Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0015

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч П.С-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.С-холбогдох эрүүгийн 1908 05847 1820 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн,  19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо       

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч П.С-нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 42 дугаар байрны хажууд байрлах “Хаан” банкны гадна иргэн П.О-эзэмшлийн “Айфоне 6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч П.О-мэдүүлэг /хх11/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг /хх3-6/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /хх22-24/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх18-19/, хошууч Д.Бат-Эрдэний илтгэх хуудас /хх6/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх30/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч П.С-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1.Хохирогч П.О “...Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин зах дээр өөрийн эзэмшлийн “Айфоне 6” маркийн гар утсаа зарж мөнгө олох гээд Хархорин зах дээр байсан. Тэгээд надад 20 орчим насны бор царайтай эрэгтэй хүүхэд ирээд миний гар утсыг үзээд байсан тэр залуу миний гар утсыг үзэж байгаад авъя гэж хэлсэн. Тэр үед тэр залуу надад хэлэхдээ би мөнгийг чинь замын хойно байдаг “Хаан” банкны АТМ-ээс авч өгье гээд намайг дагуулаад Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо 32 дугаар байрны хажууд байдаг “Хаан” банкны урд ирээд тэр залуу дахин миний гар утсыг үзэж байсан ба тэр үед хажуу тийшээ хараад зогсож байсан чинь гэнэт баруун тийш зугатаасан. Би араас нь гүйгээд гүйцээгүй ба удалгүй урдаас нэг цагдаа тэр залууг бариад ирсэн. Тэгээд тэр залуу болон цагдаагийн ажилтан бид гурав цагдаагийн газар ирсэн. Намайг цохиж зодсон асуудал байхгүй зүгээр л миний гар утсыг үзэж байгаа цаашаа гүйгээд зугатаасан. Гар утасаа буцааж авсан...” гэх мэдүүлэг /хх11/

2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх3-6/ 

3. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр “айфоне 6” маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр үнэлжээ. /хх25-27/

4. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх21-22/

5. П.Сэрээтэрийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээсээ гараад Хархорин захын үүдэнд үл таних нэг ах гар утас зарна гээд байж байхаар нь би тэр ах дээр очоод гар утсыг нь аваад гар утсыг шалгаж үзэнгээ юм ярьж алхаж байтал нэг мэдсэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Хаан банкны урд талын автомашины ил зогсоолд ирчихсэн байсан тэгээд би тэр ахыг гар утсыг үзье гээд байлгаж байгаад цаашаа харах үед нь гар утсыг аваад зугтаасан....” гэх мэдүүлэг /хх45-46/ 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч П.С-нь:

Шүүгдэгч П.С-нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч хуралдаанд оролцсонг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүгдэгч П.Сээртэр нь хохирогч П.О-гар утсыг худалдаж авъя гэж, гар утсыг үзэн дагуулж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 42 дугаар байрны хажууд байрлах “Хаан” банкны урдаас авч зугтаасан. Улмаар тухайн үед үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид баригдсан нөхцөл байдал нь хохирогч П.О-, шүүгдэгч П.Сээртэр нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, цагдаагийн илтгэх хуудас зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч П.С-нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй шунахайн сэдэлтэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн, хохирогчоос эд зүйлийг авч зугтааснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байх бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.

Тус хэргийн улмаас хохирогчид 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан байх боловч эд зүйлийг булаан авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.  

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

Хохирогч П.О-д мөрдөн байцаалтын шатанд “Айфоне 6” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч П.С-энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч П.С-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч П.С-нь хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтанд үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч П.С-холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хамаарах бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч үйлдсэн гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх шаардлагагүй байх тул мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-хорих ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      М.МӨНХБААТАР