Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Б.Д

Хохирогч Б.С

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын харъяат, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой,  ... мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух, ...  ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Г.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар багт хашаанд иргэн Б.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “  2019 оны 08 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед манай ажил тарсан, тэгээд гэрт ирээд бид муудалцсан юм. Маргааш нь өдөр хүүхдүүдийнхээ хувцсыг угааж байтал С гаднаас орж ирээд  явлаа гээд хувцасаа бэлдээд байхаар нь уурлаад маргасан. Тэр үед хүүхэд гараа машины хаалганд хавчуулчихсан чинь хэрүүлээс чинь боллоо гээд дайраад байхаар нь нүүр рүү нь 3 удаа алгадсан, бас гар болон хөл рүү нь цохьсон. Миний үйлдлийн улмаас болж эхнэрт хөнгөн гэмтэл учирсаныг хүлээн зөвшөөрч байна. Бид ер нь амьдралын жижиг зүйлээс болоод л маргадаг, байнга зоддог асуудал байхгүй, энэ үйл явдал болсоноос хойш хамтдаа эвтэй амьдарч байгаа. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, прокуророос санал болгосон ялыг зөвшөөрч байна“ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Бидний хооронд ялихгүй зүйлээс болж муудалцах асуудал байдаг, би цагдаагийн байгууллагад уурандаа нөхрийгөө гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг гээд  хэлчихсэн юм. Тэр өдөр бид бас муудалцаад л би нөхрийнхөө дээр гарах гээд архи уусан байна энэ тэр гэж хэлсэн. Намайг алгадаж, цохьсон. Биед маань хөнгөн гэмтэл учирсан байна гэсэн, гэхдээ би эмчилгээ хийлгээгүй. Нөхөртөө гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, энэ явдлаас хойш ямар нэг асуудал гараагүй, хамт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг

Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 21-22/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “ 1. Б.С-н биед тархи доргилт, нүүрний баруун тал, баруун бугалга, гадна дээд 1/3, баруун болон зүүн гуяны дотор гадна гадаргуу, баруун өвдөгний доод зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн доод талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо  зүйлийн хэд хэдэн  удаагийн  үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба нүүрний  баруун тал,  баруун бугалга гадна дээд 1/3 баруун болон зүүн гуяны дотор гадна гадаргуу, баруун өвдөгний  доод зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн доод  талд зулгаралт гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “ Гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/012 тоот дүгнэлт /хх-ийн 28/

Шүүгдэгч Г.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43/

Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар багт байрлах өөрийн гэртээ эхнэр Б.С-тай таарамжгүй байдал үүсгэн маргалдаж, улмаар хохирогч Б.С-н нүүр, хөл хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Г.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С-н өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н “Б.С-н биед тархи доргилт, нүүрний баруун тал, баруун бугалга, гадна дээд 1/3, баруун болон зүүн гуяны дотор  гадна гадаргуу, баруун өвдөгний доод зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн доод  талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэсэн 02/0418 тоот дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Г.Б-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Б нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 А.Ц