Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1956

 

Ц.Бадрахын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/05975 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Бадрахын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Ганбатад холбогдох

           

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 550 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Н.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, Г.Дэлгэрмаа

Хариуцагч Н.Ганбат

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Бадрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие БНС улсад 2001 онд үйлдвэрлэсэн өөрийн эзэмшлийн Дэү маркийн өөрөө буулгагч 25 тоннын даацтай 03-21 УНЭ улсын дугаартай автомашиныг иргэн Н.Ганбатад худалдахаар тохиролцож түүний эзэмшилд шилжүүлсэн ба 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөрийг тооцож худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулсан. Машинаа 53 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд надад шилжүүлж өгсөн мөнгө, мөн машины засварт зарцуулагдсан 8 000 000 төгрөгийг хуваан хариуцахаар тохиролцож нийт 35 450 000 төгрөг төлөх үнийн дүнгээс хасч, үлдэгдэл 17 550 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2 550 000 төгрөгийг тус тус төлөх байсан боловч 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13 000 000 төгрөг төлж үлдэгдэл 4 550 000 төгрөгийг төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алдангид 2 275 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч алданги нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, машины үнийг бүрэн төлсөн. Түүнчлэн машиныг анх шилжүүлж авахад эвдрэл гэмтэлтэй байсан. Энэ эвдрэл гэмтлийг засварлаж хэвийн ажиллагаанд оруулахад 2 сарын хугацаа шаардагдаж, тодорхой хэмжээний зардал буюу 8 сая орчим төгрөг гарсныг Ц.Бадрах машины төлбөрт тооцож суутгахыг хүлээн зөвшөөрсөн. Машины үнэ 53 000 000 төгрөгөөр тохиролцсонд маргахгүй. Харин машин засахад зарцуулсан сэлбэгийн үнээс 4 300 000 төгрөг хассаныг хүлээн зөвшөөрөхгүй. Зүй нь 8 500 000 төгрөгийг бүхэлд нь хасч тооцох байсан. Иймд машины үнэ 53 000 000 төгрөгийн төлбөр тооцоо бүрэн дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ганбатаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 550 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бадрахад олгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ганбатаас 87 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бадрахад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Ц.Бадрахтай 2013 оны 4 дүгээр сард амаар хэлэлцэн тохиролцож 03-21 УНЭ улсын дугаартай Daewoo маркийн өөрөө буулгагч 24 тн даацтай машиныг 50 сая төгрөгөөр 3 жилийн хугацаатай төлбөрийг хувааж төлөхөөр, ямар ч алданги тооцохгүйгээр өгч авалцахаар тохирч эвдрэл гэмтэлтэй машиныг Ц.Бадрахаас авсан. Анх Ц.Бадрах нь машины үнийг 50 сая гэж тохирчихоод 1 жил гарангийн дараа буюу машины үнээс 15 сая төгрөг өгсний дараа машины үнийг үндэслэлгүйгээр 53 сая төгрөг болгосон ба үүнийг миний бие маргахгүй хүлээн зөвшөөрсөн. Миний бие анх машиныг аваад сэлбэг авч засвар хийсэн 8 500 000 төгрөгийг, 2013 оны 5 дугаар сараас 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 11 сая төгрөгийг дансаар, 4 500 000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл 3 700 000 төгрөгийг дансаар, Ц.Бадрахын зээлийн төлбөрт 12 062 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 20-нд 13 сая төгрөг зэрэг нийт 52 762 000 төгрөг төлсөн. Үүн дээр Ц.Бадрах нь Ц.Нармандахад 260 000 төгрөгийн өртэй байсан ба уг мөнгийг 2016 оны 7 дугаар сард өгсөн ба ингээд Ц.Бадрахаас авсан машины үнэ 53 сая төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж дууусгасан. Ц.Бадрах анх 50 сая төгрөгөөр машинаа надад зарсан. Тэгээд үлдэгдэл мөнгөө төлж дуусаагүй байхад мөнгөө нэхээд байхаар нь би банкнаас зээл авч төлж дуусгахаар Хас банкнаас 20 сая төгрөгийн зээл авахаар болоод уг машиныг зээлийн барьцаанд тавих гэхэд машин миний нэр дээр байх хэрэгтэй гэхээр нь Ц.Бадрахад ....машинаа миний нэр дээр шилжүүлээд өгөөч, би банкнаас зээл авч чиний машины үлдэгдэл төлбөрийг төлье.... гэхэд 2014 оны 12 дугаар сарын 05-нд машины үнийг 53 сая төгрөг болгон өсгөн худалдах-худалдан авах гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 11-нд гарын үсэг зуруулсныхаа дараа машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд би Хас банкнаас 2014 оны 12 дугаар сарын 25-нд 20 сая төгрөгийн зээл авч авсан мөнгөнөөсөө машины үлдэгдэл төлбөр болох 13 сая төгрөгийг Ц.Бадрахад өгсөн. Хэрвээ 2014 оны 12 дугаар сарын 05-ны худалдах-худалдан авах гэрээний дагуу 4 550 000 төгрөгийг Ц.Бадрахтай тохиролцож төлнө гэсэн бол банкнаас зээлсэн 20 сая төгрөгөөс уг 4 550 000 төгрөгийг төлчих байсан. Тэгж ярьж тохиролцоогүй болохоор уг мөнгийг би төлөх ёсгүй.

Миний бие банкнаас зээл авч машины үнийг төлж барагдуулахын тулд л Ц.Бадрахын бичиж бэлдэж ирсэн, хэвлэмэл 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурсан. Надтай уг гэрээнд бичигдсэн төлбөрийн үлдэгдэл, төлөх хугацааны талаар огт ярилцаж тохиролцоогүй гарын үсэг зурсан. Үүний дараа Ц.Бадрах нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төгөл Инвест ББСБ-д тодорхойлолт бичиж өгсөн. Хэрвээ уг гэрээнд гарын үсэг зурахгүй бол Ц.Бадрах машиныг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байсан. Анх 03-21 УНЭ улсын дугаартай машин нь эвдрэл гэмтэл, доголдол ихтэй эд хөрөнгө шилжүүлсэн. Энэ талаар Ц.Бадрах өөрөө мэдэж байсан шүүх хуралд намайг машиныг 4 cap орчим зассан гэж хэлсэн. Хэрэгт авагдсан сэлбэг авсан талаарх 2013 оны 4 дүгээр сарын 07-ноос 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны зарлагын 12 хуудас баримтаар машин эвдрэл гэмтэл, доголдолтой байсан нь нотлогддог. 2014 оны 12 дугаар сарын 05-ны худалдах-худалдан авах гэрээндээ хүртэл машины засварын үнээс 50%-ийг хасаж тооцсон байсан. Мөн шүүх хуралд оролцсон Б.Жавхлан, С.Нармандах, Б.Анхбат, Л.Лхагвадулам нар гэрчилнэ. Гэтэл шүүх Н.Ганбатыг доголдолтой эд хөрөнгө шилжүүлж авсан нь үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Уг машинд 2 сарын хугацаанд 8 500 000 төгрөгийн сэлбэг авч тавьж засварласан. Анхнаасаа машиныг засахад зарцуулсан засварын үнэ, сэлбэгийн үнийг машины үнээс бүгдийг нь хасаж тооцно гэж Ц.Бадрахтай ярьж тохирсон болохоор би машиныг авч өөрийн мөнгөөрөө засаж босгож авсан. ...Гэтэл машины засварт 8 698 200 төгрөгийн зардал гарсныг машины үнэд төлөх төлбөрөөс хасч тооцохоор Ц.Бадрахтай тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.... гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь анх машиныг авахад машины засварын үнэ, сольсон сэлбэгийн үнийг бүхэлд нь машины үнээс хасаж тооцно гэж Ц.Бадрахтай ярьж тохиролцсоны үндсэн дээр уг машиныг Ц.Бадрах надад өгч, би авч засаж босгосон. Хэрвээ засварын үнээс 50%-ийг машины үнээс хасаж тооцно гэсэн бол би машиныг авахгүй, Ц.Бадрах ч мөн адил машины үнээс засварын зардалыг 100% хасаж тооцно гэхэд Ц.Бадрах миний саналыг хүлээн зөвшөөрөөгүй бол машинаа надад өгөхгүй байсан. Машины засварт зарцуулсан үнийн 50%-ийг машины үнээс хасаж тооцно гэж тохиролцсон бол Ц.Бадрахын машины үнийг 53 сая болгож өсгөсөн үнэ дээр 4 550 000 төгрөгийг нэмэхээр 57 550 000 төгрөгөөр би уг машиныг Ц.Бадрахаас худалдан авах болж байгаа. 57 550 000 төгрөгөөр машиныг авах байсан бол би ийм өндөр үнээр эвдрэл гэмтэлтэй, доголдолтой машиныг авахгүй байсан. 2013 онд ийм маркийн машины зах зээлийн үнэ 45 сая төгрөг орчим байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Бадрах нь хариуцагч Н.Ганбатаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч тал өөрөө буулгагч 25 тн даацтай 3-21 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлэн өгснөөр өмчлөх эрх хариуцагч Н.Ганбатад шилжсэн /хх-4-5/, шилжүүлсэн уг эд хөрөнгө нь доголдолтой буюу засвар хийх шаардлагатай байсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч Н.Ганбатаас дансаар 39 762 000 төгрөг, бэлнээр 5 760 000 төгрөг /хх-69/ нэхэмжлэгчид төлж, автомашины доголдлын улмаас зардалд 8 698 200 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт /хх-29-42,69/, гэрч Б.Жавхлан, С.Нармандах, Л.Лхагвадулам, Б.Анхбат нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Н.Ганбатыг худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 550 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэх журмыг зөрчжээ.

 

Талууд автомашины үнийг 53 000 000 төгрөгөөр тохиролцсон, уг үнийн дүнгээс дансаар болон бэлнээр нийт 45 522 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, түүнчлэн автомашины доголдлыг засахад хариуцагчаас 8 698 200 төгрөгийн зардал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон боловч уг зардлын тал хувийг хариуцагч хариуцах талаар талууд тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө доголдлыг арилгахтай холбоотой зардлыг худалдагч тал хариуцах ёстой болно. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгахад гарсан зардлаа нэхэмжлэгчээс гаргуулах эрхтэй. Хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч түүний татгалзлын үндэслэлд дурдагдсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг дүгнэхэд хамааралтай тайлбар баримт гэж үзнэ.

 

          Нэхэмжлэгч Ц.Бадрахад нийт 54 220 200 төгрөгийг хариуцагчаас төлсөн байх тул автомашины үнийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

          Нэхэмжлэгч буюу худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэг, Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг хариуцах үүргээ биелүүлээгүй нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. Энэ тохиолдолд хариуцагч буюу худалдан авагч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болно.

 

Хариуцагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгахтай холбоотой 8 698 200 төгрөгийн зардал гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс буцаан төлсөн гэх баримтгүй байх тул хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үнийг бууруулснаар шаардах эрхтэй.

 

 

Иймд хариуцагчийн хувьд гэрээний үнэ 45 522 000 төгрөг, доголдлыг арилгахтай холбоотой зардал 8 698 200 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгчийн хувьд гэрээний үнийн үлдэгдэлд 4 550 000 төгрөг шаардах эрхгүй болно.

 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 550 000 төгрөг засварын зардал гэх талаар тайлбарласан зэргээс дүгнэхэд автомашины үнэ буюу худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 550 000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд буруу дүгнэлт хийсэн учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/05975 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Ганбатаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Бадрахын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Ганбатаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                            Д.БАЙГАЛМАА