Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 52

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: “Г.С” ТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

            Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн А/167, 2017 оны 04 сарын 17-ны өдрийн А/169 дугаартай захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г.С” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Г.С” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Увс аймгийн Бөхмөрөн, Сагиль сумын нутагт байдаг аргаль, угалз нь үе үеийн аймгийн Засаг дарга нар "Амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг хэрэгжүүлдэггүйгээс нөөцийг нь тогтоож, агнуур зохион байгуулалт хийлгээгүй, хууль бус ан агнуур, амьдрах орчины таагүй байдлаас болж тоо толгой нь хорогдон, цаашид устах аюул тулгарч байсан үед нутгийн иргэд санаачилга гарган аймаг орон нутгийн удирдлагад санал болгосноор 2007 онд анх Сагил, Бөхмөрөн сумууд байршил нутгийг нь орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Тухайн бүс нутаг нь 2 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа тул аймгийн хэмжээнд авч үзэх шаардлагатай гэж үзээд 2008 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 36-р тогтоолоор байршил нутгийг нь орон нутгийн хамгаалалтанд авч “Гулзат" гэж нэрлэсэн. Одоогоор тус орон нутгийн хамгаалалтай газар нутагт хоёр сумын 570 гаруй гишүүнтэй 197 малчин айл өрх 2006 оноос сумын Засаг даргатайгаа гэрээ хийж, байгаль хамгаалах иргэдийн 11 нөхөрлөл байгуулан тухайн газар нутгийг гэрээгээр эзэмшиж байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж ирсэн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 37 тоот тогтоолоор батлагдсан “Увс аймгийн нутаг дэвсгэрт нутгийн иргэдэд түшиглэсэн агнуурын үзэл баримтлал"-ыг хэрэгжүүлэхийг бодлого, зорилтоо болгон 2011 онд Гулзатын санаачилга төрийн бус байгууллага байгуулж, 2012 оноос аймгийн засаг даргын А/132 тоот захирамжаар "Гулзат" орон нутгийн хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын болон агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийг хариуцан ажиллаж ирсэн. Тус ТББ нь Амьтны тухай хуулийн 23.3, 23.4.2 заалтын дагуу 2011, 2016 онуудад өөрсдийн зардлаар мэргэжлийн байгууллагатай хамтарч "Гулзат" орон нутгийн хамгаалалттай газрын ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулан аймгийн БОАЖ газарт танилцуулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн, БОАЖЯ-аар батлуулан ажиллаж байна.

"Амьтны тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасны дагуу “Гулзатын санаачилга” ТББ нь "Гулзат" орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны 10 жилийн хугацаатай гэрээг (2015-2025 он) аймгийн БОАЖГ, Бөхмөрөн, Сагил сумдын Засаг дарга нартай 2015 онд байгуулсан.

Мөн "Гулзат" орон нутгийн хамгаалалттай газрын Стратеги төлөвлөгөө /2015-2025 он/, менежментийн төлөвлөгөө (2015-2019 он), ан агнуурын менежментийн төлөвлөгөө (2017-2022 он) зэргийг боловсруулж аймгийн иргэдийн Төлөлөөгчдийн Хурлаар батлуулан ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд нутгийн иргэдэд түшиглэсэн хамгааллын менежментийг хэрэгжүүлснээр 2004 онд 340 гаруй байсан аргаль хонины тоо толгой 2016 онд 2000-д хүрч тогтвортой өссөн. Гулзатын санаачилга ТББ нь төрийн болон төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр байгаль хамгаалах дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, үндэсний болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь сайн туршлагад тооцогдон яам, олон улсын төсөл, хөтөлбөрийн тайланд жил бүр тусгагдаж ирсэн. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн Засаг даргаар сонгогдсон Д.Б нь дарга болсон цагаасаа эхлэн ТББ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцон Гулзатын санаачлага ТББ-ын гүйцэтгэх захирлыг сольж хурлын дарга байх үедээ 8 жил жолоочоор ажилласан З.Б гэгчийг томилохыг шаардан удаа дараа дуудан уулзах, хурал цуглаан хийж аймгийн Засаг даргын орлогч, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газрын дарга, Сагил, Бөхмөрөн сумын Засаг дарга нарт даалгавар өгч зохион байгуулалттай үйл ажиллагаа хийж гүйцэтгэсэн. ТББ-ын зарим удирдах зөвлөлийн гишүүд байгуулгын дотоод дүрмийг зөрчин урьд ажиллаж байсан гүйцэтгэх захирлыг ажлаас халж хуйвалдааны үндсэн дээр З.Бг гүйцэтгэх захиралаар томилсон. Энэ томилгоо дотоод дүрэм зөрчсөн учир зарим удирдах зөвлөлийн болон нөхөрлөлийн гишүүдийн санаачлагаар, байгууллагын дотоод дүрмийн дагуу гүйцэтгэх захирлыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

  1. оны 2 сарын 20-нд болсон байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдийн өргөтгөсөн хурлаар гүйцэтгэх захиралын нээлттэй сонгон шалгаруултанд 6 хүн оролцож аймгийн Засаг даргын санал болгосон З.Б олонхийн санал авч чадаагүй учир сонгогдоогүй.

Энэ байдал аймгийн Засаг даргад таалагдсангүй. Аймгийн Засаг дарга Д.Б нь иргэдийн санал санаачлагаар байгуулагдсан хамтын удирлагатай, нэр хүндтэй, туршлагатай “Гулзатын санаачилга” ТББ-ын олон жилийн хөдөлмөрийн үр дүнг үл хүндэтгэн хувийн ашиг сонирхолын үүднээс "Ан агнуурын менежмент түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай" Увс аймгийн Засаг даргын 2015 оны А/583 тоот захирамж, 2015 онд байгуулсан

Гулзат" ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээ зэргийг хүчингүй болгосон 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А/167 тоот захирамж, З.Бгийн нэрээр 2017 оны 3 сард байгуулсан дотоод бүтэц, зохион байгуулалтгүй “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д “Гулзат" орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах эрхийг олгосон 2017 оны 4 сарын 17-ны өдрийн А/169 тоот захирамж  гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.6-г зөрчсөн гэж үзэж байна.

Энэ нь хувийн ашиг сонирхолын үүднээс манай төрийн бус байгууллагын явуулж байгаа хэвийн үйл ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож 570 хүний эрх ашгийг зөрчиж агнуурын менежментийг цуцалсан явдал юм. З.Бгийн байгуулсан “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” төрийн бус байгуулга нь байгуулагдаад 2 сар болоогүй агнуурын менежментийн талаар үйл ажиллагаа явуулж байгаагүй, туршлагагүй, шинэ тулгар байгууллага байна. Өмнөх Засаг даргын захирамж нь хууль бус гэж үзэж байгаа юм бол ямар хуулийн аль заалтыг зөрчсөн, эрх бүхий ямар байгууллага хууль бус болохыг тогтоосон талаар дурьдсан зүйл алга. Эндээс харахад энэ захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаагүй, хувийн ашиг сонирхолыг илэрхийлсэн захирамж гэж үзэхээр байна. Иймд Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/167 дугаартай "Захирамж хүчингүй болгох тухай" гэсэн захирамжийг хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргын 2017 оны А/167, А/169 тоот захирамжуудыг  хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Гулзатын санаачилга” ТББ-ыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гулзатын санаачилга” ТББ нь Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын хил залгаа 215000 га газрыг агнуурын нөөц хамгаалах, зохистой ашиглах нутгийн иргэдэд агнуурын менежментийг таниулах зорилгоор 2008 оноос хойш ажиллаж байгаа. Одоогоор Бөхмөрөн, Сагил сумын 11 нөхөрлөл 570 гаруй гишүүнтэй, 197 малчин өрх хамрагдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн харуул хамгаалалтын хүрээнд аргаль, хонины тоо толгой тогтвортой өсч 2004 онд 340 аргаль байсан бол 2016 онд 2000 толгойд хүрсэн. 2011 онд Гулзатын санаачлага ТББ байгуулагдаж 2012 онд Увс аймгийн Засаг даргын А/132 тоот захирамжаар агнуурын бүс нутгийг хамгаалж хариуцаж ирсэн. Гулзатын санаачлага төрийн бус байгууллага нь төрийн болон төсөв хөтөлбөрийн дэмжлэгээр Байгаль хамгаалах чиглэлээр дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж үндэсний болон олон улсын хөтөлбөрийн тайлангаа жил бүр тасралтгүй өгч ирсэн. 2011-2016 оны хооронд өөрсдийн зардлаар мэргэжлийн байгууллагуудтай хамтарч агнуурын зохион байгуулалтын талаар ажлыг гүйцэтгэж Гулзат орон нутгийн хамгаалалтай газрын агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулан Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт танилцуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж байсан. Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасны дагуу “Гулзатын санаачилга” ТББ нь орон нутгийн хамгаалалттай газрын менежментийн хамтын гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Бөхмөрөн, Сагил сумуудын Засаг дарга нартай байгуулсан. Гулзат орон нутгийн хамгаалалтай газрын стратеги, менежментийн төлөвөлөөгөөг 2015-2020 он хүртэл гаргасан.  Агнуурын менежментийн төлөвлөгөөг 2017-2022 он хүртэл боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж ажиллаж байсан. Увс аймгийн Засаг дарга Д.Б нь “Гулзатын санаачилга” ТББ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож Гулзатын санаачлага ТББ-ын гүйцэгтгэх захирлыг сольж З.Б гэх хүнийг томилохыг удаа дараа шаардаж Сагил, Бөхмөрөн сумуудын Засаг дарга нарт үүрэг болгож, бид нарын ажлыг цуцалсан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болсон “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээллтэй явуулсан боловч З.Б сонгогдож чадаагүй. Тэрнээс 2 хоногийн дараа Бөхмөрөн суманд очиж Монгол Ардын Намын гишүүдийг цуглуулж З.Бг гүйцэтгэх захирлаар томилсон. Үүний дараа би өөрийн биеэр аймгийн Засаг даргатай уулзахад энэ бол нам мэддэг асуудал танд хамаагүй гэж хэлээд намайг гаргасан. Иймд энэхүү асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан”гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 18 жил агнуурын чиглэлийн ажил хийж байна. Ан таньдаггүй хүнээр ан хийлгэх их аюултай. Манай аймагт 9 угалз алахад 360 гаруй төл алдаж байна гэсэн үг. Энэ жил ан хийхдээ зохисгүй хийсэн ба угалзын амьдардаг төв цэг дээр бүх ангаа хийсэн. Энэ жил ангийн компаниуд 45 хоногийн хугацаанд ирж 9 угалз агнасан. Буруу цагаар агнасан бол угалз тарга тэвээрэг авч чаддагүй ба хээлтүүлэг хийж чадахгүй. Алж болдоггүй угалз гэж байдаг ба тэрхүү угалзыг тойруул угалз гэдэг. Энэ жил Эбон гэх компани тойруул угалзыг агнасан. Хамгийн сүүлийн угалзыг агнахаар Туркын компани ирэхэд инчийн хэмжээг худлаа зааж өгч ан хийлгэснээр гадны орнуудад Монголын ан агнуурын нэр хүнд унасан. Би дарга нарт жилд  5-аас дээш угалз агнаж болохгүй гэж хэлдэг. Энэ жил 9 угалз алсан. Манай аймгаас бусад аймагт агнуурын менежментийг компаниуд эзэмшилдээ авч дуртай үедээ агнадаг. 9 угалз агнах гэж  45 хоногийн турш хөөхөд тэр амьтад тарга тэвээрэг авч чадахгүй. “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагын 2015 оны тайланг Сагил, Бөхмөрөн суманд тавьсан. 2016 оны тайланг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа өөрөө байхад нь тавьж байсан. “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллага 2016 оны тайлангаа 2016 оны 11 дүгээр сард болсон Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралд тавьж хэлэлцүүлж байсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонсгох ажиллагаа явуулах тухай 1/352 тоот албан бичиг дээр менежментийн гэрээгээ дүгнүүлээгүй гэж байгаа. Дөрвөлсөн гэрээг ямар хэлбэрээр дүгнэх талаар ямар нэгэн зүйл байгаагүй. Менежментийн гэрээгээ дүгнүүлэх гээд Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны тайлан дээр “Гулзатын санаачилга” ТББ-ын үйл ажиллагааны тайлангийн талаар дэлгэрэнгүй тусгагдсан нь “Гулзатын санаачилга” ТББ 2016 оны оны тайлангаа дүгнүүлсэн гэдгийг нь нотолдог. 2016 оны гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн баримт нь тодорхойгүй байна гэж байгаа. 2016 онд 5 угалзыг агнуулахаар Байгаль орчны яаманд хүсэлтээ хүргүүлсэн боловч улсын хэмжээнд 60 угалз агнуулахаар тогтоож, Увс аймагт 2 угалз агнуулах төлөвлөгөө гаргасан нь “Гулзатын санаачилга” ТББ-ын буруу үйл ажиллагаа биш юм. Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/89 тоот албан бичигт удирдлагаа соль, Ядамжавтай хамтарч ажиллахгүй гэсэн байдаг. Засаг даргын захирамжинд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгохдоо ямар алдаа дутагдал гаргасан талаар дурдаж бичих ёстой байсан боловч бичээгүй. Тийм учраас аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/167, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийг зөрчсөн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гаргах актанд тавигдах шаардлагын 5-аас 3-ыг нь хангаагүй байдаг. Ганболд гэх хүний талаар сонсох ажиллагаан дээрээ тодорхой хэлэх ёстой байсан боловч захирамж дээрээ тусгаагүй байгаа. Аймгийн Засаг даргын захирамж гарахаас өмнө Барсүрэн гэх хүнийг “Гулзатын санаачилга”ТББ-ын гүйцэтгэх захирлаар томилох тухай албан бичиг ирж байсан. Мөн байгуулагдаад удаагүй байгууллагыг олон жил ажилласан байгууллагаас илүүд үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Гулзатын санаачилга" ТББ-ын нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/167 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, "Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг "Гулзатын санаачилга" ТББ-д хариуцуулахыг даалгуулах тухай нэхэмжпэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2015 онд байгуулсан "Гулзат" ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд гэрээний талууд хамтарч ажиллах боломжгүй нөхцөл байдалд хүрч гэрээгээ цуцалсан.

Тиймээс гэрээний талууд гэрээгээ цуцалсан учир Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд 2015 оны А/583 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Иймд Нэхэмжпэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Г.Ш нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Гулзатын санаачилга" ТББ-ын нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай" А/167, 2017 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн “Агнуурын бүс нутгийг хариуцуулах тухай" А/169 дугаартай захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2015 онд байгуулсан "Гулзат" ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд гэрээний талууд хамтарч ажиллах боломжгүй нөхцөл байдалд хүрч гэрээгээ цуцалсан учир 2015 оны А/583 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Нэгэнт талууд гэрээгээ цуцалж цаашид хамтран ажиллах боломжгүй байдалд хүрсэн учир Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ний А/169 дугаар захирамжаар агнуурын бүс нутгийн менежментийг "Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо" ТББ-д хариуцуулсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар 27-ны өдрийн А/149 тоот "Тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарь батлах тухай" тушаалаар Гулзат агнуурын бүс нутгаас нийт 9 угалз агнуулах зөвшөөрөлтэй ба агнуурын гэрээг "Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо" ТББ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, зуучлагч байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай байгуулан ажиллаж байна.

Уг гэрээний дагуу сум Сагил, Бөхмөрөн сумын төсөвт 200 гаруй мянган доллар орохоор төсөвлөгдөж байгаа бөгөөд уг орлого тасалдвал ард иргэдийн эрх ашиг, ахуй амьдрал, сум, орон нутгийн хөгжил цэцэглэлт, амьтан хамгаалах арга хэмжээнд, мөн цаашлаад гадны хөрөнгө оруулалтыг орон нутагт татах асуудалд сөрөг нөлөө үзүүлэхээр болоод байна.

Иймд Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гулзатын санаачилга” ТББ нь 2015, 2016 онуудын тайлангаа дүгнүүлээгүй байсан. “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тайлангуудаа өгч дүгнүүлэх ёстой байдаг боловч өөрсдийн гишүүд дотроо хурал хийсэн талаараа тайлбарлаж байна. “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагатай Бөхмөрөн, Сагил сумын Засаг дарга нар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар хамтарч ажиллах боломжгүй гэсэн албан бичгүүд ирүүлсэн тул аймгийн Засаг дарга Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын менежментийг “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д хариуцуулахаар шийдвэрлэсэн.  Тухайн үедд “Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захиралаар Б.Ганболд гэж хүн томилогдсон байсан ба энэ хүн 4 талт гэрээн дээр гарын үсэг зурсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж байна ” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Анх 4 талт гэрээг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулахад Байгаль орчны газрын даргаар Б.Ганболд ажиллаж байсан. Дараа нь “Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. Мөн одоогоор “Гулзатын санаачилга” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Тус гэрээ байгуулагдахаас өмнө менежментийг хариуцуулах тухай захирамж гарсан байх ёстой байдаг. Гэтэл аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны А/583 тоот захирамжийг нөхөж гаргасан байдаг.Гэрээ хийгдэхэд Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Ганболд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг зөрчсөн. Мөн “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захиралаар томилогдон ажиллаж байсан. “Гулзатын санаачилга” ТББ нь удирдах зөвлөлийн гишүүд, удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал нь өөрчлөгдсөн талаар Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж байгаагүй. Ингэснээрээ Улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн. Б.Ганболд нь гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараа 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/355 тоот албан бичгээр Б.Ганболд нь хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт хүсэлт хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуг  2017 оны 06 дугаар сарын 29-ний 5/5464 тоот албан бичгээр ирүүлэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-т заасныг Б.Ганболд зөрчсөн байх тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалттайг дурдсан байна. Мөн Гулзатын санаачлага ТББ-ын гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Б.Ганболд нь аймгийн Засаг даргатай худ ургийн холбоотой тул ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж байгаа.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан” гэв.

 

Гуравдагч этгээд “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гүйцэтгэх захирал З.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр "Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо төрийн бус байгууллагад 1 жилийн хугацаатай хариуцуулсугай гэсэн Увс аймгийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дугаар захирамж гаргасан байдаг.

"Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо" ТББ нь зохих хууль дүрмийн дагуу зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш Байгаль орчин аялал жуулчлалын яам, Увс аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, "Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо" ТББ болон агнуурын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд дөрвөн талт гэрээг байгуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоол, БОАЖС- ын тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүнд: Спорт болон олзворын агнуурын чиглэлээр амьтан агнах барих гэрээг 2017 оны 4 сараас эхлэн гадаадын жуулчин авчирдаг зургаан аж ахуйн нэгж байгуулагатай байгуулж төлбөрийг сум орон нутгийн данс руу төлбөрийг тус тус төлсөн байдаг.

"Гулзатын санаачилга" ТББ нь 2016 онд үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, орон нутгийн орлогыг тасалдуулан, төсөвт хүндрэл учруулж байсан, тус онд байгуулсан 4 талт гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэнээс орон нутгийн орлогын төлөвлөгөө тасарч сумын төсөв хүндрэх нөхцөл үүссэн мөн 2015 оны 03 дугаар сарын 23 нд "Гулзат" орон нутгийн менежментийг хариуцах гэрээгээ зөрчиж 2015 онд гэрээгээ дүгнүүлээгүй, 2016 онд гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүжүүлтийн тайлан зэрэг нь тодорхой бус байсан бөгөөд үүнийг зохих холбогдох дээд шатны байгууллага Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2016.12.16-нд ¹187 тоот гэрээг цуцлуулах хүсэлт гаргасан байдаг.

Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үүдэн "Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо" ТББ-ын үйл ажиллагаа түр зогсонг байдалд ороод байгаа бөгөөд аймаг, сумын 2017 оны төсөвлөсөн төсөв тасрах, ард иргэдийн эрх ашиг ахуйн амьдрал, сум орон нутгийн хөгжил цэцэглэлт, цаашлаад гэрээ байгуулж их хэмжээний төлбөр төлсөн гуравдагч этгээдүүд /ангийн компамниуд/-ийн эрх ашигт хохирол учрах, сөрөг үр дагавар үүсч болзошгүй болоод байна.

Манай байгууллагын зүгээс байгаль орчныг хамгаалах нөхөрлөлүүдийн санаачлан хийхээр төлөвлөсөн ажпуудыг дэмжин санхүүжилт олгож сургалт зохион байгуулан идэвхтэн байгаль хамгаалагч, нөхөрлөлүүдийн ахлагч нарыг урамшуулалтай болгож, унаа, техник төхөөрөмжөөр хангахаар захиалан хамтран ажиллаж байна. Энэхүү ажлууд нь урьд ажиллаж байсан Гулзатын санаачилга төрийн бус байгууллагаас хийгдэж байгаагүй бөгөөд идэвхтэн байгаль хамгаалагч, нөхөрлөлүүдийн ахлагч нараас талархалтай хүлээн авч дэмжин ажиллаж байгаа болно.

Аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр "Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” төрийн бус байгууллагад 1 жилийн хугацаатай хариуцуулсан учир манай ТББ-аас шалтгаалахгүйгээр манай байгууллагын эрх ашиг хөндөгдөж байна.

Иймд “Гулзатын санаачилга" Төрийн бус байгуулгын нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардага нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн. “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ нь агнуурын бүс нутгийг хариуцаж хамгаалах зорилготой аймгийн Засаг даргын захирамжийн дагуу гэрээ байгуулж ажиллаж байгаа. Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5-д зааснаар гэрээ байгууллагдсан. Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дуугартай тогтоолд ховор ан амьтан агнах журмыг өөрчилж баталж өгсөн. Тухайн журмаар сумын Засаг дарга амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д зааснаар эхлээд 1 жил дараагаар 10 жилийн давтамжтай гэрээ байгуулна гэснийг “Гулзатын санаачилга” ТББ зөрчиж байгаа. 2016 онд Спорт болон агнуурын журмаар 6 байгууллага ан агнахаар гэрээ байгуулж төлбөрөө шилжүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой гомдол санал ирээгүй, байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Энэ жил 9 тооны угалз агнасан  ба ямар нэгэн хууль журам зөрчөөгүй. Эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр агнуулсан гэх зүйл байхгүй. Аймгийн Засаг даргын А/583 дугаартай захирамжаар 10 жилийн хугацаагаар гэрээ байгуулсан нь Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасныг зөрчсөн байна.Эхлээд гэрээг 1 жилийн хугацаатай байгуулах ёстой байгаа.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

    Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхэд анх нэхэмжлэгч “Гулзатын санаачилга” ТББ нь Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн А/167 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулж, Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг Гулзатын санаачилга төрийн бус байгууллагад хариуцуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн А/167, 2017 оны 04 сарын 17-ны өдрийн А/169 дугаартай захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” гэж өөрчилсөн болно.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийг шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хуулийн хугацаандаа гаргасан болохыг тэмдэглэв.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Гулзатын санаачилга” ТББ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “аймгийн Засаг дарга захирамждаа “Гулзатын санаачилга” ТББ ямар учраас менежментийг хариуцах боломжгүй талаар дурдаагүй, ямар хуулийг зөрчсөнийг тодорхойлоогүй” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгч дэмжиж оролцов.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “Гулзатын санаачилга” ТББ нь 2015 оны гэрээгээ дүгнүүлээгүй, 2016 онд гэрээний үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэх захирлаар Б.Ганболд ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчин ажиллаж байгаа, “Гулзатын санаачилга” ТББ-тай хамтран ажиллах боломжгүй” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээдийн  хувьд гэрээний дагуу агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан сайн ажиллаж байгаа талаар тайлбар гаргасан ба түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ нь менежментийн гэрээг хариуцах үндэслэлтэй талаар байр суурь илэрхийлж оролцов.

Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн А/167 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 29.3 дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, 2017 оны 04 сарын 17-ны өдрийн А/169 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Амьтны тухай хуулийн 22.4, 22.5, МУ-ын Засгийн газрын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 2-р хавсралтын 2.4 дэх заалтыг үндэслэн “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” төрийн бус байгууллагад 1 жилийн хугацаатай хариуцуулсан байна.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 сарын 21-ний өдрийн 36 дугаартай тогтоолоор Увс аймгийн Сагил, Бөхмөрөн сумдын 126772 га /267,72 км 2 / газрыг нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн болон спорт аялал жуулчлал, агнуурын менежмент хөгжүүлэх нөөц нутгаар “Гулзат” нэрээр орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэжээ.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 сарын 25-ны өдрийн 7/07 дугаартай тогтоолоор дээрх 36 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцож, “Гулзат” орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хэмжээг 216225 га болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн байна.

2015 оны 3 сарын 23-ны өдөр Увс аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Ганболд, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга П.Гансүх,  Сагил сумын Засаг дарга Л.Санжжав, “Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Ядамжав нарын хооронд “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан байх ба Увс аймгийн Засаг дарга баталгаажуулж гарын үсэг зурсан байна.

Гэрээнд гэрээг байгуулах үндэслэлд “Гулзат” ОНХГ-ын агнуурын менежментийн төлөвлөгөөг “Гулзатын санаачилга” ТББ-д хариуцуулан гүйцэтгэх тухай Гулзат ОНХГ-ын удирдах зөвлөлийн 2012 оны 01 сарын 23-ны өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэн Гулзат ОНХГ-ын удирдах зөвлөлийн дарга, “Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал нар Гулзат ОНХГ-ын агнуурын менежмент төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг 5 жилийн хугацаатай 2012 оны 03 сарын 01-ний өдөр байгуулан ажиллаж ирсэн. Амьтны тухай хууль, “Ховор амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын дагуу Гулзатын санаачилга ТББ-д 10 жилийн хугацаатайгаар “Гулзат” ОНХГ-ын агнуурын бүс нутгийг эзэмшүүлэх, агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцуулан хэрэгжүүлэхээр болсон талаар дурджээ.

Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 13-ны өдрийн А/583 дугаартай захирамжаар “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийг “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагад 10 жилийн хугацаатайгаар хариуцуулсан байна.

Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болно” гэж,22.5-д “энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд нэг жилийн хугацаагаар,цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно” гэж тус тус зохицуулжээ.

Мөн Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмыг баталсан байх бөгөөд Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын 2.4-д “Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч” гэж тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5-д зааснаар гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор тодорхойлжээ.

Иймд 2015 оны 03 сарын 23-ны өдөр гэрээний талууд өмнө нь хэрэгжүүлж ажиллаж байсан гэрээгээ шинэчлэн байгуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангийн шүүх хуралдаанд гаргасан “Увс аймгийн Засаг даргын А/583 дугаартай захирамж нь гэрээ байгуулсны дараа 2015 оны 10 сарын 13-ны өдөр гарсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

 “Гулзатын санаачилга” ТББ-ийн хувьд 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх ба “Гулзатын санаачилга” ТББ-ын дүрмийн 4.2-т байгууллагын жинхэнэ гишүүн нь хамтын удирдлага хяналт бүхий нөхөрлөлүүд байхаар зааж, нэхэмжлэгчийн зүгээс өөрийн байгууллагын гишүүн нөхөрлөлүүдийн бүртгэлийг хэрэгт хавсаргуулсан байна.

“Гулзатын санаачилга” ТББ нь Гулзат ОНХГ-ын агнуурын бүс нутгийг эзэмшүүлэх, агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцуулан хэрэгжүүлэх хугацаандаа “Гулзат” ОНХГ-ын стратеги төлөвлөгөө /2015-2025он/, “Гулзат” ОНХГ-ын менежментийн төлөвлөгөө /2015-2019 он/,  Увс аймгийн Бөхмөрөн,Сагил сумдын нутгийг дамнан орших “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын ан агнуурын менежментийн төлөвлөгөө /2015-2019 он, 2015-2016 он/ зэрэг бичиг баримтуудыг боловсруулахад оролцож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулжээ.

Маргаан бүхий акт болох Увс аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/167 дугаар захирамжид гэрээг цуцлах үндэслэл шалтгааныг дурдаагүй ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 2015 оны 3 сарын 23-ны өдөр байгуулсан агнуурын бүс нутгийг эзэмшүүлэх, агнуурын менежмент төлөвлөгөөг хариуцуулан хэрэгжүүлэх тухай 4 талт гэрээг “Гулзатын санаачилга” ТББ-тай хамтран хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн гэрээг цуцалсан талаар тайлбар ирүүлсэн, 2017 оны 03 сарын 29-ний өдрийн сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэлд “Гулзатын санаачилга” ТББ-ыг 2015 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан 4 талт гэрээний дагуу үүргээ зөрчиж 2015 оны гэрээгээ дүгнүүлээгүй, 2016 онд гэрээгээ хангалтгүй биелүүлсэн, гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй гэж гэрээний 3 тал дүгнэлтээ ирүүлсэн, мөн “Ан амьтны тухай “ хууль гэж МУ-д батлагдаагүй хуулийн нэр барьж үндэслэлээ бий болгосон, Засгийн газрын 2013 оны 93-р тогтоолд 2017 оны 9-р тогтоолоор өөрчлөлт орсонтой холбогдуулан 2015 оны 12 сарын 13-ны өдрийн А/583-р захирамжийг хүчингүй болгохоор дурдсан тул эдгээр үндэслэлүүдэд дүгнэлт хийв.

“Гулзатын санаачилга” ТББ-ыг 2015 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан 4 талт гэрээний дагуу үүргээ зөрчиж 2015 оны гэрээгээ дүгнүүлээгүй, 2016 онд гэрээгээ хангалтгүй биелүүлсэн ба энэ талаар гэрээний 3 тал дүгнэлтээ ирүүлсэн гэх үндэслэлийн талаар:

2015 оны 3 сарын 23-ны өдөр байгуулсан агнуурын бүс нутгийг эзэмшүүлэх,агнуурын менежмент төлөвлөгөөг хариуцуулан хэрэгжүүлэх тухай 4 талт гэрээний 2.2.16, 2.2.27-д зааснаар “Гулзатын санаачилга” ТББ нь агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэсэн ажил, санхүүгийн тайланг талуудад хүргэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг сумдын Засаг дарга нартай хамтран дүгнэж, тайланг аймгийн Байгаль орчны газарт хүргэх ба “Гулзат” ОНХГ-ын удирдах зөвлөлд танилцуулах, гэрээний 2.1.2-д зааснаар аймгийн Байгаль орчны газар нь “Гулзат” ОНХГ-ын агнуурын менежмент төлөвлөгөөний хэрэгжилт, гэрээний биелэлтийг дүгнэх,хяналт тавих эрх үүргийг тус тус хэрэгжүүлэхээр заасан байна.

 “Гулзатын санаачилга” ТББ нь 2015, 2016 оны менежмент төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэсэн ажил, санхүүгийн зарцуулалтын талаарх тайланг Увс аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газарт хүргүүлсэн, тайланг хэлэлцүүлж ажиллаж байсан нь Байгаль орчин,аялал жуулчлалын газрын 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 164 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2015, 2016 оны тайлан, мөн түүнчлэн Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн 12-р хуудсанд “ Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын хамгааллын менежмент, байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх төслийн үйл ажиллагааны талаарх уулзалтыг 4 сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Агнуурын менежментийг хариуцагч байгууллага, түүний удирдах зөвлөлийн 2015 оны ажлын тайлан, Сагил, Бөхмөрөн сумын Засаг дарга нарын хийж гүйцэтгэсэн ажил, агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтын тайланг хэлэлцлээ” гэж дурдагдсан, гэрч М.Төгөлдөрийн “Гулзатын санаачилга” ТББ нь 2015, 2016 оны гэрээний хэрэгжилтийн тайлангаа Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлсэн байдаг, 2015 оны сүүлээр “Гулзатын санаачилга” ТББ, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар хэлэлцүүлэг, уулзалтыг Бөхмөрөн, Сагил сумдад зохион байгуулсан. Уг уулзалтуудад миний бие оролцож байсан, 2016 оны 11 сард Байгалийн нөөцийн менежмент бүхий тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ төслийн дэмжлэгтэйгээр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгуулагдсан Байгаль орчин аялал жуулчлалын газар, Бөхмөрөн, Сагил сумдын Засаг дарга нар, нөхөрлөлүүдийн төлөөлөл, “Гулзат” ОНХГ-ын удирдах зөвлөл, мэргэжилтнүүд зэрэг 50 гаруй хүн оролцсон  “Гулзат” ОНХГ-ын үйл ажиллагаа, хийгдсэн ажлын талаарх тайлангийн хэлэлцүүлэгт гүйцэтгэх захирал Д.Ядамжав ажлынхаа тайланг танилцуулсан“ гэх мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

Харин Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь 4 талт гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2015, 2016 оны  “Гулзат” ОНХГ-ын агнуурын менежмент төлөвлөгөөний хэрэгжилт, гэрээний биелэлтийг дүгнэх үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий субьект гэрээг дүгнэх, хяналт тавих үүргийг биелүүлсэн нь  баримтаар тогтоогдоогүй бөгөөд гэрч Б.Батбаяр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “2016 оны үйл ажиллагааны тайланг авч хэлэлцсэн зүйл байхгүй” талаар мэдүүлсэн болно.

Мөн гэрээний нэг тал болох Бөхмөрөн сумын Засаг дарга 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 27 дугаартай албан бичигт мөн Сагил сумын Засаг дарга 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 1/38 дугаартай албан бичигт “Гулзатын санаачилга” ТББ нь 2016 оны гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, орон нутгийн орлогыг тасалдуулсан гэж дүгнэж байна гэж тус тус дурджээ.

Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн А-446 тоот тушаалаар батлагдсан ан агнуурын хуваарийн дагуу 2016 онд Гулзат ОНХГ-аас 2 угалз агнуулах шийдвэр гарсны дагуу 2 удаагийн агналтыг зохион байгуулсан талаар “Гулзатын санаачилга” ТББ-ын 2016 оны үйл ажиллагааны тайланд дурдагдсан байна.

 2015 оны 03 сарын 23-ны өдрийн гэрээний 2.2.9-д Бөхмөрөн, Сагил сумдын Засаг дарга нар нь агнуурын менежмент төлөвлөгөөг гэрээ байгуулсан талуудтай хамтран хэрэгжүүлэн, дэмжиж ажиллах үүрэг хүлээхээр заасан байх ба “Гулзатын санаачилга” ТББ-ын үйл ажиллагааны тайланд дүгнэлт өгөх эрх бүхий субьект биш байна.

Иймд хариуцагчийн зүгээс “Гулзатын санаачилга” ТББ-ыг 2015 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан 4 талт гэрээний дагуу үүргээ зөрчиж 2015 оны гэрээгээ дүгнүүлээгүй, 2016 онд гэрээгээ хангалтгүй биелүүлсэн ба энэ талаар гэрээний 3 тал дүгнэлтээ ирүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

“Ан амьтны тухай“ хууль гэж Монгол Улсад батлагдаагүй хуулийн нэр барьж үндэслэлээ бий болгосон, Засгийн газрын 2013 оны 93-р тогтоолд 2017 оны ,,,-р тогтоолоор өөрчлөлт орсонтой холбогдуулан 2015 оны 12 сарын 13-ны өдрийн А/583-р захирамжийг хүчингүй болгосон гэх үндэслэлийн талаар:

Монгол Улсын Их Хурлаас Амьтны тухай хууль 2012 онд шинэчлэн найруулагдаж батлагдсан ба 2015 оны 03 сарын 23-ны өдрийн гэрээнд “Ан амьтны тухай“ хууль гэж нэрийг буруу бичсэн нь гэрээний агуулгад нөлөөлөхгүй, Засгийн газрын 2013 оны 93-р тогтоолд 2017 оны 9-р тогтоолоор оруулсан өөрлөлтөд гэрээг цуцлах үндэслэлийн талаар зохицуулаагүй байхад дээрх үндэслэлээр “Гулзатын санаачилга” ТББ “Гулзат“ ОНХГ-ын агнуурын менежментийг хариуцах гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангийн зүгээс гаргасан “Б.Ганболд нь “Гулзатын санаачилга” ТББ-ын удирдах зөвлөлийн даргаар 2011 онд томилогдсон талаар улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдагдсан байхад 2015 оны гэрээнд Увс аймгийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байхдаа төрийг төлөөлөн 4 талт гэрээнд гарын үсэг зурсан, ажлаас чөлөөлөгдсөний дараа Б.Ганболд нь ”Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн тул тус гэрээг цуцалсан” гэх үндэслэлийн талаар:

Б.Ганболд нь Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар 2013 оны 01 сарын 29-ний өдөр томилогдож 2016 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Б.Ганболд нь “Гулзатын санаачилга” ТББ-ын Гүйцэтгэх захирлаар 2017 оны 02 сарын 20-ны өдөр томилогдон 2017 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан байх ба “Гулзатын санаачилга” ТББ-ын 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор Д.Хүрэлбаатарыг гүйцэтгэх захирлаар түр томилжээ.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсээс Авлигатай тэмцэх газарт Б.Ганболд нь хууль зөрчсөн эсэх талаар шалгуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн байх бөгөөд Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 05/5464 дугаартай албан бичгээр “Б.Ганболд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 –д  “ урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах” гэж заасан хязгаарлалтыг зөрчсөн байна” гэсэн хариуг өгчээ.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “ Төрийн бус байгууллагын гишүүн,  удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны  хууль бус үйл  ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг төрийн бус байгууллага хүлээхгүй” гэж зохицуулжээ.

Иймд Б.Ганболдын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх үйлдэлд хувь хүнийх нь хувьд хариуцлага тооцох үндэслэл болох ба “Гулзатын санаачилга” ТББ-тай байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 167 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгүүдэд заасныг баримталсан байна. Уг хуулийн зохицуулалтад Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгоно гэж заасан бөгөөд маргаан бүхий актад хүчингүй болгож буй аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамж нь ямар хууль тогтоомжийг зөрчсөн талаар тодорхойлоогүй байна.

Мөн түүнчлэн 2015 оны 03 сарын 23-ны өдөр байгуулагдсан “Гулзат” ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээ нь захиргааны гэрээ байх тул гэрээг цуцлах асуудлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ёстой байна.

Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд тус хуулийн 56 дугаар зүйлд захиргааны гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах тусгай тохиолдлыг хуульчилсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “ Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ” гэжээ.

2015 оны 03 сарын 23-ны өдөр байгуулагдсан захиргааны гэрээнд гэрээг хэрхэн ямар үндэслэлээр цуцлах талаар тохиролцоогүй байгаа ба гэрээний нэг тал болох төрийн захиргааны байгууллагын зүгээс гэрээний зохицуулалтыг хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй, өөрөөр хэлбэл гэрээг цуцлах үндэслэлийн талаарх өөрчлөлтийг гэрээндээ тусгаж ажиллаагүй байна.

Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн А/167 дугаартай захирамжид гэрээг цуцлах асуудлыг зохицуулсан хууль зүйн үндэслэлиийг заагаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд хариуцагчийн зүгээс гаргасан гэрээг цуцлах болсон үндэслэлүүдийн талаарх тайлбар нь нотлогдож, тогтоогдоогүй, захиргааны гэрээг цуцлах хуулийн зохицуулалтыг зөрчсөн,  “Гулзатын санаачилга” ТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн А/167 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 17-ны өдрийн А/169 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 17-ны өдрийн А/169 дугаартай захирамжаар “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д 1 жилийн хугацаатайгаар хариуцуулсан байна.

“Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” ТББ нь 2017 оны 03 сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх ба 2017 оны 04 сарын 25-ны өдөр “Гулзат” ОНХГ-ын агнуурын бүс нутгийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг байгуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 сарын 27-ны өдрийн А/149 дугаартай тушаалаар “Гулзат” агнуурын бүс нутгаас нийт 9 тооны угалз агнуулах шийдвэр гарсныг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар тайлбар гаргасан ба холбогдох агнуурын гэрээ, төлбөрийн баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхээс 2015 оны 03 сарын 23-ны өдрийн гэрээний дагуу агнуурын менежментийг “Гулзатын санаачилга” ТББ хариуцах гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэсэн Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн А/167 дугаартай захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэж байгаа тул “Гулзат” агнуурын менежментийг “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ хэрэгжүүлэн ажиллах нь “Гулзатын санаачилга” ТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байгаа тул Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 17-ны өдрийн А/169 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

“ Гулзат” ОНХГ-ын удирдах зөвлөлийн тухайд Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн А/13 дугаартай захирамжаар “Гулзат” ОНХГ-ын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.

Шинэчлэн батлагдсан “Гулзат” ОНХГ-ын удирдах зөвлөлд “Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Ядамжав хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаарх тайланг танилцуулсан байх бөгөөд удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28, 2017 оны 1 дүгээр сарын 11, 2017 оны 1 дүгээр сарын 18, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хурлын тэмдэглүүдээс үзэхэд “Гулзатын санаачилга” ТББ-ыг гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж байгаа гэж үзэн гэрээг цуцлах байр суурийг илэрхийлэх талаар хэлэлцэж байсан байна.

            “Гулзат” ОНХГ-ын удирдах зөвлөлийн дүрмийг 2009 оны 12 сарын 28-ны өдрийн 521 дугаартай Увс аймгийн Засаг даргын захирамжийн 1-р хавсралтаар баталсан ба аймгийн Засаг даргын 2012 оны 04 сарын 17-ны өдрийн А/132 дугаартай захирамжаар дүрэмд өөрчлөлт оруулан дахин баталсныг Увс аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн А/143 дугаартай захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн ба дахин дүрмийг шинэчилж батлаагүй байна.

            2009 онд батлагдсан “Гулзат” ОНХГ-ын удирдах зөвлөлийн дүрэмд удирдах зөвлөл нь  менежментийг хариуцан хэрэгжүүлэх захиргааны гэрээтэй холбоотой асуудалд ямар байр суурьтай оролцох асуудлыг тодорхой нарийвчлан зохицуулаагүй байгааг тэмдэглэв.

            Иймд дээрх дүгнэлтүүдэд үндэслэн “Гулзатын санаачилга” ТББ-ын Амьтны тухай хуулийн дагуу агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий захиргааны актууд хөндсөн байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн Б/167, 2017 оны 04 сарын 17-ны өдрийн А/169 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагад олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ