| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00776/И |
| Дугаар | 782 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 782
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр дугаар баг, Баянхайрханд оршин суух, 1958 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, РД:ОН5803257, Тавхи овогт Буянцогийн Сүхбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Сүхбаатар миний бие 1958 онд төрсөн, 58 настай. Би 1981 оноос 1989 оны хооронд Увс аймгийн Түргэн суманд тууварчин, малчнаар ажиллаж байсан. Дээрх хугацаанд улсад ажиллаж байсан байдлаа нэгдлийн гишүүний дэвтэрт бичилт хийлгээгүй байсан учраас улсад ажилласан жилээ тогтоолгож чадахгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1981 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1981 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1975 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн хурлын протокол, Дэлгэрмөрөн бригадын шинээр нэгдлийн гишүүнд элсэгчдийн бүртгэлийн 11-р Буянцог Сүхбаатар бичигджээ,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн Б.Сүхбаатарын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1981 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
3. Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 тоот “Тууварчид батлах тухай нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас тогтоох нь” тогтоолын Эр үхрийн 1-р суурьт 2. Буянцогийн Сүхбаатарын нэр бичигдсэн тогтоол зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
4.Нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд
1981 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь 1975 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн хурлын протокол, Дэлгэрмөрөн бригадын шинээр нэгдлийн гишүүнд элсэгчдийн бүртгэлийн 11-р Буянцог Сүхбаатар гэж бичигдсэн байдал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн Б.Сүхбаатарын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1981 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 тоот “Тууварчид батлах тухай нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас тогтоох нь” тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Сүхбаатарын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1981 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил, 9 сар малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй Улаанбаатар хот руу явах болосон тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тавхи овогт Буянцогийн Сүхбаатарын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1981 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 9 /ес/ сар малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР