвч байна гээд надаас уг бор арьсан түрийвчийг аваад цаашаа Э-ийн гэрлүү орсон. Би ч уг түрийвчийг өгөөд гэрлүүгээ орчихсон...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12 хуудас/
5. Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: П нь 1995 оны 09 дүгээр сард Сүмбэр суманд төрсөн. Ам бүл 6, аав ээж 2 нь Улаанбаатар хотод амьдардаг. Харин П дүү О-тай хамт Сүмбэр сумын 2 дугаар баг Зараагийн 107 тоотод манай ээж Э-гтэй хамт амьдардаг юм. П одоо хувиараа Балданзасаг зах дээр мах шулах ажил хийдэг. Зан харилцааны хувьд даруухан, гадуур нээх гараад байдаггүй. Найрсаг харилцаатай хүүхэд, өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Архи тамхи хэрэглэдэдгүй хүүхэд байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р тал/
6. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: манай найз П сурагч байхдаа даруухан хүүхэд байсан, одоо ч гэсэн хүнтэй нээх юм яриад байдаггүй, даруухан, өөрийгөө илэрхийлэх чадвар муу. Хаая архи уугаад байдаг болсон байна лээ. П Сүмбэр суманд ээжийнхээ эгчийн гэрт амьдардаг. Ээж нь Улаанбаатарт байдаг, аав нь хаана байдгийг мэдэхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/
7. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 72, 77 дугаартай дүгнэлтүүд, /хх-ийн 19-20, 23-24-р тал/
8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31, 41-р тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.П нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.У, гэрч Д.Я, З.Э, У.И нарын мэдүүлэг, үнэлгээний комиссын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №77 дугаартай дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авах тогтоол зэргээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.П-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Ш.У мөрдөн шалгах ажиллагаанд “хохирол төлбөр гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Ц.П-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэ овогт Ц-ийн П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах тэслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ