Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0027

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэжаргал,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Н.О-, түүний өмгөөлөгч М.Идэрхангай /ШТЭД-0487/

шүүгдэгч Л.М-, түүний  өмгөөлөгч Б.Оюунгэрэл /ШТЭД-0086/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М-ад холбогдох эрүүгийн 1903 01200 0530 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.М- нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 21 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дэвшил трейд” ХХК-ийн баруун замд “Ниссан Адван” маркийн 21-03 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Н.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Зам тээврийн осол хэргийн газарт үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх13-18/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх23/, “ДБЭ Тэрх” ХХК-ний албан бичиг /хх32/, тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 538 дугаартай дүгнэлт /хх75-76/, хохиролтой холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримт зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Л.М-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх3-9, 13-18/

2. Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийн цагийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11:21:51 секундэд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй гарч байсан явган зорчигч Н.О-ийг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явах цагаан өнгийн тээврийн хэрэгсэл мөргөж, хохирогч Н.О- нь зам дээр унаж байгаа нь дүрслэгдэнэ...” гэх тэмдэглэл /хх23/

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12630 дугаартай “...Н.О-ийн биед баруун дунд чөмөгний дунд хэсгээр зөрөөтэй далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, зүүн гуя, бугалга, баруун ташаа, бүсэлхий, гуянд цус хуралт, баруун хацарт зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх44/

4. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 538 дугаартай “...Н.Адван маркийн 21-03 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх75-76/

5. Хохирогч Н.О-ийн “...Дэвшил трейд ХХК-ний баруун талын зам дээр ирээд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чигтэй явган хүний гарцаар гарах гээд урдаасаа хойшоо явж байгаа машинуудыг өнгөрөөгөөд уг гарцаар алхаад зам дунд хэсэгт очоод ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чигтэй явж байгаа машинуудыг харахад нилээн зайтай нэг машин явж байхаар нь уг зорчих хэсгээр алхаад гарах гэтэл хажуу талаас ирээд мөргөсөн, ингээд би ухаан алдсан юм шиг байна лээ нэг сэрсэн чинь зам дээр хэвтсэн байдалтай хойшоо харахад нөгөө мөргөсөн машин зогсож байсан жолооч нь ганцаараа машин дотроо байхаар нь би гараараа даллаж дуудаад ирэхээр нь “чи эгчийнхээ утсыг аваад өгөөч миний бие муу байна хажууд зогсож болох уу” гэж асуухад “зогсож болохгүй би цагдаад дуудсан байгаа” гэж хэлээд утас авч өгчихөөд буцаад машиндаа ороод суусан. Эмчилгээний зардалд жолооч 1.300.000 төгрөг өгсөн боловч эмчилгээндээ зарцуулсан байгаа, гомдолтой байна, би ажлаа хийгээгүй учир цалингаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх25-27/

6. Иргэний хариуцагч Б.Э-“...Машинд эвдрэл гэмтэл учирсан байсан, тэгэхдээ ямар нэгэн гомдол санал байхгүй, би машинд үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна, би иргэний хариуцагч болж байгааг хүлээн зөвшөөрч байна, уг асуудлыг Мөнхбаттай цуг хариуцаж мөнгөнөөс нь төлөлцөх болно...” гэх мэдүүлэг /хх29-30/

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Л.М-

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьнаас оролцсон болно.

Хохирогчийн өмгөөлөгч М.Идэрхангай нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг прокурорт буцаах байр суурьтай оролцсон боловч дүгнэлтийн шатанд энэхүү хүсэлтээ дэмжиж оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбараас шүүгдэгч Л.М- нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 21 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дэвшил трейд” ХХК-ний баруун замд “Ниссан Адван” маркийн 21-03 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигчийн гарцаар гарч явсан Н.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Энэхүү ослын улмаас хохирогч Н.О-ийн эрүүл мэндэд “...баруун дунд чөмөгний дунд хэсгээр зөрөөтэй далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, зүүн гуя, бугалга, баруун ташаа, бүсэлхий, гуянд цус хуралт, баруун хацарт зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 12630 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 538 дугаартай болон улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтээр шүүгдэгч Л.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн, дүрмийн заалтыг биелүүлж, анхаарал болгоомжтой зорчоогүйн улмаас осол гаргажээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Иймд шүүгдэгч Л.М- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул улсын яллагчийн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Н.О- нь шүүгдэгчээс мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг авсан байх бөгөөд шүүх хуралдаанд 2.726.799 төгрөгний зарлагын баримт, мөн ажилгүй байсан хугацааны /2019 оны 10 сараас 2020 оны 3 сар хүртлэх/ 6 сарын цалин 2.400.000 төгрөг нэхэмжилжээ.

Хохирогч Н.О- нь шүүхийн өмнөх шатанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 820.982 төгрөгний /хх82/ баримт гаргаж өгсөн. Тус хуралдаанд гаргаж өгсөн зардлын баримтаас хоол хүнсний зардал болох 604.147 төгрөгийг хасч үлдэх 2.122.652 төгрөгийн зардал бүхий баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зардалд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд хохирогчоос баримтаар 2.943.634 төгрөгний хохирол нэхэмжилсэнээс шүүгдэгч нь 1.300.000 төгрөгний хохирол төлсөн гэж үзлээ.

Мөн хохирогч нь Н.О- нь “Кроун Фюрничэ” ХХК-д сахиулаар ажилладаг, сарын дундаж цалин 400.000 төгрөг болох нь нийгмийн даатгалын дэвтэрийн хуулгаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилгыг “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Тиймээс хохирогч Н.О-ийн ажилгүй байсан /10, 11, 12 дугаар сар/ 3 сарын хугацааны цалин болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үлдэх 3 сарын хугацааны цалинг хохирогч нь жич нэхэмжлэх эрх нээлттэйг дурдаж байна.

Дүгнэвэл, шүүгдэгч Л.М-аас 2.843.634 /1.643.634+1.200.000/ төгрөг гаргуулж хохирогч Н.О-т олгуулж шийдвэрлэлээ.  

Түүнчлэн хохирогч Н.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах эрүүл мэндийн зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа тул хуульд заасан доод хэмжээгээр торгуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Л.М- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Л.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, холбогдсон хэргийн хувьд хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидигийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдаж, шүүгдэгчийн “В” ангилалын 932245 дугаар жолооны үнэмлэхийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэсэнг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ыг 650 /зургаан зуун тавь/ нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-аас 2,843.634 /хоёр сая, найман зуун дөчин гурван мянга, зургаан гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.О-т олгуулсугай.

5. Хохирогч Н.О- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн “В” ангилалын 932245 дугаар жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР