| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0123/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Э.Б
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн М сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа ... ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Г.Г-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны 18 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт иргэн Ч.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 09 дүгээр сарын 23-нд хөдөө явж ирээд найзтайгаа архи уучихаад гэртээ унтаж байтал гадаа хүмүүс шуугиад байхаар нь гараад хартал О гуай элсээ зөөсөнгүй гээд байж байсан, тэгээд би зөөнө шүү дээ гэж хэлээд маргасан, энэ үед О гуйаг түлхэхээр нь би цохичихсон юм. Засаг захиргаанаас хашаандаа байгаа элсийг хашаанаасаа гаргавал ачина гэж хэлсэн гэхээр нь хашаанаасаа зөөж гаргасан байсан юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байна “ гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай хашааны хойно байшингийн ард хавар Г нь хашааныхаа элсийг овоолоод орхичихсон юм. Тэгээд Г-т 2 ч удаа энэ элсээ холдуулаарай гээд хэлсэн. Г тэгнээ л гэдэг байсан. Г-н хашаа манай хашааны яг ард байдаг. Ингээд элсээ ачуулаагүй. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед л байх манай гэрт манай багийн дарга Д ирэхээр нь учир байдлаа хэлээд хамтдаа Г-н гэрт очсон. Д дарга Г-н эхнэртэй нь уулзсан. Хоорондоо маргаад байх шиг байсан. Г гэрээсээ гарч ирээд бас маргаад эхэлсэн. Тухайн үед Г бага зэрэг халамцуу байсан. Тэгэхээр нь би Д даргыг яриулаач гээд түлхсэн. Тэгтэл зөрүүлээд Г миний нүүр лүү 1 удаа баруун гараараа цохисон. Би настай хүн болохоор хойшоо саваад унасан. Тэгэхээр нь би шууд гэртээ ороод толгой өвдөөд байхаар нь хүүхэддээ хэлж эмнэлэгт үзүүлээд цагдаад хандсан. Би тухайн үед Г-г бухимдсандаа болоод доромжилсон нь үнэн. Тэр үeд хажууд Д дарга, Г-н эхнэр, Г-н найз Г нар байсан. Миний баруун нүд хөхөрч хавдсан, тархи доргисон байна гэсэн. Гаргах гомдол байхгүй, нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй” гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Г-нд хөлсөөр хашааг нь барих ажил хийж байсан. Оройхон 18 цагийн үед хашаа бариад гадаа байж байхад О гуай нэг хүн дагуулаад ирчихсэн Г болон түүний эхнэртэй хэрэлдээд байх шиг байсан. Би яг хажууд нь очоогүй, алсаас харж байсан. Элснээс болоод л маргаад байсан. Нэг нь ачуул гээд, нөгөөх нь ачуулчихна л гээд байх шиг байсан. Г найз нартайгаа архи уусан гээд гэртээ унтаж байсан. Бага зэргийн согтуу байсан. Тэгээд маргаж байгаад О гуай орилохоор нь босоод хартал О гуай газар уначихсан байсан. Г-н эхнэр болиоч чи гээд Г-г түлхэж байсан. Тэгэхээр нь би бас очоод болиоч гэж Г-г хориглоод гэрт нь оруулсан. Г О гуайг түлхсэн үү, цохисон уу мэдэхгүй байна, хараагүй. Ямар ч л байсан О гуайн биед халдаж газар унагасан. Тэгээд л бага зэрэг хоорондоо хэрүүл хийж маргаж байгаад салсан. Өөр сүйдтэй зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/
Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ИТХ-ын дарга надруу яриад Ч.О гуайн яриад байгаа зүйлийг очоод үзээдэх гэхээр нь би очсон. Намайг очиход О гуай согтуу гэртээ архи уугаад сууж байсан... Тэгээд О гауйтай хамт Г болон Х-тай уулзсан. О, Г 2 хоорондоо элс, гагнуур хийснээс болоод тог хэлбэлзэж юм шатаадаг энэ тэр гэж маргаж байгаад над руу дайрах маягтай болоод ирсэн Тэгэхээр нь би та нар согтуу байгаа болохоор би явъя даа, эрүүл болсон хойно чинь уулзъя гээд эргэсэн. Тэр үед О гуай тоосгоны тал барьчихаад агсараад байсан. Хойно нэг эмэгтэй хүн хүүе гээд дугарахаар нь эргээд хартал О гуай газар уначихаад босоод ирж байсан. Г цохиод унагасан юм шиг байна лээ. Г-н эхнэр хорьж байгаа бололтой байсан ба бас согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/
2019 оны 09 сарын 23-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22/
Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 23-24/
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “ 1. Ч.О-н биед тархи доргилт, баруун нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/019 тоот дүгнэлт /хх-ийн 32/
Г.Г-г эрүүлжүүлсэн тухай эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 45/
Шүүгдэгч Г.Г-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47/
Хохирогч Ч.О нь хохиролд 350,000 төгрөгийг шүүгдэгч Г.Г-с хүлээн авсан, гомдол саналгүй гэсэн тодорхойлолт /хх-ийн/
Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны 18 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт хохирогч Ч.О-той “ гэрийнх нь ард овоолсон элсийг зөөж, холдуулсангүй “ гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар хохирогчийг цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч Г.Г-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Г, Н.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н “Ч.О-н бие тархи доргилт, баруун нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох жрмын” 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэсэн 04/019 тоот дүгнэлт /ххийн 20/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Г-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Ч.О-н эрүүл мэндэд учирсан гэмт хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд бөгөөд тэрээр хохирогчийн эрүүл мэндээ эмчлүүлэхэд зарцуулсан 350,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тодорхойлолтоор хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Г-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Г нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц