Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/04

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Н-ын Бод холбогдох эрүүгийн 1917002070101 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт цахилгаанчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 3-р баг Хүрийн ногооны ............тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, БХ овогт Н-ын Б /РД:.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Н.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө Сүмбэр сумын 3-р баг, Хүрийн ногооны 1-12 тоотод байх гэртээ иргэн Н.Нтэй маргалдан түүний нүүрэн тус газар шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө Сүмбэр сумын 3-р баг, Хүрийн ногооны 1-12 тоотод байх гэртээ иргэн Н.Нтэй маргалдан түүний нүүрэн тус газар шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ 2019 оны 11 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчим ажлаасаа тараад дэлгүүрээс 1 шил архи аваад гэртээ харьсан. Түүнийгээ уучихаад дэлгүүр орох гээд дэлгүүрийн үүдэнд Нтэй таарсан. Тэгэхэд Н гэрээсээ архи уугаад хөөгдсөн хонох газаргүй гээд явж байхаар нь би манайд очоод хоночих гэж хэлсэн. Тэгээд Н 1 шил 0,5 граммын архи аваад би 0,75 граммын архи аваад манайд ирсэн. Бид хоёр Нийн авч ирсэн архийг нь уучихаад байж байтал Н манай эхнэр намайг дандаа архи уулаа гээд гэрээс хөөдөг гээд уурлаад байсан. Би одоо боль гэхэд миний өөдөөс уурлаж намайг заамдаж авахаар нь би ширээн дээр байсан шилэн аягаар толгой руу нь цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг.

 

Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 11 сарын 20-ны орой ажлаасаа архи уучихаад ирсэн чинь  манай эхнэр Ариунбайгаль намайг архи уусан байна гэж уурлаад гэрээс гараад яваад өгөхөөр нь би бас гараад 5 дугаар байрны дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн архи аваад гудманд ганцаараа талыг нь уусан. Тэгээд Андууд дэлгүүрийн гадаа очсон чинь манай баз хүргэн Б ах хүнтэй уулзаад зогсож байсан. Би Б ахтай таараад намайг архи уусан чинь эхнэр уурлаад гараад явчихлаа гэж хэлтэл тэгвэл манайд очоод унт гэсэн. Тэгэхээр нь айлд яаж тал шил архитай очих вэ гэж бодоод дахиад дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи авсан. Б ах бас 1 шил 0,75 литрийн архи авсан байсан. Бид хоёр шууд тэдний гэрт очоод тал шил архиа ууж дуусгаад 0,75 литрийн архиа задлаад ууж байхад Б ахын эхнэр гараад явсан. Би нилээн согтсон байсан. Б ах бид хоёр бие биенийхээ үгийг даалгүй согтуу хүмүүс хоорондоо маргалдаж байгаад би Б ахыг заамдаад авсан чинь намайг тавь гэж хэлэхээр нь би тавихгүй байсан чинь Б ах ширээн дээр байсан шилэн аягаар миний духан тус газар цохисон. Миний толгой маш их өвдөөд би гэр дотуур нааш цаашаа их явсан тэгэхэд шалан дээр их цус гоожсон. Надад Б ахад хандан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Манай нөхөр Б 2019 оны 11 сарын 20-ны өдөр 19 цаг өнгөрч байхад ажлаасаа гэртээ ирэхдээ 0,5 литрийн Хараа нэртэй архи авчирсан. Тэр архинаасаа надад 2 хундагыг хийж өгөөд үлдэгдэлийг нь ганцаараа уусан.Тэгээд дахиад архи авна гээд гэрээс гараад явсан би тэр хооронд нь гэрээс гараад ээжийнхээ гэрт орчихоод нэлээн байж байгаад гэртээ ороод ирсэн чинь манай гэрт нөхөр Б миний төрсөн дүү А-ийн нөхөр Нийн хамт ирчихсэн архи уугаад нилээн согтсон хоорондоо муудалцсан гээд Нийн дух нь хагарсан цус гоожсон байдалтай байж байсан. Тэгээд би эмнэлэг 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

 

          Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би 2019 оны 11 сарын 20-ны өдөр гэртээ байж байсан чинь  манай нөхөр Н ажлаасаа ирэхдээ архи уусан халамцуу орж ирсэн. Би Нт архи уулаа гэж ууралсан чинь манай нөхөр Н буцаад гэрээс гараад явсан. Тэр өдөртөө гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө нь надруу эмнэлгээс утсаар залгаад нөхөр чинь энд байна ирж ав гэж хэлэхээр нь би надтай утсаар ярьсан хүнээс юу болсон талаар асуухад танай нөхөр чинь хүнтэй зодолдсон юм шиг байна гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очиж нөхрийгөө авахад толгойгоо цагаан бинтээр боолгосон байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад гэрээс гараад хүргэн Б ахтай таараад гэрт нь очиж хамт архи ууж байгаад Б ахтай муудалцаад Б ах ширээн дээр байсан шилэн аягаар духан дундуур нь цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

 

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Н.Б нь төлөв даруу, хүнд тусархуу зантай. Архи бага зэрэг уудаг. Архи уугаад ямар нэг байдлаар агсан согтуу тавьж байна гэж сонсоогүй. Б нь хамт олны дунд нэр хүнд сайтай, манай эмнэлгийн бүхий ажлыг хийдэг. Барилгын засал чимэглэл болон өөрийнхөө үндсэн ажил болох цахилгаанчны ажлыг  бүгдийг нь хийдэг. Б ахад зодуулсан Н гэдэг залууд би анх үзлэг хийж шарханд нь цэгцлэлт хийж духанд нь 8 оёдол тавьсан. Үзлэгээр Нийн дух хэсэгт хөндлөн чиглэлтэй язарч урагдсан шархтай байсан. Дух болон толгойн ясанд нөлөөлсөн зүйл байгаагүй. Өөр биед нь учирсан шарх гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

 

Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Б нь хүнд  их тусархуу зантай, архи бага зэрэг уудаг, архи уугаад ямар нэг байдлаар агсан согтуу тавьж байна гэж сонсоогүй. Хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, манай эмнэлгийн хар бор ажлыг цаг тухай бүр нь хийдэг. Б миний хажууд хүнтэй маргалдаж муудаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

 

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хх-ийн 56-57/

 

Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:

  • Н.Нийн биед духанд зүсэгдсэн шарх гэмтэл тогоогдлоо.
  • Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчиллээр 2019.11.20-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Духны зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 11/

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 29-

ний өдрийн 58 дугаартай тэслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-37/

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 50-/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Н, гэрч О.О-ийн мэдүүлэг болон яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №11 дугаартай дүгнэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, яллагдагч нарын хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 1917002070101 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилэн аяганы хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-од оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилэн аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ