Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0617

 

Б.М-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Б.М-ын  нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0527 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0527 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 68 дугаар зүйлийн 68.1, 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, 81.4.3, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр тушаалын цагдаагийн хурандаа Б.М-ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг баримтлан албанаас халж, цагдаагийн хурандаа цолыг хураасан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх 3 сар 8 хоногийн цалинг гаргуулан олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших хугацааны цалинг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч Б.М-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө давж заалдах гомдолдоо: “ ... Нотлох баримтуудыг буруу үнэлсэн талаар: Нэхэмжлэгч Б.М-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тушаалын үндэслэлд дурдагдаагүй хэсэгчилсэн хяналт, шалгалтын дүнг үндэслэсэн байх тул тухайн хэсэгчилсэн шалгалтын дүнг шинжлэн судлуулах ч шаардлагагүй талаархи өөрийн байр суурийг илэрхийлсэн болно. Өөрөөр хэлбэл тушаалын үндэслэлд дурдагдаагүй асуудлаар талууд мэтгэлцэх хууль зүйн үндэслэлгүй болно. Төрийн байгууллагын түвшинд тогтоогдон төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад хамгийн түгээмэл үйлчилдэг дотоод хэм хэмжээний нэг хэлбэр бол “албан тушаалын тодорхойлолт” бөгөөд “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” зэрэг үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг халах, албан тушаалыг бууруулах зэрэг хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд албан тушаалын тодорхойлолт эрх зүйн чухал эх сурвалж болдог. Нэхэмжлэгч Б.М-ыг ажиллаж байх хугацаанд Захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт нь Цагдаагийн ерөнхий  газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/154 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан байх бөгөөд уг ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч Б.М-д 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр танилцуулан гарын үсэг зурагдсан байдаг.

          Нэхэмжлэгч Б.М-ын  хувьд Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй атлаа алба хаагчаас ажлын байрны тодорхойлолтод заасан чиг, үүргийг шаардах хууль зүйн үндэслэлгүй болно. Гэвч нэхэмжлэгч Б.М-ын  хувьд тухайн ажлын байрны албан тушаалын тодорхойлолттой танилцаагүй хэдий ч төрийн тусгай албан хаагчийн хувиар тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байсан гэдгийг дурдах нь зүйтэй. 

          Нэхэмжлэгч Б.М-ыг ажиллаж байх хугацааны Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт нь тухайн ажлын байрны чиг үүргийг хэт томосгосон, өргөн агуулгатай байсныг Цагдаагийн ерөнхий  газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Б.М-ыг буруутгаад байгаа асуудлууд буюу шууд хариуцан ажиллах дараах ажлын байрнуудаас зэвсэг хариуцсан мэргэжилтэн, холбооны инженер, харуул хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, жижүүрийн офицеруудын ажлыг шууд хариуцан ажиллахаас хасч, дэд даргын албан тушаалд хариуцуулахаар өөрчлөлт оруулсан байна.

          Нэхэмжлэгч Б.М нь Захиргааны удирдлагын хэлтсийн дарга бөгөөд ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн шалгалт нь тус хэлтсийн дарга нэхэмжлэгч Б.М-ын  үйл ажиллагаанд хийж байгаа шалгалт гэж ойлгож болно. Тийм ч учраас тус хэлтсийн дарга Б.М-д хэсэгчилсэн шалгалтын дүнг үндэслэн хариуцлага тооцох асуудал үүссэн байдаг.

          Энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул нэхэмжлэгч Б.М-ын  удирдан ажиллаж байгаа хэлтсийн үйл ажиллагаанд нь буюу хяналт, шалгалтыг 2019 оны 09 дүгээр сарын 25-аас 09 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /111 код/-ийн 111.4.14-д “... бусад тохиолдолд тухайн албан тушаалд ажилласнаас хойш 6 сарын дараа ажлыг гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнг нь тооцож, үнэлж, дүгнэнэ" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.  Гэвч 2017 оны Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2019 оны төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам тухай 38 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.11.3-ийн В-д “албан тушаал бууруулах (3 удаа дараалан хангалтгүй үнэлэгдвэл)” гэх ойлголт байгаа бөгөөд Б.М-ын  үйл ажиллагааны хувьд хангалтгүй гэж 1 удаа үнэлэгдсэн байхад албан тушаал бууруулах арга хэмжээ авахааргүй байдлаар зохицуулсан байдгийг анхаарах нь зүйтэй байна. 

          Нэхэмжлэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тухайн газрын даргаар томилогдсон бөгөөд эхний хагас жилийн ажлын сүүлийн 2 сард нь буюу захиргааны чөлөөтэй байхаас бусад үедээ уг ажлын үр дүнг тайлагнахад оролцож байсан болно.  Мөн хийн гар бууны 4 ширхэг цохигч төмөр хугарсан 2019 оны 05-аас 08 дугаар сарын хугацаанд уг асуудалтай холбоотойгоор байгууллагын хэвийн ажиллагаа алдагдсан зүйл байхгүй байсан бөгөөд хяналт шалгалтаас өмнө уг асуудал тухайн байгууллагын хүрээнд шийдвэрлэгдсэн байжээ. Иймд удирдах албан тушаалтны албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилга зөрчсөн гэсэн үндэслэлтэй холбоо бүхий маргааныг шийдвэрлэхэд түүний албан тушаалын албан үүрэг, чиг үүргийн онцлогийг харгалзан үзэж байх нь чухал тул давж заалдах шатны шүүх анхааран үзэхийг хүсэж байна.

          Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Б.М-д 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилогдон ажиллахад ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй байдаг боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад ажилласан 38 хоногийн хугацаандаа байryуллагын хэвийн үйл ажиллагааг тогтсон журмын дагуу явуулж байсан бөгөөд энэ нь түүний ажиллаж байх хугацаандаа байгууллагын сар тутмын төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн баримт зэргээс харагдана.

            Нэхэмжлэгч Б.М нь ажиллаж байх хугацаандаа хийж гүйцэтгэсэн, зохион байгуулсан ажил арга хэмжээний талаарх баримтууд нь Эргүүл хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Эргүүл хамгаалалтын газрын даргын тушаалаар 9 ажлын хэсгийг ахлан ажиллаж, үр дүнг тайлагнасан баримтуудаар тодорхойлох боломжтой байсан. Тухайн үед байгууллагын үйл ажиллагааны хүрээнд 12 ажлын хэсэг байryулагдан ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгч Б.М нь 9 ажлын хэсгийг ахалж байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг бүрэн цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.  

          Нэхэмжлэгч Б.М-ын  Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацааны үед Төрийн албаны тухай хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүйгээс байгууллагын үйл ажиллагаанд онц ноцтой зөрчил дутагдал гарсан зүйлгүй байна. 

         Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М хүсэлт гарган Ч.Да, Д.Эг, Ч.Да, Г.О нарын алба хаагчдыг тyc хэлтсээс шилжсэн тухай тушаалуудыг нотлох баримтуудаар гаргуулан авсан. Иймээс нэхэмжлэгч Б.М-д түүний ээлжийн амралттай байх хугацаанд хамаарах асуудлуудтай холбон сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүд нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд анхан шатны шүүхийг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл гаргасан зөрчил ба түүнд ногдуулах хариуцлага хоорондоо шууд шалтгаант холбоотой бөгөөд нэхэмжлэгч Б.М-ыг анх ажил, албан тушаалаас халсан сахилгын шийтгэл нь гаргасан зөрчлийн шинж, үр дагаварт тохирч байх зарчмыг алдагдуулсан байсныг хариуцагч хүлээн зөвшөөрч шийдвэртээ өөрчлөлт оруулсан байдлаас харагдана.

          Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан 3 асуудлаар сахилгын зөрчил гаргасан нь албан тушаал бууруулах хэмжээний сахилгын зөрчил гаргаж, түүний улмаас байгууллага, алба хаагчдын хэвийн үйл ажиллагаанд доголдол үүссэн гэх байдал тогтоогдохгүй байна.  Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.2 дугаар зүйлд “Төрийн тусгай албан хаагчдад ногдуулах сахилгын шийтгэлийн төрөл, хэмжээ, сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг хуулиар тусгайлан тогтоосон бол тухайн хуулийг баримтална” гэж заасан.

          Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 4/129 дүгээр тушаалын хавсралтаар Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмээр цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгыг зөрчсөн алба хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг зохицуулсан байна. Нэхэмжлэгч Б.М-ын удирдан ажилладаг Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтэст Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, аудитын хэлтсээс 2019 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Б хэсэгчилсэн шалгалт явуулсан дүнгийн тухай танилцуулгатай танилцсан байдаг.

          Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Б уг танилцуулгатай танилцаад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б.М-д албан тушаал бууруулах тyхай мэдэгдэж, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн байдаг бөгөөд уг сонсох ажиллагааны дагуу ямар нэг сахилгын шийтгэл оногдуулаагүй байдаг. Гэтэл дахин 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр албан тушаал бууруулах тухай мэдэгдэж сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн байдаг.

          Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4-д "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацааг тоолохдоо тухайн алба хаагчийн сахилгын зөрчил гаргасныг шийдвэр гаргах эрх бүхий цагдаагийн байгууллагын дарга олж мэдсэн буюу шалгалтын дүгнэлттэй танилцсан үеэс эхлэн тоолно” гэж заасан.

          Гэтэл Цагдаагийн ерөнхий  газрын дарга С.Б нь Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан хугацааны дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний дотор хариуцлага ногдуулах боломжтой байтал хариуцлага тооцох хугацаагаа алдсан байдаг. Дээрх байдлыг үгүйсгэхийн тулд дахин 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЦЕГ-ын дарга С.Б-вд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хэсэгчилсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулга нэртэй албан бичиг шинээр үйлдсэн байдаг.

          Нэхэмжлэгч Б.М нь Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4,  гэж тус тус заасныг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр тушаалын зарим хэсэгт Цагдаагийн ерөнхий  газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан тушаалуудыг хуульд нийцээгүй гэж үзэн, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд биелүүлэхээс татгалзсан болно.

          Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлд Цагдаагийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 78.1, 78.2-т тус тус заасан. Нэхэмжлэгч Б.М-ын  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянуулахаар маргасан захиргааны актууд нь Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан үндэслэлээр шилжүүлэн томилж байгаа тушаал биш тул 78.2-т заасны дагуу хариуцлага тооцох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа болно.

          Иргэн Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу төрийн байгууллагыг хариуцагчаар татан шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлж байхад төрийн албаны тасралтгүй байх зарчмыг хангах үүргийг иргэнд ногдуулах нь төр иргэний үндсэн эрхэд төрөөр далайлган халдаж байгаа үйлдэж гэж үзэж байна.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М-д Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хангаж ажиллах талаар ямар нэг шаардлага ирээгүй бөгөөд харин уг тушаал гарсан талаар мэдэгдэхэд Б.М миний бие нь уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй талаар хэлсэн бөгөөд миний сонссоноор Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилогдон ажиллаж байгаа талаар сонссон болно.

          Иймд дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ/2020/0527 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул нэхэмжлэгч,  түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

          Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр тушаалаар нэхэмжлэгч цагдаагийн хурандаа Б.М-ыг хариуцсан алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд тавих хяналтыг сулруулж албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгавар, тушаалыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.1, 2.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасныг баримтлан албанаас халж, “цагдаагийн хурандаа” цолыг хураажээ.

          Уг тушаалыг эс зөвшөөрч гаргасан Б.М-ын  гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/60 дугаар албан бичгээр “... халах ноцтой зөрчил гаргаагүй байна” гэсний дагуу хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Б/934 дүгээр тушаалдаа өөрчлөлт оруулж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.3-д заасныг баримтлан Б.М-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар томилсон байна.

          Нэхэмжлэгч Б.М нь “... ажилласан  хугацаандаа албан үүргээ биелүүлж байсан, зөрчил дутагдал гаргаагүй, ээлжийн амралттай, өвчтэй байсан хугацааг хасвал 37 хоног ажилласан, энэ хугацаанд өдөр тутмын үйл ажиллагаа явуулж архив албан хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлыг ахалж, бичиг баримтыг эмхэлж цэгцлэх ажлыг зохион байгуулах, баяр наадмын хамгаалалтад ажиллах, Эргүүл хамгаалалтын газрын тооллогын комиссыг ахалж зохион байгуулах зэргээр ажиллаж, тухай бүр холбогдох дарга нарт танилцуулж ажилласан, газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө оны эхэнд батлагдаж, өмнө ажиллаж байсан дарга гаргаж батлуулсан байсан, биелэлтийг ажилласан 6, 7 сард гаргасан, зөрчил дутагдал гаргаагүй байхад арга хэмжээ авсан” гэж маргажээ.Цагдаагийн ерөнхий газрын дарга нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/295 дугаар тушаалаар Б.Мөнхбатыг Эргүүл хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна. Б.М нь томилогдсоноос хойш  албаны шалгалт явуулах хүртэл нийт ажлын 37 хоног ажил үүргээ гүйцэтгэсэн, бусад хугацаанд ээлжийн амралт, өвчтэй, чөлөөтэй гэх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. 

          Энэ хугацаанд Б.М-д удирдах албан тушаалтан хэнээс, хэзээ, ямар үүрэг даалгавар өгч тушаал гаргасан, түүнийг нь хэрхэн биелүүлээгүй талаар хариуцагч нь тодорхой тайлбар, баримт шүүхэд ирүүлээгүй байх тул Б.М-д арга хэмжээ авсан маргаан бүхий актын “удирдах албан тушаалтны өгсөн үүргийг биелүүлээгүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх маргаан бүхий актын энэхүү үндэслэлийн талаар дүгнэлт өгөөгүй байна.

          Харин “хэлтсийн ажилтнуудад тавих хяналтыг сулруулж ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй” гэж үзсэн үндэслэлтэй холбоотой зарим баримтыг анхан шатны шүүх буруу үнэлсэн, хэрэглэх ёстой Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэрэглээгүй байна.

          Хариуцагч нь Б.М-ыг Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө Газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулаагүй, үг үсэггүй хуулбарласан нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх журам зөрчсөн гэх боловч 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг оны эхэнд гаргаж батлуулсан, урьд нь уг албан тушаалыг эрхэлж байсан этгээд уг төлөвлөгөөг гаргасан байсан, мөн Газрын төлөвлөгөөтэй адил байгаа нь түүнд арга хэмжээ авах үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

          Харин “Жижүүрийн ахлах офицерууд, санхүү, хангамжийн болон сэтгэл зүйчийн ажлыг сайжруулах ажил зохион байгуулаагүй”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцаагүй, ашиглалтын шаардлага хангахгүй 4 ширхэг бууг шийдвэрлэх арга хэмжээ аваагүй”, “Түргэн цугларалтын схем, ажилтнуудын хаягийн бүртгэл шинэчлээгүй, бүртгэлжүүлээгүй”, “Шинэ томилогдсон ажилтны чиг үүргийг танилцуулаагүй” гэсэн Б.Мөнхбатыг буруутгасан үндэслэлийн талаар дүгнэхдээ анхан шатны шүүх “... албан үүргээ өдөр тутамд гүйцэтгэж, санаачилгатай ажилласан талаар нэхэмжлэгч нотлох баримт гаргаж маргаагүй ... тул үндэслэлтэй байна” гэж дүгнэн албан тушаал бууруулсан Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

          Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтуудаас үзэхэд дээрх ажил, үүргүүд нь хариуцсан тодорхой ажилтантай байх бөгөөд тэдгээрийн албан ажлаа гүйцэтгэж байгаа байдалд тавих хяналт суларсныг үгүйсгэхээргүй байх боловч үүнд хэлтсийн дарга Б.М-ыг бүрэн буруутгаж, арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна.

          Учир нь Б.Мнь Хэлтсийн даргын ажилд томилогдсоноос хойших 4 сар 25 хоногийн хугацаа өнгөрсөн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаанаар тухайн хугацааны туршид албан үүргээ гүйцэтгээгүй, ажилласан 37 хоногийн хугацаандаа гүйцэтгэсэн гэх өдөр тутмын үйл ажиллагаа явуулж, архив албан хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлыг ахалж, бичиг баримтыг эмхэлж цэгцлэх ажлыг зохион байгуулсан, баяр наадмын хамгаалалтад ажилласан, Эргүүл хамгаалалтын газрын тооллогын комиссыг ахалж зохион байгуулсан гэж холбогдох баримтыг ирүүлсэн, нэхэмжлэгчийн энэ тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй, мөн тухайн Хэлтсийн ажилтнуудын хариуцлага суларснаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөхүйц доголдол гараагүй, эвдрэлтэй байсан 4 бууны гэмтэл 8 сард засагдсан зэргээр хяналт шалгалт явуулах үед арилсан нь тогтоогджээ.

          Эдгээр нөхцөл байдлаас үзвэл Б.М нь Төрийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан төрийн болон цагдаагийн албан хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул Б/67 дугаар тушаал нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авахаар заасанд нийцэхгүй байна.  

          Түүнчлэн хариуцагч нь Б.М-ыг өөрөө тухайн албан  тушаалыг гүйцэтгэх чадвартай гэж үзэж, томилсон атлаа ёс зүй, сахилгын зөрчил гаргаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх хангалттай хугацаанд ажиллаагүй, ажилласан хугацаандаа тодорхой албан үүргээ гүйцэтгэсэн, тухайн Хэлтсийн ажилтнуудын зарим чиг үүргээ биелүүлээгүй байдал нь цагдаагийн байгууллагын чиг үүрэг, нэр хүндэд нөлөөлөхүйц дутагдал мөн эсэхийг харгалзан үзэж, бодитой дүгнэлт өгөлгүй Б.М-ыг цагдаагийн хурандаа цолыг хурааж, албанаас халсан, уг тушаалаа зөвтгөсөн гэх үндэслэлээр албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан төрийн албанд баримтлах “мэргэшсэн, тогтвортой байх” зарчим, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Цагдаагийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж бууруулна” гэж заасныг мөн зөрчжээ.  

          Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдал, холбогдох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлээгүй, хэрэглэх ёстой дээрх хуулийн заалтуудыг хэрэглээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв. 

       Маргаан бүхий актууд нь хоорондоо хамааралтай, нэг нь нөгөөгүйгээр хэрэгжих боломжгүй, дээрх байдлаар хууль зөрчсөн тушаалуудыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохыг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул хууль бус тушаалын дагуу нэгэнт олгосон олговрыг Б.М-аас суутган тооцох замаар ажилгүй байсан хугацааны олговрыг олгох нь зүйтэйг тэмдэглэж байна.    

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0527 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.М-ын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.М-ыг урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Цагдаагийн ерөнхий газарт тус тус даалгасугай” гэж, 2 дахь заалтын “35100” гэснийг “70200” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ