Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа ... ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд  нь Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Э овогт Т.С-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Т.С нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум  4 дүгээр баг ... тоотод иргэн Ч.Л-г цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “тэр өдөр 2 ширхэг цахилгааны багаж дутчихсан байхаар нь Л-с асуусан чинь аваагүй гэж хэлэхээр нь чи архи уучихсан байна, багаж зараад архи уучихсан юм биш биз гээд бид маргасан. Тэгээд би байрлаж байсан байр руугаа ороход ардаас гүйгээд ороод ирэхээр нь айлгах санаатай хутга авсан, тэгээд цээж рүү нь хатгачихсан. Тухайн хутгаар өдөр хоол хийж байсан юм, хувийн хэрэгцээнд хэрэглэдэг хутга байсан. Л нь өөр газар мөнгөний ажил хийдэг болохоор авсан уу гэж асуусан юм. Энэ асуудал болсны дараа ээж цагдаад мэдэгд гэж хэлэхээр нь би өөрөө цагдаагийн байгууллагад очиж хэлсэн, тэр үед цагдаагаас эмнэлэг рүү нэг цагдаа явуулж Л-г цагдаа дээр ирүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна”    гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ч.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би Замын-Үүд сумын Х зочид буудлын хойно баригдаж байгаа барилга дээр ажиллаж байгаа. Бид нар ... дугаар байрны ... давхарт ... өрөөнд хуваагдаж байрлаж байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний 20 цагийн орчим байрлаж байгаа байрны гадаа надтай хамт ажилладаг Т.С таараад 2 ширхэг цахилгаан багаж дутчихлаа, чи авсан уу гэсэн. Би аваагүй, ажлын багаж юу гэж гадагшаа гаргахав дээ гэж хариулсан. Тэгтэл С надад хандаж чи архи уусан байна, ажлын багаж зараад  архи уучихсан юм уу гээд дайрсан. Энэнээс болоод бид 2 маргасан ба байрлаж байгаа байр луу ортол С түрүүлж ороод өрөөнөөсөө улбар шар өнгөтэй хутга гаргаж ирээд өрөөнийхөө үүдэнд миний цээж рүү баруун гартаа нөгөө хутгаа барьж байгаад 1 чичсэн. Цээжээ хартал миний зүүн талын хөхний доор зүсчихсэн байсан. Тэгэхээр нь би ахиад хутгалчихаж магадгүй гээд гараад явчихсан. Тэр үед би согтуу байсан нь үнэн. Учир нь би тэр өдрийнхөө  өдөр нь гадуур явж байгаад зүс таних хүнтэй таараад 1 шил 0,33 граммын архи хувааж уусан юм. С ч бас тухайн үед бага зэрэг зэргийн архи уучихсан байсан. С намайг  хутгалах болсон шалтгаан нь  бид 2 маргаж байхад  би С-н зүүн хацар луу баруун гараараа  2 удаа алгадчихсан юм. Тэгээд л уурлаад  миний цээжийг хутгаар зүссэн. Миний биеийн байдал одоо зүгээр байгаа. Ажлаа хэвийн хийгээд явж байна. Т.С-д гаргах санал хүсэлт алга. Нэхэмжлэх зүйл байхгүй. Т.С-н ээж манай барилгын  инженер бөгөөд ийм юм болсон юм чинь цагдаад шалгуулах хэрэгтэй гэхээр нь С-тай хамт цагдаа дээр ирж  мэдэгдсэн. Тэрнээс би ч нэг их гомдол санал гаргаад яахав гэж бодож байсан юм.  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/

Улбар шар өнгийн бариултай, нийт 19 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 12/

2019 оны 09 сарын 14-ний яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “ 1. Ч.Л-н биед цээжний зүүн талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг  удаагийн  үйлчлэлээр үүснэ.

3.Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах  ба энгийн хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/008 тоот дүгнэлт /хх-ийн 20/

Шүүгдэгч Т.С-н согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 30/

Шүүгдэгч Т.С-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 36/

Шүүгдэгч  Т.С нь урьд Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  Т.С нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум  4 дүгээр багийн ... дугаар байрны ... тоотод иргэн Ч.Л-г “ ажлын багаж зарж архи уусан “ гэж таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар ахуй хэрэгцээндээ  хэрэглэдэг байсан хутгаараа цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн талд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл  учруулсан байна.

Шүүгдэгч Т.С-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Л өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н “1. Ч.Л-н биед цээжний зүүн талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо” гэсэн 04/008 тоот дүгнэлт /хх-ийн 20/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, улбар шар өнгийн бариултай, нийт 19 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Т.С-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Т.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн бариултай, нийт 19 см хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун  тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн бариултай, нийт 19 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.С нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 А.Ц