Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 06505

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 07 өдөр           Дугаар 101/ШШ2016/06505           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, * хороо, * байранд байрлах т ХХК-ийн /РД ********/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *р хороо, Е амины орон сууцны* тоотод байрлах Е ХХК-д /РД **********/ холбогдох,

 

            Бараа материалын үлдэгдэл төлбөр, алдангид 11 175 112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.МЕ, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч, захирал Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Е ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүний худалдан авсан тооцоо болох 8 067 300 төгрөгийг барагдуулаагүй бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2%-ийн алданги болох 3 107 812 төгрөг, нийт 11 175 112 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байх тул Е ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч т ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

т ХХК-ийн 11 175 112 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

Тус компани нь 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2016 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл өндөг авсан. Авсан өндөгний тооцоог 2016 оны 03 дугаар сарын 18-нд нягтлан бодогч нь ирж 9 867 300 төгрөгийн тооцоо нийлж акт үйлдсэн. Тооцоо нийлснээс хойш 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 2016 оны 06 дугаар сарын 07-ныг хүртэл тодорхой хэмжээний мөнгийг дансаар төлсөн. Талууд алданги тооцох талаар харилцан тохиролцоогүй тул нэхэмжлээд байгаа 3 107 300 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд үлдэгдэл 8 067 812 төгрөгийг хуваарь гарган харилцан тохиролцож төлнө гэжээ.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

            Нэхэмжлэгч т ХХК нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 8 067 300 төгрөг болон алдангид 3 107 812 төгрөг, нийт 11 175 112 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал үлдэгдэл төлбөр 8 067 300 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө, алдангийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

            Зохигч талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан, тус гэрээгээр хүнсэнд хэрэглэх зориулалтын өндөг нийлүүлэх, худалдан авагч тал барааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигч талуудын тайлбар, талуудын байгуулсан гэрээ /х.х-ийн 5 дахь талд/ болон барааны төлбөрийг эргэн төлөхөөр хариуцагч Е ХХК-ийн т ХХК-д явуулсан албан тоот /х.х-ийн 7 дахь талд/, өндөг нийлүүлсэн зарлагын падаан /х.х-ийн 12-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Хэдийгээр хариуцагч Е ХХК нь бичгээр байгуулсан тус гэрээний хувьд эргэлзээтэй байгаа, байгуулаагүй гэх боловч бичгээр байгуулсан гэрээнд зурагдсан гарын үсэг, батлав гэсэн тэмдэглэгээнд дарагдсан компанийн тамга зэргийг үгүйсгэхгүй байна. Түүнчлэн тус гэрээг компанийг төлөөлөн Х.И байгуулсан, тэрээр тус компанийг төлөөх эрхтэй байсан, тус асуудлыг хариуцаж байсан гэсэн тайлбар, шүүхэд ирүүлсэн Х.Иий тайлбар, т ХХК-ийг төлөөлөн Х.Иий 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр явуулсан албан тоот зэрэг баримтаар компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэрээ байгуулсан, бичгээр тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

             Зохигчдын хооронд байгуулсан гэрээний нэршил нь хамтран ажиллах гэрээ байх боловч агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсний дараагаар тохиролцсон тодорхой хугацаанд төлбөрийг төлөх нөхцлөөр Зээлээр худалдах, худалдан аван гэрээ байгуулжээ.

            Гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг /үнийг/ төлөөгүй тохиолдолд үнэ төлөхийг шаардах эрх нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг болон 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүсч байна.

            Гэрээний дагуу авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг 8 067 300 төгрөг гэж тооцоолон нэхэмжилж байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

            Нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрт гэрээний 4.4 дэх хэсэгт зааснаар 0,2 хувиар алданги тооцно гэсэн зохицуулалтын дагуу 3 107 812 төгрөгийг гаргуулна гэсэн байна.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар, “Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар, “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж зохицуулжээ.

            Талуудын байгуулсан гэрээний дагуу алдангийг гаргуулахаар гэрээнд тусган, шаардлага гаргаж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

            Алдангийн талаар тохиролцоогүй, гэрээнд ийм тохиролцоо байхгүй гэсэн тайлбар нь алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

            Алдангийн тооцооллын хувьд /х.х-ийн 4 дэх талд/ 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар эхний үлдэгдэл 10 752 800 төгрөг байсан бөгөөд энэ үлдэгдэлд мөн өдрөөс эхлэн алданги тооцож эхэлсэн нь хуульд нийцэж байна.

            Харин алдангийн тооцооллыг сар сараар тооцохдоо, эхний үлдэгдлээс тухайн хугацаанд төлөгдсөн төлбөрийг хасаж, үлдэх төлбөрийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үзсэн талаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах боловч тус тооцооллоос харахад зөрүүтэй байна. /х.х-ийн 4 дэх талд/

            Тус тооцоололд байх сар бүрт хамаарах төлөгдсөн мөнгө нь тухайн хугацааны хэдийд төлөгдсөн нь тодорхой бус байх бөгөөд зөвхөн эхний үлдэгдлээс тооцох нь хариуцагч талд хохиролтой байна. Нэгэнт төлөгдсөн мөнгөний хугацааг тодорхой гаргаагүй байх тул тухайн үнийн дүнг сарын эхний үлдэгдлээс хасч, зөрүү төлбөрийг тухайн сарын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж тооцон харин алданги тооцох хоногийг тухайн сараар тооцох нь аль аль талуудад тэнцвэртэй хандан бодит байдалд нийцнэ гэж үзэв. Иймд дараах байдлаар алдангийг тооцоолон гаргав. Үүнд:

  • 2016.01.01-2016.01.31 хүртэл хугацаанд эхний үлдэгдэл 10 752 800 төгрөгөөс төлөгдсөн мөнгө 3 730 500 төгрөгийг хасч тооцон үлдэх төлбөрт 0,2 хувиар 31 хоног алданги тооцон 435 382 төгрөг,
  • 2016.02.01-2016.02.29 хүртэл хугацаанд эхний үлдэгдэл 9 650 300 төгрөгөөс төлөгдсөн мөнгө 1 031 000 төгрөгийг хасч тооцон үлдэх төлбөрт 0,2 хувиар 29 хоног алданги тооцон 499 919 төгрөг,
  • 2016.03.01-2016.03.31 хүртэл хугацаанд эхний үлдэгдэл 9 915 300 төгрөгөөс төлөгдсөн мөнгө 1 272 000 төгрөгийг хасч тооцон үлдэх төлбөрт 0,2 хувиар 31 хоног алданги тооцон 535 884 төгрөг,
  • 2016.04.01-2016.04.30 хүртэл хугацаанд эхний үлдэгдэл 9 867 300 төгрөгөөс төлөгдсөн мөнгө 2 392 540 төгрөгийг хасч тооцон үлдэх төлбөрт 0,2 хувиар 30 хоног алданги тооцон 448 485 төгрөг,
  • 2016.05.01-2016.05.31 хүртэл хугацаанд эхний үлдэгдэл 8 867 300 төгрөгөөс төлөгдсөн мөнгө 2 466 240 төгрөгийг хасч тооцон үлдэх төлбөрт 0,2 хувиар 31 хоног алданги тооцон 396 865 төгрөг,
  • 2016.06.01-2016.06.18 хүртэл хугацаанд эхний үлдэгдэл 8 067 300 төгрөгөөс төлөгдсөн мөнгө 504 000 төгрөгийг хасч тооцон үлдэх төлбөрт 0,2 хувиар 18 хоног алданги тооцон 272 278 төгрөг, нийт 2 588 813 төгрөгийг алдангид гаргуулах нь зүйтэй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага 11 175 112 төгрөгөөс 8 067 300 төгрөг болон алданги 2 588 813 төгрөг, нийт 10 656 113 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 518 999 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Е ХХК-иас 10 656 113 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 518 999 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Е ХХК-иас 185 447 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.АМАРЖАРГАЛАН